Thursday, March 22, 2012

Мессежний англи хэлтнүүд

Социализмын үед үзэл сурталтнууд хүн бүрийг орос хэл сурах ёстой гэж дүрэмддэг байсан түүхтэй. Түүнээс болсон уу, оросоор хазгай муруй ч болов ярьдаггүй бол хүн биш болж хувирах шахаж байж. Нийгэм тэр чигээрээ орос хэлээр амьсгалж, "бүжиглэх үү" гэж асуухын оронд "танцлах уу" гэж маягладаг байсан нь саяхан.
Харин одоо бол англи хэлийг шүтэгчид олширчээ. Англиар 100 үг мэдэхгүй, хазгай муруй ч болов ярьдаггүй, уулзаад салахдаа "Good bye" гэж хэлдэггүй хүн бол "онигоо" болохдоо тулж Хүүхдүүд хэлд орохдоо "hi" гэж хэлэх нь холгүй байна. Тэр хэрээрээ монгол хэлний дархлаа "сульдаж" харь хэлний эд эсүүд эх хэлийг минь эзлэх нь бололтой. Яах вэ, тэр англи хэлээ бүрэн гүйцэд эзэмшээд, өөртөө ашиглаж, боловсорч байгаа хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Гэхдээ түүний хажуугаар өөрийгөө мундаг гадаад хэлтэй гээд итгэчихсэн мессеж, мессенжерийн англи хэлтнүүд Монголоор дүүрэх нь.

Гар утас гарч, мессеж бичдэг болсноор "сайн байна уу" гэдэг сайхан мэндчилгээ "халаагаа өгөх"-дөө тулаад байна. Бүгд бие бие рүүгээ галигийн англи хэлээр мэндэлж, харилцдаг болж. Дээрээс нь мессенжер нэрмээс болж эхлээд багагүй хугацаа өнгөрөв. Саяхан нэг хурал дээр гайгүй цэмцгэр байрын залуутай зэрэгцэж суулаа. Нэлээд шаггүй боловсролтой нь аяндаа л мэдрэгдэж байв. Гэтэл өнөөх чинь хүний лекц тэмдэглэхдээ мессежний ангил үсгээр бичээд байна шүү. Тэгснээ "Дандаа англиар бичсээр байгаад сурчихаж" гэж тэнэгтдэг байгаа.

Бүр тодорхой хэлбэл, мань нөхөр "эрх мэдэл" гэдэг үгийг мессеж бичиж байгаа юм шиг "erh medel" гэж биччихээд, түүнийгээ англи хэлээр бичсэн гэж эндүүрээд байхгүй юу. Энэ бол захын л жишээ. Үүн шиг мессеж бичиж байгаагаа англиар бичиж, харилцаж байна гээд ойлгочихсон гог хэлтнүүд хаа сайгүй байна. Хамгийн инээдэмтэй, эмгэнэлтэй нь түүнийгээ англи хэл сурчихсан, бичиж чаддаг гэж бат итгэчихсэнд л байгаа юм. Тэр ч битгий хэл компьютер дээр кириллээр бичиж чаддаггүй, огт сураагүй гээд месежний англи үсгээр бичиж "таашаал авагчид" олон байна. Яг үнэндээ манай улсад мессежний англи хэл гэдэг шинэ бичиг соёл үүсээд байгааг энэ мэт жишээ харуулна.

Энэ өвчин аль 2000 оны эхэн үед манай улсад дэлгэрч, жилээс жилд залуу үе, хүүхдүүдэд халдаж байна. Тэр хэрээрээ гог хэлтнүүд олширсоор. Гог хэлтэн гэдэг бол монголоо ч, англиа ч мэддэггүй "хэлгүй" хүмүүс гэсэн үг. Монгол хэлний эрдэмтэд сүүлийн үед талцаж байгаад маргалдаж байна. Хэлний дархлаа устлаа, сурагчид монгол хэлний хичээлд дургүй болсон гэдгийг амаа цангатал ярьж байна. Харамсалтай нь энэ тал дээр арга хэмжээ авч, дорвитой ажил хийж байгаа нэг ч хүн алга. Тэр ч битгий хэл холбогдох албаныхан нь өөрсдөө "hi" гэж мессежээр мэндэлж байгаа юм чинь.

Зөвхөн мессежээр ч биш зүгээр таарахдаа "hi, yu bna" гэх нь холгүй байна шүү дээ. Уг нь манайхнаас өөдтэй улс байсан бол ганцхан шийдвэр гаргаад, энэ байдлыг бага ч болов засчих байсан юм. Ердөө үүрэн телефоны операторуудад үүрэг өгч, кирилл монгол хэлээр бичиг захидал бичдэг болгочих л доо. Тэгэхэд бид "сайн байна уу" гэж мессеж бичнэ шүү дээ. Одоо ч ийм өөрчлөлт хийхэд оройтоогүй байна. Ядаж л төрөлх хэлээрээ "сайн байна уу" гэж мэндэлж байя даа. Тэглээ гээд боловсролгүй, мэдлэггүй харагдах нь юу л бол.

Н.ПУНЦАГБОЛД

No comments:

Post a Comment