Tuesday, November 22, 2011

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

1994 оны “Болор цом”-ын айргийн таван “морьд”. Зүүн гараас Г.Мөнхцэцэг, Б.Доржпалам, Ц.Хулан, Д.Ган-Очир, А.Эрдэнэ-Очир
Хамгийн дуулиантай наадмууд ерээд оны эхэн болон дунд үед өрнөж байж шүү. Д.Цоодол, Б.Лхаг­васүрэн хоёр зүүн жигүүрийг маг­найл­­чихсан, П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Очирхүү нар дагавар магнайд нь босоод, араас нь О.Дашбалбар, Б.Доржпалам, Ц.Чимэддорж, Ш.Гүр­­базар, Д.Төрбат тэргүүт наяад оныхон ирлэсэн тонгорог шиг л хяргаж байсан байгаа юм. За тэгээд А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуу­дорж, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнх­цэцэг нарын үрээ морьд хөл чанга­тайхан, ахмадуудынхаа дэргэдүүр хазаар даран шуугичих гэж сандар­гаад. Тэгснээ Дорнодын Эрээн­цаваас Данзангийн Ням­сүрэн найрагч хаа нэг өдрийн од шиг ирээд л. Мөнхөөгийн Билэг­сайхан гэж Говь-Алтайн хөдөөх эр, яруу найрагч бол ийм л байх ёстой гэсэн шиг урт үстэй, дээлтэйгээ шүлэг уншин үзэгчдийн алгыг хорсгож, цөсийг нь хөөргөөд л. Жамьянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга тэргүүтэй ерээд оны эхэн үеийн найрагчид тайзнаа халамцуухан үзэгдээд л, үгүй ээ мөн халуухан байсан санж.


Өвөрмөц сонин шийдэл бүхий модернист шүлгүүдээрээ олон ч хүний дургүйг хүргэж, гайхашралыг нь төрүүлэн тухайн үедээ үзэгдэл болж байсан Хэнтий нутгийн хүү Б.Галсансүх найрагч хэдэн оны ч юм бэ дээ, цомд "Надад үхэх долоон шалтгаан байна" гэсэн алдартай шүлгээ уншиж эхний даваанд хасагдчихаад "Би энэ болор цом момд чинь дахиж орох ч үгүй" гэж адарч байсан гэдэг. Мань хүн тэгж хэлснээсээ болсон уу, "Болор цом"-д арваад жил оролцолгүй явж байгаад сүүлд ороод түрүүг нь авсан билээ. Мөн хэзээний ч юм бэ дээ, ерэн зургаа, долоон оны ч юм уу, "Болор цом"-д төрийн шагналт зохиолч Пүрэв­жавын Пүрэвсүрэн, Д.Нацагдор­жийн шагналт зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Цэрэндор­жийн Мөнх, Багшийн их сургуулийн багш, утга зохиол судлаач Сорог­догийн Энхбаяр нар шүүгчээр суужээ. С.Энхбаярыг утга зохио­лын нэртэй шүүмжлэгч, басхүү өвөрмөц сонин сэтгэлгээтэй, хэр баргийн найрагчийг тоодоггүйг манайхан ерөнхийдөө гадарлана. Тэгтэл өнөө Энхбаяр чинь шүлгээ уншсан бүх найрагчид 0 оноо тавьсан байгаа юм. Бадамдоржийн Ганчимэгт л оноо тавьж. Тэр тухай сүүлд Пүрэвсүрэн найрагч Цээнзэн­гийн Галбадрахад хэлсэн байдаг. Б.Ганчимэгт гэснээс жил жилийн цомд тухайн үеийн төрийн төв хэвлэл "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сониныхон бөөнөө­рөө оролцдог байжээ. Ухаандаа, "Ардын эрх"-ээс Дөнгөтийн Цоодол аваргаар ахлуулсан Ц.Хулан, Н.Билгүүн, А.Эрдэнэ-Очир, Г.Аюур­зана, Д.Ган-Очир, Д.Энхболд­баатар гээд л.

