Thursday, March 15, 2012

Хэлбэр хамаагүй, зүгээр л дага л даа!


                             

Компанийн засаглал гэх ойлголтод хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг хамгийн чухал нь гэдэг. Энэ нь хэлбэрийн хувьд нээлттэй, хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компаниудын хувьд илүү чухал асуудал гэсэн үг. Харин хэлбэрийн хувьд Хязгаарлагдмал хариуцлагатай, гэр бүлийн ч юм уу, цөөн хувьцаа эзэмшигчтэй компанийн тухайд олон хүнээс мөнгө татах шаардлагагүй, хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалдаггүй. Тиймээс компанийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны талаарх мэдээллүүд, ТУЗ-ийн хурлаас гарсан шийдвэр сэлтээ нээлттэй компани шиг ил тод мэдээлэх шаардлага харьцангуй бага мэт ч, дэлхий нийтийн эдийн засгийг тухайлсан улс орнууд гэхээсээ компаниуд нуруун дээрээ авч яваа нь баталгаатай болсон энэ цаг үед, компанийн засаглал хэзээ хамгийн их ач холбогдолтой байдаг вэ гэдгийг практикаас харах ёстой болж байна. Тэгж харахаар хэлбэрийн хувьд ХХК болоод ХК-ийн алинд нь ч Компанийн засаглал, түүнд шууд хамаатай аудитын хяналтын тухай асуудал ихээхэн чухал аж. Энэ тухай лавшруулж өгүүлэхээс өмнө компани яагаад тийм чухал вэ гэдгийг тодотгох нь зөв биз ээ.

 
АНУ дэлхийн эдийн засгийн 1/5-ийг бүтээж байгаа. Тэгвэл АНУ-ын нийт баялгийн 90 хувийг компаниуд бүтээж байна гэсэн судалгаа байна. Эндээс харахад аливаа улсын эдийн засаг компани дээр л төвлөрч байна. Тэгвэл манай улсын тухайд бүртгэлтэй 60 гаруй мянган аж ахуй нэгж байгаагаас “Эрдэнэт” үйлдвэр дангаараа ДНБ-ий 1/5-ийг хийж байна гэдэг нь дээрх ойлголтыг баталгаажуулж байгаа ч, нөгөө талд компаниудыг илүү чадавхижуулах шаардлага байгаа нь харагдаж байгаа юм. Оюутолгой, Тавантолгой-гоос Эрдэнэт үйлдвэрийнхтэй дүйх хэмжээний мөнгө эдийн засаг руу цутгаагүй байгаа  учраас, хэрэв Эрдэнэт зогсвол манай улсын эдийн засаг дагаад хүндрэх магадлалтай гэсэн үг. Нүүрс, зэсээс илүү орлогыг авчирж байгаа ч, бас л тэрийг хийж байгаа нь гарын арван хуруунд багтах цөөн компани. Цөөхөн компаниас эдийн засаг хамаарах нь компанийн засаглалыг бүх төвшинд сайжруулах, бат бэх болгох шаардлагыг дагуулж байна.
 
Ер нь бол дэлхий дахины эдийн засаг хямраад байгаагийн цаана компанийн засаглалын ямар нэг зарчим алдагдаж байгаа болоод тэр гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Хэдийгээр 2008 оны санхүүгийн хямралын уг шалтгааныг АНУ 80-аад оны сүүлээр орлого багатай иргэдийг орон сууцжуулах зорилгоор банкуудаар дамжуулж хэт бага хүүтэй зээл олгож эхэлсэнтэй, тэр бодлого нь зах зээлийн бодит нөхцөлтэй уялдаагүйгээс шалтгаалсан,  ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн захын хямралаас үүдсэн гэдэг ч, нөгөө талд компаниуд засаглалын зарчимаа барьж ажиллаагүйтэй нь холбож харах ёстой юм. Найман онд Холбооны Засгийн газар моргейжийн зээл олгож байсан “Fannie Mae & Freddie Mac”-ийг дампуурлаас аварсан ч, хөрөнгө оруулалтын топ банкуудын нэгд зүй ёсоор багтаж байсан Lehman Brothers 48-хан цагийн дараа дампуурч, араас нь бусад нь дагаснаар хямрал нэгэнт нүүрлэчихээд байгааг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн.
 
