Wednesday, August 24, 2011

Ларри Кинг: Жүжигчдээс илүү улстөрчид сайн жүжиглэдэг


Ярилцлагын хаан хэмээх алдарт Ларри Кингийн “Чикаго Трибун” сонинд өгсөн ярилцлагыг та бүхэнд сийрүүлэн хүргэж байна. Ларри Кинг олон жил хөтөлсөн CNN телевизийн “Ярилцлагын цаг” ток шоугаа орхин энгийн амьдралын мөр хөөсөн билээ. 
Нэг ёсондоо зодгоо тайлсан гэж хэлж болно. 25 жил 50000 гаруй алдартай ярилцлага хийсэн Ларри Кинг энэ удаа “Чикаго Трибун”-ы сурвалжлагч Жек Клинсманы урд ярилцлага өгөхөөр суужээ.


Жек Клинсман түүнтэй хамт байсан хормуудынхаа тухай өгүүлэхдээ “Тэр бол гайхалтай ярилцагч, түүний дэргэд байхад ямар ч хүн хамаг бүхний тухай мэдэх бүхнээ илэн далангүй урсган ярих болно. Тэр миний хүсэлтийг хүлээн авч Нилманы цамхаг дахь оффисын өрөөнд минь зочилсон юм.
Тогтсон цагаас жаахан хоцорсон нь миний гайхлыг төрүүллээ. Тэр бол цаг барих талаар гайхалтай дэглэмтэй хүн хэмээн би түүний талаар бодож байсан учраас л тэр.
Харин Ларри Кинг инээмсэглэн орж ирээд хоцорч ирснийг минь хүлцэнэ үү, гэхдээ би таны зочин шүү дээ” хэмээн хэлэхэд бүх учрыг ойлгосон юм.




-Ярилцлагын цагаа орхиод багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхий нийтийн танил Ларри Кинг юу хийж байна даа. Сүүлийн үед хийж байгаа болон төлөвлөсөн ажлынхаа талаар уншигчидтай маань хуваалцаач?
- Би шоугаа хааснаас хойш ажлаа төлөвлөхөө больсон. Цаг хугацаатай уралдалгүй, аль болох хоцрохыг хичээж энгийн нэг зүйлийг төлөвлөснөөс илүү цаг зарцуулан ажиглаж бичихийг хүсдэг болжээ. Магадгүй насан туршдаа цагтай уралдан ажиллаж амьдарч, үргэлж яарч бүх амьдралаа төлөвлөгөө графикийн дагуу зохиосон хүнд цаг хугацаатай хамааралгүй болох нь гайхалтай жаргал мэт санагддаг ч юм билүү. Би өөрийгөө тэгж бодож чагнадаг болоод байгаа.





Аялж байна. Ярилцлагын ширээний ард ярилцагчийнхаа нүдийг харж суусан олон жилүүдэд би америкийн аль нэг хотын нэг гудамжинд тамхи татан зогсоо залуу ч юмуу, уйтгарласан охины харц, гэх мэт энгийн олны харцыг харалгүй удсан юм шиг санагдаж байна.
Ном бичиж байна. Номынхоо тухай одоохондоо нууцалсан нь дээр болов уу. Хүний нууцыг уудлах дуртай хүн нууцтай байхыг хүсдэг болчихдог юм байна.


-Ширээний нөгөө талд суухад ямар байна даа?
-Дажгүй юмаа.
- Яагаад гэнэтхэн шоугаа хаахаар болчихов оо?
- Эхлэл байсан бол төгсгөл гэж хэзээд байдаг. Хар багаасаа л телевизийн хөтлөгч болохыг мөрөөдөж байлаа. Мөрөөдлөө биелүүлчихсэн учраас би шоугаа хаасан. Залууст ч орон зайгаа тавьж өгсөн нь сайхан биз. Одоо би студид бус амьдралд илүү ойртмоор байна. Миний хэрийн насны хүн юу хүсдэгийг би одоо л гадарлаж байх шиг байна.





