Tuesday, November 22, 2011

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Нэгэн мянга есөн зуун наян долоон оны наад­мын нэг томоохон шуу­гиан нь Чимэдравдангийн Мяг­марсүрэн найрагч бай­сан тухай өмнөх бич­лэгийнхээ төгсгөлд өгүүл­сэн билээ. Үнэхээр шуу­гиа­ны эзэн нь "Сумын заан" байжээ. Утга зо­хиолын хүрээнийхэн, ерөөс уран зохиолд ойр байдаг бүхэн эл най­раг­чийг "Сумын заан" хэмээн нэр­лэдэг буюу. Мань хүн тэрхүү зартай шүлгээ наян долоон оны "Болор цом"-д уншжээ. Тэгээд л шуу­гиан дэгдээчихгүй юу. Хэрвээ Пунцагийн Ба­дарч "Тэмээ" хөтөлж ирээ­гүй, өмнөх жил нь "Адуу"-гаараа аман хүзүүдээгүй байсан бол тэр жилийн цомд Ч.Мягмарсүрэн най­рагч нэгийг дуулгахад ойр­хон байсан гэдэг шүү. Даанч олон түмэн Бадарч найраг­чийг баараггүй тү­рүүлнэ гэж итгэл хүлээл­гэчихсэн, шүүгчдийн ханд­лага ч ерөнхийдөө буурал найрагч дээр тогтоод бай­сан учир тэр жилийн цомд "Тэмээ" түрүүлсэн удаа­тай.

Үзэгч олон "Болор цом"-ын танхимаас га­рахдаа

"Хол явж барилдаагүй сумын заан


Хот орж үзээгүй сумын заан

Армийн гурван жил хил дээр зогсож

Аз дутаж, "Алдар"-т ороогүй сумын заан

Ардын төрийн наа­дамд авар­гуудыг

Араажаваар цоллоход

Өөрийгөө цоллуулсан мэт баяр­­ладаг, Гуяа ал­гаддаг сумын заан..." хэ­мээн нэгэн зэрэг уншаад гарсан гэдэг дээ. Ер нь Мягмарсүрэн най­рагч уралд­сан наадам бүртээ дуу­лиан тарьдаг байж. "Сумын эмч", "Байрны хүүхэд", "Бальгай" зэрэг эгэл боргил, ямар нэгэн хээ хуаргүй монгол шүлгүүд нь тухайн үеийн үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байжээ.

"Хол холоо явахад ойрхон санаг­даад байдаг аа

Гол голоос хайртай нэгэн гол байдаг аа

Чулуут, Чулуут, Чулуут минь гэж зүүдэлж сэрээд байдаг аа

Халуут эгч хийгээд ахын минь суугаа гол оо..." гэсэн сайхан шүлэг нь бий. Мань хүн тэр чигээрээ л Чулуу­тынхаа харгиа урсгал байсан байгаа юм. Номуудынх нь нэр хүртэл үнэндээ утга төгөлдөр са­нагддаг. "Ташаа тамгаар Чулуут" гэж бий. Жинхэнэ монгол нэр, мон­гол сэт­гэлгээ. Өнөө үеийн хүүхдүүд, ялан­гуяа хотын хүүхдүүд уг номын нэрийг уншаад сайн ойлгохгүй ч байж мэдэх. Түүний 

"Баясан баясан нялхрах ам­рагийн сэтгэлээ

Балтай саран гуравхан хор­воогийн жам аа

Алдавч, оновч цугтаа амьдын заяандаа

Аргадах гуйх нь гэнэхэн бүсгүй ааль аа..." гэх олны мэдэх сайхан дуу бий. Бас нэг хэлэлгүй өнгөрч болом­гүй сайхан шүлэг байдаг юм.

"Намрын дунд сарын нам гүм өдөр

навч хөвүүлж замаг зулсан хөх ус:

Намхан гэртээ мэхээр үслэх ээжий,

Наадамд сойдог нимгэн хээр үрээ,

Өндрөөс өндөр тэнгэр бас дуу­гүй,

Өргөн зам уулсыг ороож одно

Өвгөдийн чулуу тэртээ энгэрт бөртийн

Өнөө явчих миний нулимс дунд торолзоно

Өөрийн гэх бүхнээ орхиж замд гарсан би,

Халуухан дурсамж, хаваржаа на­мар­жаа

Хамаг бүхнээ орхиж замд гар­сан би

Хамаг бүхнээ орхиж замд гар­саан

Хамаг бүхнээ тэнд орхисон юм чинь

Хаанаас одоо юугаа олно доо" гэж хөдөөх найрагч маань ерээд оны эхээр Архангайн Өндөр-Улаан сум Чулуу­тынхаа нүдэндээ нулимс­тай их хотыг зорьсон байдаг. Ийм л шүлгүүд тухайн үеийн цомд ун­шигдаж, Мягмарсүрэн найрагч нэгэн өнгө нь байсан ажгуу.

