Monday, August 22, 2011

Р.Нямдорж: Улсын начин болоход 250 саяыг төлж гэнэ. Олны энэ яриа ортой

nyamdorjМонголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.

ДОПИНГ ХОЁР БӨХӨӨС ИЛЭРСЭН ГЭЖ ЗАРЛАХ БАЙНА.
-Улсын баяр наадамд шөвгөрсөн 32 бөхийн наймаас нь допинг илэрсэн гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Хэн, хэн допинг хэрэглэсэн гэдгийг та албан ёсоор зарлаж хэлэхгүй юү?
-Энэ жил улсын баяр наадамд 1024 бөх барилдсан. Хуулиараа тавын даваанаас дээших 32 бөхөөс шинжилгээ авахад үүнээс хоёр хүнд тамирчин хэрэглэхэд хориглосон допингийн төрлийн зүйл илэрсэн. Энэ жил анх удаа хэдэн хүнээс илэрсэн гэдгийг эрт зарлаж байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр най ман хүнээс допинг гарсан гэх мэтээр ташаа мэдээлж байна. Тиймээс бид хоёр хүнээс илэрсэн гэдгээ албан ёсоор зарлая гэж шийдсэн.

-Ямар хоёр бөхөөс илрэв?
-Нэрийг нь хэлж болохгүй хуультай. Олимпийн хорооноос БНСУ-руу шинжилгээний дээжийг явуулдаг. Нэг тамирчны шинжилгээг 200 гаруй ам.доллараар хийдэг. А сорьцын хариу наймдугаар сарын 10-дын үеэр ирсэн. А сорьцын дараагаар Б сорьц хийлгэх үү гэдгийг бөхөөс асуудаг. Өнөө хоёр бөх хийлгэнэ гэсэн. Энэ хариуг бид саяхан Солонгос руу явууллаа. Манай хоёр тамирчин Б сорьцыг хийлгэхээр болбол өөрсдийн биеэр тийш явж хийлгэнэ. Б сорьцын хариу ирсний дараагаар олон нийтэд зарлана гэж хуульд заасан.
-Допинг хэрэглэсэн байж болзошгүй бөхчүүдийн нэрс таамгаар явж байснаас та уг нь бодит мэдээллийг хүргэвэл дээр биш үү?
-Өнөөдрийг хүртэл нэрийг нь битгий хэл тоог нь хэлж болохгүй байсан. Журам, дүрэмтэй учраас би хэлэхгүй. Бөхөө хамгаалах үүднээс би хоёр бөх гэж тоог нь л зарлах байна.
-Ер нь допинг хэрэглэсэн бөхчүүдэд ямар хариуцлага тооцож ирсэн юм бэ?
-Амжилтын төлөө яваа бөхчүүдэд допинг хэрэглэх магадлал өндөр байдаг. Бид эхний үед допинг илрүүлж, арга хэмжээ авч хариуцлага тооцох туршлага дутмаг байлаа. Хууль дүрмээ шинэчилснээр гурван жилийн өмнөөс л допинг хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авдаг тогтолцоо үүссэн. Уржнан жил зургаан бөх допинг хэрэглэсэн гэх цуу яриа гарсан. Бодит байдал дээрээ хоёр бөхөөс гарсан шүү дээ. Улсын заан Соронзонболд, улсын начин Сумъяабэйс нарын тухайн наадамд авсан чимгийг нь хураасан. Өнгөрсөн жилийн хувьд допинг илрээгүй.
-Улсын баяр наадмаар улсын заан Ч.Санжаадамба барьц задарсан байхад улсын харцага Ц.Содномдоржийг хөөж давхиад хаячихсан. Засуулууд уг нь тэр дор нь арга хэмжээ авч чадсан бол өнөөдрийг хүртэл будлиантай боллоо гэсэн хэл ам гарахгүй байсан болов уу. Зүй нь яаж шийдвэрлэх ёстой байсан юм бол?