-Та шоуныхаа талаар олон ч сэтгүүлчийн асуултад хариулж байсан. Би ч гэсэн асуух хэрэгтэй байх.
-1978 онд анх удаа үзэгчидтэйгээ утсаар холбогдож харилцан ярилцдаг шоу хийж нэр хүнд маань ч өссөн. Гэхдээ тэр үед би мөрөвч хэрэглэдэггүй байлаа. Хүмүүстэй ярилцах хүсэл маань тэндээс л анх эхэлж өдий олон жилийг ярилцаж өнгөрүүлсээр одоо таны урд бас ярилцаад л сууж байна даа.





- Харин мөрөвч хэзээнээс өмсөж эхлэв.
- 10-аад жилийн өмнөөс.
-Одоо харин та өөрийн имижээсээ татгалзсан юмаа даа.
- Би эфирт гарахдаа л мөрөвчөө өмсдөг.
-Та ярилцлагынхаа асуултуудыг яаж сонгодог вэ, жишээ нь таны олонд алдаршсан ярилцлагуудаас дурдаж болох юм. Памела Андерсоны хувийн амьдралыг яаж тэгж уудлаж чадсан бэ, аль эсхүл ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путиныг дурдаж болох юм.
- Миний хувьд ярилцлагынхаа асуултыг аль болох энгийн асуултуудаас сонгож эхэлдэг. Ямар ч ярилцагч эфирт ороод ирэхээрээ сандарч тэвдэн биеэ барьдаг. Та үүнтэй санал нийлэх биз. Тиймээс тэр хүнийг тайвшруулж, сэргээж зуушны ширээнд, аль эсхүл энгийн нэг танилтайгаа гудамжинд таарсан мэт сэтгэгдлэ төрүүлэхүйц энгийн асуултууд асуудаг. Ер нь болгоомжтой ярилцах нь урлаг гэж хэлж болох юм. Би хэн нэгнийг буланд шахахыг хүсдэггүй. Конгрессийн гишүүн Ненси Пелоситай ярилцаж байхдаа “чамайг худал хэлбэл яаж гэсгээх вэ“ гэсэн ганцхан асуултаар л би түүний худал хэлж буй эсэхийг түвэггүй мэдэж чадна. Би оролцогчоо өөрийгөө өмгөөлөөд байна уу үгүй юу гэдгийг харцнаас нь мэдэрч чадна. Асуудлын мөн чанар үүнд л байна даа. Тиймээс зочид нэвтрүүлэгт маань орохоос татгалздаггүй.


-Америкчуудад хаалттай орос эрхмийн тухайд онцлооч?
-Путиныг би нүүр тулж ярилцаж эхлэхээсээ л өмнө тун ч энгийн нээлттэй хүн юм гэдгийг нь мэдэрч эхэлсэн. Тэр маш гайхалтай ярилцагч, хөгжилтэй, хэнтэй юу ярихаа маш сайн мэддэг нэгэн. Та орос баавгай мөн үү гэхэд түүний элэг нь хөших шахсан шүү.
Хэрэв та санаж байвал би түүнээс ямар цаг зүүдэг вэ гэж асуусан юм. Нэвтрүүлгийн дараа Путин надад цагаа бэлэглэсэн юмдаг. Хүмүүс түүнээс улстөр, дэлхий дахины тухай үгсийг нь сонсох гэж хүсэж байсан.
Харин би эсрэгээрээ аль болох энгийн асуултууд тавьж эхлэхэд тэр өөрөө ч их гайхаж байсан. Би түүний бэлдэж ирсэн хариултуудыг нь огт яриулалгүй энгийн зүйлс, гэр орон шашин, хобби, эмэгтэйчүүдийн талаар яриулсан. Залхмаар их байдаг улстөрийн амьдралын тухай ярианаас илүү энэ нь олонд их таалагдсан гэж хүмүүс ярьдаг юм билээ.
-Таны ярилцлагуудаас хамгийн эвгүй сэтгэгдэл төрүүлсэн мөчийг дурдвал, магадгүй “Watergate” ч юмуу.