Харин "Засгийн газрын мэдээ"-гээс Д.Урианхайгаар ахлуулсан А.Лхагва, Г.Мөнхцэцэг, Дорно­говийн Лувсанчүлтэмийн Эрдэнэ­бат, "Бадрангуй" тэргүүт олон сайхан номтой, "Тэнгэрийн говь" зэрэг шигшмэл дуутай Цээнзэн­гийн Галбадрах нар орж байжээ.   

Энэ мэт сонин хачныг бичиг­лэнэ гэвэл барагдах юм биш. Ингээд ном журмаараа ерэн гурван оны наадам руу оръё. Өмнө бичлэг маань  ерэн хоёр оны буюу Б.Лхаг­ва­сүрэн "Хил дээр бичсэн шүлэг"-ээрээ цом авч, Барнангийн Дорж­палам ар шил дээр нь давхиснаар дуусгавар болсныг уншигчид сайн мэдэж байгаа. Ерэн гурван онд Дөнгөтийн Цоодол найрагч "Миний муусайн найз нар" шүлгээрээ "Болор цом"-ыг хоёр дахиа гардсан юм. Уг наадмын ерөнхий шүүгчээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, шинжлэх ухааны доктор, профес­сор Хорлоогийн Сампилдэндэв гуай суужээ. Тэгээд өндөр Цоодолд шагналыг нь гардуулахдаа "Төв аймгийн хүчит аварга Хадбаатар арван жилийн зайтай төрийн наадамд хоёр түрүүлсэн байдаг. Түүн лүгээ адил Төв нутгийн хүчир­хэг найрагч Цоодол "Болор цом"-д арван жилийн зайтай хоёр дахь түрүүгээ авлаа" гэж хэлсэн удаатай.

Ерэн гурван оны наадмын сүүлийн даваанд Ц.Чимэддорж, Д.Төрбат гээд  аваргууд үлдэж. Залуусаас Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан байдаг. Цоодол най­рагч өрсөлдөгч хоёр (Чимэддорж, Төрбат)-оосоо би одоо аль шүлгээ унших вэ гэж асуужээ. Гурав, дөр­вөн ч шүлэг байсан гэнэ. Сүүлийн даваанд тийм олон шүлэгтэй бай­сан гэж бодохоор Цо аварга арваад сайн шүлэгтэй ирсэн бай­гаа юм. Ёстой алийг нь аль гэхгүй, бүгд л уяа сойлго нь ханачихсан соёолон үрээнүүд байсан хэрэг ээ. Төрбат "Миний муусайн найз нар" чинь зүгээр юм биш үү, гэхэд Чимэддорж "Дандар баатар шараа тайлахуй"-гаа хус даа гэсэн байна. Бодох нь ээ, Чимээ найрагч шарт­чихсан байсан ч болох. Ингээд Төрбатын үгэнд орж "Миний муу­сайн найз нар"-аа уншаад цом авч л дээ. Бас л сайхан дурсамж шүү. Сүүлийн даваанд өрсөлдөгч­дөөсөө яахав, ийхэв гэж л байдаг, нөгөө хэд нь энэ нь дээр юм биш үү учирлаж л байдаг. Энгийнээр хэлбэл, төрийн наадмын түрүү үзүүрт шалгарсан бөхчүүд хэн нэгэндээ мэх заагаад зогсож буй­тай л адил юм. Бас нэг тэмдэг­лэхээр зүйл байна аа. Цо аварга цом авсны маргааш нь гэдэг санаг­дана. Мон­гол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат (1993 оны явдал шүү дээ) телеви­зийн ярилцлагад орох­доо "Болор цом"-ын тухай ярьсан байгаа юм. Тэгэхдээ бүр мань Цоодолын тухайн цомд уншсан "Дутах эс дутахын шүлэг"-ээс цээжээр хэлсэн байна. Ообоо Ерөнхийлөгч "Болор цом" үзэж шавайгаа ханатал найраг сонсож суухуйд уг шүлгийн шад мөр зүрх сэтгэлд нь хадагдан үлджээ. Тэрхүү шүлгээс сонирхуулъя л даа.   