-Маргаан үүсч цаг орчим наадам саатсанд хүмүүс бухимдсан. Улсын баяр наадамд 1024 бөх барилдахад 1023 барилдаан болдог. Одоо олон түмэн Санжаадамба, Содномдорж хоёр, Мөнхбаатар, Бат-Эрдэнэ нарын барилдааныг тал талаас нь ярьж байна л даа. Үнэндээ 1023 барилдаанаас хоёр нь маргаантай болсон гэсэн үг. Үүнийг нь монгол бөх тэр чигтээ болохоо байчихсан мэтээр харлуулах буруу даа. Санжаадамба, Содномдорж хоёрын барилдааны хувьд хаялцах барьц барьсан. Хаялцах барьц бариад нэг нь мэх хийгээд мэх нь үргэлжилж байвал зогсоохгүй байх дүрэмтэй. Үүний нөгөө талд хаялцах барьц тавигдсан үед барилдааныг зогсооно гэсэн заалт бий. Энэ хоёр заалтын заагийг олж шүүх ёстой юм. Саяын барилдааны хувьд Санжаадамбын хаялцах барьц тавигдсан. Нэг засуул нь үүнийг барилдаан үргэлжилж байна гэж ойлгосон байна. Тэгээд түүгээрээ шийдвэрлэсэн. Нөгөө талаас энэ нь барьц тавигдсан байхад барьж аваагүй гэж ойлгогдохоор байгаа юм. Телевизээр удаашруулж харахад очоод салгачихмаар харагдах ч бодит байдал дээр асар богино хугацаанд мэх, барилдаан явагддаг. Тухайн үед би хоёуланд нь очиж хэлсэн. Амжилтын төлөө барилдаж байгаа чинь чухал байгаа ч монгол наадмаа хүндэтгэх ёстой. Шийдвэр хүлээж авах ёстой шүү гэж сануулсан. Тэгээд ч Ц.Содномдорж, Х.Мөнхбаатар аль аль нь ард түмнээ хүндэтгэсэн. Шийдвэрийг дагасан, тахимаа өгч, жудагтай хандсан.
-Улсын арслан X.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэд тахимаа яараад өгчихлөө гэсэн яриа бас гарсан?
-Телевиз, телевизээр ондоо харагдаж байна. Бид зурагтаар шүүхгүй нүдээрээ харснаараа шүүнэ. Тэдний хувьд үнэнд ойрхон шүүлт болсон байх аа гэж бодож байна.
-Аймгийн наадамд аймгийн арслан цол олгодог. Энэ жилийн хувьд аймгийн наадамд их олон бөх барилдлаа. 512 бөх аймагт барилдахыг хуульд хэрхэн тусгасан байдаг юм бэ?
-Монгол бөхийн түүхэнд аймгийн наадамд анх удаа 512 бөх барилдлаа. 512 бөх жирийн жилүүдэд улсын баяр наадамд барилддаг тоо. Улсын наадамд барилдуулдаг бөхийг аймагт барилдууллаа. Үнэндээ хуульд заалт байхгүй. Хуульд зөвхөн 128, 256 бөх барилдахад ийм ийм цол олгоно гэсэн заалт бий. 512 бөх барилдахаар хууль гаргаж байж шийднэ гэх цаг хугацааны боломж байсангүй. 256 бөх барилдахад найм давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгодог. Тэгэхээр 512 бөхөд найм даваад үзүүрлэсэн бөхөд аймгийн арслан цол олгож болох юм гэсэн логик харагдаж байна. Ес даваад түрүүлж байгаад нь хурц арслан цол олгож болох юм гэсэн үндэслэл гарч ирж байгаа юм. Улсын наадамд 1024 бөх барилдахад олгож байгаа цолны аргачлалтай жишсэн заавраар явсан гэх үү дээ.
-Энэ жил начны найраа, цолны найраа олон сая төгрөгийн үнэтэй явагдсан гэж дуулдах юм. Энэ хэр ортой яриа вэ?
-Энэ жил начин болохын тулд 250 сая төгрөг төлж гэнэ, аймгийн начны ханш таван сая төгрөг байна гэх мэтээр ярьж байгааг би бас сонссон. Олны яриа ортой байдаг. Шууд хэлэхэд огт хоосон яриа биш гэж бодож байна. Монгол бөхөд цолны найраа гарч байсныг зогсоох зорилгоор шинэчлэл хийж байсан. 1,2,4-ийн давааг оноолттой болгосон. Оноолттой болгохоор хэн хэнтэй таарах нь мэдэгдэхгүй учир урьдаас үгсэж хэлэлцдэгийг устгаж чадсан. 6, 8-ын даваанд хоёр шинэ цол бий болгосон. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Ингэж бөхийн амин гол гурван зүйлийг маш өрсөлдөөнтэй болгосон. Одоо хүмүүсийн ярих нь хоёр хүн талбай дээр гараад хоорондоо үгсээд ярьдаг гэнэ. Талбай дээр зохион байгуулж байгаа зүйл бидэнд огт мэдэгдэхгүй болчхож байгаа. Хэрэв ийм зүйл байдаг бол үүнийг таслан зогсоох аргыг хайх ёстой. Зүй нь монгол бөхийг дээдлэх үзэл олны дунд байхад монгол бөхчүүд өөрсдөө ухамсраараа больчихмоор байгаа юм.