Тэгвэл Lehman Brothers нь эрчим хүчний акул байсан Энрон корпорацийн   дампуурал эхэлж байсан 2000 онд мөн л аудитын Артур Андерсентэй хуйвалдагчдын нэгээр тодорч байсан байдаг. Ерөнхийдөө дампуурсан болоод аврагдаж үлдсэн банк, компаниудын дунд санхүүтэй холбоотой буурсан мэдээллээ дарсан нь, худал мэдээлэл гаргасан нь олонх. Зээлийн хэмжээтэй холбоотой мэдээллийг дарсан, хөрөнгө оруулагчдад чанаргүй зээлийн баталгаа гаргаж өгсөн, компанийн санхүүгийн уналтыг нуусан, бодит хөрөнгийн хэмжээгээ өсгөж мэдээлсэн,   тайлан балансаа цагт нь, зөв гаргадаггүй, ТУЗ дээр төвлөрч байх ёстой үйл ажиллагаа нь Гүйцэтгэх удирдлага дээр төвлөрчихдөг зэрэг олон асуудал нь компанийн мэдээллээ ил тод, нээлттэй, санхүүгийн тайлангаа үнэн зөв байлгах ёстой гэсэн хууль ёсны шаардлагаас гажиж ирсэний илрэл юм. Мөн аливаа компани, байгууллагын санхүүгийн үнэн бодит байдалд хяналт тавих үүрэгтэй аудиторууд ч шударга бус байдал гаргаж ирсэний балаг нь дэлхий дахины эдийн засагт муу нөлөөллийг үзүүлж ирсэн гэхэд болох юм. Тэрчлэн хэрхэвч хуйвалдаж болохгүй компани болоод аудитын байгууллагын хэт дотно харилцааны бодит үр дүнгүүдийн нэг гэгддэг Энрон болон Артур Андерсены тухай товч өгүүлье.
 
                             “Артур Андерсен” өөрийгөө залгисан уу?
 
“Артур Андерсен”-ыг Энрон залгичихсан гэх нь бий. Тэгвэл бодит байдал дээр юу болсон юм бол гээд нэг хараадахъя.
 
Энрон, Уорлд Ком гэхчлэн томоохон компаниуд АНУ-ын санхүүгийн түүхэнд бичигдэн үлдсэн их дампууралд хүрэхэд нэмэр болсон нэг тал нь аудитын Артур Андерсен компанийг хэмээн шүүхээс үзсэн байдаг юм. Компаниуд санхүүгийн мэдээллүүдээ хуурамчаар гаргасан байхад, аудиторууд компанийн санхүүгийн үнэн бодит байдалд хүчирхэгээр, хараат бусаар хяналт тавьж чадсан бол нөхцөл байдал өөрөөр эргэж болох байж хэмээн үзсэн гэсэн агуулгатай. Өмнө нь төрийн мэдэлд байсан, Жорж Бушийг ивээн тэтгэсэн хэрэгт сэжиглэгдэж байсан Энрон корпорацийн санхүүд хүндхэн асуудал үүсчихээд байхад 1813 онд байгуулагдсан, Америкийн топ 5 аудитын үйлчилгээ үзүүлэгчдийн нэг Артур Андерсены аудиторууд тэрийг нь олж хараагүй өнгөрчихсөн гэдэгт Холбооны шүүх итгээгүй. Олж илрүүлээгүйнх нь цаад шалтгаан нь хуйвалдаан байсан гэдэгт Холбооны шүүх эргэлзээгүй. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй Артур Андерсен 110 тэрбумаар үнэлэгдэх Энроны булхайг мэдээгүй өнгөрөх учиргүй гэж үзсэн.
 
Холбооны шүүхийн Аудитын заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Харин WorldCom Inc, Sunbeam, Lehman Brothers, Tyco International, Global Crossing, Adelphia Communications, Waste Management, Washington Mutual зэрэг олон компанид аудит хийхдээ асуудал гаргасан гэх хэл аманд орооцолдсон Артур Андерсен компанийн зүгээс Энронд хууртагдсан хэмээн тайлбар хийсэн байдаг. Улмаар буруутаад ирэхийн цагт Энроныг шүүхэд өгсөн ч, Холбооны шүүх өршөөгөөгүй юм.
 
Артур Андерсены удирдлагууд Энрон корпорацийн Ерөнхийлөгч Жеффри Скилли, Санхүү хариуцсан захирал Эндрю Фастоу болоод түүний эхнэр Лиа Фастоу нарын удирдлагуудтай хамт хэрэгт татагдсан юм. Энрон болоод Артур Андерсены хууль бус хамтын ажиллагааны уршигаар Энроны дампуурах зам шулуудсан бол Артур Андерсен ч дампуурахаас өөр гарцгүй болсон. Гэхдээ өдгөө энэ нэрээрээ дахин байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэрбум, тэрбумаар хэмжигдэх долларын алдагдалтай ажиллаж байгаагаа нууж, нөхцөл байдлаа сайн байгаа мэтээр бусад талуудад ойлгуулж, Голдман саксаас 200 сая ам.долларын үнэт цаас гаргуулж, түүгээрээ хэд хэдэн газарт барьцаа хийн, залилсан хэргийг Энроны удирдлагууд болох эхнэр, нөхөр Фастоутой шууд холбодог. Нөхөр Эндрю нь ч хэдийнэ буруудчихсан. Харин Энроны Ерөнхийлөгч Жеффри Скиллиг шүүх гэм буруугүй гэж үзсэн. Бусад удирдлагууд нь ч гэмгүй салж байгаа нь өнгөрсөн жилүүдэд араасаа асуултын тэмдэг дагуулж ирсэн юм.
 
