Saturday, May 26, 2012

Энэ зун үзэх ёстой 15 кино

Бокс Оффисын их тулааны улирал аль хэдийн эхэлчихсэн. Кино фанат бүсгүйчүүдийн маань энэ зуны “watchlist”-д ямар бүтээлүүд багтсан байх ёстой вэ?
1. “Цасан цагаан ба анчин”
Гол дүрд: Кристен Стюарт, Крис Хемсвөрт, Шарлийс Терон, Айн МсШейн
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 6 дугаар сарын 1
Үлгэр уруугаа харжээ. Хорон санаат хатан Равеннагийн даалгавраар харанхуй ой руу орж Цасан цагааныг хөнөөх ёстой байсан анчин эр тушаалаа умартан, шөнөөс хар үстэй, цуснаас улаан уруултай залуу охинд дайчны ур чадвараасаа заан сургах болно. Английг эзэрхийлэхээр завдсан охидын гоо үзэсгэлэнг шимэгч хатан хааныг зогсоож чадах хүн Цасан цагаанаас өөр үгүй. Ид шидийн хүүхэлдэйн кино хэрхэн зөгнөлт, адал явдалт дэлгэцийн бүтээл болсныг хараарай.
2. “Мадагаскар-3” 
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 6 дугаар сарын 18
Арслан, анааш, усны үхэр, тахь 5-ын нөхөрлөл төрсөн нутаг руугаа буцах аялалаар үргэлжилсээр. Энэ удаад салаа зам тэднийг Европ луу аваачна. Тэнд 5 найз болон пенгвинүүд Сибир арслан Витали, Gia ягуар, Стефано далайн хав нартай хамтдаа амьтан сургагчаас зугатааж, Лондонд өөрсдийн амьтдын циркийг бий болгох болно.
3. “The Avengers” 
Гол дүрд: Роберт Дони, Крис Эванс, Самуэл Жэксон, Марк Руфалло, Скарлетт Йоханнсон
Нээлтээ хийсэн өдөр: 2012 оны 5 дугаар сарын 4
Комик номны шилдэг баатрууд нэгдэж, Америк орныг аврахаар зэхэж байна. Iron Man, Thor, Captain America, Black Widow, The Hulk. Тэд бүгд дэлхийг эзлэхээр заналхийлсэн Скраллын армийг дарах зорилготой.
4. “Эрин үеийн рок” 
Гол дүрд: Диего Гонзелас Бонета, Жулианна Хоф, Том Круз, Алек Балдвин
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 6 дугаар сарын нэгэн
1980-аад оны классик рок хитүүдээс бүтсэн хөнгөн чанарын мюзикл. Хэрвээ чи глэм металл урсгалыг сонсдог, амьд хөгжимд дуртай бол энэ киног үзэхээс өөр аргагүй. Киноны үйл явдал The Bourbon Room баранд өрнөх ба тэнд дурлалцах залуу хос, сүүлийн тоглолтоо тавьж буй хөгшин рокер (Том Круз)-ын эргэн тойоронд болно. “Үсний лак” мюзиклийн найруулагчийн бүтээл юм.
5. “Хар сүүдэр” 
Гол дүрд: Жонни Депп, Клое Моретз, Элена Картер
Найруулагч: Тим Бюртон
Нээлтээ хийсэн өдөр: 2012 оны 5 дугаар сарын 12
Барнабас бол 1752 онд цус сорогч болж хувираад, өөртөө дурласан шулмасыг тоогоогүйгээсээ болоод амьдаараа газар булшлагдсан нэгэн. Тэр 1972 онд арай хийн буцаж сэргээд эдлэн газартаа иртэл түүнийг хар нууцтай хамаатнууд нь эзэлсэн гэдгийг олж мэднэ.
6. “Жирэмсэн байхдаа юуг мэдэж байх ёстой вэ?” 
Гол дүрд: Камерон Диаз, Женнифер Лопез, Элизабет Бэнкс, Анна Кендрик
Нээлтээ хийсэн өдөр: 2012 оны 5 дугаар сарын 11
Эцэг эх болохоор зэхэж буй 4 хосын амьдралыг харуулсан хөнгөхөн, романтик кино. Жэй Ло гадаадаас хүүхэд үрчлэн авах гэж байгаа ээжийн дүрд тоглосон. Бэнкс бол өөрөө жирэмсэлж үзэхээсээ өмнө яаж сайн ээж байхаа ойлгосон эмэгтэй. Кэндрик харин хүнсний ачааны тэрэгний жолооч хуучин найз залуутайгаа унтаад жирэмсэн болчихсон залуу бүсгүй. Valentine’s Day киноны найруулагчийн бүтээл энэ кинонд олон алдартай эмэгтэй жүжигчид нэг дор тоглосноороо, мөн нэг их хөндөгдөөд байдаггүй сэдвийг сонгож авснаараа онцлог болсон. Дашрамд, тус киног Кирк Жонесын яг ийм нэртэй номноос сэдэвлэн бүтээжээ.
7. “Хар хувцастнууд-3” 
Гол дүрд: Вилл Смит, Томми Ли Жонез, Жош Бролин, Рип Торн, Эмма Томсон