Наян найман он. Бас л гал авалц­сан наадам. Сүүлийн шатанд Тан­гадын Галсан, Цэндийн Чимэд­дорж, Дамбын Төр­бат тэргүүтэй аваргууд үлдчихсэн, аль л сайн гэсэн бүхнээ уншиж, Дөн­гөтийн Цоодол тэргүүтэй шүүгчид яахаа мэдэхгүй пайнагтчих­сан хэцүү байж. Ингээд Тангадын Галсан найрагч "Жирмийн сүлжээ" хэмээх жигдэр­мэл дөрвөн мөртийн цоморлигоо­роо Дунд­говийн идэрхэн хоёр найрагчийг нам цохиж өгөөд эгшиг­лэнт Янжинлхамыг гардчихсан байгаа юм. Галсан гуайн хамгийн хэцүү учраа нь дэлт Чимэддорж байжээ. Тэрээр "Сэлбэ" хэмээх "галзуу" шүлгээр өрсөлдөгч бүхний­хээ толгойг тас цавчихаа алдсан гэдэг.

"Газрын хөх судас бүдэг бадаг­хан цохилно

Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино

Агсал буурал Туултайгаа ха­тирч л бэлчирлэдэг усан

Адуу бараадан дагах тушаа­тай морь шиг дэгэнэ

...Дүүрэн Сэлбэ биднийг шир­гэтлээ сэлбэлээ

Дүнжингаравын хамаатан ус цу­санд минь аслаа

Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы

Асуултын тэмдэг шиг цор­гоноос нулимс болон дусалж байна

Улаан голоор чинь урсаж бай­гаа

Улаанбаатар дундуур чинь са­жилж байгаа

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа

Улс амьтны хөлд гутаж бай­гаа

Уулсынхаа элгэнд хярж байгаа

Ухаан гуйн залбирч байгаа

Шидмэс шиг гол нэг л үүрээр

Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ

Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг

Тогтоож ч чадалгүй уурга чир­гүүлэн алдсан байж

Зэм халдаамгүй Алтайн цаа­дах

Зэрэглээ залгилсан халтар говийн

Бидэрээ гээтэл цалгилах эм­нэг хуланг тогтоох юм гэнэ. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мар­тацгаа..." гэж уншин их үс гэзгээ нэгэнтээ сэгсэгнүүлж өгөөд ёстой нэг тарааж тавьсан байгаа юм. Ер нь ерээд оны "Болор цом"-д Цэн­дийн Чимэддорж, Барнангийн Дорж­палам гэсэн Дунд­говийн ир­тэйхэн хоёр найрагч таарсан бүхнээ бөхөөр бол баруун солгойгүй тон­горч, ааг омог нь зодгондоо багтаж ядан байжээ. Болдогсон бол мань хоёр ээлж дараалан л цом авчихаар байж. Жил жилийн наадамд уясан "морьд"-ыг нь харахад үнэндээ уяа сойлго нь жив­хэрчихсэн байдаг даг шүү. Эгшиг­­лэнт Янжинлхамыг чинь нэг хүнд олон өгч болдоггүй шиг байна лээ. Бүгд л ээлж дараалан авдаг жамтай юм уу даа. Д.Цоодол, Б.Лхаг­васүрэн нарын авар­гууд л бяр зааж гурав, гурав түрүүлсэн байгаа юм. Эл хоёрын рекордыг эвдэх хүн хэсэгтээ л гарах­гүй байх аа. Ц.Чи­мэддорж, Ц.Хулан, Б.Ичин­хорлоо нар хоёр түрүүлээд байгаа даа. За тэр яахав, өнөө үндсэн шугамаасаа хазайх гэж байна. Наян есөн он. "Дэрэнгийн хар азарга" гэж алдаршсан Ц.Чимэд­дорж "Малчин" шүлгээрээ "Болор цом" гардсан наадам. Эхний шал­гаруулалт нь Төв аймгийн Зуунмод хотод болж хоёр дахь даваанаас Улаанбаатар хотод үргэлжилсэн гэдэг. Наадмын ерөнхий шүүгчээр ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол суужээ.