Ямартай ч, энд нэр нь дурдагдаж буй компаниудын хууль бус үйл ажиллагаа дэлхий дахинд сэрэмж дагуулсан. Энрон, Уорлд Ком болон Артур Андерсен компанийн олонд илчлэгдсэн хуйвалдаан нь олон улсад санхүүгийн тайланг баталгаажуулах үүргийг СEO, СFO болон гадаад аудиторуудад даалгахаас гадна жил болон улирал бүрийн санхүүгийн тайлан, тодруулгад ТУЗ-ийн дарга, эсвэл аудитын хорооны дарга, эсвэл дотоод аудитор шалгаж, баталгаажуулдаг байх шаардлагыг бий болгосныг нэг талаас өндөр үнээр ирсэн сургамж гэж харахад болохоор. Тэгвэл манай тухайд компанийн үйл ажиллагаанд тавигдах аудитын хяналттай холбоотой ямар асуудлууд байгааг түрүүчээс нь тодруулъя.
 
                              Хууль зөрчихөд “хэлбэр” буруутай юу?
 
Компанийн үйл ажиллагаанд тавигдах аудитын хяналттай холбоотойгоор засч, залруулах, өөрчлөх ёстой цөөнгүй асуудал байгааг өгүүлэх байна. Монголын компаниудын засаглалыг сайжруулах асуудал нь Компанийн тухай хуулиар бүрэн зохицуулагдах ёстой. Дэлхийн банкнаас 2007 онд манай улсын компаниудад засаглал нь ямар төвшинд байгааг судласан байдаг. Судалгаанд OECD буюу Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас гаргасан Олон улсын хэмжээнд Корпорацийн Засаглалыг тооцохдоо ашигладаг  “Корпорацийн Засаглалын талаарх үнэлгээний загвар”-ын 30 гаруй үзүүлэлтийг ашиглажээ. Харин судалгааны хариуд манай компаниуд тэдгээр үзүүлэлтийн хоёрыг нь бүрэн хэрэгжүүлсэн долоог нь огт хэрэгжүүлээгүй, бусдыг  нь хагас дутуу хэрэгжүүлж байгаа ,    ерөнхийдөө Компанийн засаглалын зарчмуудыг дунд зэргээр дагаж мөрдөж байна гэсэн хариу гарчээ.  Онц чухал анхаарах ёстой асуудлуудад хувьцаа эзэмшигчдийн эрхийг тодорхойлох хууль тогтоомж, мэдээллийг нээлттэй болгох, ил тод байдлыг сайжруулах шаардлага байгааг онцолсон байдаг.
 
Харин хагас дутуу хэрэгжүүлж байгаа үзүүлэлтүүдийн нэг нь аудитын хяналттай холбоотой байсан.Тэрчлэн Компанийн холбогдолтой мэдээ мэдээлэл ерөнхийдөө найдвартай бус, хууль ёсны аудиторууд хараат бус бие даасан байдлаар ажлаа гүйцэтгэх боломжгүй байна гэж үзсэн. Энэ нь компанийн аливаа мэдээллийг нээлттэй болгох боломжийг бууруулж байгаа тухай тэмдэглэсэн байдаг юм.
 
Тэгвэл Компанийн тухай шинэ хуулийн Арвангуравдугаар бүлгийн 94 дүгээр зүйлд Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих аудиторын хяналтын талаар нилээд сайн тусгаж өгсөн байгаа юм. Тухайн компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитын байгууллагыг томилон ажиллуулж болохоос гадна ямар этгээдийг аудитороор ажиллуулж болохгүй вэ гэдгийг ч сайн ялгаж, зааглаад өгсөн байна. Хэрэв шинэ хуулийг дагавал хууль ёсны аудиторууд хараат бус бие даасан байдлаар ажлаа гүйцэтгэх боломж  бүрдэх магадлал өндөр байгаа юм. Гэтэл манай тухайд хуулийг зөрчиж байгаа баримт байна.   
 
Компанийн тухай хуулийн 94.13.1.-д зааснаар компанийн нэгдмэл сонирхолтой этгээд, компанийн эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд, компанийн буюу нэгдмэл сонирхолтой компанийн хөлсний ажилтан, эрх бүхий албан тушаалтан бол; Компанийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн гаргасан үнэт цаас, эсхүл компанийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдэд холбогдох бусад эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх эзэмшдэг бол; Аудитын үйлчилгээ үзүүлэхээс бусад асуудлаар компанитай хэлцэл хийсэн этгээд  тухайн компанийн аудитороор ажиллах боломж хуулиараа хаалттай гэж байгаа.
 
