Sunday, January 8, 2012

Д.Цахилгаан: Монгол угсаатнууд Монгол нутагтаа ирж суурьшихад Ерөнхийлөгчийн хэлсэн үг чухал дэмжлэг болно


tsahilgaan"Дэлхийн монголчуудын чуулган" олон улсын төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын холбооны ерөнхийлөгч, Элчин сайд Д.Цахилгаантай ярилцлаа.
-Дэлхийн монголчуудын чуулганаас дэлхий дээрх монгол угсаа гарвалтай иргэдээ уулзуулах ажлыг зохион байгуулдаг.  Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Харь оронд байгаа монголчуудтайгаа соёлын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаатай байж, монгол хэлээ хамгаалж хадгалахад тэдний оролцоог бий болгон, эх оронтойгоо холбоо харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлэх нь манай Гадаад бодлогын үзэл баримтлалд бий. Тиймээс даяаршсан энэ нийгэмд олон нийтийн байгууллагын шугамаар юу хийж болох тэр бүхнийг явуулах нь зүйн хэрэг.

Хүннү үүсэл гарвалтай, түүхэн монгол язгуурынхантай харилцаагаа бататгах зорилгоор Дэлхийн монголчуудын чуулган хэмээх төрийн бус байгууллагыг 2006 онд байгуулсан юм. Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ой болж байлаа. Тэр жил анхны чуулганаа Улаанбаатар хотод хийж,  дэлхийн 20 гаруй орноос монгол угсаа гарвалтай хүмүүсээс гадна гадаадад ажиллаж, амьдарч байгаа одоо цагийн монголчуудын төлөөлөл ирж байв. Бараг монгол хүнээс илүү Монголыг мэддэг гадаад хүмүүс ч ирсэн.  Хуучин цагт Монголын төлөө дайтаж явсан баатрууд ч оролцож байлаа. Бид эртний нийслэл Хархорин хотдоо очиж  Монгол угсаатны түүх соёлыг судлах үйлст нэгдэж, эв эеийг эрхэмлэн, монголчуудын чуулганд оролцсон улс орнуудыг төрийн хэмжээний харилцаатай болгоё гэсэн тунхаг бичгээ гаргаж байв.
Түүнээс хойш таван удаа чуулган хийлээ. 2007 онд Халимагт чуулсан. Монголын соёлын өдрүүд зохиолоо. Халимагт хийсний учир холбогдол ойлгомжтой. Халимагууд өөрсдийгөө бидний тасарсан яс, үсэрсэн цус гэцгээдэг юм. 2008 онд Австрид чуулсан. Австри бол Европын төв. Европт манай орчин цагийн монголчууд ихээр суурьшин амьдарч байгаа. Монголчууд маань амьдарч байгаа газар бүртээ гайгүй нэр хүндтэй, сэргэлэн цовоо, аятай таатай байдаг юм билээ.
Чуулганд хүрээд ирэхээрээ дуутай хууртай гэж жигтэйхэн. Харин уржнан Буриадад өргөн дэлгэр уулзалт хийсэн дээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч очиж оролцсон болохоор манай чуулганы хүрээ улам өргөжсөн. Ингээд өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотноо Дэлхийн монголчуудын чуулганаа зохион байгууллаа. Мөн манай Ерөнхийлөгч оролцож өргөн дэлгэр уулзалт болсон. Бид  Зүүн хойд Азийн энхтайван ба Монгол Улс хэмээх олон улсын хурал зөвлөгөөн хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд  Шведэд том зөвлөгөөн явуулав. Шведэд байгуулагдаад хоёр жил гаруй болж байгаа манай Элчин сайдын яам их тус болсон доо. Харин саяхан орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойд зориулж монгол туургатны шатрын тэмцээн зохиолоо. Монгол туургатнууд маань ирж оролцсон өргөн дэлгэр сайхан тэмцээн болсон. Ирэх аравдугаар сарын эхээр Турк улсад Дэлхийн монголчуудын чуулганы дараагийн хуралдааныг хийхээр төлөвлөчихсөн байгаа. Туркчууд өөрсдийгөө хүннү гарвалтан гэж тодоос тод хэлдэг ард түмэн. Тэгээд ч туркуудын дээд өвөг нь одоогийн манай Монгол нутагт амьдарч байсан нь үнэн билээ. Тэдний түүх дурсгалын хамгийн олон зүйлс манайд хадгалагдаж байдаг юм. Дурдаад байвал ийм л ажлууд байна даа. 
