Sunday, March 11, 2012

Хамгийн нөлөө бүхий 10 эрдэмтэн

Хамгийн нөлөө бүхий 10 эрдэмтэн
Хамгийн нөлөө бүхий 10 эрдэмтэн

10. Мэри Кюри /1867-1934 он/







“Хэн ч юу хийсэн байгаагаа анзаардаггүй, харин юу хийх үлдээд байгааг л хардаг”Польшийн физикч, химич Мэри Кюри цацраг идэвхийн судалгааг хийж байсан анхдагч эрдэмтэн байсан бөгөөд 2 өөр салбарт Нобелийн шагнал хүртсэн, Парисын их сургуулийн анхны эмэгтэй профессор байжээ. Парис, Варшавт Кюригийн хүрээлэнг байгуулж байв. Нөхөр Пьер Кюри нь мөн Нобелийн шагналтай байсан ба охин Ирэн Жолио Кюри, хүргэн Фредерик Жолио Кюри нар нь ч мөн энэ хүндтэй шагналын эзэн болжээ. Түүний ололтуудад цацраг идэвхийн онол, цацраг идэвхит изотопыг салгах арга, радий болон полоний гэсэн химийн 2 шинэ элемент нээсэн гэх мэт багтдаг. Мөн түүний шууд удирдлаган дор цацраг идэвхит изотопыг ашиглан неоплазмыг /хавдрын эсийг/ эмчлэх судалгаа хийгдэж байжээ. Францын иргэн байсан хэдий ч Польш хүн гэдгээ хэзээ ч мартаж байсангүй. 1898 онд нээсэн анхны химийн элементээ эх нутгийхаа дурсгалд зориулан “полоний” хэмээн нэрлэжээ. Мөн 1932 онд хамаатны дүү Брониславагаар удирдуулан Варшавт Радийгийн хүрээлэн нээж байв.

9. Алан Тюринг /1912-1954 он/

“Шинжлэх ухаан бол дифференциал тэгшитгэл, харин шашин бол хязгаарын нөхцөл юм”
Английн математикч бөгөөд логикч Тюрингийг орчин үеийн компьютерийн шинжлэх ухааны эцэг гэж үздэг. Тюрингийн машины тусламжтайгаар алгоритмын зарчим, тооцооллын чухал үйлдлүүдийг томьёолсон хүн юм. Тюрингийн сорилыг ашиглан машин ч гэсэн хүн шиг бодож, ухамсартай байж чадах эсэх талаар хиймэл оюун ухааны хүрээнд анхаарал татсан бүтээл туурвисан. Дараа нь Их Британийн Үндэсний физикийн лабораторид ажиллаж, програмчлал бүхий анхны компьютерийн ACE загварыг гаргасан ч бүрэн хэлбэрээрээ хийгдээгүй ажээ. 1948 онд Манчестерийн их сургуульд очиж, Manchester Mark I хэмээх жинхэнэ утгаараа анхлан хийгдэж байсан компьютерийн төсөл дээр ажиллав. Дэлхийн 2-р дайны үед Тюринг Английн код тайлах төв болох Блэчли паркад Германы усан цэргийн нууц кодыг тайлах хэлтсийн тэргүүнээр ажиллаж байжээ. Улмаар Германы цифрийг задлах бөмбөгдөлт гэх зэргийн хэд хэдэн аргуудыг сэдсэн байдаг.

8. Нильс Бор /1885-1962 он/

“Мэргэжилтэн гэж тухайн явцуу хүрээнд байж болох бүх л алдааг гаргадаг хүн юм”
Нильс Бор бол атомын бүтэц болон квантын механикийн ойлголтын тал дээр суурь нээлтүүдийг хийж, 1922 онд Нобелийн шагнал хүртсэн Данийн физикч юм. Атомын цөмийн загварыг тайлбарлаж чадахгүй байсан сонгодог физикийн асуудлуудыг шийдэхэд Борын бүтээлүүд тусалсан. Тэр атомын цөмийг тойрон тогтсон тойргийн дагуу электронууд хөдөлж байдаг гэсэн таамаг дэвшүүлж, хэрхэн энерги ялгаруулж, шингээдэг талаар тайлбарлажээ. Копенгагенд байрлах хүрээлэндээ энэ зууны олон шилдэг физикчдийг сурган хүмүүжүүлж, Манхэттэн төсөл дээр ажиллаж байсан физикчийн нэг байв. Түүний хүү Ааге Нильс Бор аав шигээ нэртэй физикч болж 1975 онд Нобелийн шагнал хүртжээ. Борыг 20-р зууны хамгийн шилдэг физикчдийн нэг гэж үздэг.