"...Хар голтой сүргийн минь сүр сүлд

Хар лустай Дэрэнгийн минь хар сүлд

Уран тэлмэн хууранд хялгас нь дэргэж

Ус хонхрынхоо дуучин Норов­банзадыг дагаж

Дэлхий  дүүрэн янцгаасан

Дэрэнгийн хар азарга аа" хэ­мээн уншсан ирт найрагч маань сүүлийн шатанд алдарт "Малчин" шүлгээ уншсан юм. Тэрээр уг шүл­гийнхээ тухай нэгэн­тээ ийн дурссан удаатай. "Болор цом эхлэх гээд байдаг. Бүр цаг нь тулчихаад бай­даг. Шүлэг дуусч өгдөггүй. Гэргий минь "Чи чинь наадмаасаа хоцор­чихлоо шүү дээ. Өөр шүлэг уншиж болдоггүй юм уу гэж загнаад байдаг. Би болохоор гал тогоо­ныхоо өрөөнд бичээд байдаг. Гадаа унаа хүлээгээд бай­даг. Мөнхтуяа дээл бүсийг минь барь­чихаад дэр­гэд зогсоод байдаг. Ёстой юм юм л болж билээ. Тэгж нэг юм шүлэг дуусч дээлээ өмсөөд гараад өгсөн. Орой нь Янжин­лхамын хөрөг­тэй, "Болор цом"-той ирж, гэрээр минь дүүрэн нар мандсан даа" гэж хуу­чилсан нь бий. Тэгэхээр "Мал­чин" шүлэг наян есөн оны "Болор цом"-ын өдөр бичигдсэн байгаа юм шүү.

"Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж

Намрын дунд сарын арван­тав­ны тэнгэр ажигласан

Цаг цагийн үерт төрхөө ал­даж эвдрээгүй

Цадиг түүх улбаалж өвгөдийн­хөө нутагт эзэн суусан

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай

Ширмэл тойруулга дээрээ аз­ын дөрвөн бэрхтэй

Давхиад буухад цоожгүй айл мал­чин танайх

Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных аа..." хэмээн эхэлдэг цуутайхан шүлгийг өнөөдөр мэдэх­гүй хүн ховор доо. Ингээд бодохоор "Болор цом"-д хамгийн сайн шүл­гүүд уншигд­даг, үзэгч сонсогчдын зүрх сэтгэлийг соронз адил татдаг жин­хэнэ өрсөл­дөөний талбар бай­жээ. Тиймдээ ч манайхан "Болор цом"-ыг улсын наадам шигээ хү­лээдэг, өөр хоорондоо таавар урал­дуулдаг, тухайн үеийн Монгол теле­виз шинэ жилийн орой юм уу, эс бөгөөс цагаан сарын үеэр найр­гийн наадмыг үзэгчдийн хүртээл болгодог, төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонин "Оны есөн алдартан"-ыхаа нэгээр тухайн жилийн цомын эзнийг тод­руулдаг байсан даа. Мөн ч нэр төртэй байжээ, одоо бодоход. Дээр нь уг наадам олон сайхан найрагч­дыг ард олонд таниулан, утга зохио­лын хэдэн үеийг төрүүлжээ. Үүгээрээ л үнэ цэнэтэй юм даа. Уг наадамд шүлгээ уншчих п юм бол найрагч боллоо хэмээн өөрийгөө бодоход хүргэж үгийн ур­лагийн мас­теруудыг ирлэдэг байж шүү. Тэрхүү уламжлал одоо хэр нь хадга­лагдаж байгаа даа. Ц.Чимэддорж най­рагчийг түрүүлсэн жил Чимэдрав­дангийн Мяг­мар­сүрэн "Байрны хүү­хэд барил­даанч Бас дээр нь урал­даанч..." хэмээн эхэлдэг бодь нэгэн шүлгээ уншин аман хүзүүдэж, Шаг­дарсүрэнгийн Гүрбазар найрагч "Хоршоо Дэрэм"-ээрээ гурвал­сан удаа­тай. 1990 он. Хамгийн сүр дуулиан­тай болсон наад­муудын нэг. Хөдөө­гийн улаан хацартай охин тэргүүн байрыг хүртэж Монголын утга зохиолд нэгэн шинэ үе гарч ирж буйг зарлан тун­хагласан билээ. Тухайн жилийн наад­мын нэг онцлог нь найрагчид хоорондоо сугалаа­гаар таарч өрсөлд­жээ. Баяр­хүүгийн Ичинхорлоо найрагч сүүлийн да­ваанд

"Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй юм

Миний Монголын тэнгэрт эрх­лэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөл­­сөн бүргэд

Бусдын тэнгэрт өдөө цацдаг­гүй

Миний Монголын тэнгэрт өс­сөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй ээ" хэмээн наймхан мөр шүлэг уншсан нь олны сэтгэлд ихэд хүрсэн байдаг шүү. Ичинхорлоогийн тухай яриа газар сайгүй л тархаж, хөдөөгийн улаан хацартай охин, үгүй ээ, тэр Тэнгэр ч билүү, Бүргэд ч билүү шүлэг нь ямар мундаг гэж санана. Ердөө хэдхэн мөр шүлэг шүү дээ гээд л. Ингэж Ичинхорлоо тэргүүтэй залуус олны танил болсон доо. Өвөрхан­гайн улаан хацартай охиныг маш их азтай нэгэн гэдэг. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Учир нь, ерэн он бол нийгмийн задралын үе байлаа. Бүхий л салбарт шинэ дуу хоолой, шинэ үеийг нийгэм хүсч байлаа. Энэ нь утга зохиолд ч нөлөөгөө үзүүлж хорь хүрээгүй залуус "Болор цом"-ын сүүлийн шатанд үлдсэн байдаг. Өөр нэг зүйл Б.Лхагва­сүрэн тэргүү­тэй зохиолчид Өврийн хангай нут­гаар явж байхдаа шүлэг бичдэг охинтой таарч, хот хүрээ орвол бид хэд дээр очоорой гэчихэж. Ингэж л Ичинхорлоо най­рагч тэр жилийн цомд Өвөрхангай­гаас хүрч очсон байгаа юм. Бавуу­гийн Лхагвасүрэн багш нь ерөнхий шүүгчээр сууж бүх зүйл "ногоон гэрэл"-ээр шуударчээ.  Ерэн оны цомд Ням­буугийн Билгүүн хэмээх тугал хар нүдтэй туранхай бор хүү 

"Тэнгэр түшсэн уулс хурмас­тын салхийг задалж

Тэртээх холын дуртгал зүрх тэмт­рэн эгшиглэхүй

Бодол тээсэн амьдралын нүц­гэн шороог үлгэж

Босоо хөх тэнгэрт зогсоогоо­роо мөргөмүү..." хэмээн гал цог­тойхон уншиж аман хүзүүдсэн бол өдгөөгийн Монголын зохиолчдын эвлэлийн гүй­цэтгэх захирал, "Болор цом"-ын эзэн най­рагч Гомпилдоо­гийн Мөнхцэцэг Дор­ноговиос догд­лон ирж "Сэм сэмхэн алх­саар түл­хүүрийн нүхээр шагайхад чинь

Сэртхийхдээ би нүдийг чинь ч олж хараагүй ээ

Нарны алтан утас бүхлээрээ шур­гавч багтамгүй нүхээр

Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна..." гэж уншаад хотын залуусыг хөлөргөж байсан түүхтэй. Тэгээд гуравдугаар байрт шалгарчээ.  Харин "Дор­нодын хар Орших" буюу Базарраг­чаагийн Бат-Орших агсан