-Тэгэхээр сая Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны 100 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ дэлхийд тархсан монгол угсаа гарвалтай иргэдээ эх орондоо урилаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Олзуурхан дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн үгийг анхаараад бодлого болгоосой. Үнэндээ энэ асуудлаар бид үе, үе дуугарч, сануулах нь хангалтгүй явж ирсэн юм. Монгол Улс дэлхийн ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалаад явж байгаа үедээ ингэж хэлсэн нь зөв. Ингэж хэллээ гээд өнөө маргаашгүй гаднаас баахан хүн хамж авчрах гээд байгаа юм биш. Монгол Улс ийм нээлттэй, энхтайванч бодлого явуулдаг орны хувьд энэ үг  яагаад ч буруудахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч "ингэж хэллээ" гээд юу юугүй наашаа мордоод давхих хүн ч байхгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үг бол Монголын ирээдүйн тухай асуудал мөн. Монголчуудыг цөөхөн гэж эртнээс ярьдаг байсан. 1921 оны хувьсгалаас өмнө Монголыг үхэж, мөхөх тухай их бичдэг байлаа. Гэвч бид үхэж мөхөөгүй, улам дээшилж л явна. Дэлхий дээрх хамгийн эрүүл, боловсролтой үндэстний нэг шүү дээ, бид. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ асуудлаар өргөн цар хүрээтэй дуугардаг болсон нь сайшаалтай. Тэр дундаа танай сонин энэ сэдвийг авч явдагт их талархалтай байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд гадаадад байгаа монголчуудтай ажиллах алба байгуулсан. Эдний хариуцсан ажлыг Монгол үндэстний хэмжээний бодлого болгоход сая Ерөнхийлөгчийн хэлсэн үг чухал чиглэл, дэмжлэг болно гэж бодож байна.
Ер нь зөвхөн элэг нэгтнүүдээ гэлтгүй гадаадад байгаа одоо цагийн монголчуудаа эргүүлж авчрах цаг болсон. Өндөр хөгжилтэй оронд эрдэм ном сураад нарийн мэргэжил эзэмшээд сайн сайхан яваа залуус эх орондоо эргэж ирээд сурсан мэдсэнээ ажил болгох нь улс орны хөгжилд түлхэцтэй. Ийм байгаасай гэж үргэлж хүсч, энэ талын ажлыг хөөцөлдөж явдаг хүн дээ. Үнэндээ сүүлийн хэдэн жил манай улс иргэдээ гадагш нь явуулах бодлого баримталсан гэхэд хилсдэхгүй. УИХ-ын гишүүн болох гэж байгаа нөхөр тойрогтоо очоод "Та нарыг гадагшаа гаргана" гэж яриад явдаг болсон. Тэр нь сонгогчдод таалагдахыг нь яана.  Хэдэн халтар цаасны төлөө хар ажлын хүч болгож иргэдээ гадагшаа гаргах биш, хөгжилтэй оронд өндөр боловсрол, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж, тэднийхээ хүч чадлыг эргээд улс орондоо шингээдэг байх тэр бодлогыг барих нь зөв шүү дээ.
-Дэлхий дээр бидэнтэй үндэс язгуур, угсаа гарвал нэгтэй монголчууд хичнээн бий гэдэг билээ?
