Thursday, March 15, 2012

Гоц сайн ойтой хүмүүс


Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг. Хүн өөрөө чармайн зүтгэвээс ихийг сурч, ихийг бүтээж чадна. Жишээ нь, хэрэв бид уураг тархиныхаа боллолцоо чадлын ялахдаа тэн хагасыг ашиглан ажиллуулж чаддаг сан бол хэлэн арван хэл сурч, Зөвлөлтийн их нэвтэрхий толь бичгийг эхний хуулснаас эцсийн хуудас хүртэл нэг л нэгэнгүй цээжилж, хэдэн арван хэл сургуулийн хичээлийг үзэж дуусгахад цөхөх юмгүй байхсан.
Зөвлөлтийн эрдэмтэн В.Пекелисийн зохиосон "Хүний чадвар итгэшгүй" гэдэг номонд энэ тухай өгүүлжээ. Энэхүү номыг... орчуулсны хэсгийг... толилуулж байна.
Хэдэн жилийн өмнө орчин үеийн томоохон математикч, залуур зүйч Фон Нейман олныг шуугиулсан нэгэн мэдэгдэл хийжээ. Түүний хийсэн тооцоогоор бол хүний уураг тархи зарчмын хувьд барагцаалбал 1000 000 000 000 000 000 000 нэгж мэдээлэл багтааж чадах аж. Үүнийг нийтэд ойлгомжтой хэлнээ орчуулбал та бидний хэн маань ч гэсэн дэлхий дээр томоохонд ордог Лениний нэрэмжит номын сангийн олон сая ботид байгаа бүх мэдээллийг тогтоож чадна гэсэн үг болж байна.

Өнгөцхөн бодоход ийм мэдэгдэл, ийм тооцоо даанч үнэмшмээргүй санагдана. Гэвч, гайхан мэлмэрмээр, байж болшгүй гэмээр тийм гоц сайн ойтой хүмүүс байдаг бодит баримтыг аваад үзье...
Юлий Цезарь, Македоны Александр нар 30 мянга хүртэл хүнтэй бүх цэргийнхээ зүс царай, нэр усыг нэгд нэгэнгүй мэддэг байсан гэж түүхчид батлан өгүүлсэн байна. Персийн Кир хаан мөн тийм авьяас чадвартай хүн байжээ. Алдарт Фемистокл Грекийн нийслэлийн 20 000 хүний зүс царай, нэр усыг мэддэг байжээ. Бас Сенека өөр хоорондоо холбоогүй тус тусдаа 2000 үгийг ганц удаа сонсоод давтан хэлж чаддаг байжээ.
Сод математикч Леонард Эйлер тоо цээжлэх гоц ойтойгоороо олонд гайхагдсан юм. Эйлер жишээ нь зуу хүртэлх бүх тооны эхний зургаан зэрэг дэвшүүлсэн тоог цээжээр мэддэг байв. Академич А.Ф.Иоффе логарифмын хүснэгтийг цээжээр ашигладаг байлаа. Манай өөр нэг гайхамшигт эрдэмтэн С.А.Чаплыгин таван жилийн өмнө ганц удаа санамсаргүй яриад өнгөрсөн утасныхаа дугаарыг эндэлгүй хэлж чаддаг байв. Оросын их шатарчин Алехин 30-40 хүнтэй хөлөг харалгүй цээжээр зэрэг тоглож чаддаг байжээ.
Энэ бүх жишээ нь түүхэнд нэрээ үлдээсэн гэж болох хүмүүсийн ойн тухай юм. Гэхдээ жирийн хүмүүс ч гэсэн амьд явах хугацаандаа олон сая үйл явдал, сэтгэгдлийг үзэж өнгөрүүлдэг бөгөөд чухамхүү олон дуртгал хуралдан хуралдсаар бидний оюуны баялаг хязгааргүй их болж арвиждаг юм.
Нэгэн оройн нар жаргах үеийн өнгө, амьдралын ялихгүй үйл явдал, хүний үг, дуу зэргийг хүн ой ухаандаа сайн хадгалдаг бөгөөд тэр бүхэн зохих ул мөр үлдээж, хүний сэтгэлийг хөдөлгөж, хүн нисэх мэт хурдан урагшлах аж амьдралын их далайгаас олон зүйлийг өөрийн эрхгүй ажиглаж, тогтоодог байна. Тэгэхдээ энэ талаар ч өдий төдий гайхалтай зүйл байдаг.
