Wednesday, March 14, 2012

Үндэсний Сэтгэлгээний Онцлог Хэлэндээ Тусах нь

Нэг том бууз байна. Мах, гурил, сонгиноор хийсэн бууз юм бол уу, эсвэл энэ буузыг мах, гурил, сонгиноор хийж үү? Ялгаагүй юм асуугаад байна аа? Яалаа гэж, их том ялгаа бий.
Энэ орчлонгийн бүхий л юм үзэгдэл ерөнхий-тусгай, хийсвэр-бодтой, бүхэл-хэсгийн харьцаанд оршдог гэнэм. Аливаа юм, ойлголтыг ерөнхий, хийсвэрээс нь тусгай, бодтой руу нь шилжүүлж сэтгэх үү, эсвэл эхлээд бодот, тусгайг нь мэдрээд дараа нь ерөнхий, хийсвэр дүгнэлт гаргах уу гэдэг нь танин мэдэхүйд нэн чухал[1]. Хүн төрөлхтөний сэтгэлгээний хөгжлийг ажиглахад дорнын ард түмэн ерөнхий, хийсвэр, бүхлээс тусгай, бодтой, хэсгийг илүүтэй ургуулан сэтгэдэг бол өрнийхөн тусгай, бодтой, хэсгийг эн тэргүүнд тавьдаг ажээ. Зохиолч Дарамын Батбаяр “Дорно үгүй, Өрнө үгүй” өгүүлэлдээ “... Энэ бол байгаа ба байхгүй. Хөдөлгөөн ба амгалан. Худал ба үнэн. Сэтгэл хийгээд ухаан. Өрнөдийхөн үүнийг эсрэг тэсрэг гэдэг. Дорныхон арга бэлгэ гэдэг. Эсрэг тэсрэг ч мөн. Арга бэлгэ ч мөн. Өрнө задаргаа. Дорно бол нэгтгэл. Сэтгэхүй бол задаргаа ба нэгтгэл. Дорно бол хийсвэрлэл. Өрнө бол бодчилол” хэмээн бичжээ.
Доктор Н.Хавх “Өрнийн хүн аргын сэтгэлгээтэй, дорнын хүн бэлгийн сэтгэлгээтэй” хэмээсэн нь ч бий.
Сэтгэлгээний энэ онцлог шинж, ялгаа нь дорно, өрнийн ард түмний аж амьдрал, соёл, шинжлэх ухаанд нэвт шингэжээ. Дорнын гүн ухаантнууд, буддын их сэтгэгчид нээлт, онолуудаа хийсвэр сэтгэхүй, бясалган бодохуйн дүнд гаргадаг бол өрнийн эрдэмтэд заавал элдэв туршилт хийн, тэсэлж дэлбэлж, үнэрлэж, амталсны эцэст сая дүгнэлтээ хийнэ. Сонирхолтой нь эцсийн дүн нь их хол зөрөхгүй, бидний харьцангуй саяхан нээсэн гэж үздэг атом молекул, сансар огторгуйг дорнын сэтгэгчид аль эрт, өөр нэр томьёо, хэлбэрээр хйисвэрлэн сэтгээд нээчихсэн байдаг. Гегелийн философи, Нагаржунайн “төв ёс” хоёрын мөн чанар хачин сайхан нийцнэ.
Үзүүртэй модноос дээхнүүр, үүлтэй тэнгэрээс доохнуур нисэх ажнайг эртний Монгол, Хятад зурагт жигүүргүй дүрсэлсэн нь олон. Жирийн морио нисэх мэт хурдан хэмээн хийсвэрлэн сэтгэж чадаж байгаа нь тэр. Гэтэл барууны домгийн морь нисдэг л бол заавал далавчтай байх ёстой.