-Дэлхийн монголчуудын чуулганыг дэмжиж байнга оролцдог 20 гаруй орон бий. Чуулганд ирж чаддаггүй ч оролцох хүсэлтэй хүн их байгаа. Тухайлбал, Якут буюу саха үндэстнүүд. Өөрсдийгөө монгол гэж үзээд байхад нь бид "биш" гэж болохгүй. Якутууд өдгөө  Чингэс хааны тухай кино хийлээ. Дуурь бүтээчихлээ. Саха гэдэг нь  зах гэсэн монгол үг гэнэ лээ. Яахав тэд биднээс өөр газар амьдарч, бусдын шашин шүтээ биз. Түүнээс биш бидэнтэй гарвал нэг хүмүүс. Өмнөд Солонгост нэг байгууллага бий. Нэрийг нь орчуулбал Хөх толбот монголчууд гэдэг юм. Өөрсдийгөө хөх толботой монгол гэж үзэж байгаа хүмүүсийг бид биш гэлтэй биш.
Ер нь бол эрдэмтдийн генийн судалгаагаар дэлхий дээр байгаа бүх хүний 70 хувь нь ямар нэгэн хэмжээгээр монгол ген тээж явдаг гэдэг юм билээ. Түүнээс хөх толботой төрдөг нь арай бага юм уу даа. Манай Батсуурь докторын бичсэн зүйлүүдэд сонирхолтой юм их байдаг юм. Ингээд монгол угсаа гарвалтнуудын нийт тоог нь гаргавал арван саяд хүрч байгаа. Даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд бид дэлхий ертөнцийн хүмүүст "Та заавал монгол цустай байх ёстой" гэсэн хязгаарлалт тавиад хэрэггүй юм шиг бодогддог. Монголын төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаж чадах гадаад хүн байхыг үгүйсгэхгүй. Яагаад тэднийг Монголдоо урьж ажиллуулж болохгүй гэж. АНУ-ыг хар л даа.
-Цагаачид суурьшсан гэдэг  биз дээ...
-Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн том гүрэн шүү дээ. Гэтэл америк үндэстэн гэж байдаг юм уу. АНУ анх үүсэхдээ цагаачдын төв байсан гэдэг. Дэлхийн бүх орноос тэнд хүмүүс цуглаж амьдарсан. Тэгтэл одоо ямар хүчирхэг гүрэн болсныг хар даа. Иргэншил бий болгоод өөрсдийгөө америк гэж нэрлэхдээ бахархдаг тийм агуу улс болж чадсан байна. Ингэж хөгжсөний нууц нь цугласан олон үндэстнээ генийнх нь хувьд ялгаварлаж, хажиглахгүйгээр хамтдаа зүтгэсэнд байдаг болов уу гэж би боддог. АНУ дэлхийн хоёрдугаар дайны дараа их хөгжлийн замдаа орсон байдаг. Дэлхийгээс хамгийн ухаантай хүмүүсийг цуглуулсан байхгүй юу. Нэртэй эрдэмтдийг нутагтаа урьж авчраад ажиллах лабораторийг нь байгуулж, авч үзээгүй цалинг нь өгөхөөр тэр хүмүүс ихийг бүтээнэ биз дээ. Ингэж тэр хүмүүсийн хүчийг улс орондоо ашиглаж өдий дайны болсон хэрэг. Хоёрдугаар дайны дараа Япон, Солонгосын эдийн засаг унаж, ямар хэцүү байв. Тэр үед хүмүүсээ гадагшаа хаашаа л явмаар байна яв гээд байсан.  Япон, солонгосчууд өндөр хөгжилтэй орны өрсөлдөөнтэй нийгэмд хүн яаж амьдарч, юу сурдгийг мэдэж аваад эх орондоо буцаж ирэн Азийн бар орнуудыг бий болгосон юм шүү дээ. Тэр бодлогыг одоо манай улс явуулах хэрэгтэй. Монгол хүн өөрөө аливаад дасан зохицохдоо амархан. Энэ бол нүүдэлчин түмний гол чанар. Тэгэхээр гаднын сайн ухаан, сайн технологид монгол хүний оюуны хүчийг суулгаж, өгөх нь чухал байна. Монголд  мундаг цөмийн физикч хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.  Тэгэхээр Монголын ард түмний төлөө мэдлэг оюунаа зориулъя гэсэн гаднын хүн байвал бид яагаад цаашаа гэх юм. Тийм хүмүүсийг Монголдоо урих хэрэгтэй. Түүний тулд амьдрах ахуйг нь бүрдүүлэх учиртай. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Бид ардчилалд ямар хурдан дасч, яаж даяаршиж байгааг харж байгаа биз дээ. Үүнтэй адилхан элэг нэгтнүүдтэйгээ ээнэгшин дасах учиртай. Ийм нөхцөл бололцоог Монголд бий болгох ёстой.
