Thursday, October 4, 2012

Г.Галбадрах Америк дахь “Монгол хүүхдүүд"


Г.Галбадрах

Америк дахь “Монгол хүүхдүүд"

           ...Энэ болсон явдлын тухай, миний нэг танил надад сонин болгож ярьсан юм. Америкийн нэгэн дунд сургуулийн хичээл тарж, хүүхдүүд бүгд автобусандаа сууцгаажээ. Гэтэл нэг монгол охин автобусандаа суусангүй. Багш нь учрыг нь лавлавал, "аав, ээж хоёр намайг гэртээ битгий ирээрэй гэж загнасан” гэж хэлж. Монгол гэр бүлүүдийн уламжлалт, "сурган хүмүүжүүлэх арга барил"-ын талаар ямар ч төсөөлөлгүй, америк багш нь энэ тухай цагдаад мэдэгдэж, цагдаа нар ч дор нь аав ээжийг нь "хүүхдээ дарамталж, гэрээсээ хөөсөн" зүйл ангиар баривчилж, хорьж орхисон гэдэг. Түүгээр ч барахгүй, уг охины аав ээжийн, "эцэг эх байх эрх"-ийг нь хориглох тухай ч яригдаж. Аав, ээж, охин гурав хуулийн өмнө учраа ололцож, тодорхой хэмжээгээр шийтгэл хүлээгээд гэртээ харьцгаасан нь мэдээж. Америк оронд "монгол уламжлалаа" гаргасан, эцэг эх, хүүхдийн энэхүү зөрчилдөөнт харилцаанд, өөр хэн ч биш, энэ гэр бүл хамтаараа хохирол амссан.
            Хүний нутагт хар ажил хийж олсон мөнгөөрөө охиноо, гэр бүлээ тэжээж байсан эцэг эх нь хэдэн өдрөөр ажлаа тасалж, энэ хугацаанд олж болох цалингаа алдаж, дээр нь чамгүй хэдэн доллараар торгуулж таарна. Хамгийн гол нь эцэг эхийн сэтгэлд "айдас хургаж" охинтойгоо илэн далангүй харьцаж чадахаа болино.
Иймэрхүү жишээ мэр сэр сонсогдож байдаг. Олон ч хүмүүсийн амнаас Америкт өсч өндийж буй монголчуудын үр хүүхдүүдийн бүхэл бүтэн үеийнхний тухай сэтгэл зовнисон зүйлсийг сонсож байлаа.

Нэгэн зүйл: Тэд хэний төлөө, юуны тулд...

           Америкт гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ, ганцаараа хүүхдүүдтэйгээ, эсвэл гадаад хүнтэй гэр бүл болж, дагавар хүүхэдтэйгээ амьдарч байгаа олон монголчууд бий. Тэд мөнгө цуглуулах гэж бус, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрсдийгөө золиослон амьдарч байгаа нь үнэн. Тэд хүнд хэцүү ажил хийж, зээлээр машин авч унан, дангаараа байр хөлсөлж амьдарцгаадаг. Тэд өглөө эртлэн босч, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, бас сургуулиас нь тосч, хажуугаар нь ажил хийн мөнгө олж, хүүхдүүдээ хичээлээ давтахад нь саад болохгүй гэж хажуу өрөөгөө бусдад хөлслүүлж, ачааллаа хөнгөлөхөөс ч татгалзацгаадаг. Зөвхөн Вашингтон хотод л нэг өрөө байр ойролцоогоор 1500$ орчмоор хөлсөлж суудаг, дээр нь хоол хүнс, машины зардал болон бусад олон төлбөрүүдийг тооцвол, тэд хэний төлөө, юуны тулд, ингэж "баярхаж", "тансагладгийг" ойлгоход хэцүү биш.

           Тиймээ! Тэд өөрсдийн үзэж өнгөрүүлсэн, мөнгө муутай, алив зүйлээр дутагдаж гачигдахын зовлон, элдэв дарамт шахалт,айдас, зовлон шаналалтай амьдралаа өөрийн хүүхдүүддээ амсуулахгүй юмсан гэж, бас үр хүүхдээ өндөр боловсрол эзэмшиж, хар ажил хийж бус, оюун ухаанаараа өндөр цалинтай ажил хийж, тайван амьдраасай гэж, хүсч мөрөөдсөн сэтгэлээрээ энэ замыг сонгосон.
Мэдээж хоёул ажиллаад олж байгаа мөнгөө зөвхөн өөрсдөдөө зориулж, гоё ганган хувцаслаж, үнэтэй машин унан, салхи татуулан давхиж, тансаг орд харшид тухлан амьдарч чадах боловч, үр хүүхдүүдийнхээ төлөө үүнийг хүсдэггүй юм. Тэдний зүрх сэтгэлд "бид өнөөдөр зовж, зүдэрч байвч, үр хүүхэд минь сайн хүн болж, хожим хойно бид жаахан ч атугай жаргалтай амьдрах байх" гэсэн бяцхан "горьдлого" сүүмэлзэж байдаг юм.
 