-Аймгуудын наадам будлиантай, будлиангүй явагдаж өнгөрлөө. Та аймгуудын наадмын өнгийг хэрхэн хэлэх вэ. Том цолтой бөхчүүд сумын цолтой хүүхдүүдэд унаад өгч байгаа илэрхий жүжиг ч тоглогдсон байх?
-Улсын цолтой бөхчүүд аймагт очоод сумын заануудад унаад өгдөг болсон. Яаж улсын цол авч байна гэж гайхмаар юм хүртэл ажиглагдаж л байна. Үүний цаана ямар нэгэн зүйл байгаа нь тодорхой. Уг нь аймгууд наадмаа үндэсний их баяр наадамтай давхцуулж хийдэг бол зүгээр байгаа юм. Хөдөөгүүр улсын цолтой бөхчүүд үймүүлж байна гэж улайм цайм ярьж байна шүү дээ. Биднийг бага байхад улсын цолтой бөхчүүд орон нутагт ирэхэд бултаараа баярлаж харах гээд гүйдэг байлаа. Өнөөдөр улсын цолтой бөхчүүдийг битгий явуулаарай гэж гуйдаг болж. Энэ нь аймгийн наадамд очоод шударга барилддаггүй гэдгийг хэлж байна. Монгол бөхийн эрх ашгийн үүднээс цолны найраа гэдгийг засч залруулах ёстой. Аймагт олон бөх барилдуулах нь сайн, муу талтай байдаг. Энэ жилийн хувьд аймгаасаа цолтой бөх төрүүлэхийн тулд бөхийн тоог өсгөх, тоо нь хүрээгүй байхад хүрсэн гэж мэдээлэх, чанаргүй болох тал ажиглагдсан. Нөгөө талаас аль болох олон бөх барилдаж байвал монгол бөх ард түмний дундаа гүн орших тул олон бөх барилдахыг дэмжих хэрэгтэй.
-Сүүлийн үед залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байна. Энэ жилийн наадам гэхэд урьдаас таашгүй шинэ залуучуудаар хүч нэмлээ шүү дээ?
-Монгол бөх ажил эрхлэлтийн шинжтэй болсон. Хуучин цагт улсын заан Долгорсүрэн жолооч, улсын заан Амартүвшин жолооч, улсын заан Давааням цагдаагийн дарга гэдэг ч юм уу тус тусдаа ажилтай хүмүүс байлаа. Өнөөдөр бол зөвхөн барилдах ажлаа хийдэг хүмүүс болонгуут хэн бэлтгэл сайтай нь гарч ирдэг болсон. Хуучин цагт хэн байгалиас илүү заяагдсан нь хаядаг байсан бол одоо бэлтгэлтэй нь амжилт үзүүлдэг болсон. Дөрвийн давааг оноолттой болгосон нь аймгийн цолтой бөхчүүдэд ташуур болж өгсөн. Дөрвийн даваанд хэнтэй ч таарч болно. Хэнбугайг ч хаяж байж дээд цолонд хүрнэ гэсэн шийдлээр залуучууд эрэмгий барилддаг болсон. Энэ жилийн барилдаанд залуучууд үнэхээр таашгүй гоё барилдлаа. Залуучуудаар бахархах ёстой. Бүгдийг харлуулж болохгүй биз дээ. Ард түмний яриад байгаачлан цолны найрааны асуудал байхыг үгүйсгэхгүй. Харин долоогийн даваанаас дээш найрааны асуудал байхгүй гэж хэлэх байна.
МИНИЙ ХҮҮ ТҮРҮҮЛЭЭД, ҮЗҮҮРЛЭЖ БАЙВАЛ НАДАД САЙХАН БАЙХ НЬ МЭДЭЭЖ ХЭРЭГ
-Энэ жил таны хүү улсын гарьд Д.Ганбаатар хэр барилдав. Бөх хүний аавтай ярилцаж байгаагийн хувьд хүүгээ хэр барилдсан гэж үнэлж байгааг асуух байна?