-Элэг нэгт монголчуудаа энд ирээд амьдаръя гэвэл  хүлээж авах нөхцөл, боломж өнөөдөр хэр юм бол?
-Өнөө маргаашгүй гэвэл мэдээж нөхцөл боломж тааруу шүү дээ. Төрийн өөрийн эрмэлзлэл байгаа цагт болохгүй юм байхгүй. Монгол Улсад аль чиглэл, салбарт ямар мэдлэг, чадвартай хүн хэрэгтэй байгаагаа нарийн тодорхой хэлээд өгчих юм бол гадаадад байгаа монголчууд наашаа ирэх шийдвэрээ гаргахад тустай байх болов уу. Хамгийн гол нь ахуй бий болгож байж энэ асуудлыг хийж чадна даа. Монголд урьж байгаа хүмүүсийнхээ амьдрах, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй бол хоосон уриалга болохоос цаашгүй.
-Ахуйг нь бүрдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй юм бол?
-Хоёр чиг бодогдоод байна. Төрийн үүрэг бол тэдний амьдрах эрх зүйн орчныг нь сайн бүрдүүлэх. Ажиллах зүг чигээ олоод зүгширчихсэн хувийн хэвшлийнхэн Монголоо гээд зориод ирэх тэр хүмүүсийн хүсэл зоригийг нь оргилуулж, аятай таатай амьдрах нөхцөл, цалин хөлс амлавал мэдлэг, чадвартайнх нь хүчийг Монгол Улс авч чадна. Манай улс  өөрийнхөө чадал хэмжээгээр энэ бодлогыг явуулах ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэсэн үг байдаг. Хөнжлийг нь бэлтгэж, гэрийг нь байгуулчихаад авчрах хэрэгтэй.
-Бид олуулаа болбол Монгол Улс хүчирхэгжинэ биз дээ?
-Бид олуулаа болох ёстой.  Ерөнхийлөгч ч тэгж хэлсэн байна лээ. Үйлдвэрлэх элементийн гол хүчин зүйл нь хүн гэсэн эрдэмтдийн томъёоллыг өнөөдөр хэн ч эвдэж чадаагүй байна шүү дээ. Олны хүч ямар байдгийг бид мэднэ. Олуулаа болно гэдэг улс оронд үнэхээр хэрэгтэй. Хятадад олон жил  болсон хүний хувьд үүнийг сайн мэдэрсэн. Хүмүүсийг зохион байгуулаад ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл юуг ч хийж чаддаг юм. Монголыг гурван сая болгож болохгүй, тэгвэл дийлдэхээ байна гэж ярьдаг тухай хошигнол бий. Гурав битгий хэл бид тав, арван саяулаа болох хэрэгтэй. Үүний төлөө төрийн дотоод нэгдсэн бодлого чухал юм. 
-Дэлхийн монголчуудын чуулганд оролцдог элэг нэгтнүүдтэйгээ уулзаж байхад  Монголдоо харья гэсэн хүсэлтээ илэрхийлдэг үү.  Хэр их байдаг вэ?
-Байдаг юм шүү. Монголдоо очвол зөвшөөрөх болов уу гэж асуудаг л юм. Бид нэрэлхүү юм хойно Монголынхоо одоогийн нөхцөл байдлыг сайжруулсхийгээд хэлнэ ээ. Давхар иргэншлийн асуудал хэцүү шүү дээ. Одоохондоо бид цөөдөөд байгаа учраас энэ асуудлыг хамаагүй задгай тавьж болохгүй байх.  Түүнээс биш олон хүн амтай улсад бол иргэд нь давхар иргэншилтэй болох, нэг улсаас нөгөө улс руу шилжих зэрэг нь далайд дусал нэмэр төдий асуудал байдаг болов уу. 
