Monday, November 7, 2011

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Цэнд: “Болор цом” наадмыг Дархан хотод хийх санаачилгыг 2004 онд гаргасан

Жил болгоны “Болор  цом” наадам  яруу найрагт дуртай хүн болгоны хэн түрүүлэх бол гэсэн  хүсэлт, хүлээлтийг дагуулж байдаг. Шүлгээ ирүүлсэн 130 яруу найрагчаас сүүлчийн шатанд 30 хүн үлдэнэ. Тэдний нэр тодрох болоогүй, найрагчид ам чангатай байна. Гэсэн хэдий ч  наадмынх нь  өмнө зохиолч, яруу найрагчдын сэтгэгдлийг сонслоо.


МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Цэнд:“Болор цом” наадмыг Дархан хотод хийх санаачилгыг   2004 онд гаргасан
-“Болор цом” наадмыг Дархан хотод хийе гэсэн санаачилгыг гаргасан хүмүүсийн нэг нь та. Та нарын санаачилга өнөөдөр биеллээ оллоо,  манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?
-Х.Чилаажав, Г.Аюурзана бид 2004 онд Хайнанд аялсан юм. тэнд утга зохиолын өдрүүдэд оролцож явахад Дархан хотод “Болор цом” хийх санаа анх төрж, бид ярилцсан. Гэсэн ч хөрөнгө, санхүүгийн асуудал бүтдэггүй. Дараахан нь  “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхантай хамт ирж Шарын гол руу “Алтан тугал” гэдэг шагнал гардуулаад буцахдаа аймгийн Засаг даргатай уулзаж, ярилцсан. Засаг дарга  Дархан хотын 50 жилийн ойн босгон дээр хийе гэж амласан. Он гараад Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. Ой тэмдэглэх ажлын эхлэл нь “Болор цом-28” наадам болж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн “Төвшин сэтгэл” сан болон аймгийн ЗДТГ  хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж,  дэмжиж байгаа. Бэлтгэл ажил хангагдсан.
-Та хоёр удаа “Болор цом” наадмыг шүүсэн. Энэ жил шүлгээ унших уу, шүүх үү?
-Шүүгчдийг МЗЭ-ийн удирдах зөвлөл томилдог  учраас хэлж мэдэхгүй байна. Би энэ жил шүлгээ явуулаагүй.  Манай Дархан олон сайхан яруу найрагчтай. Тэд маань шалгаруулалтад бүтээлээ явуулсан байх. Сүүлийн даваанд 2-3 хүн найрагч үлдэнэ гэж итгэж байна.
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг: Наадам маань жилээс жилд өргөжиж байна
-Энэ жилийн наадам  түрүү жилүүдийнхээс юугаараа  онцлог байх вэ?
-Утга зохиолын өдрүүд зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ сарын 10, 11, 12-нд гурван өдөр Дархан-Уул аймагт  яруу найргийн наадам, уншигч-зохиолчдын уулзалт  болох юм. Эхний хоёр өдөр ардын болон төрийн шагналт зохиолчид, “Болор цом”-ын эзэд Дархан, Орхон, Шарын гол сумдад зохиолч-уншигчдын уулзалт өдөрлөг зохион байгуулна. Мөн “Болор цом”-ын эзэд тусдаа  наадам хийнэ. Харин 12-нд “Болор цом-28” наадам болно. Дархан-Уул аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар  хамтран  зохион байгуулж,  ивээн тэтгэж, дэмжиж байгаа.
-Эхний шатанд  130 найрагч шүлгээ ирүүлсэн гэсэн. Энэ жил хэний бүтээл сайн байгаа бол?
-Урьчилж  хэлэх боломжгүй. Зохиолч, найрагчид маань бүгдээрээ түрүүлнэ гэсэн бодолтой, сайхан  шүлэгтэй  ирдэг. Шинэ номоо солилцож, уран бүтээлээ танилцуулж, сэтгэлээ хуваалцсан  сайхан баяр болдог.
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Чимэддорж: Цом мялааж шүлгээ уншина
-Энэ жилийн “Болор цом”-д шүлгээ унших уу?
-“Болор цом”-д уралддаг үе өнгөрсөн. Зөндөө уралдлаа. Нэг түрүүлж, хоёр аман хүзүүдэж, бишгүй айрагдсан. Бас зөндөө хоцорч үзсэн. Авдгаа авсан, өгдгөө өгсөн.  Энэ жил цом мялааж шүлгээ уншина.
