Monday, January 16, 2012

Хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих вэ
АН-ын “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр эрдэмтэн судлаачдын дунд бүтээлийн уралдаан зарласан байна. Эрдэмтдийн илтгэлийг сонсох, шилдэг бүтээлийг шалгаруулах эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нээж үг хэллээ. Тэрбээр, “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Эрдэмтэн судлаачдын дунд бүтээлийн уралдаан зарласны зорилгыг та бүхэн мэдэж байгаа. Иргэдийн дунд өрнүүлсэн “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийн талаар олон санал гарсан. Хүн бүрт хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тулгарч буй асуудал нь амьдарч байгаа орчноосоо хамаараад янз бүр. Тэгэхээр эрдэмтдийн бүтээл, ард түмний санал бодол нийлж байж хөтөлбөр гарах учиртай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг боловсруулах ёстой” гэв.
Эрдэмтэд хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох арга замуудын талаар олон сонин, содон санал санаачлагыг бүтээлдээ тусгажээ. Тухайлбал, судлаач Б.Жаргалсайхан “Хүн бол капитал. Иймээс монгол хүний үнэлэмжийг сайжруулах хэрэгтэй. Нийгмийн хамгааллыг чухалчилж тэргүүнд тавих биш шууд Хөдөлмөрийн яамтай байх нь чухал. Ер нь мэргэжлийн сургалт БСШУЯ бус Хөдөлмөрийн яамны харьяанд байх шаардлагатай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол ажилгүйдлийг нэмэгдүүлдэг, үнэлэмжийг бодитой тогтооход саад учруулдаг сөрөг талтай” хэмээн дүгнэлээ. Өдгөө бөөний болон жижиглэн худалдааны салбарт 124 мянга гаруй хүн ажилладаг байна. Тиймээс тэдэнд чиглэсэн, тодотговол хүн амын давхаргад тохирсон хөдөлмөр эрхлэлтийн хууль гаргах ёстой гэж илтгэгч онцолсон.

Харин хөдөлмөрийн эдийн засагч Т.Энхтуяа хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмжтэй эдийн засаг, хүний нөөцөд суурилсан хөгжлийн бодлогын талаар хөндөв. Уул уурхайн салбарт ДНБ-ий 22 хувийг үйлдвэрлэж байгаа хэрнээ хөдөлмөрийн зах зээлийн гурван хувийг шингээдэг аж. Эдийн засгийн өсөлт жилд дунджаар 8.5 хувьтай бараг арваад жилийн нүүр үзэж. Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалдахгүй байна. “Хөдөлмөр эрхэлж байгаа ядуучууд Монголд бий болжээ. Ажил эрхлэгчдийн гуравны нэг нь буюу 310 мянга нь хөдөлмөр эрхэлж байгаа ядуучууд. Өрхийн тэргүүн нь хөдөлмөр эрхэлж байгаа хэрнээ ядуу айл олон байна. Эдийн засаг өссөн ч хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэнгүй. Сүүлийн арван жилд хөдөлмөрийн насны хүн амын тоо асар хурдтай өсч байгаа нь үүнд зохицсон төрийн бодлого хэрэгтэй гэсэн үг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 2002 онд баталсан. Өнөөдөр хугацаа нь дуусч байгаа.

Гэвч бодлого нь тодорхойгүй хэвээр байна. Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн гэрээтэй хүнд л үйлчилдэг. Ажил гүйцэтгэх ч юм уу гэрээтэй хүний эрх хуулиар хамгаалагдаагүй. Хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн өсөлтийн харьцаа алдагдсан. Энэ бүх алдааг залруулах хэрэгтэй” гэж хөдөлмөрийн эдийн засагч илтгэлдээ дурджээ. Тэрбээр мөн эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг эргэж харах, хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан агентлаг халамжийн агентлагаас тусдаа байх, ажлын байр олноор бий болгосон ажил олгогчдыг дэмжих урамшууллын тогтолцоотой болох зэрэг саналыг гаргасан юм.
Хүнд, хөнгөн үйлдвэр, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод онцгой байр суурь эзлэх шаардлагатайг ч илтгэгч онцолсон.

Эрдэмтдийн илтгэл үргэлжилж байна.

No comments:

Post a Comment