        Тэд "Костко"-гоос хүнсээ цуглуулахдаа ч хүүхэддээ идэх дуртай амттанг ахиухан авч, шинэ машин зээлээр авахдаа ч үр хүүхдээ баярлуулахыг хичээдэг. Тэд өөрийнхөө хүүхдийг харах бүрдээ, "ухаантай, өндөр болосрол мэдлэгтэй, бас сайн ажилтай, эцэг эхээ хайрлаж, тэдэнд талархаж байдаг" мисс болон жентельменүүдээр төсөөлж байдаг юм. Тэд англиар хагас дутуу ярьж ойлгоцгоодог ч, хүүхдийнхээ өдрөөс өдөрт сайжирч байгаа яриа, бусадтай харилцаж байгаа чадварыг нь харах бүрдээ бахархаж, өөрөө л лут хүн болсон аятай битүүхэндээ "онгирно". Тэдний хувьд ирээдүйн сайхан нь, итгэл найдварын гэрэл гэгээ нь, "мөнгө” бус, гагцхүү "үр хүүхэд" нь байдаг юм даа.
Нэгэн зүйл: "Америк загвар"-ын өвчин.
         Жил жилд Америкийн монголчуудийн янз бүрийн хотуудын холбоод "оны шилдэг" хүүхдүүдийг шалгаруулж сурталчилж байна. Хэдэн зуун сая хүнтэй, цагаачдын өлгий нутаг, Америкт амьдарч байгаа хорь орчим мянган Монголчуудын өөрийн авъяас, чадвараар гайхуулан нэрд гарч байгаа хүүхдүүдэд талархаж, тэднээр бахархахаас өөр яах билээ.
 
          Хичнээн их зовлон зүдгүүр доромжлол амсан байж тэсч үлдсэн, еврей үндэстнүүдийн хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хөдөлмөр, атгасан гар мэт эв нэгдэл, бие биеэ дэмжих бодлого нь тэднийг дэлхий дахинд, оюун ухаанаараа тэргүүлэгч болгож чадсан юм. Үүн лугаа адил цөөхөн монголчуудын ирээдүй үе, үр хүүхдүүд нь оюун ухаан , авъяас чадвараараа дэлхийд алдаршаасай гэж би хүсдэг. Тийм ч учраас ийм олон сайхан хүүхдүүдийг бас эцэг эхийг нь бусдад сурталчилж, бусдад үлгэр жишээ, өөрсдөд нь урам өгөөсэй гэж Монголчуудын холбооноос гуйж байна. Элдэв хов живнээс илүүтэй, үүнийг монголчууд бид ам дамжин ярьж, санаа аваасай.
          Үүний хажуугаар, "сайны хажуугаар саар" гэдэгчлэн санаа зовох зүйл бага гэлтгүй байнаа. Нэг л этгээд, гаж хувцасласан, энд тэндээ элдэв гархи зүүсэн, бохь зажилж, шүлсээ хаялсан, алхаж гишгэхдээ хүртэл тэнцвэрээ олохгүй, гулжигнаж дайвсан, хагас дутуу англи монголоор хольж ярихчаан аядаж, "хэлээ зажилсан" охид хөвгүүд олшрох янзтай. Эцэг эхээсээ хүртэл ичиж, англиар ярихад нь шоолж тохуурхсан, хэдэн цаг, яаж ажиллаж, ямар мөнгө олдогийг нь мэдэхгүй атлаа, үнэтэй фирмийн хувцас, электрoн хэрэглэлээр гангарсан хүүхдүүд, хаа нэгтэй болох арга хэмжээ, элдэв шоун дээр үзэгдэх болжээ. Олны газар биеэ ч аятайхан авч явж чадахгүй, бөөгнөж хэлхэлдсэн, сав л хийвэл бие бие түлхэж нудралцан элдэв маяг гаргах тэднийг хараад, өрөвдөх сэтгэл төрж, харамсдагийг нуух юун. Хамт сурацдаг гадаад найз нараасаа "хэлбэр төдий" дуурайлал авч, гаргаж байгаа энэ гаж үзэгдэл бол "америк өвчин" юм.
 
            Америкчууд хүүхдүүдээ бүр багаас нь тусдаа өрөөнд амьдруулж, бүх хэрэгцээг нь хангаж, биеийг нь даалгаж өсгөхийг эрмэлздэг. Алив асуудалд ухаалаг хандаж, хэрэгцээ шаардлагыг нь зөв ухамсарлуулж, авъяас, сонирхол, чадварыг нь хөгжүүлэх бүх боломжийг нь хангаж өгдөг. Тэд ийм боломж нөхцөлөө тооцож байж хүүхэд төрүүлж өсгөнө. Улс орон нь ч, эцэг эх нь ч хүүхдүүдийг төрсөн цагаас нь хайрлан хүндэлж, бас халамжилж, өсөх үе бүрд нь үүpэг, эрхийг нь ойлгуулж, "эрх чөлөөг" нь бага багаар нь мэдрүүлдэг төдийгүй элдэв муу үзэгдлүүдээс найдвартай хамгаалдаг. Өнөөдөр Америкт цагаачлан амьдарч байгаа монголчуудын хувьд одоохондоо ийм боломж үгүй. Иймд хүүхдүүдээ “Америк
өвчнөөр" өвчлүүлэх нь бас л алдаатай хэрэг.
Нэгэн зүйл: Та юун дээр алдаж байна вэ?
          Монголчууд бид монголд байдаг шигээ санаж, хүүхдээ зөвхөн сургуульд даатгаж орхидог. Монголд бол хүүхдийг сургуульд явуулсан л бол алив буруу муу үйлдлийн хариуцлагыг сургууль, багш нар хариуцдаг буруу зуршилтай. Тэгээд ч сургууль, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа төдийлэн сайн биш. Америкт бол эсрэгээрээ. Таны хүүхдийг сургаж хөгжүүлэхийн тулд, эцэг эх болсон тантай хамтарч ажиллах ёстой. Тийм ч болохоор олон уулзалт, хөтөлбөрийг танд санал болгодог төдийгүй таны хүүхдийн гаргасан "ялимгүй” алдааны төлөө "санаа зовж”, тантай уулзаж, зөвлөлдөхийг санал болгоно. Харамсалтай нь монголчууд маань, ажлын зав чөлөө муутай, бас амрах хэрэгтэй байна гэдэг шалтгаар энэ бүхэнд хайнга идэвхгүй ханддаг. "Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал" гэдэгчлэн нэгэнт үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж байгаа та, энэ асуудлыг анхаарлынхаа гадуур орхиж боломгүй. Америкийн сургуульд хүүхдээ сургана гэдэг, зөвхөн материаллаг хэрэгцээг нь хангаснаар биш, сурч буй сургуультай нь хамтран ажиллахдаа байдаг гэдгийг бүү мартагтун. 
          Би нэг удаа нэгэн дунд сургуулийн гадаадад сурагчдыг аялуулах хөтөлбөрийн тухай уулзалтад өөрийн сонирхлоор сууж үзсэн юм. Үнэхээр сонирхолтой хөтөлбөр байсан хэдий ч зардал нь нилээд өндөр байсан. Энэчлэн Америкийн сургуулиуд эцэг эхчүүддээ, хүүхдийнхээ ирээдүй болон хөгжлийн төлөө, олон сайхан мэдээлэл хөтөлбөрийг санал болгодог юм билээ. Үүнд анхаарлаа хандуулж, сургууль, багш нартай хамтран ажиллах нь, танд болон таны үр хүүхдүүдэд тустай юм шүү.
-Та хүнд ажил хийж, хичнээн их ядарч байлаа ч, хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах цаг гаргаж, өөрсдийн одоогийн нөхцөл байдал, цаашдын зорилгоо заавал ойлгуулж байх хэрэгтэй. Та ямар ажил, хэдэн цагаар хийж, ямар цалин хөлс авч,  түүнийгээ хэрхэн юунд зарцуулдаг тухай том хүүхэддээ ярьж ойлгуулж байх нь, хүүхэд тань таныг ойлгоход их тус дөхөм болно. Ядахнаа л хэрэгтэй хэрэггүй зүйл авч өг гэж шалаад байхгүй, таныг ажлаас ирэхэд тань аяга хоол хийгээд угтдаг болчихвол аштай юу. Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ингэж ярьж ойлголцдоггүйгээс, хоорондын харилцаа нь хөндийрч, энэ бүхнээс залхахдаа, "ярьшиг цаашаа, өөрөө л мэдэг" гэж зөнд нь орхидогоос, таны хүүхэд "америк өвчин"-өөр өвчлөхөд хүрдэг. Ийм хүүхэд хожим хойно, таныг өтөлж ядарсан үед америк заншлаар, "өндөр настны асрамжийн газар" хүргээд өгчихвөл та яaх вэ?
Энэ тухай та бодож үзсэн үү?! Муу ёрлож байгаа юм биш. Ийм тохиолдол байж болохыг урьдчилан сануулах гэж миний бие үүнийг бичиж сууна.
 

-Монголд суралцаж байгаад ирсэн хүүхдүүдийнхээ тухай, миний хүүхдэд Америкийн сургуулийн программ хөнгөдөөд байна гэж эндүүрдэг. Монголын сургуулиуд суралцагсдадаа, шинжлэх ухаанжсан мэдлэгийг маш сайн олгодог атлаа, мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвар төдийлэн сайн олгож чаддаггүй. Хаpин Америкийн сургуулиуд бага материалыг хэрэгцээ болгож сургахад илүү анхаарал тавьдаг. Хэрэв та анзаарсан бол анги ахих тусам таны хүүхдийн ачаалал нэмэгдэж, тавих шаардлага нь өндөрсөж байдаг. Тийм болохоор та хүүхдийнхээ сурч байгаа зүйлээ амьдралд хэр ашиглаж байгааг анзаарахад гэмгүй.

Нэгэн зүйл: Америкийн "Монгол хүүхдүүдэд"

-Монголд суралцаж байгаа үеийн олон найз нартайгаа харьцуулахад, эрх чөлөөний өлгий гэгдэх, дэлхийн өндөр хөгжилтэй Америк оронд суралцаж, амьдарч байгаа та үнэхээр "азтай” хүүхдүүд.

-Та нарын энэхүү "аз завшааныг” та өөрийн сайндаа биш, таны эцэг эх , өөрийн амьдралаа золиослон байж танд өгсөн гэдгийг та хэзээ ч бүү март! Тэд таныг дэлхийн өндөр хөгжилтэй оронд, дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдсөн сайн мэргэжилтэн болгож, сайхан амьдруулахын тулд л энэ оронд, хүнд хүчир ажил хийж, цаг наргүй зүтгэж байгаа.

-Та хүүхэд нь болж төрснийхээ хувьд, эцэг эхийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд сайн, бүр ч илүү сайн суралц. Эцэг эх тань чиний сайн сайхан ирээдүйн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаатай адил, та илүү сайн сурахын тулд бас уйгагүй хөдөлмөрлө! Тэгвэл та амжилтад хүрнэ.

-Та эцэг эхээ хайрлан халамжил! Байнга л "Тандаа маш их баярлалаа. Миний төлөө хийсэн бүхний төлөө сайн сурч, мундаг хүн болж ачийг тань хариулнаа" гэж хэлж урам өгч бай. Ажлаасаа ядарч ирэхэд нь, гэрээ цэвэрхэн байлгаж, аяга хоол хийж угтан бас боломжтой бүх үедээ тэдэнд тусалж бай. Хааяа ч гэсэн хөлс чийхарсан магнайг нь илж хөлсийг нь арчиж байхыг хичээ.

-Та хамт суралцдаг гадаад найз нартаа бүү атаарх, бас бүү дуурай. Тэдний аав ээж нь олон зуун жил Америкт үе үеэрээ амьдарсан учраас илүү боломж тэдэнд бий. Харин Монголчууд Америкт суурьшиж эхлээд ердөө л 10 гаруй жил бoлж байна шүү дээ. Та нар анхдагчид хирнээ илүү азтай хүүхдүүд. Харин та нарын үр хүүхдүүд, хойч үеийнхэн илүү азтай байх болно.

-Та бол Монгол хүн. Цагтаа дэлхийн талыг эзэлж, эрхэндээ оруулан захирч байсан, омог бардам Чингис Xааны үр сад! Чингис хааны гал голомт, үр сад гэдгээр тань, дэлхий ертөнц таныг хүндлэх тэр цаг ирнээ. Харин та , монгол хэл, монгол түүх , соёл ёс заншлаа сайтар сурагтун. Яагаад гэвэл та хөгжин цэцэглэж байгаа монгол орны ирээдүй, бас "эзэн" нь юм шүү дээ.

-Тийм болохоор Америк оронд сурч, амьдарч байгаагийнхаа хувьд, энэ орны хөгжлөөс сурч чадах бүхнээ сурч, авч чадах бүхнээ авахыг хичээгээрэй.
Англи хэлээр сайн ярих нь өндөр боловсрол биш.
Харин энэ хэл дээр байгаа олон олон үнэт зүйлсийг сайн сурах нь таны үүрэг!
Та өөрийгөө бусдаас дутуу биш, илүү мундаг гэдэгтээ итгээрэй!
Та бүхэндээ амжилт хүсье!
Та бүхнийг аз хийморь, амжилт үргэлж ивээж байг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-оны 3 сарын 22

No comments:

Post a Comment