Дэлхийн монголчуудтай уулзаад явахад сонин содон сайхан зүйлүүд их болно оо. Тэд  "Ах дүү та нар минь байна гэдэг сайхан. Та нар минь байхгүй бол бид хаачих билээ" гэсэн утгатай дуу их дуулдаг юм. Тэгэхнээ тэр дуу биднийг хэлсэн юм билээ. Монгол Улсаа хэлсэн юм билээ. Элгэн Монгол минь тав тасрахад голомтоо сахиж үлдсэн нь бид юм шүү дээ. Хүннү гүрнийхээ голомтыг сахиж үлдсэн бид дэлхийгээр тархсан монгол угсаатнуудынхаа өмнө их үүрэгтэй. Бид л олигтой явбал тэдний минь  сэтгэл наашаа гэнэ. Бид сайхан байвал тэд эх нутаг руугаа зүтгэнэ. Хүний нутагт зовбол тосоод авах өлгий нутаг байгаа гэж сэтгэл өег байцгааг. Хатуугаар хэлбэл харийн тэр оронд тасран амьдарч байгаа монгол угсаатнууд тухайн улсынхаа харьяат л болохоос биш халуун тогоон дотроо хэн ч бишид тооцогдож, айлын тогоо харж суугаа хүмүүс шүү дээ. Тиймээс голомтоо сахисан бидний монголчууд улсаа хөгжүүлж, сайхан амьдарч тэднийгээ халуун элгэн нутагтаа ирэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.  Даанч өнөөдрийн байдлаар хүн болгоныг аваад ирэх чадал Монгол Улсад алга. Эдийн засаг сайжирч, улс хөгжөөд ирэхийн цагт аажимдаа энэ бүхэн биеллээ олох биз ээ. Нийгмийн сэтгэлзүй, ухамсрын түвшин ч түүнийгээ дагаад даяаршина.
-Хэдийгээр элэг нэг ч  харийн оронд байсан тэдэнд хүнийрхүү хандаж магадгүй байх,  манайхан...
-Харийн орноос элэг нэгтнүүдээ авчирчихаад ад үзээд байвал яах юм. Тэгвэл хэн бидэн рүү ирэх юм. Өөрсдийгөө тэнгэрээс заяатай гээд ирсэн хүмүүсээр хар ажил хийлгэх гэж чичээд байвал хэн ирэх юм. Үнэндээ бидэнд тэднийг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэл одоо байгаа юу гэдгээ бодох ёстой. Манайх шиг цөөн ард түмэнд жалгархаг үзэл нэлээд газар авсан шүү дээ. Багаар ажиллах гэдэг сайхан нэрийн дор нутаг ус, танил талаа тойруулан булагнадаг муу зуршил бий.  Өвөг дээдсийн нутгаа зориод ирсэн үүсэл гарвал нэг хүмүүсээ өөрсдийнхөө багт оруулж, нэг үндэстэн шиг хүчирхэг болох хэрэгтэй. 
-Ерөнхийлөгч ийм эрсдлүүдийг тал талаас нь бодож хэлсэн байх л даа...
-Ерөнхийлөгч хэтийн чиг хандлагаа харж хэлсэн байх. Харь оронд байгаа элэг нэгтнүүдээ авъя гэхээр нөгөө айл юу гэж хандахыг бас бодох хэрэгтэй. Хол явахын хэрэггүй хоёр хөршөөсөө эхлээд бодоод үз. Өвөрмонголчуудыг манайд ирээд амьдар гэвэл Хятад улс юу гэх бол. Буриад, халимаг, тувагаа авна гэвэл  ОХУ юу гэж хэлэх үү. Тэгэхээр зөвшилцсөний үндсэн дээр хийдэг зүйл шүү дээ, энэ.
-Ийм жишээ дэлхийд нэлээд бий байх аа?
