Thursday, May 31, 2012

Т. Сосорбарам: Евро стандарт л Монголын хүн амыг эрүүүлжүүлнэ



Эдийн засгийн ухааны доктор (Ph.D.),Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Т.Сосорбарамтай Европын стандартыг Монголд “нутагшуулах” тухай ярилцлаа. Тэрээр Удирдлагын Академийн профессор бөгөөд стандарт чанарын удирдлагын багш. Монголын Чанарын Холбооны тэргүүн.

-Стандарт гэж юу вэ, манай улс хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бол?
 -Маш товчоор хэлье, бидний өдөр тутмын хэрэглээ хүнс, бараа болон техник, технологи зэрэгт хэмжээ, жин, үйлдвэрлэсэн болон хадгалах  хугацаа, бүтэц, найрлага, орц, гүйцэтгэх үйлдэл, дэс дараалал тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаарх аргыг  хэрэглэгч, үйлдвэрлэгч, эрдэмтэд сонирхогч бүхэн оролцож шинжлэх ухааны үүднээс тогтоосон баримт бичиг юм. Стандартчилал, хэмжил зүйн газар нь “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийг хэрэгжүүлдэг. Манай улс 1930 оноос барилга, түүний материал, ангийн үс, мах, тос зэрэг түүхий эдэд өөрийн гэсэн стандарт хэрэглэж ирсэн.  1938 оноос Худалдаа, аж үйлдвэрийн яаманд, 1953 оноос Улсын төлөвлөгөөний комисст Үнэ, стандартын товчоог байгуулсан. Энэ байгууллагыг 1972 оноос  яам, улсын хорооны эрхтэй болж өргөтгөн П.Жасрай, Б.Бямбасүрэн, Э.Бямбажав нар ажиллаж байсан. Дашрамд хэлэхэд сүүлийн үед хэтэрхий улс төржиж аливаа нэг сонгуульд манарч явсан нахдийг шагнал маягаар томилдог болсон.Тэд ажлын дөргүй, мэдлэггүй учраас манайд
стандартын тухай ойлголт мартагдаж, бэлгэ тэмдгийн чанартай болчихоод байна.
-Төрийн байгууллагын удирдлага улс төржлөө гэдгийг тодруулаач?
-Стандартын байгууллагад улс төржилт 1996 оноос эхэлсэн, тус байгууллагын даргын сонгон шалгаруулалт  нэг удаа  2005 онд болж, 5 хүн оролцсон, түүний  гурав нь тавьсан болзлыг нь хангаагүй нөхөд байсан юм. Шаардлага хангаагүй хоёр нөхөр ээлжлэн дарга болоод байгаа юм.
-Сүүлийн үед Европын стандартыг “нутагшуулах” тухай их ярьдаг боллоо...
-Одоогийн баримтлаж байгаа бодлого нь соц нийгмийн үеийн төрийн өмч дангаар ноёрхож бахад төр өмчдөө тавих хяналтыг хэрэгжүүлж байсан арга. Төр стандартаар дамжуулан аливаа норм, орц, хэмжээг тогтоож “Стандарт зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн уриатай байгууллага байсан. Одоо ч мөрдлөг болгосоор байна. Үүний учрыг олох гэж Үндсэн Хуулийн Цэцэд хандсан.
-Хариу нь?
-“Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг хууль тогтоогчоос эрх олгосон этгээд батлан гаргах эрхтэй бөгөөд стандартыг Засгийн газрын байгууллага батлан мөрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн.
-Одоогийн тогтолцоо зөв гэсэн үг үү?
-Тийм болж таарч байна. Ийм эрх зүйт төр бүхий, зах зээлийн харилцаатай улс орон дэлхийд манайхаас өөр алга. Энэ гажгийг засаж, дэлхийн жишигт хүрсэн Европ стандартыг Монголд шууд нутагшуулах нь зүйтэй юм. Европын холбоо нь 1998 оноос стандарт боловсруулж байсан гурван байгууллагуудын стандартыг нэгтгэсэн. Тэгээд Евронорм гэсэн нэртэйгээр Европын Холбооны гишүүн, хамтран ажилладаг  улс орнууд хэрэгжүүлээд байна.
-Стандартыг нутагшуулах гэдэг нь...