Доллар, төгрөг хоёр дээрх зургийн ялгаа мөн л үүнтэй холбоотой. Америк долларын нэгтийн дэвсгэрт дээр анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон, тавт дээр хамгийн нэр хүндтэй ерөнхийлөгч болох Абрахам Линколны хөрөг байдаг нь тэд бүхэл, ерөнхийгөөс нэгж, тусгайг илүүтэйд үздэгийн гэрч юм. Гэтэл манайхан Чингис хааныхаа хөргийг бага дэвсгэртэд яавч залахгүй.
Хүний хэл нь ард түмний сэтгэлгээний онцлогийн илэрхийлэл болдог учраас дорно, өрнийн хэлнүүд ч ерөнхий-тусгайн алийг чухалчлахаараа ялгардаг ажээ. Үүнийг бодот хэлний, бодот жишээгээр тайлбарлахыг оролдсу.
1. Огноо Монгол, түрэг, төвд зэрэг дорнын хэлнүүдэд 1973 оны 10 сарын 27 хэмээн бүхлээс нь хэсэг рүү нь шилжүүлэн өгүүлж байхад Орос, Англи зэрэг өрнийн хэлнээ Двадцать седмое октября, тысячя девтьсоть семдесять третьего года, Twenty seventh October, Nineteen seventy three (27.10.1973) хэмээн яг эсрэгээр нь хэлж байна.
2. Хаяг Монгол хэлний “Би Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол Судлалын Сургуулийн 4-р ангийн оюутан Ундрам” гэсэн өгүүлбэрийг хятад, түрэг, төвд зэрэг дорнын хэлнүүдэд орчуулбал “сургууль → салбар → анги → оюутан” хэмээх дарааллаа хадгалан буух бол өрнийн нийт хэлнүүдэд тусгайгаас – ерөнхий гэсэн дараалалд орж “I am Undram, a 4th year student of the School of Mongolian Studies, at the Mongolian State University of Education” болно.
3. Захидлын хаяг Монгол, Америк хоёр захианы хаягийг зэрэгцүүлж үзье.
Монгол улс – Улаанбаатар хот – Баянгол дүүрэг – 20-р дунд сургууль – Багш Ш. Баттөгст
Jermaine Artest - 1100 South Indiana Street – Bloomington – Indiana 47408 – USA
Монголчууд “Улс → хот → дүүрэг → албан газар → хувь хүн” гэсэн дарааллыг баримталсан байхад (миний мэдэхээр лав л япончууд бас ийм дарааллаар захидлаа хаягладаг) америкчууд тусгай, бодтой, хэсгийг чухалчилдаг тул “хувь хүн → байр → гудамж → хот → муж → улс” гэсэн дарааллыг дагажээ.
4. Хүний нэр 18, 19-р зууны монгол бичгийн эхүүдийг үзэхэд бичээч нь нэрээ “Өөлд яст, Цагаан туг овогт, Доржийн Жаргал” гэх мэтээр бичсэн байдаг. Харамсалтай нь 30-аад оны эхээр яс, овгийг чандлан хориглож зөвхөн эцгийн нэр, өөрийн нэр хоёр үлдсэн билээ. Энэ бурангуй явдлаас хойш эцэг хүү хоёр өөр өөр овогтой болж хоцорсны гайг ялангуяа гадаадад амьдарч буй монголчууд илүүтэй мэдэрч байна. Энэ тухайд хожим дэлгэрэнгүй “гомдоллох” тул үндсэн асуудалдаа эргэн оръё. Бид яс угсаа, овог аймгаасаа эхлэн таниулаад эцгийнхээ нэрийн ард мөхөс биеэ дурддаг бол өрнийнхнөөс зөвхөн орос нэрийг жишээлэхэд Александр Сергеевич Пушкин гэх нь би өөрөө Александр гэдгээ бардам мэдэгдээд Сергей хэмээх аавтайгаа дурдаад эцэст нь хамгийн ерөнхий нэр болох Пушкин овгоо хэлж байна. Хятад, Солонгос, Вьетнам, Төвд зэрэг Азийн ард түмэн хэлний бүтцээрээ Монголоос онхи ондоо боловч нэрээ хэлэхдээ яг л Монголчуудын дарааллаар ярьдаг нь дорнын ард түмний ерөнхий, хийсвэр сэтгэлгээний нэгдмэл шинжийг батлах мэт.
5. Өгүүлбэрийн бүтэц Өгүүлбэрийг бүтээгч гол гишүүдийг хэл шинжлэлд өгүүлэгдэхүүн (subject), тусагдахуун (object), өгүүлэхүүн (predicate) хэмээн нэрийддэг. Өрнийн хэлнүүд өгүүлэгдэхүүн буюу үйлийн эзэн, тусагдахуун буюу үйлэнд өртөгчийг маш тодорхой байхыг шаарддаг. Гэтэл дорнын хэлнүүдэд өгүүлбэрийн хам сэдэв, яриа болж буй орчноос эдгээр гишүүдийг хийсвэрлэн тогтоож болохоор байвал заавал дурдах албагүй. “Дорж оюутан байхдаа хөлбөмбөг тоглодог байсан” гэсэн нийлмэл өгүүлбэрийг англиар буулгахад “When Dorj was a student HE used to play soccer” болно. Монгол өгүүлбэрт эхний “оюутан байсан” эзэн нь Дорж учир “хөлбөмбөг тоглодог байсан” эзэн нь аанай л Дорж хэмээн хоёр дахь хэсэгт өгүүлэгдэхүүнгүйгээр найруулсан байхад англи өгүүлбэрт нийлмэл өгүүлбэрийн хоёр хэсэг хоёулаа тов тод өгүүлэгдэхүүнтэй байх ёстой. Монголчууд хийсвэрлэн сэтгэдэг ард түмэн учраас “Дуслыг хураавал далай” гэх мэт өгүүлбэрийг эзэн биегүй найруулан, ерөөс хэн бүхэнд хамаатуулан ойлгож чадах бол англичууд ихэд тодорхой сэтгэдэг учраас “If you collect drops... ( Хэрвээ чи дуслыг хураавал... ) хэмээн заавал эзэн гаргаад ирнэ. Яруу найрагч Л.Дашням яг энэ талаар нэг сонин зүйл хуучилж билээ. Дашням гуай өөрийнхөө шүлгээс нэгэн Америк найрагчтай хамтран англи хэлээр орчуулж л дээ. “Юмны учир олдоно оо” гэсэн нэг хийсвэр хэллэгийг эвтэйхэн буулгахын тулд “бүх юм ойлгогдоно” гэсэн санаа хэмээн англиар тайлбарлаж. Гэтэл мань орчуулагч “яг юуны учир ойлгогдох юм, чухам хэн тэрийг нь ойлгох юм?” гээд тодорхой эзэн нэхээд зовоогоод байсан гэдэг. Хоёр хэлний энэ ялгааг үл ойлгох залуу орчуулагчид эх хэлээрээ харь хэлний загварыг барьж, ярьж бичих гээд байдаг боллоо. Нэг хүүхэлдэйн кинон дээр усанд живж байгаа нохой “Somebody help me” хэмээн хашгирна. Монгол орчуулга нь “Хэн нэг нь надад туслаарай” хэмээх аж. Уг нь хөөрхий тэр америк нохой өрнийн сэтгэлгээтэй амьтан болохоороо ХЭН туслах (somebody), ХЭНД туслах (me) гэдгээ тодорхой өгүүлж байгаа юм. Гэтэл дорнын сэтгэлгээгээр бол “Туслаарай” гэхэд л хангалттай. Мэдээж, сонсож байгаа хэн нэг нь, бодоож, живж байгаа тэр мууд л тусална биз дээ. Тэгээд ч живж үхэх гэж байхад чинь юун өгүүлэгдэхүүн, юун тусагдахуун, юун хоёр бүрэлдэхүүнт, дэлгэрэнгүй, бүрэн өгүүлбэр. Тэр нохой тэнэгдээ бус хэл нь тийм зохион байгуулалттайд л байгаа хэрэг. “Явбал яваг” гэсэн богинохоон монгол өгүүлбэрийг та англиар орчуулаад үз дээ. Би бол “If he wants to go, let him go” гэж буулгана. Нэг юм хэлээд байгаа биз?
6. Бүхэл тоог өгүүлэх нь 2400 гэх мэт тоог монголчууд бид эхэлж бүхэлдэн сэтгээд мянгат болгоод “хоёр мянга дөрвөн зуу” хэмээдэг. Гэтэл америкчууд нэгжээр нь буюу зуут зуутаар нь сэтгэдэг учир “twenty four hundred” (хорин дөрвөн зуу) хэмээх бөлгөө.
7. Хэмжээс Хүү тань хэдэн настай вэ? гэсэн асуултад Европынхон “18 сартай”, “15 сартай” гэхчлэн хариулдаг. Мөн өндрийн хэмжээг 168 см, 205 см гэхчлэн илэрхийлнэ. Энэ бол тэднийг нэгж хэмжээсээр буюу сар, см – ээр илүүтэй сэтгэдгийн баталгаа юм. Дээрх тохиолдолд монголчууд бол “ой, зургаан сартай”, “нэг ой гурван сартай”, өндрийн тухайд бол “метр жаран найм”, “хоёр метр таван см” хэмээн юуны түрүүнд бүхэлдэн сэтгээд сэтгэснээрээ өгүүлнэ.
8. Нэрийн тооны ай Барууны хэлнүүдийн нэрийн тооны ай нь монголынхоос маш өөр. Орос, англи зэрэг хэлэнд нэг юмыг ганц тоогоор, хоёр болон түүнээс дээш юмыг олон тоогоор тодорхой ялган заадаг. Гэтэл монгол хэлний сэтгэхүйд энэ нь огт өөр. Оросууд овца гэвэл ганц ширхэг хонийг ойлгох бол монголчууд хонь гэвэл ганц хонийг биш, бусад малаас ялгаатай нэгэн төрлийн амьтныг нэгээр нь тэр хэмээн нэрлэж буй хэрэг. Ингэж үзвэл нэг хонь ч хонь болно, бүх дэлхийн хонь ч ямаа биш хонь болохоороо бас түүнд нь багтана. Өөрөөр хэлбэл монгол хэлний сэтгэхүйд цор ганц байна уу, бум сая байна уу гэдгийг нь сонирхдоггүй, ямар амьтан болохыг нь аймаг, төрлөөр нь сонирхдог, ерөнхийлөн томьёолж, ухагдахуунаар нь мэдэж авах зарчимтай аж. Тийм ч учраас “хониуд бэлчиж байна”, “номуудын сан” гэдэггүй, “хонь бэлчиж байна”, “номын сан” гэж хэлэлцдэг, ямар ч монгол хүн үүнийг нь “ганц хонь бэлчиж байна”, “ганцхан номтой сан юм байна” гэж ойлгодоггүй байна. Академич Ринчен авгай үүнийг номлоод Монгол хэл нь ганц-олон тооны айгүй, харин хэсэг-бүхэл тооны айтай хэмээн айлджээ. Ринчен гуайнхаар бол ном гэвэл энэ ертөнцийн бүх ном – “бүхэл тоо”, номууд гэвэл түүний дундаас авсан цөөхөн ном – “хэсэг тоо” болно. Дунд сургуулиудад харин одоо болтол ном гэвэл ганцхан ном, ганц тоо хэмээн заасаар...
Ийнхүү дорно өрнийн ард түмний сэтгэлгээний онцлог хэлэндээ туссанаас гадна гадаад хэлийг сурах, сургах аргазүйд ч гүнзгий нөлөөлөн, ерөнхийгөөс тусгай руу, тусгайгаас ерөнхий рүү гэсэн үндсэн хоёр зарчмыг буй болгожээ. Тухайлбал орос, англи хэлийг зааж ирсэн олон арван жилийн туршлагыг харахад юуны өмнө салангид авиа бүрийг нүдлүүлж, хэлүүлж сургаад ( t + h = th авиаг дангаар нь хэлж сурах гэж бүтэн сар болж байж билээ ) үүний дараа хэлзүйн дүрэм үзэж, шинэ үг цээжлүүлснээр сая бүтэн өгүүлбэр, эх бүтээлгэдэг байна. Харин монголчуудын эртнээс гадаад хэл, ялангуяа төвд хэл үзэж ирсэн туршлагыг ажиглахад эхлээд л шууд “Мигмэд Зэвэ Тэрчин Жанрайсиг...” гэх мэтээр бүтэн эхийг цээжлэн тогтоогоод, дараа нь миг хэмээх нь “нүд” гэсэн үг гэхчлэн үг үгээр нь задлан үзээд, эцэст нь м авиа нь хоёр уруул нийлэн бүтэх, усан махбодтой гэхчлэн авиа, үсэг бүрээр нь тун нарийн задлан шинжилдэг байжээ. Үүнээс үзэхэд “утгыг нь мэдэхгүй төвд ном сохроор цээжлүүлээд” гэдэг үг худал болох нь илэрхий. Үнэндээ бол утгыг нь задлан мэдэх шатнаасаа өмнө няцчихсан, эсвэл цаанаасаа таслуулчихсан хэрэг. Өнөөгийн Энэдхэгийн зарим коллежид ч англи хэлийг ийн зааж байна. Неругийн нэрэмжит сургуульд хэлний бэлтгэлийн оюутнуудад эхний хоёр сар нэг ч үсэг, нэг ч салангид авиа заадаггүй, зөвхөн яриа, хэлэхүйд сургана. Ингээд нэлээд ярьчихдаг болсон хойно нь сурсан өгүүлбэр, хэллэгийг нь үг, авиагаар нь задлан заадаг байна. Хүн хэлд тэгж л ордог байх аа.
МУБИС-ийн багш, авианзүйч Ж.Санжаагийн хэлснээр ерөөсөө хүн гээч нь ертөнцийн юм үзэгдлийг танихдаа эхлээд ерөнхий, хийсвэр, бүхлээр нь мэдрэхүй, сэрэхийн эрхтнээр хүлээн аваад, чинагш оюун ухааны үйлдлээр тодорхой, хэсэг болгон задалж таньдаг, нэггүйн ёс – плюрализмаар хүлээж аваад арга бэлгийн ёс – дуализмаар задалж, хоёргүйн ёс – монизмоор шүтэн барилдуулж сэтгэдэг амьтан бололтой. Гэвч ерөнхий-тусгай, хийсвэр-бодтойг туйлаас салган үзэж болохгүй. Нагаржунайн онолоор бол ертөнцөд мөнхийн ерөнхий, хийсвэр зүйл, мөнхийн тусгай, бодтой зүйл гэж байдаггүй, аль аль нь харьцангуй зүйл юм. Тэгээд ч ерөнхий, тусгайн алиныг чухалчлах нь сэтгэлгээний аргазүйн ялгаа болохоос нэг нь нөгөөгөөс илүү ойлголт огт биш билээ.
Дорно, өрнийн ард түмний хэл, сэтгэхүйн энэхүү ялгааг ажигласан тэмдэглэлээ эрдэм шинжилгээний найруулгаар бичин, 2004 онд Харвардын Их Сургууль, Индианагийн Их Сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал дээр хэлэлцүүлэхэд төвд, солонгос, хятад судлаачид санааг маань ихэд сайшаан дэмжсэний учир урам орон уншигч танаа хялбаршуулан толилуулж байгаа нь энэ буюу.
М. Саруул-Эрдэнэ

No comments:

Post a Comment