"Морьтой өвгөд минь дутахын цагтаа

Мохож саваан тосоогүй, сэлмээ шүүрч босдог байсан

Дүрсгүй тэднийг торгоохоор "Цагаан хэрэм" сандарч

Дүүрдэггүй ганзагыг нь дүүргэж гэж Европ тэвддэг байсан

Хар ялаа шиг дайсан ирэхэд хүч дутаж,

Халхын голоор Япон дайрахад хүн дутаж

Хайрт хөвгүүдээрээ бид дутаж үлддэг байсан

Эр зоригоо алдаж яваагүй

Эх орноо л алдаж яваагүй

Тулаад босох газар минь байхад

Тугаа хийсгэх тэнгэр минь байхад

Тулгандаа тахисан гал шиг бадарч ирсэн улс аа

Бурхан дээдсийн үе өнгөрлөө

Буянд нь сагаж суухдаа бид ухаанаар нь дутлаа

Торолзоод торолзоод он жилүүд өнгөрлөө

Тоолоод тоолоод үзэх нь ээ өвгөдийн хөрөнгөнөөс дутлаа

Харийн явгарсан эрэлчинд ганц морио

Хазаарлаад өгчихдөг заншил минь дутсангүй

Харанхуйд таарсан хүнд сүүлчийн ганц шүдэнзээ

Хавираад өгчих бэлэн нүнжиг минь дутсангүй

...Дайснаас чамайгаа хамгаалсаар үхэх сэтгэл надад дутахгүй

Дахиад чиний төлөө амьдрах хоёр дахь амь л дутах юм даа, эх орон минь" гэж. Сүүлийн шатанд үлдсэн найрагчдаас хамгийн ширүүн нь "сэгсгэр" Чимэддорж байсан гэх. Тэрээр "Цагаан зээр" хэмээх зар­тай шүлгээ уншиж найргийн наад­мын танхимыг дэлбэ авахаа алд­сан ажгуу. "Цагаан зээр" бол үнэн­дээ цуутай шүлэг л дээ. Утга зохиолд ойр байдаг, тухайн үеийн "Болор цом"-ын салхин дунд явсан нөхдийн цээжинд уг шүлгийн шад мөр явдаг юм шүү. 

"Хэрлэнг салхиар зайдалсан алдуул түймэр сөрж

Хэвгий заяа тэгшлэн сэрвээндээ галтай дүүлсэн

Мичин жилийн зуднаар хар зам татуулж

Мэнэнгийн их хээрээр хялгана сөрмөн цувсан

Шар талын

Шаналан

Ээрэм газрын

Энэлэн

Би цагаан зээр ээ

Бүргэдийн сүүдэр дор янзага минь бөртийж

Бүхний нүдэн дээр яс минь хирдийж

Хотынхны эрээн хананд эвэр минь сэрийж

Хорготой бурханд хүртэл цус минь үсэрч байхад

Сүргээр нь авла энэ амьтныг гэж

Сүх шиг далайсан тушаалын

Гайтай хөөтэй үг болгон

Галт сумнаас урьтаж намайг оносон

Харлаг шөнөөр гэрэл тавихад нь

Хар саналгүй бүлтэгнэн дөхөхөд

Халуун тугалгаар дал хавсарч

Хагас амьтай минь тэвшин дээр чулуудсан

Газар хөдөлтөл дэргэдэг ооноо үгүйлэн

Ганц хоёроор, шаргачин хомоол үнэрлэн холхиж

Хядуулсан сүргийн минь бүгээн сүнс

Хялганат талдаа зүүдийтэл гэлдрэн

Шүүрхий мах шиг улаан номыг 

Шөргөн, эврээрээ сэжлэн байхад

Хүний гарт орж хүзүүгээ мушгиулснаас

Хөх чонын хоол болсон минь дээр ээ

Би

Цуутай Дорнын цагаан зээр

Цусаа үзсэн улаан зээр ээ". Бас л бадрангуй шүү. Харин энэ их ааг омгоор салхи шуурга дэгдээсэн шүлгийн дэргэд А.Эрдэнэ-Очир найрагчийн "Ижийнхээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно..." хэмээх шүлэг тийм нэг зөөлөн дулаан, сэтгэлд дотно сонсогдож байсныг зарим хүмүүс мартаагүй л байдаг юм билээ. 

