Thursday, March 15, 2012

Саарал шинелээ тайлаагүй буурал найз минь хаана явна...

                                                                              “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 91 жилийн ойд
 
Алс тэртээ цэнхэрлэн үлдсэн өнгөрсөн зуунд цэрэг эрсийн сэтгэл зүрхэнд хадагдан үлдсэн “Дайчин нөхрийн дуу”-г алдарт яруу найрагч, их хүмүн Ч.Чимид Морин цэргийн домогт комиссар Д.Пэлжээд зориулан бичиж байсан юм. Цагийн тоосонд дарагдаж, шарласан хуудас нь сэмэрч одоогүй эл дууг чухамхүү “Монгол цэргийн өдөр”-т зориулан аялмаар санагдав.
 
Дарийн утаа үнэрлэж, исгэрэх сумнаас зайлахдаа энэ биеэ гэхээсээ эх орноо бодон зөрж явсан идэр Монгол цэргүүд өдгөө, буурал түүхийн гэрч болон үлджээ. Өвгөн улиас шиг аажмаар бөхийсөн ч эргүүлсэн сэлэмнээс нь энхийн салхи сэнгэнэж, элэгдэж мөлхсөн газрын тоос эх нутгийнх нь зүг хуйларч байсан 1939, 1945 оны дайны хүнд жилүүдийг мартаагүй байгаа, тэд.
 
Эх орноо батлан хамгаалах үйлсэд энэ биеэ хайрлахгүй, эр зориг гарган тулалдаж асан тэдний ихэнх нь үрэгдсэн ч цөөн тооны “Өвгөн улиас” одоо энх тунх бий. Тэдний энгэрт гялалзах одон тэмдэг, медаль сэлтийг харахад л түмэн түүх өгүүлдэг.
 
Намрын халуун өдрүүдэд ангаж цангахыг үл тоон Цахарын цөлийг туулж, даарах ядрахыг ч ажрахгүй Хянганы нурууг давж, мянга гаруй км элсэн цөл дундуур буу зэвсэгээ үүрэн, техникээ түрэх газар нь түрж, тээвэрлэх газар нь тээвэрлэж эзлэн түрэмгийлэгчдээс эх орон, туурга нэгт түмнээ аврахаар хөлсөө дуслуулан, цусаа урсгаж явсан эр зоригийн бахархал бол МОНГОЛ ЦЭРЭГ байлаа.
 
1939 оны Халхын голын дайнд Орос, Монгол цэргүүд тулалдаж байсан бол 1945 оны чөлөөлөх дайнд Монгол улс Орос, Хятад гэх хоёр их гүрэнтэй хамтарч Японы түрэмгийллийг бут цохисноор Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж чадсан юм. Энэ бол энх цагийн баатрууд болсон МОНГОЛ ЦЭРГИЙН түүхэн гавъяа байлаа.
 
Түүгээр ч зогсохгүй Монгол Улс ялагч гүрнүүдийн эгнээнд багтаж, олон улсын тавцанд тусгаар улс гэдгээ батлан харуулсны дээр өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, аюулгүй байдлаа улам бататгаж, Монголын орчин үеийн цэрэг, армийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Энэ бол эдүгээ цагийн Зэвсэгт хүчний “Өвөг” МОНГОЛ ЦЭРЭГ юм.
 
Эх орны чөлөөлөх дайнд мордсон МОНГОЛ ЦЭРГҮҮД ялалтыг хичнээн халуун амиар сольж, асар их үнээр авсандаа биш, харин эх орон гэдэг хичнээн үнэ цэнэтэй гэдгийг ирээдүй хойч үеийнхэндээ мэдрүүлснийг Монгол улсын болоод Монгол цэргийн түүх мартах учиргүй.  
 
Түүхэн их үйл явдлыг дархлан мөнхжүүлж, Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Орос, Тусгаар улсуудын баатар зоригт дайчин, эрэлхэг цэрэг эрсээ монгол түмэн үеийн үед санан дурсаж, гавъяат үйлсээр нь бахархаж байх болно.
 