-Миний хүү бие хаа болоод бүх талаараа сайхан төрсөн хүү. Ямар ч цолонд хүрэх чадвартай. Энэ жил сайхан л барилдлаа. Улсын наадамд долоо давна гэдэг сайхан амжилт. Найм давсан бол бүр сайхан. Түрүүлсэн бол бүр л сайхан. Улсын наадамд нэг л хүн түрүүлдэг. Хэн түрүүлэхийг урьдаас таашгүй. Хүслээр бол миний хүү түрүүлээд, үзүүрлэж байвал сайхан л байх нь мэдээж хэрэг. Би Бөхийн холбооны тэргүүн хүн. Миний суурь хүмүүжилд миний л хүүхэд сайхан байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэл ер төрдөггүй. Би хөдөө өссөн хүн. Баяр наадмаа үзэх дуртай. Улсын баяр наадамд нэг хүн арав түрүүлэх, арван хүн нэг, нэг удаа түрүүлэх бол байдаг зүйл. Бөхийн амжилт хувийн шинжтэй зүйл юм. Миний хүү улсын наадамд үзүүрлэж түрүүллээ гэхэд нийгэмд баялаг нэмэгдэхгүй. Харин миний хүү монгол бөхдөө үнэнч байгаад олон бөхчүүдтэйгээ нийлээд ард түмэндээ монгол бөхийн барилдаан үзүүлж байгаа нь нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг нь юм даа.
-Таны төрсөн дүү улсын заан Р.Давааням агсны хүүхдүүд олны танил бөхчүүд бий. Та тэдэнд сургаал, зөвлөгөө хэр айлдах вэ?
-Би бөхийн удмыг улсын цолтой том бөхөөс үргэлжилдэг гэж ойлгодог байлаа. Гэтэл бөх сумын заан удамтай байхад л төрдөг юм байна. Манай ээжийн талд сумын заанууд олон байсан. Аав маань бяр тэнхээтэй сайхан эр байсан болохоор тэр хүний ген бас бий. Манай ахынх хоёр хүүтэй, би хоёр хүүтэй, дүү Даваанямынх гурван хүүтэй, дараачийн дүүгийнх гурван хүүтэй гэх зэргээр манай удмаас баахан банди нар гарлаа. Манай гэр бүлийнхэн бодохдоо Давааням бөх хүн юм чинь эдний хүүхдүүд л бөх болно гэсэн ойлголттой явсан. Би хүүгээ барилдана гэж огт бодоогүй, физик үзүүлж шал өөр замаар явуулж байсан. Бид эцэг эхээс арвуулаа. Одоо харж байхад бидний хэний ч хүүхэд барилдчихаар хүүхдүүд байдаг. Даваанямын хүү улсын начин Лхагвадорж, Ама Бямбадорж, Баасандорж нар байна. Сайхан дүүгийн маань хүүхдүүд сайхан л яваа. Харамсалтай нь хорвоо тэгш биш учраас аав нь гэнэт мөнх бусыг үзүүлсэн нь маш том цохилт болсон. Манай Лхагваа нуруун дээрээ маш их ачаа үүрч яваа. Тэр нь спортын амжилтад нөлөө үзүүлдэг. Лхагваа маань улсын баяр наадамдаа оролцож барилдаж олон түмнээ баясгаж байгаа нь монгол бөхөд үлдээсэн аавынхаа ул мөрийг үргэлжлүүлээд явж байгаа хэрэг. Цаашид цолоо ахиулах байх аа.
ГИННЕСИЙН НОМД ХЯТАДУУД 2048 БӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН БАЙГАА БОЛ МОНГОЛЧУУД 4096 БӨХИЙГ БАРИЛДУУЛНА
-Өнгөрсөн жил "Их Эе" хуралдсантай холбоотойгоор таныг хэсэг нөхөд шүүхэд өгөхөд та ялагджээ. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?