Ерэн дөрвөн он бол Цоодолын Хулангийн манлайлдаг жил л дээ. Хулан найрагч цом авсан нь утга зохиолын хүрээнд бас л бөөн шуугиан болсон нь мэдээж. "Аавынхаа шийрийг хатаалаа, Монголын утга зохиолд гал цогтой нэгэн бүсгүй найрагч яалт ч гараад ирлээ" гээд л. Хулан найрагчийг тойрсон яриа хөөрөө газар сайгүй л тархаад. Мань хүн ч цомыг ёстой нэг гуйж биш гуядаж гэдэг шиг эрэмгийхэн авсан байдаг даа. Үнэхээр тийм эртэй байгаагүй бол Барнангийн Доржпалам гэж жил жилийн цомд түймэр дэгдээдэг "товарищ" Лхагвасүрэнг сандарга­сан шигээ Хуланг бас л сандарга­сан дуулддаг. Тэрээр  

"Таныг би их тараасан

Ташууртай борооны өөдөөс

Тав толгойлж ургасан

Таана хөмүүлийг чинь тараасан

Тань дээр нүүсэн үүл тараасан

Тал дээр бэлчсэн зээр тараасан

Таныг би их тараасан

Сахилгагүй хүү чинь сэлэм эргүүлж

Салхи тараадаг байсан

Зээрэн хүрнийхээн хөлөөр

Зэрэглээ тарааж өссөн

Тэнгэрийн дуутай хамт мөндөр тарааж гүйхдээ

Тэртээ холын бороонд өөрөө тардаг байсан

...Тараахын хэрээр

Таныг би цуглуулж хайрласан

Хэчнээн уулын орой дээр овоо босгож

Хилийн чулуу цуглуулав

Эх орон минь өндөр болж хайрласан

Өчнөөн нууранд хаврын шувуу цуглуулж

"Өвгөн шувуу" хоёрыг уулзуулав

Эх орон минь амгалан болж баярласан..." хэмээн ус цалгилж, уулс дайвах мэт л уншжээ. Гэхдээ Ц.Хулангийн "Ази" гэж шүлгэнд гарцаагүй бууж өгсөн байгаа юм. Энэ зуурт хэлэхэд, манайхан Хулан­ найрагчийн "Ганцхан ээждээ унших шүлэг"-ийг нь яриад, мундаг мэтээр ойлгоод бай­даг. Уул шугамандаа хамгийн дөмөг шүлгүү­дийнх нь нэг "Ази" л даа. Их Урианхай сонс­чихоод, барагтайд дуу алддаггүй хүн чинь сүрхий таашаалтай толгой хаялс­наа сүүл хэсэгт нь нулимсаа нэг шуудраад авсан гэдэг шүү. 

