Monday, August 22, 2011

Эцгийн сэтгэл

Гэнэт гадаа бөөн дуу шуу болоод явчихав. Хэн нэгэн согтуу агсам тавьж байгаа бололтой хаалга нүдэж хашгирч эхэллээ. Энэ дуунаар тайван амгалан хууч хөөрч суусан хүмүүс яриагаа тасалж яаран гарцгаав. Хүмүүсийн ярих нь, хажуу айлын энэ эр байнга архи ууж ийм үйлдэл гаргадаг бололтой. Одоо бүр хэтрээд ойр хавийнхаа хүн бүл муутай хүүхэд хөгшдийг айлгаж эхэлж байгаа гэнэ.

Гадаа тэргэл сар гарч, өдөр мэт гэрэлтэй. Согтуу эр цээж нүцгэн цамнаж байнаа. Хажуу айлын залуу өнөөх эрийг чангахан түлхэхэд өнхрөөд өгөв. Тэгсэн ч харааж загнахаа зогсоосонгүй. "Гэрийнхнийг нь дуудаач" гэхэд 85 настай аавыг нь олж ирэхээр хүн явлаа. "Хөөрхий, аав нь айгаад түлээнийхээ амбаарт ороод нуугдчихаж" гэсээр өнөө хүн ирэв. Ингээд эрүүлжүүлэхэд өгье гэж ярилцаад цагдаад дуудлага өгөн гэр гэртээ орцгоолоо. Өнөө согтуу босох ч тэнхээгүй, тийчилсээр байгаад өмдөө тайлаад хаячихсан нүцгэн хэвтэж харагдана. Зусланд өдийд нар жаргангуут сэрүү орчихдог болсон цаг. Тэгээд ч шөнийн 00 цагийн үед нүцгэн байтугай нимгэн цамцтай бол чичирмээр хүйтэн байлаа.
Хэсэг хугацааны дараа гадаа хэн нэг хүний зэмлэсэн дуу сонстлоо. Цагдаа ирсэн юм болов уу гээд гартал намхан буурал хөгшин хүүгийнхээ хажууд зогсоод "Айл амьтнаас ичихэд яадаг байнаа. Нэр нүүрээ бодооч..." хэмээн зэмлэж байлаа. Тэгснээ өмсөж байгаа дээлээ тайлан эвтэйхэн гэгч нь хучиж, толгой дор нь дэр хийж байнаа. Хүн болгон түүнийг үзэн ядаж байгаа тэр шөнө өөрийнх нь төлөө шаналж байгаа цорын ганц хүн аав нь гэдгийг согтуу эр мэдэх ч тэнхэлгүй байлаа. Магадгүй тэр маргааш, хорвоо дээрх ганцхан өөрийг нь гэдэг өтөл буурал аавыгаа хар шөнөөр түлээнийх нь амбаарт хөөж оруулаад дахиад л бужигнуулах байх даа.
Д.ОЮУНТУЯА

No comments:

Post a Comment