7. Макс Планк /1858-1947 он/

“Бидэнд физикийн тийм хууль оршин байдаг гэж төсөөлөх эрх байхгүй, гэвч одоод оршин байгаа юм бол яг тэр байдлаараа ирээдүйд ч байх болно”
Квантын онолыг үндэслэгч гэж тооцогддог Макс Планк бол Герман үндэстэн бөгөөд 20-р зууны хамгийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг юм. Тэрбээр онолын физикт томоохон хувь нэмэр оруулсан ч түүний нэр квантын онолыг санаачлагч гэдгээрээ алдартай. Түүний энэ онол атом болон атомын орчимд явагддаг процессуудын тухай ойлголтыг Эйнштейн харьцангуйн онолоороо цаг хугацаа, орон зайн талаархи бидний ойлголтыг өөрчилсөн шиг тэгж хувьсган өөрчилсөн. Энэ 2 хүний онолууд нийлээд 20-р зууны физикийн шинжлэх ухааны суурь болсон юм. Түүний нээлтүүд үйлдвэрлэл, цэргийн зориулалтаар өнөө цагийн бидний амьдралд тусгалаа олжээ.

6. Чарльз Дарвин /1809-1882 он/

“Би тэнэгүүдийн хийдэг зүйлсэд дуртай. Би өөрөө ч үргэлж тэгдэг юм”
Английн байгаль судлаач, биологич Дарвин амьдрагч бүх төрөл зүйлүүд эртний нэг гарвалаас байгалийн шалгарал хэмээх үйл явцаар дамжуулан цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгджээ гэж тодорхойлжээ. Түүнийг амьд ахуйд нь хувьсал явагддаг гэж шинжлэх ухааны хүрээнийхэн, хүмүүс хүлээн  зөвшөөрч, байгалийн шалгарлын онол нь хувьслын талаархи 1930-аад оны тайлбарлалд гол хэрэглэгдэхүүн нь болон өнөөгийн хувьслын онолын үндэс суурь нь болж байна. Ерөнхий утгаараа түүний нээлт нь биологийн ШУ-ны үндэс болохын хамт амьдралын олон төрөл зүйлүүдийн ялгарлын учир шалтгааны нэгдсэн тайлал болдог.

5. Леонардо Да Винчи /1452 – 1519 он/

“Бүрэн эрхдээ дулдуйдан маргааныг шийддэг хүн бол оюун ухаанаа бус, ой санамжаа ашигладаг нэгэн юм.”
Леонардо да Винчи өргөн мэдлэгтэй хүн байжээ. Математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, уран барималч, архитектор, ургамал судлаач, хөгжимчин, зохиолч хүн байлаа. Сэргэн мандалтын үед амьдарч байсан түүний хэр олон сонирхдог зүйлтэй байсан бэ гэдэг нь зохион бүтээсэн зүйлсээр нь тоологддог. Нисдэг тэрэг, танк, нарны эрчим хүч хураагуур, тооцоолуур, давхарласан усан онгоц, газрын тектоник хөдөлгөөний анхны онолыг томьёолж байлаа. Түүний бүтээлүүд цаг үедээ ажил хэрэг болоогүй ч зарим жижиг, тухайлбал, автомат ороогч машин, төмөр утасны суналтыг тодорхойлдог төхөөрөмжүүд нь хэрэглээнд нэвтэрсэн байна. Эрдэмтний хувьд анатоми, иргэний инженерчлэл, оптик, гидродинамикийн салбарын мэдлэгт том хувь нэмэр оруулсан юм.

4. Галилео Галилей /1564 – 1642 он/

“Бүх үнэнийг нээж олсон үед ойлгоход хялбархан, гол нь нээж олох нь чухал байна”
Италийн физикч, одон оронч. Түүний гол ололтуудад телескопыг сайжруулж, одон орны судалгаа хийсэн, Коперникийн үзэл санааг дэлгэрүүлэн дэмжсэн явдал багтдаг. Галилейг орчин үеийн одон орон ажиглалт судалгааны эцэг, орчин үеийн физикийн ШУ-ны эцэг, ШУ-ны эцэг, орчин үеийн ШУ-ны эцэг ч гэж нэрлэдэг. Өнөөдөр дунд сургуулиудад заагдаж байгаа жигд хурдатгалтай биеийн хөдөлгөөнийг кинематикийн нэгэн хэсэг болгон судалж байв. Түүний одон орны ажиглалтаар Сугар гаригийн хөдөлгөөний үечлэлийг тодорхойлсон, Бархасвадь гаригийн дөрвөн том дагуулыг нээсэн, нарны толбыг ажиглаж судалсан зэрэг багтдаг.