-Үндэсний стандартыг боловсруулахдаа иш татах баримт бичиг болгон ашиглах мөн шаардлагатай мэргэжилтэн, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, менежментийг цогцоор нь шинэчлэн хөгжүүлэх бодлого л доо. Манай улсын хөгжил харьцангуй хурдтай явагдаж байхад хоцрогдож байгаа “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийг хүчингүй болгож эрс шинэчлэх шаардлагатай байна.
-Манайхан чанартай бүтээгдэхүүн хэрэглэж чадаж байна уу?
-Манайхан чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь нэмэгдэж байгаа ч тэр чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн дотоодын зах зээлд дэндүү хомс. Герман улс гэхэд 35000 хол давсан стандарттай. Түүний 90 гаруй хувь нь олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Гэтэл манайд ердөө л 5500-гаад стандарттай. Түүний 40 хүрэхгүй хувь нь олон улсын стандарт боловч ихэнхийг нь сорилт, шинжилгээний аргын стандарт эзэлдэг. Харамсалтай нь Олон улсын стандартын дагуу сорилт, шинжилгээ хийдэг багаж хэрэгсэл лаборатори байдаггүй. Тэгээд ч стандартын ихэнх нь хоцрогдсон, огт хэрэглэгддэггүй үзүүлэлт нилээд байгаа нь стандарт нэртэй “цаас” гэж үзэхэд үнэнд ойртоно. Ийм байхад элдэв өнгөтэй, хямд барааг сонгох нь хэрэглэгчдийн буруу биш.
-Манай төр засгаас “нутагшуулах” асуудалд хэрхэн хандаж байна?
-Засгийн газар Европын стандартыг нутагшуулах асуудлаар ажлын хэсэг томилж дөрвөн ч удаа хэлэлцэж, баталсан. Боловсрол, Хөнгө аж үйлдвэр, авто тээвэр, барилга зэрэг салбарууд идэвхитэй ажиллаж байна. Гэтэл стандартын асуудлыг улсын хэмжээнд хариуцсан төрийн байгууллага нь дэндүү хойроа идэвхигүй бүүр зугтах хандлагатай байгаа нь өнөөх л мэдлэггүй, чадваргүй дарга нараасаа болж байгаа юм л даа. Бүр “гадаадын юм хуулж яах юм нутагшуулах энэ тэр гэдэг чинь тэр улсын хараат боол болчихдог юм, тэгээд ч өндөр үнэ дотоод зах зээлд ноёлно” гэж эсэргүүцдэг. Энэ нь манай төрийн бодлого, нийгмийн эрэлт хэрэгцээний бодит шаардлагатай огт нийцэхгүй байгаа юм.
-Муу стандарттай барааны хор хөнөөл юу вэ?
-Өнөөдөр манай улсад чанаргүй, хямд бараа бүтээгдэхүүнээс болж өвчлөл өндөр болсон. Хэзээ нялх балчир үрс хорт хадвараар өвчлөж байлаа даа. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ наад зах нь тоо, хэмжээ сав баглаа боодол дээр тавих ёстой. Гэтэл худалдаан сав баглаа боодолд 1,0 кг гэсэн бичлэгтэй байтал 0,9 кг байх, 1,0 м гэсэн нь 0,9 м байх тохиолдол элбэг байна. Үүнийг мэргэжлийн хяналтын нөхөд шалгаж арга хэмжээ авч байх ёстой. Олон улсын стандартыг нутагшуулах арга хэмжээний хүрээнд бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх явцад тоо, чанар алдахаар савлах, ил задгайгаар худалдаа хийх зэргийг зохицуулах юм л даа.
-Стандартын байгууллага дэлхийн түвшинд ямар байна?
-Дэлхийн 170-ад улс стандартын албан ёсны байгууллагатай байна. Мөн олон улс, бүс нутаг /тив/-ийн 30 гаруй стандартын байгууллага ажиллаж байна. Европын орнуудын төр засгаас стандартыг нэгдсэн бодлогоор зохицуулан дэмжиж, түүнд Энэтхэг, БНХАУ нэгдэж стандартын нэг түвшинд хүрэхийг зорьж байна.
Х.Баттөгс
Өдрийн сонин

No comments:

Post a Comment