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 5 дугаар сарын 25
Зоригт Вилл Смит, Томми хоёр эргэн ирлээ. Энэ удаад Вилл Смитэд 60-д он луу цаг хугацааны төхөөрөмжөөр аялаж, залуу агент К-г хамгаалах үүрэг ноогдоно. Энэ кинонд дуучин Николь Шерцингер муу санаатны дүрийг бүтээж байгаа юм байна. Хар хувцастнуудын эхний анги гарснаас хойш 10 жил өнгөрсөн ч, Вилл Смит огтхон ч хөгшрөөгүй хэвээрээ.
8. “Энэ чинь л миний хүү дээ” 
Гол дүрд: Адам Сэндлэр, Энди Сэмбэрг, Лейтон Мийстер, Жеймс Кан
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 6 сарын 15
Бүх хүүхдэд өсвөр насны шохоорхол гэж бий. Гэхдээ Доннигийн шохоорхол хэрээсээ хэтэрчихжээ. Сургуулийнхаа багштай унтсанаас болоод, тэр өөрөөсөө 12-хон насаар дүү хүүтэй болж орхино. 30 жилийн дараа Адам Сэндлэр хүүгийнхээ хуримын өмнөх өдрүүдэд хамт амьдрахаар нүүж ороод, хамаг юмыг бусниулж орхино.
9. “Зоригтой охин” 
Гол дүрд: Келли МакДоналд, Жюли Волтерс, Били Конноли
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 6 сарын 22
Мерида бол Шотландын үлгэрийн орны хааны охин, чадварлаг нум харваач. Тэр өөрийн эх орноо аврахын тулд зориг гарган тэмцэх болно. Пиксар, Дисней хоёрын хамтын бүтээл хэзээд бидний урмыг хугалахгүй байсаар ирсэн.
10. “Хүн аалз” 
Гол дүрд: Эндрью Гарфийлд, Эмма Стоун, Райс Ифанс
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 7 сарын 3
27 настай Эндрью Гарфийлд бол шинэ Петер Паркер. Харин Мэри Жэйний дүрийг Эмма Стоун бүтээжээ. Энэ удаад Хүн аалзад Гүрвэл болон Прото Гоблинуудтай тэмцэх хэрэг гарна.
11. “Мөстлөгийн үе: Тивийн шилжилт” 
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 7 дугаар сарын 13
Усан галавын нөлөөгөөр үүссэн тивийн шилжилтийн үеэр Сид, Диего, Мэни нар гэр бүлээсээ хагацан халуун оронд очих болно. Тэнд Диего өөрийн хайртай учрахын хажуугаар далайн дээрэмчдийн бүлгэм, усны элдэв амьтадай нүүр тулж, гэр лүүгээ харих замыг хайх болно.
12. “Тед”
Гол дүрд: Марк Валберг, Мила Кунис, Сед МакФарлэйн
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 7 дугаар сарын 13
Бүгд том болдог. Теди баавгай ч бас. Жон бол чихмэл бамбаруушиндаа хайртай бяцхан хүү. Тэр нэгэн зул сарын баярын орой өөрийн бамбаруушийг амьд болоод, өөртэй нь жинхэнээсээ ярилцдаг болоосой гэж хүсэх болно. Түүний хүсэл биелж Тед амиласнаар, түүнтэй цуг өсч том болно. 27 жилийн дараа чихмэл бамбарууш, том эр хоёрын нөхөрлөл хэрхэн үргэлжлэхийг хараарай.
13. “Удирдагч” 
Гол дүрд: Саша Барон Кохэн, Анна Фарис, Бен Кингсли
Нээлтээ хийсэн өдөр: 2012 оны 5 дугаар сарын 16
“Борат” киноны найруулагчдын бүтээл. Вадияа улсын удирдагч, хүүхэд шиг, тэнэгдүү Hafez Aladeen-ы Америкт зорчсон тухай нэг талаар утгагүй ч, элэг хөшөөм инээдтэй түүх.
14. “Ромд илгээх захидал” 
Гол дүрд: Вүди Аллен, Роберто Бенигни, Пенелопе Круз, Алек Балдвин
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 6 дугаар сарын 22
“Парист өнгөрүүлсэн шөнө” киноны найруулагч бүхний хайртай Вүди Аллены дахин нэг хөгжилтэй романтик бүтээл.
15. “Степ Ап: Хувьсал” 
Гол дүрд: Кетрин Маккурник, Райн Гузмэн
Нээлтээ хийх өдөр: 2012 оны 7 дугаар сарын 27
Бүжгийн гайхамшиг үргэлжилсээр. Степ Ап киноны 4 дүгээр анги “Хувьсал” бол флэш мобын урлагаар бүжгийн ертөнцөд өөрчлөлт авчрахаар хичээж буй хэсэг авъяаслаг залуус, түүний дунд хайр дурлалдаа умбаж яваа Эмили, Шон хоёрын тухай өгүүлнэ.
Чи эдгээр 15 киноноос алийг нь зуныхаа төлөвлөгөөнд оруулсан бэ?
www.goolingoo.mn

No comments:

Post a Comment