3. Никола Тесла /1856-1943 он/

“Өнөөгийн эрдэмтэд тодорхой сэтгэхийн оронд гүн рүү нь сэтгэн харах юм. Тодорхой сэтгэхийн тулд ухаалаг байх хэрэгтэй, харин гүн сэтгэсэн ч нилээдгүй мунхаг байх нь бий.”
Сербийн инженер, зохион бүтээгч Тесла “дэлхийн нүүрэн дээр гэрэл тусгасан” хүн юм. 19, 20-р зууны эхэн үед цахилгаан урсгал, соронзон судалгааны ажилд эргэлт хийсэн хувь нэмрийг оруулсан. Түүний онолын ажлууд өнөөгийн АС эрчим хүчний системийн суурийг тавьж, үйлдвэрлэлийн 2-догч хувьсгалыг эхлүүлсэн эрчим хүч хуваарилах олон фазын систем, АС хөдөлгүүр зэргийг бүтээжээ. Түүнийг 20-р зууныг нээсэн хүн гэх зэргээр тодорхойлдог. Эдгээр бүтээлүүдээс нь гадна робот, алсын удирдлага, радар, компьютерийн ШУ, баллистик, цөмийн физик, онолын физиктэй нэр нь холбогддог. 1943 онд АНУ-ын дээд шүүх түүнийг радиог нээн зохион бүтээсэн гэж баталсан.

2. Альберт Эйнштейн /1879-1955 он/

“Хүн юу бодож байгаагаа бус, юу вэ гэдгийг бодох ёстой”
Германы эрдэмтэн Эйнштейн харьцангуйн онолоороо алдартай. 1921 онд фотоэлектрикийн эффектийн тал дээр хийсэн судалгаагаараа онолын физикт хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Нобелийн шагнал олгосон. Механикийг цахилгаан соронзонтой хамааруулсан харьцангуйн тусгай онол, харьцангуйн зарчмыг жигд бус хөдөлгөөнд хамааруулан таталцлын шинэ онолыг бүтээх гэсэн харьцангуйн ерөнхий онол зэрэг нь физикт оруулсан олон хувь нэмрийнх нь хэсэг нь юм. Мөн харьцангуйн сансар судлал, капилляр хөдөлгөөн, өнгө холилдолт, статистик механикийн сонгодог асуудлууд болон түүний квантын онолтой хамаарах хамаарал, молекулуудын Брауны хөдөлгөөний тайлбар, атомын шилжилтийн магадлал, нэг атомт хийн квантын онол, бага нягтралтай цацрагийн гэрлийн дулааны шинж чанар /фотоны онолын үндэс болсон/, цацрагийн онол, тэр дундаа өдөөгдсөн цацрагийн ялгарал, нэгдмэл ШУ-ны онол, физикийн геометрчлэл зэрэг судалгааны ажлуудаар ч үнэлэгддэг. Амьдралдаа 300 гаруй ШУ-ны бүтээл, 150 гаруй ШУ-ны бус хэвлүүлжээ. 1999 онд Тайм сэтгүүл түүнийг “Зууны хүн” хэмээн өргөмжилсөн. Эйнштейн гэсэн нэр суут гэсэн үгтэй адил сонсогддог юм.

1. Исаак Ньютон /1643 – 1727 он/

“Би өөрөө эрэг дээр нь тоглож буй бяцхан жаалтай адил, миний өмнө үнэний өргөн далай нээгдээгүй оршиж байна”
Ньютон бол Английн физикч, математикч, одон оронч, байгалийн философич, алхимич, теологич, манай үеийн хамгийн нөлөө бүхий эрдэмтний нэг билээ. Түүний 1687 онд гаргасан “Philosophia Naturalis Principia Mathematica” хэмээх ном нь ШУ-ны түүхэн дэх хамгийн чухал номд тооцогддог. Энэ номондоо орчлон ертөнцийн таталцал, хөдөлгөөний 3 хуулийг тодорхойлж, орчин үеийн инженерчлэлийн эх болсон сонгодог механикийн суурийг тавьжээ. Дэлхий дээр байгаа биетийн хөдөлгөөн, огторгуйн биетүүд байгалийн нэг хуульд захирагддаг гэдгийг Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хууль болон өөрийн таталцлын онол дээрээ тулгуурлан харуулж, нар төвтэй гаригуудын хөдөлгөөнийг бүрмөсөн баталснаар ШУ-ны хувьсгалыг улам ахиулсан юм. Механикийн судлалд инерци хадгалах зарчим, өнцгийн инерцийг тодорхойлж, оптикт тусгал ойлтын телескоп бүтээж, призм цагаан өнгийг олон тооны гэрлийн спектрт хуваадаг дээр үндэслэн өнгөний онолыг хөгжүүлж, хөргөлтийн талаарх эмпирик хуулийг томьёолон, дууны хурдыг судалж байлаа. Математикт Готфрид Лейбницын адил дифференциал болон интеграл тооцооллыг хөгжүүлсэн хүний нэгд тооцогддог. Мөн биномын ерөнхий томьёоллыг боловсруулан функцийн тэг утгыг барагцаалан бодох “Ньютоны арга”-ыг хөгжүүлжээ. 2005 онд Их Британий Хааны нийгэмлэгийн эрдэмтдийн дунд явуулсан судалгаагаар Ньютон Эйнштейнээс илүү санал аван ШУ-ны түүхэн дэх хамгийн шилдэг эрдэмтэн хэмээн сонгогдсон байдаг.
 

No comments:

Post a Comment