-Казахстан байна. Казах үндэстнээ улсын хүн амынхаа 50 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавиад дэлхийн 16 оронтой гэрээ хэлэлцээр хийж, тэнд байгаа казахуудаа татаж авсан байдаг. Ийм журмаар манай улстай гэрээ хэлцэл хийж, Монголд байсан 140 гаруй мянган казах түмний тал нь Казахстан руу нүүсэн шүү дээ. Манай улс зөвшөөрсөн учраас тэд явсан. Түүнээс биш  Назарбаев Ерөнхийлөгч "хүрээд ир" гэж хэлсний зоргоор яваад хамаг юмаа ачаад яваад өгсөн юм биш шүү дээ. Би Казахстанд Монголоос очсон казахуудтай уулзсан. Сайн сайхан амьдарч байгаа нь ч бий. Зарим нь тэндээ идээшиж дасахгүй, ажил төрөл нь бүтэмжгүй, авч байгаа цалин хөлс амьдралд нь хүрэлцэхгүй гэх зэргийн зовлон бэрхшээлтэй явдаг л юм. Одоо ч Монголын иргэншлээс гараагүй тэгсэн хэрнээ Казахстанд нүүгээд оччихсон, тэндхийн иргэн болж чадаагүй хүн олон байгаа. Ийм эрсдэлтэй зүйлүүд гарна аа. Диваажингийн оронд очих гэж байгаа мэт Монголоос нүүхдээ хамаг эд хөрөнгө, малаа худалдаж хэдэн бор цаас болгоод явчихсан. Очоод амьдрал нь өөдлөхгүй болохоор буцаад Монгол руугаа явъя гээд сууж байгаа казах иргэн зөндөө. Гэр оронгүй, эд хөрөнгөгүй хүмүүс энд ирээд хаана шингэх юм. Гэх мэтчилэнгийн амаргүй зүйлүүд нэлээд гардаг юм билээ.  Монгол руугаа буцъя гээд байгаа хүмүүсийг яах вэ гэж Казахстаны талаас  асууж байгаа. Та нар авсан юм чинь тэндээ аль болох нааштайгаар шийд гэдэг юм уу ийм яриа хэлэлцээр манай хоёр улсын дунд яваад л байгаа шүү дээ.
-Казахстанаас өөр ямар жишээ байна вэ?
-Ардчилал зах зээлд шилжсэн Европ, зүүн Европын ихэнх орнуудад ийм жишээ бий. Орос улс ийм бодлого явуулж байсан. Хятад улс тав дахь цуваа гэж нэртэй ийм бодлого явуулдаг байлаа.  Орос улс гэхэд Русский мир хэмээх олон улсын чанартай байгууллага үүсгээд түүнийг Ерөнхийлөгч нь ивээлдээ авсан байдаг. Тэд гадаад улсад амьдарч байгаа оросуудад хэл, соёл, зан заншлыг нь мартуулахгүйн тулд олон арга хэмжээ явуулдаг юм билээ. Тухайн улсад нь Үнэн алдартны шашны сүмээ байгуулж шашин шүтлэгээ дэлгэрүүлдэг. Үүний үр дүнд гадаадад амьдарч байгаа орос гаралтай хүмүүсийнхээ шилдгийг эх орондоо урьж, эргүүлэн татаж улс орныхоо хөгжилд хувь нэмрийг нь оруулж байна.
-Эцэст нь танаас хүүгийн тань талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Хүү сайн байгаа. Хоног хугацаагаа боломжоор нь багасгаад л сууж байгаа. Тэндээ олон буянтай ажил хийж байгаа. Түүнийг нь үнэлж хоног хугацаанд нь оруулж тооцдог юм байна. Би аливаа зүйлийн сайнд итгэдэг учраас удахгүй бүх зүйл сайхан болно гэж бодож байгаа. Тэнд түмний хүүхдэд англи хэл зааж байгаа. Гар ажиллагаатай байсан талхны цехийг нь сайжруулах жишээний олон тустай ажил хийдэг. Үүнээс өөр зүйл яримааргүй байна.  Хүү минь нь ном гаргах байх. Энэ талаар ихийг ярих цаг ирэх биз ээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

No comments:

Post a Comment