-Үгүй ээ, миний бүх ярилцлагууд надад эрхэм байдаг. Магадгүй уурсаж бухимдсан, олны нүдэнд өртөхгүй байхыг чухалчилдаг хүмүүс миний урд суучихаад эвгүй байдалтай байсан нь бий. Гэхдээ би тэднийг харцаараа тайвшруулж тэд нэг л мэдэхэд эфирт ямар янзтай орж ирснээ мартчихаад өөрсдөө ярьж эхэлдэг. Заримдаа бүх л асуултад тийм, үгүй, магадгүй гэхээс өөр үг унагадаггүй хүмүүс байна. Тийм хүмүүстэй ярилцахад надаас түрүүлээд манай ажилтнуудын тэвчээр барагдах шахдаг.


-Попын хаан Майклтай та нэг удаа ярилцаж байсан
-Нэг бус удаа шүү. Би шашны томоохон төлөөлөгч Жейм Фундатай ярилцахаар төлөвлөчихсөн байлаа. Гэтэл Майкл над руу утас цохиж өөрт тохиолдсон зовлонт явдлын талаар ам нээж ярилцмаар байна гэсэн. Домог болсон дуучин өөрөө ингэж хүссэн нь надад ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн. Фундагаас эелдэгхэн уучлалт гуйсны эцэст би Майклтай уулзаж түүнтэй холбогдоод буй хэргийн талаар нь ярилцсан юм. Би мөн л сурсан аргаа хэрэглэж түүний ярилцахаар төлөвлөсөн байсан сэдвээс татгалзан өөр зүйл рүү ярьж эхэлсэн юм. Түүний бага нас, Жанет тэр хоёр багадаа хэрхэн муудалцаж байсан гэх мэт. Сүүлд нь тэр миний гарыг дотноор атгаад баярласанаа илэрхийлж байсан юм. Майклын талаар эргэн дурсахад таатай шүү.


-Та дэлхийн олон орны хүмүүстэй танил, тэдний урилгаар одоо дэлхийгээр хэрэн хэсэхэд таатай цаг үе ирсэн болов уу?
-Яг тийм. Надад олон урилга бий, одоо Ази, Африк тивүүдээр би удахгүй хэрэн хэсэх болно.
-Та өөрийгөө сэтгүүлч гэж хэлэхэд дургүй байдаг. Яагаад?
-Ток шоуны зорилго бол мөн чанартай сэтгүүлзүй биш гэж би үздэг. Хүмүүсийн сэтгэлзүй, үзэл бодлыг нээж харуулах явдал бол нийгмийн шинж чанартай асуудал юм л даа.
-Таны шилдэг зочин?
- Шилдэг зочин гэж хэзээ ч байхгүй. Би хэзээ ч хэн нэгнийг нь онцгойлж байгаагүй. Тэнэмэл жаал, гоо бүсгүй, бэлэвсэн эхнэр, ер нь хэн ч байлаа гэсэн тэдэнтэй ярилцахад таатай.
-Таныг татвараас зайлсхийж байсан талаар шуугиан дэгдсэн?
-Тиймээ надад маш хэцүү байсан. Одоо энэ асуудал ард хоцорсон.
-Олон хүмүүс таны үзэл баримтлал, хэв маягийг гайхдаг?
-Намайг олон хүн дэггүй зантай гэж боддог байх. Тиймээ энэ миний өөрийн дүр төрх гэх үү дээ. Бид энэ талаар ярихгүй байсан нь дээр болов уу. Арай өөр зүйлсийн талаар байж болох юм.
-Танд кинонд тоглох урилга Холливуудаас ирдэг гэж сонссон. Таны тоглосон кино хит болно доо?
-Би жүжигчин хүн биш болохоор сонирхдоггүй юм. Кинонд улстөрчдийг тоглуулвал жүжигчдээс дутахгүй тоглох байх гэж боддог. Тэд амьдрал дээр байнгын жүжигчид шиг амьдардаг хүмүүс шүү.
-Тэгвэл улстөрд хөл тавихаар бодож үзэв үү.





-Кинонд тоглохоос илүү сонирхолтой байж болох л юм. Гэхдээ үгүй ээ.
-Сонирхож байна гэсэн үг үү.
-Сонирхолгүй яахав
-Пирс Морганы талаар юу гэж дүгнэж байна
-Миний орыг залгамжлах гэхээсээ илүү олон жилийн минь ажлыг үргэлжлүүлж байгаа учраас би Морганд баярлаж явдаг. Тэр бол гайхалтай хүн шүү. Түүний талаар хэвлэлүүд янз бүрээр бичих юм. Гэхдээ би түүнээр бахархдаг.
-Таны үлдээсэн орон зайг...?
-Одоо түүний орон зай эхэлсэн.





- Таныг шүүмжлэгчид хэлэхдээ таны тойм бичлэгүүдийг тэнцвэргүй, буруу ташаа мэдээлэлтэй байдаг төдийгүй заримдаа бүр таамаглал шинжтэй зүйл агуулсан байдаг гэдэг?
-Би зөвшөөрдөг, байнга тэнцвэртэй зүйлс бичнэ гэдэг нь нэг утгаараа уйтгартай юм л даа.
-Ярилцлагынхаа сэдвийг дэлхий дахины амьдрал руу эргүүлбэл ямар вэ
-Мэдээж хэрэг, би үгүйлж байна шүү энэ сэдвийг
-Арабын ертөнц бүхний анхаарлыг татаж байна. Та ойрхи дорнодын ирээдүй болон АНУ лал шүтлэгтнүүдийн дундах харилцааг юу гэж төсөөлж байна.
-Тэд адилхан л хүмүүс. Миний бодлоор шашнаар ялгаварлалгүй улс түмнүүд зэрэгцэн орших цаг удахгүй ирэх бизээ. Ойрхи Дорнодын ард түмнийг би хүндэлж явдаг. Манай гаригийн хамгийн халуун цэгт өдөр бүр тэсрэлт дэлбэрэлт, түгшүүр зовлонгийн дунд аж төрсөөр байгаа хүмүүсээр бахархахад ч гэмгүй. Манай америкчууд их зүйл хийх хэрэгтэй гэж боддог. Ойрхи Дорнодын ард түмнийг илүү их таньж мэдэн, тэдэнтэй хамт ажиллаж амьдрах хэрэгтэй.





-Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар таны таамаглал?
-Ерөнхийлөгч Обамаг би ихээр шүүмжилдэг байсан ч түүнийг дахин сонгогдож илүү их зүйл хийгээсэй гэж хүсдэг. Тэр ард түмний дундаас гарсан хүн гэдгээ батлах ёстой...


Билл болон Хиллари Клинтон, Билл Гейтс, Дээрхийн гэгээн Далай лам, Барбара Стрэйзанд, Мадонна, Михайл Горбачев, Том Круз, Аль Пачино гээд түүний ярилцлагын зочдыг тоочвол тун урт болох юм. Түүнийг дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд хамгийн тод гялалзах од хэмээдэг билээ.
Ларри Кингийн шууд ярилцлагууд хамгийн шууд бөгөөд хамгийн өвөрмөц онцгой хэлбэрээр дэлхийн улс төр, соёл урлагийн шилдэг зүтгэлтнүүдийг үзэгчидтэй уулзуулж таниулдгаараа онцлог. Зочиндоо тавьсан анхны асуулт нь тухайн ярилцлага нэвтрүүлгийн сэдэв агуулгыг ерөнхийдөө тодорхойлдог.


О.Нар

No comments:

Post a Comment