Профессор В.В.Солодовниковын нэг лекцэндээ дурдсан жишээг энд иш татъя. Зургаан өрөгчийг гипнозоор унтуулаад зургаан сарын өмнө өрсөн тийм гудамжны төд дүгээр байшингийн зүүн хананы 16 дахь тоосгоны хагархай ямархуу хэлбэртэй байсан бэ? гэж асуухад зөв хариулж байжээ. Өрлөг хийснээс хойш хагас жилийн дараа энэ шүү! Тоосго өрөгчдийн гараар олон мянган тоосго дамжиж гарсны дараа энэ шүү!
Э.Гаон гэгч нэгэн хүн насан турш уншсан бүх 2500 номоо бүгдийг нэгд нэгэнгүй цээжилсэн байна. Түүгээр ч үл барам аль ч хэсгийг торохгүй санаж чаддаг байжээ.
Польшийн хөл бөмбөгийн "Гурник" клубын мөнгөний нярав Леопох.ид Хелд клубынхаа хөл бөмбөгийн бүх тоглолтын дүнг цээжээр мэдээд зогсохгүй, тоглолт бүрийн бүх нарийн ширийн зүйлийг мэддэг гэнэ. Нэгэн удаа телевизийн нэвтрүүлгийн үед Хелдээс тайлбарлагч хүн "Дөрвөн жилийн өмнө Ополе хотын "Одра" клубийнхтэй "Гурник" кпубынхан тоглоход ямар дүнтэй дууссан бэ? " гэж асуужээ. Хелд тэр дор нь "Манайхан 4:0-оор хожсон.
Тоглолт наймдугаар сарын 18-нд болж, 27 мянган хүн үзэж, нийт 235 мянган злотын орлого орсон. Гурван бөмбөгийг Поль, нэгийг нь Цзолтисик оруулсан юм даг..." гэж хариулжээ.
Уран сайхны талын хүмүүс гоц сайн ойтой байх сонин тохиол байдаг. Францын зураач Гюстав Доред /Ф.Раблегийн "Гаргантюа Пантагрюэль хоёр" хэмээх нийтэд их алдаршсан номын зураг чимэглэлийг хийсэн хүн/ хэвлэлийн газраас Альпийн уулсын ямар нэг дүр бүхий гэрэл зургийг хуулж зурах даалгавар өгсөн байна. Доре уг гэрэл зургийг авахаа мартаад явсан байлаа. Маргааш өглөө нь тэр гэрэл зургийг цээжээрээ маш нарийн зөв зураад ирсэн байжээ.
Бас Америкийн ерөнхийлөгч Линкольны хөргийн дотроос хамгийн олигтой сайн болсон нь ерөнхийлөгчийг хүндлэн биширдэг Нью-Жерос муж улсын нэгэн нэрд гараагүй зураачийн зурсан хөрөг байдаг. Ерөнхийлөгч Линкольныг бахархан биширдэг тэр хүн Линкольныг ганц л удаа харсан юмсанж. Линкольны алагдсаныг сонсоод элэг эмтрэн гашуудсан тэр зураач гагцхүү хөргийг нь цээжээр зурж сэтгэлээ тайтгаруулсан байна.

Гоц сайн ойтой хүмүүс
Оросын уран зураач Николай Николаевич Ге Петергофын ордны нэгэн өрөөг цээжээрээ яг нарийн зөв зурсан байдаг. Тэр тухай зураач өөрөө бичихдээ: "Би "Нэгдүгээр Петр хүү Алексейтайгаа" гэдэг зургийнхаа бүх дэвсгэрийг камин зуух, мөн чимэглэл, голланд чиглэлийн дөрвөн зураг, түшлэгт сандал, адар, гэрэлтүүлэг, юутай хээтэй нь сайн нүдэлж тогтоож аваад ирсэн юм. Би нэгэнт тогтоосон сэтгэгдлээ хоёртуулж самууруулахгүйн тулд тэр тасалгаанд зориуд ганцхан удаа очиж үзсэн юм" гэжээ.
Уран бүтээлчийн ой гайхамшгийг бүтээх увидастай. Бетховен дүлийрсэн хойноо хөгжим зохиож байсныг нийтээр мэднэ. Оросын жүжигчин Остужев чих нь дүлийрсэн боловч жүжигчин хэвээр үлдэж, түүнийг гарамгай жүжигчин гэж дурссаар байдаг. Харин манай орчин үеийн уран барималчин ЛинаПогийн тухай мэдэх хүн цөөн бий. Тэр барималчин эмэгтэй 1948 онд нас барсан юм. Лина По таг сохорсон боловч гайхамшигт сайхан хөрөг баримал бүтээж, нийтдээ зуу гаруй бүтээл туурвисан юм. Лина По сэдэж санасан зүйлийнхээ нарийн анги хэсгийг нэгийг ч үлдээлгүй сэргээн санаж, харахгүй боловч гараар тэмтрэн бүтээж цогцолдог байжээ.
Хөгжимчдийг юу гэж бодно. Моцарт нарийн адармаатай том аязыг ганцхан удаа сонсоод цээжээрээ яг нарийн бичиж чаддаг байжээ. Зохиолч А.К.Глазунов гээгдүүлсэн хөгжмийн зохиолын ангиллыг цөхөх юмгүй хялбархан сэргээн бичдэг байна. Оросын гайхамшигт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Сергей Васильевич Рахманиновын намтрын нэгэн сонирхолтой тохиолдлыг олон зохиогч иш татсан байдаг. Нэгэн өдөр Танеевынд Глазунов ирж, шинэхэн зохиосон аязаа тоглохоор ярьж тохирсон байж. Танеев дамшиглах дуртай хүн болохоор тэр үед дуу хөгжмийн дээд сургуульд суралцаж байсан Рахманиновыг өөр тасалгаанд оруулан суулгажээ. Глазуновыг шинэ аязаа тоглож дууссанаас хойш хэсэг азнаж байгаад Танеев Рахманиновыг дуудсан байна. Залуу хүн төгөлдөр хуурын ард сууж Глазуновын шинэ зохиолыг бүрэн гүйцэд тоглоход нь Глазунов гайхахын ихээр гайхжээ. "Би шинэ зохиолынхоо нотыг хэнд ч үзүүлээгүй байтал энэ оюутан залуу зохиолыг минь хаанаас мэдэж орхив?" гэж хөгжмийн зохиолч эргэлзэн гайхсан байна.
Гэхдээ л гоц сайн ойн тухай энд иш татсан жишээнүүд гайхан мэлмэрмээр боловч хүний чадварын хязгаар бишээ. Москвагийн нэгэн сонины сурвалжлага Шерешевский гоц ойтойгоороо олонд алдаршсан юм. Түүнийг А.Р.Лурия 30 шахам жилийн турш ажиглан шинжилсэн байна. Шерешевскийн олноос онцгой ой нь ном зохиолд тодорхойлон өгүүлсний дотроос хамгийн гарамгайд дамжиггүй орно. Тэр хүний юм тогтоох ой чухамдаа хязгааргүй их байжээ.
Шерешевский самбар дээр цэрдээр бичсэн тоотой хүснэгтийг хэсэг анхааралтай харж байгаад нүдээ аньж, агшин зуур нүдээ нээн эргэж харангуут тусгай дохио өгмөгц өөр хүснэгтийн хоосон нүдэнд зохих тоог бичих буюу хэрэгтэй тоог алдалгүй хэлж чаддаг байна. Шерешевский хажуугийн хүснэгтийн хоосон нүднүүдэд энд тэндээс нь, эсвэл нилээд олон тоог урвуу дарааллаар хэлэхэд ер ядах цөхөхгүй бөглөн бичиж чаддаг юм. Эсвэл аль нэг босоо эгнээний тоог хэлэх буюу ташуу чиглэлээр "уншиж", үгүй бол нэгж цифрүүдээр нэг, олон оронтой тоо бүтээж чаддаг байна.
Шерешевский 20 тоотой хүснэгтийг 25-40 секундэд, 50 тоотой хүснэгтийг 2,5-3 минутад цээжилж чаддаг юм. Хэдэн сарын хойно мөн эдгээр хүснэгтийн зохих тоог мөн л төдий хэрийн хугацааны дотор бүрэн гүйцэд нэрлэж чаддаг аж.
Тэр хүн үүнийг яаж хийдэг байна вэ? Шерешевский өөрөө хэлэхдээ нүдээ аньсан хойно ч гэсэн самбарт бичсэн тоо харагдсан хэвээр байдаг болохоор хүснэгтэд орсон тоог дэс дараагаар юм уу, хаанаас нь ч "уншихад" хялбархан байдаг гэжээ. Тэгэхдээ бусад хүн бичсэн тоог хараад уншдагтай адилгүй, нүдэлж тогтоосноо "харж" уншдаг байна. Яаж харахаараа тэгж хардаг байна вэ?
Зарим хүний "синестезийн мэдрэхүй" гэгдэх иж бүрэн мэдрэхүй онцгой хурц тод илэрсэн байх тул дуу авиа бүрийг сонсоход түүний гэрэл гэгээ, өнгө зүс нь үзэгдэж, түүгээр үл барам амт нь мэдэгдэж, биед хүрэх мэт болдог. Тэр "синестез" нь "элбэг дэлбэг" нэмэгдэл мэдээлэл өгч, юмыг нарийн зөв тогтоох дэвсгэр болж өгдөг байна. Шерешевский бол тийм бүлэгт хамаарах хүн бөгөөд хөгжмийн зохиолч Скрябин нарын зэрэг хүмүүс мөн тийм мэдрэхүйтэй юм.
"...Би юмыг зөвхөн дүр төрхөөр нь төдийгүй, тэр дүр төрхийн үүсгэж байгаа цогцолбор сэрлээр таньж мэддэг" гэж Шерешевский өгүүлжээ.
Шерешевскийн уншсан, сонссон зүйл нь тэр даруйдаа холбогдох юмны биет тодорхой дүр болж санаанд нь үлддэг байна. Уг дүр нь яруу тод бөгөөд удтал мартагддаггүй гэнэ.
"Тооны цифр хүртэл надад нэг дүр санагдуулдаг. "7" бол живэр сахалтай хүн, "8" бол их тарган эмэгтэй... харин "87" бол их тарган эмэгтэй сахлаа имэрч байгаа хүн хоёр болж харагддаг" гэж Шерешевский ярьжээ.
Шерешевскийд "мартах" явдал байдаг уу? Байдаг боловч их л өвөрмөц сонин маягтай аж. Т ухайн дүрийг "харахад" хэцүү болгож, жишээ нь гэрэл гэгээ муутай газар "тавивал", "унших тоолох" үедээ тэрхүү дүрийг орхигдуулдаг байна. Шерешевский тэр дүрийг "харахгүй", "хажуугаар нь өнгөрдөг" аж.
Энд ийм олон жишээ дурдсан нь учиртай юм. Гоц сайн ой хэр зэрэг өргөн хэмжээ бололцоотой байдгийг уншигч нарт харуулж, тэднийг зарим нэг дүгнэлтэд хөтлөн хүрэх хэрэгтэй байлаа.
Юм тогтоох ой бол уураг тархины туурвин бүтээх ажиллагааны үндэс мөн. Хүний юм тогтоох ой хичнээн чухал үүрэгтэйг хүмүүс эрт дээр үеэс нааш маш сайн мэддэг байжээ. Урлан бүтээхийн эх болсон юм тогтоох ой байхгүй бол оюуны үйл ажиллагаа үр ашигтай болж чадахгүй сэн. Гарамгай хурц билэгтэн, сод авьяастан нар ихэнхдээ гайхамшигт сайн ойтой байжээ. Авьяас билгийн хэр хэмжээ юм тогтоох ой ухааны багтаамж хоёр хоорондоо ямагт зохицож байдаг гэж эрдэмтэн нар батлан өгүүлж байна.
"...Ой ухаан гэдэг онцгой их чадалтай; уран дүрийг бүтээж, улам арвижуулах увдистай..." гэж манай орчин үеийн нэг яруу найрагч өгүүлжээ.
"Ой муутай сод авьяастан" байдаггүй гэлцэнэ. Гэхдээ гайхмаар сайн ойтой мөртлөө хүн төрөлхтнийг гарамгай бүтээлээр баяжуулаагүй хүн олон бийг та бүхэн мэднэ. Бас нөгөөтэйгүүр базаахгүй ойтой сод авьяаст бүтээлчид ч байсан билээ. Тэгэхлээр ой сайтай бол авьяастай, авьяастай бол ой сайтай гэсэн шууд дан холбоо байдаггүй нь ил байна.
Энд хүний ой ухааны боломжийн "дээд оргилыг харуулсан нь мэдээжийн хэрэг. Гэхдээ уншигч та эдгээр жишээг үзээд нэг талаар хий бишрэн сүрдэхгүй, нөгөө талаар эс тоомсорлон инээмсэглэхгүй байгаасай гэж хүсэх байна. Энд жишээлж иш татсан хүмүүсийн хийдгийг хийхэд хялбаргүй. Хамгийн гол нь бүх оргилыг нэгэн хэлхээ уул нуруу болгож холбовол бидний ой ухааны боломжийн дээд хязгаарын тухай нилээд өвөрмөц мөртлөө тун эргэлзээгүй бат төсөөлөл олж болно.
Гоц гэхлээр гоц л хүн байхыг хэн бүхэн ойлгож байна. Гэвч авьяас чадварын шатаар дээшээ өгсөх нь та бидний зорилт юм шүү гэдгийг сануулан тэмдэглэмээр байна. Дээд оргилд нь бүгдээрээ хүрч чадахгүй, ганц нэг хүн л хүрэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ өөрийн чадвар бололцоог улам зузаатгаж, сайжруулж, өргөтгөхөөр үл барам үл барам, "гоц сайн болгож", та гайхах явдалгүй, нээрээ шүү, гоц сайн болгож, өөрийн далд боломжийг дайчилж, өөрийн хувьд ер бишийн үр дүнд хүрэх нь хэний ч чадах зүйл билээ.

No comments:

Post a Comment