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж: Байгаа жаахан авьяасаа Монголынхоо төлөө зориулъя гэсэн сэтгэлтэй улс  шүү дээ, найрагчид
-“Болор цом-28” наадам утга зохиолын өдрүүдтэй хамт болох юм байна. Наадмын өмнөх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-“Болор цом” сайн, муу хэлэгдээд тасарчихалгүй явж ирлээ. Энэ нь өөрөө нэг юм хэлээд байна. Зарим нь найргаар уралдах ёсгүй гэдэг. Гэхдээ наадам алга болчихгүй л байна. Энэ бол ард түмэн яруу найрагт сэтгэлээсээ  ханддагийн илрэл. Мэргэжлийн гэх юм уу,  утга зохиолын дээд төвшнөөс харахад яруу найргийг уралдааны томъёоллоор дүгнэх утгагүй л дээ. Зарим судлаач, шүүмжлэгч ингэж дүгнэдэг. Яруу найрагчид өөрсдөө тэднээс давсан мэдрэмжтэй улс, үүнийгээ харж л байдаг шүү дээ, дээрээс нь. Гэхдээ  нэгэнт зохиогдоод уламжлал болчихсон, түмэн олны хүсэн хүлээдэг наадам учраас монголд төрж, монгол хэлээр амлаж, бүтээж, туурвиж,  жаахан  авьяасаа  Монголынхоо төлөө зориулъя гэсэн сэтгэлтэй явж байгаа юм чинь яруу найрагчид маань шүлгээ уншиж, ямагт тэр тайз орж байгаа хүндээ сүүн замтай, оруулсандаа ч сүүн замтай, ийм л байгаасай гэж боддог.
Энэ жилийн хувьд хөдөө, орон нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм билээ. МЗЭ-д талархаж байна, энэ бол зөв алхам. Энэ удаагийн “Болор цом”-ыг  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа  зохион байгуулахаар санаачилга гаргасан.  Бидний дунд тархиндаа мөнгөтэй хүн олон байна, Д.Хаянхярваа гишүүнийг  оюунлаг зүйлд хөрөнгө оруулдаг, оюунлаг хүн гэж бодож, талархаж байгаагаа уран бүтээлч нөхдийнхөө өмнөөс хэлье. Яруу найрагчид бүгд ингэж бодож байгаа, ийм үг тэдний аман дээр нь байгааг мэдрээд хэлж байгаа юм.  “Болор цом”-ыг хамруулаад уран бүтээлийн бүхэл бүтэн гурван өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа нь сайхан санагдсан.
-“Болор цом”-ын эзэд бүгдээрээ оролцож, бэсрэг наадам хийнэ гэсэн мэдээлэл байна?
-Оролцолгүй яахав. Очиж шинэ шүлгээ уншина. Зөвхөн шүлэг унших биш хэн нь ямар шинэ бүтээл  гаргав,  номоо солилцоно. Шинэ номын сураг сонсоод олж авч чадалгүй сэтгэл хорхойсоод явахыг алийг тэр гэх вэ. Уулзаагүй удсан нөхөдтэйгээ сарны гэрэлд хамт сууж, тав гурван үг ярилцаж сэтгэлийн бах ханадаг,эрчим хүчний хуйлралт болдог   хамгийн сайхан баяр  юм шүү дээ, “Болор цом”.
Сүүлийн үед яруу найргийн уншигч цөөн болсон, ном цөөхөн борлуулагдаж байна. баримтат өгүүллийн чиглэлийн ном руу хошуурах болсон гээд утга зохиолыг янз бүрээр харж, дүгнэдэг болсон. Яруу найрагчид юмаа хийсээр байгаа, хамгийн гол нь уншигчид тэр гэрэлтэй номуудыг эрж хайж уншдаг болоосой.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Мягмаржав: Наадамд морь уясан хүн түрүүлээсэй гэж боддог шүү дээ
-Өнгөрсөн жилийн “Болор цом”-д уншсан “Уулсын симфони” үнэхээр сайхан шүлэг байсан. Энэ жил түүнээс илүү уран бүтээл хийсэн гэж бодож байна?
-“Болор цом” наадам болдгоороо болно биз. Уншигч, яруу найрагчдыг жилд нэг удаа  уулзуулдаг наадам маань энэ жил Дархан хотод болох сураг дуулдаж байна.  Наадам морь уясан хүн болгон түрүүлээсэй гэж боддог шүү дээ, тэр янзаар л оролцоно доо.
-Найрагч нөхөддөө  хандаж юу хэлэх бол?
-Би юу хэлэх вэ дээ, сайхан наадацгаая, айргаа сайхан ууж, архиа багасгая, тайзан дээр эрүүл сайхан харагдъя гэжхэлье. Сүүлийн үед манайхан уугаад байдаг болж.
О.Нэргүй

No comments:

Post a Comment