Харин аудитороор ажиллах эрхгүй Компанийн эрх бүхий албан тушаалтан гэдгийг мөн хуулийн 84.1-т Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гээд заачихсан байгаа юм.
 
Гэтэл манай улсын компаниуд Компанийн тухай хуулиа, тэр дотроо аудитын хяналттай холбоотой заалтыг зөрчиж байгаа тухай  М-Си-Эс Группын жишээн дээр тулгуурлан хүргэе.
 
М-Си-Эс группд  дотоодын аудит байгаа нь сайн хэрэг ч,   Аудитын удирдагч нь М-Си-Эс группын санхүү хариуцсан ерөнхий захирал А. Ганхуяг, гишүүд нь М-Си-Эс Группын дэд ерөнхийлөгч Л. Гантөмөр, М-Си-Эс Группын аудитор О.Чимгээ нарын хүмүүс байна.
 
Эндээс харахад Санхүү хариуцсан захирал гэдэг нь Компанийн тухай хуулиар бол Компанийн эрх бүхий албан тушаалтанТэгэхээр дотоод аудит ч, хуулиар бол ийм албан тушаалтан нь аудит хийх, аудитыг удирдах эрхгүй,  шинэ хуулийн 94.14.-д заасны дагуу бол М-Си-Эс группын дотоод аудитын багийн  аливаа үнэлгээ, дүгнэлт хүчингүй юм байна.  Дотоод аудит гэдэг нь төрийн болон компанийн албан хаагчид төрийн болоод компанийнхаа өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянаж байх давхар хяналтын систем.  Санхүүгийн үйл ажиллагаа нь үнэн зөв явагдаж байгаа эсэхэд хяналт тавина гэсэн үг.  Тэрчлэн аудит нь  компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт үнэн зөв эсэх; нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалт зохих журмын дагуу хийгдсэн эсэх, зөрчил илэрвэл уг зөрчлийг тохиолдол тус бүрээр тодорхойлох үүрэгтэй. Харин компанийн эрх бүхий албан тушаалтны хийсэн аудитын дүнд бүрэн итгэх бололцоогүй гэсэн үг.  
 
Хэдийгээр М-Си-Эс Групп нь хэлбэрийн хувьд ХХК, эхэнд өгүүлсэнчлэн цөөн хувьцаа эзэмшигчтэй олон хүнээс мөнгө татах шаардлагагүй мэт ойлголтыг төрүүлдэг ч, хөрөнгө мөнгө нь илүүдсэн компани өнөөдөр монголд байгаа гэдэг нь эргэлзээтэй. Ерөөс бага зардлаар томоохон хэмжээний хөрөнгө татахад компанийн засаглалын ач холбогдол оршдог гэдэг. Засаглал сайтай компани аливаа эрсдэлийг давж гарах дархлаа сайтай байдаг гэдэг. Тэрчлэн манай компаниуд  хөрөнгө оруулалтынхаа 90 гаруй  хувийг гадаад, дотоодын банкуудаас татаж байгаа. Өндөр хүүтэй зээл авч байна.  Гэтэл хувьцаагаар буюу хамгийн хямд зардлаар хөрөнгө татах боломж бий. Харин хямд хөрөнгө оруулалтыг татахын тулд компанийн хэлбэр өөрчлөгдөх,  хувьцааныхаа тодорхой хувиар мөнгө босгох шаардлага гарч ирж байна.  М-Си-Эс-ийн хувьд ч хэдийнэ энэ шаардлагын дагуу явж байгаа. Уул уурхайн компани нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж ихээхэн хэмжээний мөнгө босгоод байгаа нь тод жишээ.
 
Цаашлаад бусад олон компаниудын тухайд хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татъя гэвэл компанийн засаглалаа сайжруулах ёстой. Хэлбэрийн хувьд ХХК байна гэдэг нь  компанийнзасаглалын зарчимаас гажих ёстой гэсэн үг биш. Тухайн компани нийтэд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, олон компаниудтай харьцаж байгаа, мянга, мянган ажлын байрыг бий болгож,улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруундаа үүрч байгаагийн хувьд гавьяатай ч, аливаа компани ашгийн төлөө л явдаг. Олж байгаа учраас ч оршин тогтнодог. Тэр ч хэрээрээ нийгэмдхүлээх хариуцлага гэж бий. Мөрдөх ёстой хууль гэж байдаг.
 
Э.Болорхажид

No comments:

Post a Comment