"Эхээс төрсөн цогцсыг өнгө мөн­гөөр хэмжих

Эд бараа адил эрэмдэг шу­налаар эмжих

Гоо бүсгүйн тэмцээнд нүцгэн шал­дан гайхуулаагүй

Гоолиг турьхан биеэ өлөн хар­цанд таалуулаагүй

Таанын үнэртэй энгэр хөрслөг бор охид минь

Саалийн сүү шигээ ариухан хөдсөн дээлтэй цэцэгс минь

...Эрхэмсэг гоо марал та нар­тай минь тэнцэх

Мисс гэж байхгүй ээ

Хүрээ гангачуул хойшоо

Миний нутгийн бахархал хараа бардам дээшээ" хэмээн бас л шуу­гиулаад авсан байгаа юм. Тэр жи­лийн цомын нэг гоё өнгө нь Хул­ганайн Тэргэл байсан гэх. Хөдөөгийн баахан шүлэгч залуус хацар нь улаа бутарчихсан, хөлсөө арчаад зогсож байхад Тэргэл өвдөг­нөөсөө дээш төө хэрийн даашин­заар ган­гаран, үзэгчдийн харцыг булааж "Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Зам дээр хэвтэх цэцэг хүртэл өнгөлөг..." хэмээн уншсан удаатай. Үндсэндээ тэр жилийн цомын чи­мэг, гэрэлт цагаан сувд нь Х.Тэргэл байж дээ. Дараа жилийнх нь цомд байна уу даа, арван найм, ес­тэй охин нууц амрагийн шүлэг ун­шаад л бужигнуулж байсан санаг­дана. Дараа жил гэснээс ерэн нэгэн оны цомыг Ичинхорлоо найрагч дахиад авсан байдаг. Тэр жил байх аа даа, "Монгол савхи" ком­пани түрүү най­рагчид савхин дээл гар­дуулж, өнөө улаан хацарт чинь өндөр цагаан хүүхэн болчихсон тайзан дээр сав­хин дээлээ өмсөөд гангарч байлаа шүү дээ, базар­ваань. Мань хүн Б.Лхагвасүрэн багшаа, за тэгээд Дундговийн дуу­лиант хоёр болох дэлт Чимэддорж, "Омскийн дэлт чоно" Доржпалам нарыг ардаа орхи­сон байдаг. Да­ваадоржийн Энх­болд­баатар мөн тусгай шагнал хүртсэн байх шүү. Ерэн хоёр онд Бавуугийн Лхаг­ва­сүрэн хоёр дахиа түрүүлсэн билээ. Тэрээр Их хурлын танхи­маас ирж шүлгээ уншсан гэдэг билүү дээ. Очир­батын Дашбалбар агсан түүнд "Их хуралд чи тамхи татаж, хүүхэн бодохоос өөр юу хийж бай­гаа юм" гэж хэлээд хор шарыг нь маажиж байсан нь тухайн цагт юмдаг. Ардын зохиолч маань "Хү­ний нутагт явсан цулбуур эвхэж

Хилийнх нь боомтод ирлээ

Торгон хилийн эмзэг зурвасны цаана

Тортог суугаагүй эх орны минь сэжүүр

Амаржих гэж байгаа эхийн хор­мой шиг намайж

Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна

Ай мөн сайхан аа

Хилийн эрхэм түшмэл

Хээмсэгхэн ширтэж хуудас тараана

Асуулт бүхэн нь хариулт нэх­сэн түүн дээр

Аль улсын иргэн болох гэж асуу­сан

МОНГОЛ гэж

Зургаан хана шиг үсгийг

Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ

Монголд хэдий хугацаагаар суух вэ гэж асуусан байна

Үхтлээ сууна аа,

Үхсэн хойно сүнс гэж байдаг бол Монголын харьяат гэж бичлээ..." гээд цомыг нь гуйж биш гуядаад авчихсан удаатай.  Лхагвасүрэнгийн ар шил дээр мөн Барнангийн Дорж­палам давхиж ирсэн байгаа юм. "Миний шилэн хүзүү рүү амьсгал нь хүртэл ойртон мэдрэг­дэж байсан ганцхан яруу найрагч бол Барнан­гийн Дорж­палам юм" гэж хожим ардын уран зохиолч хэлсэн удаа­тай. Тэгэхээр "Омскийн дэлт чоно" (Дорж­палам) үнэхээр эвгүй байсан байгаа биз. Ерэн хоёр оны наад­мын тусгай шаг­налыг "Манай нут­гийн өвгөд машины үнтэй гаанс зуудаг" гэж хэлээд "Чулууны маг­таал"-аараа цом авч байсан Тоо­мойн Очирхүү, Дамбын Төрбат нар хүртжээ. Харин үзэгчдийн шагналыг Гүрээ найрагч авсан байна.

"...Үйлийн үргүй хөөрхөн Ал­тан­ширээгийн Цэрмаа

Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэргүүлэхэд

Хатирч саарал хүлгийнх нь газар атгасан сүүлнээс

Хаан бугуйвч сүлжих мэт туу­райн мөр хоцорлоо..." хэмээн "Дугуй хээтэй наадам"-аа уншиж үзэгчдийг байлдан дагуулжээ.
 Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment