Tuesday, June 19, 2012

Орос ардын үлгэр : Ядуу эр ноёнтой цуг хооллосон тухай



Орос ардын үлгэр : Ядуу эр ноёнтой цуг хооллосон тухай Баярын нэг өдөр эрчүүд байшингийн хаяавч дээр сууцгаан элдвийг хүүрнэлдэж байв.
Тэдэн дээр хөдөөний нэг мухлагийн эзэн ирж:
- Би, би гэж баахан өөрийнхөө тухай ярьснаа, - Би ноёны өрөөнд нь орж үзсэн гэж хөөрөхөд хамгийн ядуу эр хөхрөн:
- Ноёны өрөөнд орж үзэх юу байсан юм бэ? Тэгье гэвэл би ноёнтой зэрэгцэн хооллоно гэв.
- Чи, чи, чам шиг муу амьтан ноёныд орж хооллоно гэнээ! Ёстой энэ насандаа итгэхгүй! гэж баян хашгирахад,
- Ноёнтой цуг хооллоно доо!
- Үгүй, үгүй, чи чадахгүй!
Ийнхүү баян ядуу хоёр маргалдаж, ядуу эр:
- Ноёнтой цуг хооллоно гэж мөрийцөх үү? Хар хүрэн хоёр морио чи тавь. Хэрвээ би ноёнтой хооллож чадахгүй бол гурван жил чамд үнэ хөлсгүй ажиллаж өгье гэжээ.
Мухлагийн эзэн баярлан:
Тэгье, тэгье. Хар хүрэн хоёр морин дээрээ нэг бяруу нэмье.
Сонссон бүгд гэрчлэг! гэж амлав.
Ингээд харсан сонссон цөм гэрчлэн мөрий тавив.
Ядуу эр ноёныдоо очин:
- Эзэн минь, миний малгайн чинээ цул алт хэдий хир үнэтэй болох бол? гэжээ.
Ноён юу ч хэлсэнгүй алгаа ташин:
- Энэ эр бид хоёрт уух юм даруулах хоол өгөөтэх! Бушуул, бушуул! За, суу суу! Бүү нэрэлх, юу дуртайгаа ид, уу? гэж хөл алджээ.

Ингэж ноён ядуу эрийг хүндэт зочин мэт хооллон дайлж, цул алт өвөрлөнө гэхээс тэсэж ядан чичирнэ.
Тэгээд эцэст нь:
- За, чи яваад алтаа аваад ир! Би чамд нэг пүү гурил, тавин мөнгө өгье гэж өгүүлэв.
- Үгүй ээ, надад ямар ч алт байхгүй! Би зүгээр л миний малгайн чинээ цул алт ямар үнэтэй байдгийг мэдэх гэсэн юм.
Ноён уурлан хашгирав.
- Тэнэг чи, зайл!
- Ноёнтон та намайг хүндэт зочин шигээ хүлээн авч дайлсан, үүгээр ч зогсохгүй ингэж дайлуулсныхаа төлөө би мухлагийн эзэнээс хоёр морь, нэг бяруу авна. Ингэхлээр би ямар тэнэг байх билээ дээ!
Ингэж хэлээд ядуу эр их л баяртай яваад өгчээ.

No comments:

Post a Comment