Эх орноо хамгаалах их үйлст мордож асан Монгол цэргүүдээс гайхамшигт манлайлан удирдагчид хэдэн арваараа төрснийг түүх гэрчилнэ. Бас өдгөө Азийн цээжинд, эх дэлхийн зүрх нь болон цохилж буй Монгол улсыг харийн түрэмгийллээс хамгаалах Зэвсэгт хүчний дайчдад юугаар ч үнэлэшгүй үлгэр жишээ, үнэт капитал болон сэтгэл зүрхэнд нь оршсоор байгаа гэдэг нь эргэлзээгүй. Эцэг эх, уул ус, эх орон амгалан тайван байх энэ цагийг ирээдүй хойч үеийн эзэн нь болсон бидэнд халуун амь, бүлээн цусаараа сольж авчирсан буурал түүхийн эздийг үеийн үед магтан дуулах болно. 
1921 оны Ардын хувьсгалын дайн, тулаанд гарамгай байлдсан 13 хүнд 1922-1924 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр чимэгтэй болон чимэггүй баатар цол шагнав. Энэ нь Зоригт баатар Д.Сүхбаатар, Ардын Хатан баатар Г.Магсаржав, Хурц баатар М.Дугаржав, Зоригт баатар Б.Батжаргал, баатар Ө.Пунцаг, Г.Бүргэд, У.Жамбал , Д.Жамц, Н.Лаасаг, Г.Ойдов, Ж.Сэрээтэр, Д.Цэвээндорж, н.Чулуун нарын 13 байдаг.
 
Үүний дараа 1936 онд УБХТ-чид, Ардын Сайд нарын Зөвлөлөөс цэргийн дээд алдар Улсын баатар цолыг бий болгожээ. 1936-1939 онд Улсын баатар цолыг 4 хүн хүртсэн нь Улсын баатар Ш.Гонгор, Ц.Олзвой, Агаарын зоригт баатар Д.Дэмбэрэл, Гарамгай баатар Л.Дандар нар авсан байжээ. 
Түүнчлэн 1941-1945 онд мөн 4 хүн Улсын баатар болсон юм. 1941 онд Х.Чойбалсан Шалгарсан баатар, 1945 онд Улсын хошой баатар, 1945 онд Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил нар Улсын баатар цол хүртсэн.
 
Харин 1964 онд Л.Гэлэгбаатар, 1965 онд Ч.Шагдарсүрэн, 1966 онд Ю.Цэдэнбал, 1969 онд Ч.Дугаржав, Д.Хаянхярваа, 1971 онд Д.Нянтайсүрэн, 1973 онд Д.Самдан, 1975 онд М.Жанчив, 1979 онд М.Экей, 1981 онд Ж.Гүррагчаа, Б.Цог, 1984 онд В.Шарав, 1985 онд Т.Дүүдэй, 1989 онд Ж.Лхагвасүрэн Улсын баатар болжээ. Дашрамд хэлэхэд Ю.Цэдэнбал, Ч.Дугаржав, Д.Хаянхярваа, Д.Нянтайсүрэн, Б.Цог, Т.Дүүдэй нараас бусдад нь энэ эрхэм дээд алдрыг нэхэн олгосон түүхтэй. Энэ нь эх орноо хамгаалах үйлсэд Монгол цэргийн ид хавыг гаргаж бусад дайчин нөхдөө уриалан дуудаж, эрэлхэгээр тулалдаж, байлдааны уран чадварыг харуулан дайсныг хиар цохиж байсан түүхэн гавъяаг нь үнэлсэн хэрэг.
 
Хожим нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1944, 1947 оны баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцож эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахад амь биеэ үл хайрлан, эрэлхэг зоригтой, баатарлагаар тулалдсан түүхэн гавъяаг нь өндрөөр үнэлж Дугарын Гунгаад Монгол Улсын “Баатар” цол олгож, Сүхбаатар одон, “Алтан таван хошуу” медалиар шагнасан юм. 

Эх орноо батлан хамгаалах, харийн халдан түрэмгийлэгчдийг бут цохих эрхэм үйлсэд ахмад дайчин Д.Гунгаагийн оруулсан хувь нэмэр, байгуулсан гавъяа их. Дайнд оролцогсдын Монголын хорооны тодорхойлолтонд “ Нисэх хүчний эгнээнд дөнгөж 2 жил болж байсан 23 настай залуу нисгэгч Д.Гунгаа 1939 оны Халхын голын байлдаанд Р-5 онгоцоор шөнийн бөмбөгдөлт хийхийн зэрэгцээ, Зөвлөлтийн нисэх хороонд зохион байгуулсан сургалтаар И-15 сөнөөгч онгоц эзэмшин, Отрядын дарга болж, Зөвлөлтийн алдарт нисгэгчдийн хамт 8 дугаар сарын шийдвэрлэх давшилтад амжилттай оролцож, эх орны зоригт шонхоруудын нэг болохоо харуулж, дайн дууссаны дараа нисэх 1-р хорооны бүрэлдэхүүнд шинээр байгуулагдсан сөнөөгч онгоцны эскадрилийн даргаар ажилласан байсан бахархам түүхтэй.
 