-Бөхчүүд хоёр хуваагдчихлаа гэж ярьдаг. Үнэндээ бол тийм биш юм. Одооны бөхийн холбооны удирдлага, үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцдэг хэдэн хүн байдаг. Бөхийн өргөө ашиглалтад орсон 1998 оноос хойш тэд тэмцэж байна. Цаад утга нь бөхийн холбооны удирдлага, Бөхийн өргөөг авах гэсэн санаархал гэдэг нь ард түмэнд ил тодорхой болсон. 2002 оноос хойш Бөхийн холбооны үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцэж байгаа улсын заан Ж.Ганболд, Д.Амгаа, улсын начин Ц.Дуламсүрэн нар дахиад шүүхэд өгч л дээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард зургадугаар "Их Эе" хуралдсан юм. Ээлжит, ээлжит бус "Их Эе" гэдэг ялгаатай хоёр зүйл байдаг. Ээлжит "Их Эе" нь дөрвөн жил тутамд хуралдана гэсэн дүрмийн заалттай. 2010 онд хуралдсан юм чинь дараагийнх нь 2014 онд хуралдана гэсэн үг. Тэгтэл дунд нь хуралдах шаардлага тулгарвал ээлжит бус "Их эе"-ийг зарлана. Ээлжит бус Их эеийг яаж хуралдуулах вэ гэвэл цэцдийн зөвлөл буюу 67 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд хурлаас зарлана. Цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр буюу 47 нь санал гаргах юм бол ээлжит бус Их эеийг хуралдуулдаг. Сая зургадугаар Их Эе ээлжит Их эе тул түүнийг Цэцдийн зөвлөлийн хурлаас зарлахгүй. Тэргүүлэгчдээс зарлана. Зургадугаар "Их Эе"-ийг тэргүүлэгчдийн хурлаас зарлан хуралдуулсан. Гэтэл дээр нэр хэлсэн нөхөд зургадугаар Ихэеийг цэцдийн зөвлөлөөс зарлаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд хандсан байна.
-Манай улс Гиннесийн номонд үндэсний бөхөө бүртгүүлэхийн тулд 4096 бөх барилдуулна гэж яригдаад байгаа. Энд оролцохыг хүссэн хэн болгон оролцох боломжтой юу?
Гиннесийн дээд амжилтын номонд БНХАУ 2048 бөх барилдуулаад монгол бөх гэдэг нэрээр 2006 онд орчихсон байгаа юм. Морин хуур, уртын дууг хятадууд бүртгүүлчихсэн байна гэсэн шиг юм үүссэн хэрэг л дээ. Тэгээд монголчууд өөрсдийн үндэсний бөхөө дэлхийд бүртгүүлэх нь зайлшгүй хийх ёстой ажил болсон. Сум, аймагт, улсад барилдах бөхийн тоо өсч байгаа нь улсад нэгэн зэрэг 40 мянга орчим бөх барилдана байна гэсэн үг. 40 мянган бөхтэй улс үүний 10-хан хувь буюу 4096 бөхийг барилдуулна гэдэг тийм хэцүү ажил гэж бодохгүй байна.
-Бөхийн тоог хэрхэн бүрдүүлж байгаа нь сонин байна?
Сум болгонд 10 бөх оролцуулаарай гэж урилга өгсөн. Хэрэв сум бүрээс 10 бөх ирвэл 3000 гаруй бөх хүрээд ирнэ. Улаанбаатарт барилдаж байгаа 1000 бөх байна шүү дээ. Ингээд элбэгхэн 4000 бөх цуглачихна. Энэ бүрэлдэхүүнд их, дээд сургуулийн оюутан, зэвсэгт хүчнээс оролцоно. Монгол Улсын эрх ашгийг бататгаж байгаа энэ барилдаан есдүгээр сарын 17-ноос 25-ны хооронд болно.
-Гиннесийн номонд орохын тулд амжилтаа албан ёсоор яаж баталгаажуулдаг юм бэ?
-Гиннесийн төв оффис Лондонд байдаг. Бид бүртгүүлэх хүсэлтэй байна гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард албан бичгээр явуулсан. Хариу нь бүртгэх боломжтой гэж ирсэн. Амжилтыг хоёр аргаар бүртгэдэг юм байна. Бие төлөөлөгчөө ирүүлэх, эсвэл есөн төрлийн материалаар бүртгэдэг. Бид бие төлөөлөгч урьж байгаа. Монгол бөх Юнескод бүртгүүлчихсэн. Одоо Гиннест бүртгүүлчихвэл дэлхийд таньдаг болох юм.
Б.ДОЛЗОДМАА
Тус мэдээллийг бусад хэвлэлийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”

No comments:

Post a Comment