Tuesday, May 15, 2012

Гөлөг

 
Гөлөг
Бяцхан гөлөг анх эхээс төрж, нүдээ нээхдээ л орчлон ертөнцийг ихэд сониучирхан харсансан. Эхээс хамт гарсан ах эгч нараа нэг их сонирхоогүй, харин ээжийнх нь амтат сүү л хамгийн сайхан байлаа.

Хашааны буланд хэдэн гөлгөө хөхүүлэн хорогдох жингэрийг их багагүй л ад үзнэ. Нэг өдөр айлын эзэн, хэсэг хүмүүс дагуулж ирээд:

-За үзэж байгаад дуртай гөлгөө ав. Жинхэнэ монгол нохойны удам, та нар тэр бие хаагий нь хар. Дөнгөж төрөөд удаагүй гөлөг ийм байхгүй. Яг банхар шүү, сайн хар. Гурван мянгаар ав.

Ширүүн байрын харцтай, олон жил тамхи татсаныг нь гэрчлэх батгатай нүүр хөгцтэй шүд ярзайлган инээх эр ойртон ирж, бяцхан гөлөгний ар дагзнаас дээш өргөн сэгсрээд ган хийж дуугарахгүй байгаад нь ихэд олзуурхан:

-Хөгшөөн, энэ гөлгийг чинь авья, гэхдээ дэндүү жижиг юм  мянгаар өгчих очоод  үхчих ч юм билүү!

-За, за ав!... хэмээн сайхь эрийн сарвайх мянган төгрөгийг аван халаасандаа хийв.

 Ингээд л хөөрхий гөлөг өөрийн гэсэн эзэнтэй болов. Талхны үртэс хоолны шавхруу юу өгсөнийг нь л иднэ.

Харин гэрийн эзэгтэй шээж, баалаа хэмээн хөөж туухад нь гадаа хонох л жаахан тиймхэн.

Энэ айл ганц хүүтэй. Өглөөнөөс орой болтол борив, бохисхийнэ гэж үгүй. “Хүүе Борхүү тэг, үгүй чи яачихваа, эргүү мал, яадаг хар тураал вэ, тэгээч, ингээч”… гэх дуу байнга сонсдох нь ёс гэлтэй.

Зарим үед гэрийн хоёр гадагш явах үе таарвал гөлөг хачин их баярлана. Борхүү түүнийг гэртээ оруулан байдгаар нь эрхлүүлэх. Чихэр хүртэл өгнө. Эс бол аав, ээждээ гомдсон сэтгэлээ ярьж тайтгарна.

-Хойлог минь чи хэрвээ томоос том үлгэрийн баатар байсан бол хичнээн сайхан. Намайг зодож загнах бүр өмөөрөөд л. Тэгвэл аав, ээж хоёр чамаас айхдаа намайг гэрт хорихоо байж, бусад айлын хүүхдүүд шиг сургуульд явуулна. Тиймээ…ийн ярихдаа Борхүү гөлгөө тэврэн нарны эсрэг нүдээ анивчин байж, ид шидэт үлгэрийн баатар олж харах гэж үнэн сэтгэлээсээ хичээнэ.

Харин бяцхан гөлөгт огт өөр бодол эргэлдэх. Борхүүгийн ингэж их гомдож цөхрөх үед бяцхан гайхасхийнэ. Аав, ээж гээд хоёр эзэнтэй. Бас том сайхан байшин дотор зөөлөн дулаан хэвтэртэй байж юундаа гомддог байнаа гэж бодно.

 Анхны цас орсон сэрүүхэн өдөр байлаа. Гэр дотроос бөөн шуугиан.

-Өө ямар даварсан хулгайч вэ? Мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана гэгч болох нь шив дээ! Ингэхэд чи хаа газраас энэ золбин шээсийг авчираа вэ? Заваарч явсан хүүхнүүдээсээ өөрийнхөө шээсийг авчирсан даа!. Таарсан ч таар шуудайнууд бол доо. Үхсэн хойноо одоо бүүр даврах нь шив дээ! хэмээн эмэгтэй хүний хашгичин орилох дууны хажуугаар:

-Дуугүй бай гичий минь! Алчих нь шүү… чи тийм сүрхий юм бол нойтон сормуустай хүүхэд унагахгүй яасан юм, хүүхэд рүү битгий дайраад бай! Хов жив хөөцөлдөж явахаар хойш урагш юмаа далд хийхгүй яасан юм! хэмээн өнөөх эрийн дуу чангарахад Борхүү гэрээс гүйхээрээ гарч ирэн  гөлгийг тэврэн хаашаа ч юм бүү мэд харсан зүгтээ л явж байв.  Ард түжигнэн зодолдох чимээ, эмэгтэй хүний:

-Аллаа, ёо ёо гэх…сонсогдоно. Тэд хир ч удаан  явсан юм бүү мэд. Харанхуй нөмрөх тусам Борхүү айн чичрэхийн хажуугаар өөрийн эрхгүй уйлан байв. Том, том бүлээн нулимс гөлөгний  толгой дээр үргэжлэн дуслахад тэрээр Борхүүг ихэд өрөвдөн гарыг нь  долоон байхдаа:

-Тэр сайхан оромжноос зугтаад одоо хаачих вэ дээ? Энэ эсвэл нөгөө сайхан хивсэн дээр нь шээчихээд над шиг хөөгдсөн байх! За яахав, ямар ч байсан аймаар авгайн хараал чихэнд сонсогдохгүй болох нь.

  Цас  улам бүр лавсан орсоор…


Ж.Бямбаа

No comments:

Post a Comment