Тэрээр 1944 онд Булган голын савд үүрлэсэн гоминдааныханд цохилт өгөх анхны бөмбөгийг хаяж, радио станцыг нь ганц бөмбөгөөр сөнөөх үүргийг биелүүлж, бүх цэргийн жанжин штабын даргад сайшаагдаж байсан “түүхэн” хүмүн. Энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд тэрээр Монголын иргэний агаарын тээврийн тулгын чулууг тавилцаж гал голомтыг нь бадраасан гавъяатай нэгэн гэдгийг Батлан хамгаалах салбарынхан төдийгүй эх орон даяар мэдэх билээ.
 
Нас залуу, эр зориг, эрдэм ухааныг цогцлоосон МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙН байгуулсан гавъяаг бахдан дурсах учрыг тоймловол ийм. Бахархахгүй, бардахгүй, өмрөхгүй сэмрэхгүй байхын аргагүй.
 
Өдгөө эх орноо харийн түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яаманд ч түүхийн шаргал хуудаснаа нэрээ үлдээж буй олон аавын хүү бий. Хүссэн болгон хүлээж чаддаггүй “Эх орноо хамгаалах эрхэм үүрэг”- чухамхүү хаттай аавын галтай хүүд “ногддог” хувь заяа гэлтэй.
 
Тийм ч учраас өдгөө Монгол цэргүүд Чад, Судан, Афганистан,Сьерра-Леон, Иран зэрэг дэлхийн халуун цэгүүдэд очиж  энхийг сахиулах их үйлсэд гар бие оролцож эрдэм ухаан, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвартай гэдгээ нотлон харуулж буй.
 
Монгол цэргүүд хилийн чанадад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш энхийг сахиулагчид дэлхийн 10 гаруй оронд үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээ бий. Энхийг сахиулагчдыг Сьерра-Леон улсад үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо хүрэлцэн ирж төрийн дээд одон медалиар энгэрийг нь мялааж байсан нь Төр засаг хийгээд Батлан хамгаалах яам, ЗХЖШ цэргийн эрдмийг тэсвэр хатуужлаар төдийгүй урмаар тэтгэж  цэргийн эрдэмд сургаж болдгийн жишээг харуулсан нь Монгол цэргийн удирдагчын уран ухааных гэлтэй.
 
Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах явдал мөн хэмээн хуулинд заасан байдаг.
 
Мөн тайван цагт Эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах, Улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих, Гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад туслах, Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх, Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад дэмжлэг үзүүлэх, Улсын онц чухал объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тусалцаа, дэмжлэг үзүүлэх, Энхийг сахиулах олон улсын хамтын ажиллагаанд оролцох, Аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах зэрэг үүргийг хүлээж ажилладаг.
 
Харин Хуулиар тогтоосон бусад үүрэг гүйцэтгэхдээ Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь түүний тайван цагт болон дайны байдлын үед гүйцэтгэх үүрэгт зохицсон байх, Зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх, Зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг төрөөс баталгаажуулах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэрэг татлагаар болон гэрээгээр сайн дурын үндсэн дээр нөхөн хангах, Цэргийн албан хаагч бүр цэргийн мэргэжилд заавал сурах зэрэг үүргийг хүлээдэг. Тиймээс Монгол улсын Зэвсэгт хүчин төгс байх ёстой. Энэ л төгс төгөлдөр цэрэгжилтийн мэргэжлийн ур чадварыг тэлэх, туршлагажих боломжийг гадаадад энхийг сахиулахаар явж байгаа манай дайчид “олзолж” буй.
 
Эл бичвэрийг өндөрлөхөөс өмнө ЭХ ОРОН гэх энэ хоёрхон үгнээс хорвоо эхэлж, хойноос нь МОНГОЛ ЦЭРЭГ гэх үг хоршиж явах учиртай гэдгийг сануулъя.
 
Ж.Нарангарав

No comments:

Post a Comment