Эзэн Богд минь мориноосоо бууж

Эр хоёр загалаа энд сул тавьсан

Эрхэмсэг Гангын хөвөөнд бурхад бясалгаж

Рерихийн хөнгөн бийр охидынх нь гоо магтсан

Ганилант Басё энд үүр цүүрээр шүлэглэж

Гангар цагаан хэрмэндээ буурал Күнз номлосон

Өрнө, Дорнын энхэр зулай тэр чигээрээ миний Ази

Өөрийн минь төрсөн газар, шүлгийн минь нэр Ази

Нүгэл хурааж дол цохьсон орчлонгоос

Нүүрээ нууж ичингүйрсэн Дорно

Гадагшаа урсаж сагасан дэлхий дээр

Гарын алга мэт дотроо, нууцлагхан тив ээ

Номхон далайн ус эргэн дотроо багтдаг шиг

Нойтон сормууст Азийнхан цээжин дотроо уйлдаг

Дурлаж хайрлавч дотроо, уруул давахгүй эрхэмсэг

Дуулж, инээж, жаргахдаа бас дотроон

Сац сувраган Таж махал шүншгээ дотроо нуудаг

Сайхан Дорнын бүсгүйчүүд хувцсан дотроо явдаг

Атомын халуун цөм дотроо байдаг шиг

Азийн юм бүхэн дотроо..." хэмээн уншаад л олны харц, анхаарлыг өөр дээрээ татчихсан байгаа юм. Тэр жилийн сүүлийн даваанд хэд хэдэн сайхан шүлэг уншигджээ. Тухайлбал, А.Эрдэнэ-Очир найраг­чийн "Хар нүдэн" хэмээх нэг дуучин бүсгүйд зориулсан шүлэг. Уг шүл­гийг утга зохиолын нэгэн доктор "садист" шүлэг гэж тодор­хойлоод өнөө Эрдэнэ-Очирыг чинь бут авсан сураг байдаг. За тэр яахав. Харин уг шүлэг бол хүмүүст их хүрсээн, ялангуяа хүүхнүүдэд бүр ч их хүрсэн дээ. Ерээд оны сүүлээр утга зохиолын чиглэлийн оюутнууд "Хар нүдэн" шүлгийг уншиж багагүй олон охидоос "ко ко" авсан байлгүй. Ингээд эзнээ "садист" хэмээн тодорхойлуулсан шүлгийг хүргэе.

 "Хармаар бүсгүй

Хар нүдэн гэлцэх юм

Хайрлаад хөл алдсан нь

Олон гэцгээх юм

Харанхуй шөнө гэрэл гармаар

Хар нүдтэй гэх

Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр

Хар нүдтэй гэх юм

Орчлон дээр хар нүдтэй хүүхэн

Олон л биз ээ

Оньсого таавар шиг нэг бүсгүй л

Олны дунд хэлцэгдэх юм

Дэндүү хар нүднээс

Ямар нулимс гардгийг

Дэргэдээ чамайг суулгаж би

Уйлуулж үзмээр санагдах юм

Хар нүдэн минь

Харж л амжаагүй яваа

Харын хар нүдэн минь

...Санаан дотроос гардаггүй

Сайхан хар нүд гэж байх юм аа

Цэцгэн дээр суусан эрвээхэй шиг түүнийг

Цээжин дотроо үнсэж л явдгийм даа

Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн

Зүггүй дэрвэгэр сормуус гэж байдгийм даа

Зүүдэлж дандаа жаргая гэтэл

Зүрхэн дээр гэргийн гар байдгийм даа..." гээд цааш явна даа. Мөн хэлэлгүй өнгөрч боломгүй нэг шүлэг байна аа. Бас л задгай шүлэг. Эр хүнийг магтсан шүлэг ч гэж хэлж болохоор. Үндсэндээ ерэн дөрвөн оны цомд Эрдэнэ-Очир хар нүдэн хүүхнүүдийг, Ичинхорлоо эр бор харцага шиг залуусаа магтсан байгаа юм. Та нэг харьцуулаад харчихаарай.  

"Жаргалын найман морины хатираанд жигүүрээ дэлгэсэн эр бор харцага

Жаргалтай дэлгэрийн уран нугалаанд хар гунигаа задалсан эр бор харцага

Зэрлэг салхины урсгалд харин ч дуртай эр бор харцага

Зэлүүд талынхаа аялгуунд даанчиг дассан эр бор харцага

Жин жингийн алхаанд цуцаа нь үгүй эр бор харцага

Жил жилийн урсгалд гундаа нь үгүй эр бор харцага

Гучин гурван шаргын жороонд нь дуртай эр бор харцага

Гурван хөх мөрний атираанд нь хайртай эр бор харцага

Цэггүй өндөрт гарлаа чиг үүрэндээ эргэдэг эр бор харцага

Чиггүй холд одлоо чиг нутагтаа хоргоддог эр бор харцага

Дутуу дуулж болдоггүй ардын дууны эр бор харцага

Дундуур хайрлаж болдоггүй амин зүрхний эр бор харцага". Дараагийн дугаарт ерэн таван оны "Болор цом"-оос эхлэн сонин хачин маань үргэлжлэх бөлгөө.
Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment