Tuesday, March 6, 2012

Яруу бичлэгийн онцгой шалтгаан

 Эхлэл

“...Амьд зааныг анх удаа ойроос харж байгаа минь энэ. Биеийнх нь арьс хөхөлбий болоод зургадугаар сарын чилдэн хөх тэмээдийг санагдуулна. Нүд нь хундаган чинээ, тийм том биед ийм жаахан нүд заяах гэж. Чих нь дал модны мөчир адил салбан далбан. Лай л болмоор. Хөлийнх нь тавхай тэгшхэн тайрсан царсны суурь лугаа адил, хумс нь загийн үндэс мэт. Зааны бие эртний хаадын сүйх лүгээ ижил уужим, заасан, дохисноор хөдлөх нь далайн давалгааг сэлүүрээр удирдахын адил аа...” (Б.Золбаяр, “Бүгээн”, УБ, 2012, 58-р хуудас)

Энэ хэдэн мөр бол зохиолч Баастын Золбаярын аян замын тэмдэглэлүүдийн дотроос өөрийгөө хангалттай насны өтөл нэгэн, тийм болохоор уран зохиолын шалгуурыг овоо мэднэ хэмээн өөрийгөө тоомоглож явдаг өчүүхэн надад ихэд таалагддаг хэсгүүдийн нэг. Хэрвээ зааны нүдийг “хундаган чинээ” гэж биш, “жүнзэн чинээ”, тавхайг “царсны суурьтай адил” гэж биш, “царсны хожуул шиг” гэчихсэн бол зүйрлэлийн зохирол, үгийн сонголт бүр ч найрсаад явчих байсан юм. Гэхдээ л “Энэ залуу тун удахгүй яруу бичлэгийн мастер болно оо” гэдгийг арай ахимаг насны бидэн нь зарлах цаг болжээ. 

Золоогийн тэмдэглэлүүдийн “ихэд таалагддаг хэсгүүдийн нэг” гэсэн  мөртлөө шууд л гоочлоод уналаа хэмээн түүнийг  бодох вий гэхээс мөхөс бичээч ах нь огтхон ч гудийхгүй байна, яагаад гэвэл Золоо өөрөө бичсэн зүйлдээ их, бага ямар нэгэн алдаа гарчихсан байх вий гэж ихээхэн шаналж явдаг залуу гэдэг нь мэдрэгдээд байдаг юм. Хэн нэгнээс асуугаад л, ам хэлийг нь ангайтал татаад байхгүй ч гэсэн. “Эрээчсэн-бүтээсэндээ” тийн шаналж явдаг залуу хүн л төгс төгөлдрийн, үлэмжийн чанарын оргил тийш зүглэж чадах заяаг тэнгэрийн эрчисээс авдаг биз ээ.

Баастын Золбаярын аян замын ч бай, хөрөг нийтлэлийн ч бай, уянгын эсээнүүдийн ч бай алиныг нь ч сөхөхүй маш их ажигламтгай, тэрхүү олж харсан хэлбэр дүрсүүдээ хэтрүүлэг, адилтгал, зүйрлэлүүдээр яндашгүй баян монгол хэлнийхээ үгсээр түмэн өнгөөр зураад, монгол ахуйдаа уусгаад хаячихдаг нь шууд л харагддаг. Ухаандаа “Зааны арьс хөхөлбий болоод зургадугаар сарын чилдэн хөх тэмээдийг санагдуулна”, “Хумс нь загийн үндэс мэт”  гэчихээр Цаст Гималайн урд хормойн байтугай, циркийн зааныг олж хараагүй говь, хангайн монгол малчны сэтгэлд дорхноо л төсөөлөгдчихнө.

Дээр бас “Чих нь дал модны мөчир адил далбан, салбан” гэсэн нэг зүйрлэл гарлаа. Тэгвэл Монголд ургадаггүй тэр дал модыг Золоо “Сэглийлдэж, саглайлдаад, баахан том ногоон царцаа базаж базаж байгаад шидчихсэн юм шиг” хэмээн дүрсэлжээ. Иймэрхүү юмстай адилхан байгаа юм чинь гүндүүгүй эр шиг тэр муу заанд “лай л болмоор” байж таарна.

Нэг. Аяны харгуйг нь дагахуй

Аян замын тэмдэглэл бол утга зохиолын асар эртний төрлүүдийн нэг. Адал явдалт зохиол, тоочилт, хүүрнэл хэлбэрээр бус харин эсээ, бодрол хэлбэрээр бичдэг хэлбэр нь 16-р зууны дунд үеэс л эхтэй гэдэг юм билээ. Манайд энэ хэлбэрийг өнгөрсөн зууны наяад оны сүүлээр Лодонгийн Түдэв гуай оруулж ирснээс нэлээд хойш, ардчиллын буянаар хил хязгаар нээгдэж, “суудаг бус явдаг цэцэд” олширсноор аян замын эсээнүүд ч олноороо төрөх болсон.

Ер нь аян замын тэмдэглэлийг яах гэж туурвидаг юм бэ? “Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа” гэсэн мэргэн сургаалийг заавал дагаж, Их хүн болох гэсэндээ ч биш байх. “Явсан нохой яс зууна” гэгчээр харин үзсэн, харснаа бусадтайгаа хуваалцах гэсэн уран бүтээлч  хүний оргилуун сэтгэлийн онцгой шалтгаан гэвэл илүү ойртоно. Тийм л оргилуун сэтгэлийн онцгой шалтгаантай хүний нэг бол Золбаяр. Гадаад, дотоодод олонтаа явж, юм үзэж, нүд тайлсан бичгийн олон хүмүүсийн ачаар гайхалтай сайхан газар орнуудын сонин хачнуудыг уншсаны дотор Золбаярынх л илүү донжтой, чихэр, давс нь тэнцүүхэн мэт санагднам. Тэгээд бас хүний нутгийн сонин сайхныг хүүрнэхийн сацуу хамт яваа сайхан хүмүүсийнхээ тухай заавал ч үгүй хавчуулаад авдаг, өөрийнхөө нутгийн гол ус, цадиг шасдиртай сүлжээд аваачаад холбочихсон байдгийг анзаараад удлаа. Хамт яваа сайхан хүмүүсийнхээ тухай дурсах бүрийдээ тэр хүмүүсийнхээ зан ааш, авир төрхийн таталбаруудыг ганц, хоёроор нь бөгнүүлсээр хөрөг нийтлэлүүд болгочих жишээтэй.

Аян замын тэмдэглэлийн нэг гол шалгуур, “амьдын жин” нь алс холын тухайн орны ард иргэдийн ахуй байдал, тэр орны талаархи танин мэдэхүйн хэдий хэрийн даацтай байна вэ гэдгээс харагддаг. Тэгвэл мань Золоо энэ тал дээрээ ихэд чадваршиж яваа бололтой. Ихэнхидээ, бодоход, хашдаг албан тушаал, сэтгүүлчийн ажлынхаа хүрээнд л байлгүй, бууж мордоод л өнгөрсөн тэр том хотуудын тухай хүүрнэлийнхээ зэрэгцээ хэн бүхний чихээр ороогүй сонин, содон домог, яриаг нь ч хавчуулчихсан л байна. Тухайлбал, би л гэхэд Золбаярын Энэтхэгт явсан тухайгаа буулгасан “Уйтан дорнын талст” хэмээх уран нэртэй эсээнээс л чухамхүү зааны тухай дээрхи зураглалыг уншсанаас гадна дөнгөж саяхан болтол эрчүүдээ агталдаг байсан тухай нь мэдэж авсан билээ. Агтлах биш сайн дураараа агтлуулах, тайган болох хөдөлгөөн өрнөснийг нь. Хүн амаа цөөрүүлэхийн тулд гэдэг нь ойлгомжтой. Гэтэл хорвоогийн жамтай эсрэгцэх тэр тэнэг хөдөлгөөнийг  нэгэн цагийн хүн төрөлхтний хайртай эмэгтэй байсан Индира Гандигийн хүү, Үндэсний Конгресс намын залуучуудын байгууллагын дарга Санжаа Ганди гэгч субъект санаачилсан юмсанж. Агуу их эхийнхээ ч шийдэж чадаагүй ядуурал дээр дөрөөлөөд, сайн дураараа агтлуулсан “үржлийн насны” эр хүнийг хоёр жин цагаан будаагаар шагнах урамшуулал зарлаад. Бас болоогүй ээ, тийм хүсэлтэй таван эр хүнийг дагуулж ирвэл унадаг дугуйгаар шагнадаг байсан ч гэх шиг. Энэ, хүн гээч хоёр хөлтэй, хохимой толгойтой, нүүрэндээ үстэй адгуусны тэнэглэлд хязгаар байдаггүй ажээ.

Басхүү Мексикт очсон тухайгаа бичсэн “Давалгаа болорших дайд” гэсэн тансаг нэртэй нэг эсээ байна. Бидний тасалгаандаа тарьдаг, зуун наст, кактус модод гудамжинд аварга томоороо ургадгийг харж, түүний шүүсээр дарс нэрдгийг нь ч мэдээд авч. Хамгийн сонирхолтой нь, майя үндэстнүүдийн нарны пирамидын агуу сүр, тайлдашгүй эрчисийг бахдаж, залуу л хүн хойно, хөөрхий, мексик бүсгүйчүүлийн үзэмж гоод нүд унагаснаа ч орхисонгүй. Хумсаа нуусан муур лугаа адил сэтгэл доторхио нууцлах аваас тэр хүн уран бүтээлч хүн биш.

“...Эмэгтэйн гоё хонго ер бусын чилгэр. Зорсон мэт. Энгэрийнх нь хоёр бумба нисэх шувуудын тэмүүлэлтэй бөгөөд аяган хэлбэртэй, нандин яруу... Бүсгүй хүний гоо урин, илэрхий тачаангуй байдлыг өгзөг, бумба хоёр нь чимэх бөлгөө. Алиман өгзөг, сэргэр бумба... Чингээд давхраатай алаг нүд, зургар тод хөмсөг, машид зохицолт хэв бүхий бор борхон уруул нь сайхнаас сайхан төрснийг нь илтгэмой. Биеийнх нь өнгө бов бор. Бүр тос даасан мэт. Булбарай, булбарай...” Золоогийн эдгээр мөрүүдийг ишлэхдээ уран бүтээлч хүн хаана ч явсан, мэлмий юугаа хаашаа ч хандуулсан уран нүдтэй хэвээрээ л үлддэгийн баталгааг л гаргах гэсэн болой.

Басхүү нэгэн хуудсыг эргүүлбээс, эвэр хушуугаар нь тавин жил болсон ч элэгддэггүй морины хусуур хийдэг манай Алтай нутгийн хотон хэмээх шувууд Өмнөд Энэтхэгийн Тамиль нутгийн гүн ногоон усанд хөвж явах юм гэнэ. Үүнийг хараад Золоо “...Гэвч Хар Ус нуурын гүймэгхэн бидрээнд мөр дарж цорголсон танан гүц адил хөвж явдаг ... [энэ шувууд] үнэндээ жаахан гоёмсоггүй харагдлаа” хэмээн их л ёс зүйтэй гээч нь голжээ. Хүний нутгийн байдал чиний сэтгэлд хичнээн их хүрэхгүй байлаа ч шууд үгээр муулж болохгүй гэсэн уран бүтээлчийн бичигдээгүй нэгэн хууль байдгийг Золоо бас мартсангүй.  Угтаа бол миний нутгийн нуурын онгон цагаан хунгууд хүний бараанаар үргээд нисчихдэг бол, Прага хотын дундуур урсдаг Влтава голын шороон нуухтай пөөнийсөн саарал хунгууд миний гараас талхны үртэс горьдоод өрөвдөлтэй нь аргагүй хөвөөд ирдэг л байсан юм. Өөдгүй юмсын өр лүү өшиглөдөг мань мэтэс бол иймэрхүү юмыг тоохгүй л бичиж орхидог юм...

Баастын Золбаярын “Бүгээн” номыг энэ мэтээр эргүүлээд байваас аян замын тэмдэглэл бүтээх ихээхэн няхуур, хэтийдсэн гэмээр ажигламтгай хөдөлмөрийн нууцыг олоод авчихжээ. Тэгэхээр л мань хүн ирээдүй цаг дор яруу бичлэгийн жинхэнэ мастер болж чадна даа.

Хоёр. Уянгын эсээг нь уншихуй

Золбаярын “Хавар ай”, “Намар ай” гэж ёстой жинхэнэ төгс төгөлдөр хоёр эсээ байдаг. Үг нь гэж шар тос, найруулга нь гэж торгон сүлжээ.

Хэдэн жилийн өмнө “Хавар ай” гэдгийг нь англи хэл рүү орчуулсныг эхэлж харчихаад, дараа нь монгол хэлээр уншчихаад “Үүнийг англи рүү орчуулдаг нь ч ёстой нохойн баас л байх аа даа” хэмээн яг таг бодсон билээ. Эдүгээ ч тэр л бодолдоо хатуу итгэнэм. Англи руу орчуулж болохгүй гэдэг маань зөвхөн монгол ахуйгаасаа ч хамааралтай биш, дэндүү чиг гэмээр нарийн урласных л гэж бодном.

Чадал минь дутах тул тэр хоёр эсээг тиймээрээ чухам агуу гэж бичихийг оролдох ч зүрх үл хүрнэ. Тиймээс зарим нэгэн догол мөрийг нь ишлэсү:

“...Шар тэмээ шавагны үндэс булга татаж хивнэ. Булга татахдаа бурантгаа хазах шиг угзчина. Бурантганд нь хамхуул шилбүүрдүүлж хөөрнө...”

“...Үдэш хотонд ишиг, хурга майлалдана. Өл онийн жимээр эхэс нь бас майлсаар ирнэ. Өөвөн шөөвөн жороолон хургасна. Үлгэж нудчихад нь тээршааж сөхөрсхийн хэвтээд өгнө....”

“...Дов ширэг боролзон борлоно. Тойроод хялман хялман шар устана. Намар мөсөнд дарагдсан даавууны өөдөс хөвнө. Нар ээвэрлэж, усхан нь ууршихаар намуухан хуйнд дэгдэн одно...”

Тийм ээ, энэ бол яахын аргагүй хаврын зураглал, хөдөөгийн нүдтэй уран сийлбэр. Цааш нь этээд үргэлжлүүлэн унших юм бол бүр кино зураглал. Хөдөлгөөнтэй, дуутай кино зураглал. Иймэрхүү мөрүүдийг уншихаар Дашдоржийн Нацагдоржийн “Хуучин хүү”, “Хөдөө талын үзэсгэлэн” ч юм уу, эсбөгөөс Данзангийн Нямсүрэнгийн “Модон тэрэгний ганц ялуу урсан өнгөрөх нь сайхан, морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан” гэх мэтийн мөрүүд өөрийн эрхгүй нүднээ тусна. Ёстой жинхэнэ хаврын айзам, хаврын эгшиг аялгуу, хаврын амьсгал! Дэлгэцэн доогуур нь “Зураглаач Баастын Золбаяр” гэсэн титр урсаж байгаа юм биш үү?

Ая дуу, айзам жингэнээ нь чихнээ танил: “Сумын төв чимээ аниргүй. Шуурга, салхи болохоор утасны мод дүнгэнэнэ. Ява, машин явахаар сум бүхэлдээ доргих шиг чимээ гарна. Хуучин муу агуулахын тоостой цонх саржигнатал дуугарна...” Ийм мэдрэмжийг зөвхөн хөдөөд өссөн хүүхэд л танина. Хөдөөгийнхөө гүн хөх мандал, оройгүй өндөр тэнгэрээс ийм мэдрэмжийн долгион барьснаараа гайхалтай зөөлөн айг цааснаа буулгаж чаддаг юм. Тэрнээс биш Улаанбаатарын тагтан дээр нарлаж, цардмал замаар нь хөтлүүлж өссөн хүүхэд бичдэггүй юм. Хот суурин газарт төрж өссөн найрагчид модон хэлтэй байдгийн учир тэр.   

“...Сургуулийн хүүхдүүд ирэхээр сум дуу шуутай болно... Ирснийхээ маргаашаас охид дээс тоглоно. Үсрэхэд нь хөх, ягаан, улаан, шар туузтай үснийх нь цэцэглэл өөд уруугаа сугсчигдана. Охидын солонго тэнд бүрэлдэнэ. “Байрны багш ирж явна” гэж нэг нь шивнэнэ. Өнөө “солонго” тэр дороо сарничихна. Хөвгүүд тэрүүхэнд зогсоод тэвэг тоглоно... Гутал нь гэж гурилан шороо...”

Гайхалтай яруу дуулал! Тэглээ ч гэсэн энэ ишлэлүүд юу ч биш. Бүхлээр нь уншиж байж л цоорын аялгуу мэт эгшнийг барьж авна. Ийм юм бичиж чадсан хүн яах гэж энэ их муухай хотын нүргээн, элдэв шалдав харжигнаан, машины шуугиан, маргааны үүрэнд насыг барна вэ? Яах гэж муусайн эрх дарх хөөцөлдсөн хүмүүсийн урд хойно орон гүйж, онгон оюунаа цойлдоно вэ? Яах гэж тэр муусайнуудын тухай бичих гэж амин насны хайран цагаа сүйтгэнэ вэ? Тэр муусайнуудын хөрөг, мөргийг энэ муусайн нэргүй, мэргүйчүүл ч тоож бичин “доошоо орохоо” больсон цаг шүү дээ.

Тэвэг өшиглөсөн хүүхдийн гутал гэж нээрээ л гурилан шороо болсон байдгийг онцолж харсан нь ганцхан Золоо биш байлгүй, гэхдээ л ончтой буулгасан нь миний мэдэхээс л лав ганцхан Золоо болчихсон байх юм. “Шүүтэг, маатиг хөвгүүд тоглохоор сүнгэнэж, шунгинах дуу бас гарах” түсхийтэл инээд алдам харьцууллыг олж сонсоод цааснаа буулгасан сонор чихтэн нь Золоо юмсанж. Уран зохиол дахь аливаа, өчүүхэн ч гэлээ ажиглалт жижигддэггүй юм. Баастын Золбаяр гайхалтай уран нүдтэй, уран чихтэй залуу ажээ.

Энэ ч бас юу ч биш. Одоо “Намар ай”-г нь жаал сонсоё:

“...Хөх хяруу хорголтсон зүс буурал өглөө. Хөшөөтийн дөрөлжид хөх хондон бурхи нарлана. Хөх бүрлэн үнээ хэвтрээсээ өндийж хивдсээ залгина... Ар хэцийн цас мөсдөж талстлаад сондоршино. Алтан шарыг тунаруулсан уясуу өнгөөр уулс дүнхийнэ...”

Намрын хяруу цавцайгаад ирэх цагаар нээрээ л өвсөн толгой өнжсөн хөх тариа шиг бууралтаад ирдэгсэн дээ. Уулсын өвөр, энгэр алтан шарыг тунаруулахад, ар хэц нь талстлаад (Зүгээр л “талстаад” гэчихвэл утга өөр болчихно шүү, бас.) Хэрвээ та энэ эсээг урьд нь уншсан бол догол мөр бүхэн нь хэд, хэдэн шад шүлэг болчихдог юм. Толгойг нь холбоод хийчихсэн байдаг. Мөнөөхөн “Монголын яруу найргийн постмодернизмын архитекторч” Галсансүхийн зарим шүлгүүд нээг их сайхан уран үгүүллэгүүд шиг байдагтай яг ижил.

 “Хар усан нуур хар болор мэт мэлтэрнэ. Хаяа хөвөөний нь зэгс шагшуурга халиу суусрын сор шиг гэрэлтэнэ.” гэснийг шадлан өрөөд үзэхэд ямар ч саадгүй шүлэг болно:

“Хар усан нуур
Хар болор мэт мэлтэрнэ.
Хаяа хөвөөний нь зэгс шагшуурга
Халиу, суусрын сор шиг гэрэлтэнэ.”

“...Шанд, булгийн усан хүйтэн болроор тунгалагшина. Сайр дэвсгийн бэл дэх урсаа толь мэт үзэгдэнэ. Сарын саруулд бөхөнгийн сүрэг уснаа [орж харагдана]. Салаа турууны нь үзүүрээр цавчигдсан дуслууд самарч шидсэн болор үрлийн адил аа...”

(Шанд, булгийн ус
Хүйтэн болроор тунгалагшина.
Сайр, дэвсгийн бэл дэх
Урсаа толь мэт үзэгдэнэ... гэх мэтээр шадалж болно).

“...Дунд булгийн халгай лууль дун цагаанаар мөнгөлөгтжээ. Дун цагаан сарлагийн тугал дундуур нь тоглож болор жим хэрнэ...”

Хэн нэг нь үүнийг уншаад “Нэргүй дэндүү цэцэрхлээ, Золоог дэндүү бадраалаа” гэх бий вий. Тийм ээ, бадраасан ч байж магадгүй, яагаад гэвэл Золоо үүнийг “ер нь л шүлэг шиг хийчихье” гэсэн зорилгоор бичээгүй бололтой юм. Хэрвээ анхнаасаа ингэж бодсон бол, жишээ нь, юу л гэж “Хар болор мэт мэлтэрнэ” гэсэн илэрхийллийг хэрэглэхэв дээ.  Гийгүүлэгчүүд дуудлага ойртохоороо хэл хугалчих гээд байдаг, тиймээс яруу найрагт ойролцоо дуудлагатай гийгүүлэгчтэй үгийг хэрэглэж болдоггүйг Золоо эрхбиш мэдэлгүй яахав дээ. Зүгээр л зүрх нь тархиндаа шивнэж, гартаа зарлигдаж, цааснаа буулгуулсан чигээрээ байгаа нь энэ биз.

Надад итгэхгүй байгаа бол “Бүгээн” номынх нь 10-р хуудаснаас эхэлж буй “Намар ай”-г бүхлээр нь нэг нарийн сайн уншаад үзээрэй.

“Хавар ай”, “Намар ай” хоёр бол тэр аяараа төрсөн нутагтаа илгээсэн хайрын захидал! Эх орондоо хайртайгаа тунхагласан зүрхний ганганаан, зүүдний гиншээн! Эх орондоо хайртай гэдгийгээ эхийн сүүтэйгээ цуг шимж олсон монгол үгсээрээ батласан байнам.

Эх орондоо хайртайгаа тунхаглан зарлаж байгаа нь энэ гээд “хайртай” гэдэг үгийг заавал дурдах гээд байх албагүй. Үүний сонгодог жишээ бол Ц.Цэдэнжав гуайн ганцхан шад:

“Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг”!
Золбаярын хоёр эсээнээс “төрсөн нутаг чамдаан би хайртай” гэсэн ганц ч үгүүлбэр олохгүй. Бодол нь өөрөө хайр юм, бодрол нь өөрөө дурлал юм. Эх орондоо хайртай гэдгийг яруухан нулимсаараа тунхаглаж явдаг хүний тэргүүнийг бүрхсэн цагаан гэгээ үг бүхнээс нь гийж байгаа юм. “Хавар, намрын айнууд” нь хайрын илэрхийлэл болой. Харин яруу бичлэгийн онцгой шалтгаан нь мөлийж үзээгүй монгол хэл маань юмсанж.

Гурав. Усанд явахыг нь харахуй

Жагдалын Лхагваа агсны “10-ын б-гийн мангар” ч бил үү, “Анхны хайрын захидал” ч бил үү, нэг богинохоон үгүүллэг байдаг даа: Сэмхэн ширтэж явдаг охиндоо хайрын захиа өгөөд орхитол ирсэн хариу дотроос нь “10-ын б-гийн мангар минь чамайг ахиад ийм захиа өгвөл багшид хэлнэ шүү” гэснээс өөр юм гардаггүй. Анхны хайрын ариухан эмгэнэл нэвт шингэсэн ёстой жинхэнэ сэтгэлгээний үгүүллэг. Сонгодог гэж болохоор. Чеховын л үгүүллэг шиг.

Гэтэл харин Золбаярт бас нэг тийм үгүүллэг байж байх юм. Гэхдээ Лхагваа ахынхыг бодвол ямар ч ариухан байтугай, аргуухан ч эмгэнэлгүй, анхны дурлалын агуухан, яруухан дуулал! Чин хайрын магтуу. Бавуугийн Лхагвасүрэн гуай бол “Хайрын мадригал” гэж нэрлэх байсан биз. Зүрхэндээ наран мандуулж зуднаар нүцгэн гүймээр болсон 10 орчим насны л болов уу гэмээр жаал хүүгийн үгүүлэмж. Ямар уран гээч! Үгүүлэмжтэй атлаа эсээ юм шиг, эсээ шиг мөртлөө Ромео, Жульетта хоёрын ариун хайрын шасдир юм шиг хүүрнэл.

Энэ үгүүллэгтээ Золоо зүгээр л “Усанд явахад” гэсэн дүнхүүдүүхэн нэр өгчээ. Дотор нь гэхдээ шижир алт байгаа болохоор зориуд ингэсэн ч байж мэднэ.

“...Тэдний даймангийн хаалга нээгдэхэд миний сэтгэлийн хуудсыг чичирхийлэн эргүүлэх шиг болдог юм. Хувингууд нь харшилдаж дуугарахдаа “Би усандаа явлаа шүү” гэж надад хэлдэг. Охиныг номин цэнхэр дээлтэйгээ тийнхүү туяаран гараад ирэхээр нүүр минь халуу дүүгэн чинэрчихдэг билээ.” “...Шөмбийсөн хоншоортой нимгэн хар эсгий гутал нь гойдын хээнцэр агаад алхах, гишгэхийн нь тоолонд үл мэдэг сонсогдох цасан чихраа сайхан хөгжмийн зэмсэг хөндөгдөх төдий мэт.” Тийм дээ, өнгөрсөн зууны 60-70-аад онд ийм нарийн шөмбөн эсгий гутлыг том дарга нарын, эсвэл айлын эрх охид л өмсөж гангардаг байсан юм даг.
Цэв цэнхэр мөстэй, цэв цэнгэг жавартай, цэв цэнхэрхэн үдэш энэ явдал болсон ажээ. Гэхдээ энийг Чеховын үгүүллэгтэй харьцуулах ч юм биш, харин Сергей Есениний өсвөр насны гэгээн өглөөний шүлгүүдтэй харьцуулж байж л сая санаа минь амрах бөлгөө.

Тэгээд яахав дээ, өнөөх жаахан хүү чинь номин цэнхэр дээлтэй охиныг бараадан, мөн л хоёр хувингаа санжигануулан,  халтирч унахаас айн, харзны  мөснөөс харцаа салгалгүй голын цооног руу бээцэгнэж явсан чинь “Түүнийгээ харж чадахгүй байгааг эзгүйчилсэн ч юм шиг, эсвэл миний л харц номин дээлтийгээ түшиж явсан ч юм шиг” өнөөх охин нь гилтгэр торгон мөсөн дээр тэрий хадчихжээ. Өрөөсөн гутал нь мөсөнд наалдан сугарч хоцроод.

“Намайг дэргэд нь очиход тэр мөстэй барьцалдсан гутлаасаа нэхмэл цагаан оймсоо шалавхийн авч өмслөө.” Тэгээд тэр охин нь “хүйтэн жаварт улайсан уран шөмбөн хөлийг цагаан оймсондоо зурсхийн шургуулдаг” юм. Мань хүн ч эр бяраа үзүүлэн өрөөсөн гутлыг нь ховх татан авч, тэшүүртэй юм шиг хурдлан хоёр хувинг нь авчирч өгөхүйд хайрын сайхан роман эхэлнэ ээ.

Үгүй дээ, роман гэхэд арай томдоно, аль эсвэл хамаагүй жижигдэнэ:

“Охин гутлаа өмсөхдөө над руу ер харсангүй. Гутлыг нь наалдуулсан мөсөнд ч юм уу уурласан бололтой бээлийгээ түргэн түргэн өмсөж байлаа.” “Ингэхэд [Хувинг нь авчирч өгөхөд] тэр зэрмэгэр хоёр нүдээрээ над руу тогтуухан харж, нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулаад, нэг юм хэлэх гэснээ болив бололтой уруулаа жимийн цааш огцом эргэн хэд алхаад усаа уудалж эхлэв. (Манай нутгийнхан бол “хувингаа дүүргэж”, эсбөгөөс “усаа хийж” гэнэ л дээ, харин Ховдынхон болохоор усаа “уудалдаг” юмсанж. Авдраа уудалж байгаа юм шиг. Нутгийн л хэллэг юм чинь, одоо яалтай. Байрыг нь олсон өвөрмөц хэллэг их гоё шүү дээ. Үүнийг бурьяадай хөбүүн, богино үгүүллэгийн “подмастер” Мөнхийн Амгалан хачин сайхан тааруулдаг юм.)

“...Тэр зөвхөн ус уудлахдаа л бүх санаа бодлоо шингээсэн мэт. Сормуус нь үзүүрээсээ цантан цайрч дэрвийгээд, голын зэрлэг жаварт энхрийхэн цагаан шаргал царай нь яв ягаан болчихсон нь ер бусын хөөрхөн. Баруун хацрынх нь үзэгдэх төдий жижигхэн хар мэнгэ, цэвэрхэн шөнтгөр хамар, үл мэдэг нууц давхраатай алаг нүд, тэгшхэн хоёр мөр тэргүүтэн бүгд нэгэн дор гоо үзэсгэлэнг бүрдүүлжээ. Харзны мөсөн эрэгт хатуу өвлөөр дэлбээлсэн хаш цэцэг адил солонготой ажээ.”

Энэ бол ёстой жинхэнэ анхны учралын оршил бололтой. Аль эсвэл Петр Чайковскийн нэг хөгжмийн прелюди ч юм уу. “Дөрвөн улирал”-д нь нэг ийм юм сонсогдоод байдаг шиг санагдана.

“Гэнэт тэр:

-Усаа асгалгүй уудлаач! гээд инээмсэглэлээ нууж ядан харахад нь өөрийгөө ямархуу байдалтай байгаагаа мэдлээ. Би шанага усныхаа талыг нь хувин руугаа, талыг нь гадуур нь асгаад байсан байж. (Энд би түсхийтэл инээд алдсан.) Ус уудлахын дүр байдалтай суувчиг ухаан бодол маань чухамхүү тэр үзэсгэлэнгийн өмнө бүхнийг мартан сатаарчээ.”

Энэ хооронд бас багаахан шиг харилцан туслалцаа гарах ч, тэр хоёрын яриа бол ердөө л энэ. Тэр хоёрын ч гэж дээ, номин цэнхэр дээлтэй охины цээжнийхээ гүнээс гаргасан ганц авиа. Харин манай “мангар” чинь өнөөх хөөрхөн охины “норж хөлдсөн дээлийн хормой хөдлөхдөө дарр, дарр хийх, хоёр цагаан нэхий бээлий нь зүгээр л мод шиг унжих”-ыг хараад түсхийтэл инээчихдэг (Харин энд би тэр хүүг “муу шидэл чинь” гэж хараасан.) юм.

Охин гомдоод хувинтай усаа шүүрч аваад түрүүлээд явчихна. Нэгдлийн тэжээлийн байрыг ороогоод далд орно. Ингээд л Ж.Лхагваагийн “10-ын б-гийн мангар”-ын ариухан эмгэнэл эхлэх нь үү гээд гол харлаад явчихтал ямар сайхан юм болно гээч!

“...Өвлийн шөнө эхлэхийн өмнөх бүдэг бадаг гэгээнд хашааныхаа хаалганы өмнө зогсож байгаа нь танигдлаа. Надаас нэгмөсөн нүүрээ буруулчихсан бол ингэж зогсохгүй нь мэдээж санагдахаар дахиж хэзээ ч, бүр юунд ч инээхгүй юм шүү гээд би шүд зуулаа. (Би ч бас энд сэтгэл хангалуун инээмсэглэв.) Агшин бүрээр харанхуй болж байлаа. Тэр [маань] хашаа руугаа орохгүй л байв. Би хөдөлгөөнгүй зогссоор л. Саахалтын зайтай тэндээс түүний хөөрхөн мишээл надад гэрэлтэн харагдсаар л...” (Үүнийг уншаад би бүр малийтал инээвхийлсэн.)

Улам, улмаар хуурайшин буй хөлдүү сэтгэлт өнөөдрийн нийгмийг гэсгээх нэгээхэн илтэс болно оо, энэ үгүүллэг. Үйлийн уран хайч шиг галбир олон өсөж мэдэх тэр шөмбөн хөлтөөр Золбаяр “Усаа асгалгүй уудлаач” гэж хэлүүлж байгаа нь зохиолын гол тайлал мэт. Манай “мангар”-ын ирээдүйн гэрийн эзэгтэй болж магадгүй нь ганцхан авианаас л мэдрэгдэв. Гэрийн эзэн болчихоод бас л мангартаж зовоох вий дээ гэхээс нуруу хавталзана, цаадхи нь гэтэл миний л муу сэрмэн нүдтэй охиноос ялгаа юу байхав.

Ингэж бодсоны минь учиг одоо задарна:

“...Тэр минь намайг энэ орой эцсийн удаа гэрэлтэн хараад хашаа руугаа орчихов. “...[Тэр зүг рүү] цоо ширтсэн чигтээ би хоёр савтай усаа аван “Ура” хашгиран хүчтэй алхтал урд хормойноос нэг юм татах шиг болоод тэр мөртөө урагшаа тонгорцоглон уналаа. ...Зөвхөн түүнийгээ харж зогсохдоо хувинтай усандаа урд хормойгоо дүрээд хөлдөөчихсөн байжээ.” (Дахиад л би түсхийтэл инээд алдав. Олхиогүй ч амьтан бол доо. Ёстой “гэгээн мангар”!)

Ямар сайхан яруу юм бэ? Яруу агаад найрсалтай гэдэг чинь л энэ. “Номин цэнхэр дээлтэйгээ туяаран гарч ирээд”, “усаа асгалгүй уудлаач” гэж захирчихаад, “энэ орой эцсийн удаа гэрэлтэн хараад” хашаа руугаа орсон тэр охин “манай мангар”-ыг жаахан эв дүйтэй амьтан болгоосой гэж хүсээд ч байх шиг...

Төгсгөл

Баастын Золбаярын урлахуйн авъяас бүтээлүүдийнх нь нэрнээс л өөрийгөө яруу тодоор зарлан тунхаглаад байдаг юм. “Давалгаа болорших дайд”, “Уйтан дорнын талст”, “Үлэмж өрнийн титэм”, “Гэгээн хэсүүлчин” гэх мэтийн гайхалтай тансаг нэр өгч чадаж байгаа юм чинь доторхийг нь яаж нэхэхээ сайн мэддэг үйлчин байлгүй ч яахав дээ. “Усанд явахад” үгүүллэг дотор нь “Голын зэрлэг жавар” гээд л гарсан. Энэ үгийг уншуут амгалан насны минь Улзын цэнхэр хөндий санаанд орж, тасхийм жавар нь хацар чимхээд авах шиг болов. Жинхэнэ монгол ахуй, жинхэнэ монгол үгсийн сан хөдөөдөө өссөн энэ залуугийн зүрхэнд багтаж ядсаар нь харагднам. Даанч тэр бүхнийг нь задлан хүргэх зав ч надад алга, зай нь ч бас сонинд олдохгүй биз ээ. Судлаачид, шүүмжлэгчид гэж улс цаагуур чинь ингэхэд харагдана уу, үгүй юү?

Золбаярын уран бүтээл  дандаа гэрэлтэй мөрүүдээр дүв дүүрэн. “Хаяа хөвөөний нь зэгс шагшуурга халиу, суусрын сор шиг гэрэлтэнэ” гэх мэтээр. Адилтгал, зүйрлэл, үгийн сонголт, хөдөлгөөний оноолт гэдэг нь гайхалтай мэргэн ажээ. Уран нүдтэй хүн л ингэж хийнэ дээ. Ялангуяа уран бүтээлийн ертөнцийнхнийгөө бол яалт ч үгүй оноод дүрсэлчихсэн, дүрлэчихсэн мөрүүд олон таарлаа. Ганцхан жишээ татахад, манай ахмад найрагчдын дотроос ингэхэд “лэгэлзтэл” алхаад ороод ирдэг нь хэн байж таарах вэ? Энэ дүрслэлийг уншуутаа л би түсхийтэл инээд алдсан юм. Мэдээжийн хэрэг, Дөнгөтийн Цоодол абугай л шүү дээ...
Ж.Нэргүй
2012.03.05
 
 
  •  

No comments:

Post a Comment