Хаврыг “ядаргаа”-ны улирал гэж зарим хүн ярьдаг. Энэ нь хаврын хавсарганаас залхсан хэрэг биш, гагцхүү хүний өвчин хууч сэдэрч, ядаргаанд ордог гэсэн үг юм. Энэ үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийн, халуун устай ваннд тогтмол орж сайхан амрах нь хүн бүхэнд тустай гэдгийг эмч нар зөвлөдөг. Товчхондоо ядаргаанд дарлуулахгүй гэж ойлгож болно. Хэрэв ядаргаа удаан үргэлжилбэл архагшдаг муу талтай. Үүнээс үүдэн биеийн эсэргүүцэл сулран өвчин эмгэгт илүү өртөмтгий болж, ажлын чадвар мууддаг. Тиймээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн II клиникийн тасгийн эрхлэгч Р.Минжмаа эмч дараах зөвлөгөөг өгч байна.
-Хүний бие организм хаврын улиралд сульдаж, ядардаг. Үүнээс болж зарим хүн мэдрэлийн ядаргаа, стресст ордог. Энэ нь хүн бүрт адилхан тохиолддог зүйл үү. Аль эсвэл хүний биеийн онцлогтой холбоотой юу?
-Монголчуудын дунд хавар болохоор ядардаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ ядрахгүй хүн ч байна. Энэ нь тухайн хүний сэтгэл санаатай холбоотой юм. Амьдралын төвшин харьцангуй сайн, бухимдал бага бол ядаргаа, стресст орохгүй байж болно. Гэтэл өнөөдөр нэг кг махыг 10 мянган төгрөгөөр авч чадах хүн хэд билээ. Мөн ажилгүйдэл их, хотын агаарын бохирдол, замын түгжрэл, хулгай дээрэм зэрэг асуудалтай холбоотойгоор бид айдас түгшүүрийн дунд аж төрдөг. Ер нь нийгэм өөрөө маш их хэмжээний стресстэй байна. Харин зуны цагт хүн авах ёстой энергиэ нөхөж, төв мэдрэлийн систем маш сайн тайвширдаг. Учир нь энэ улиралд хүний сэтгэл санаа харьцангуй тайван, эргэн тойрон ногоон өнгөтэй болдог гээд амар амгаланг мэдрэх шалтгаан олон байдаг.
Өөрөөр хэлбэл, зун, намар цуглуулсан энерги хавар шавхагддаг. Хавар бол хатуу ширүүн улирал. Цас хайлах, ногоо ургах, газар гэсэх гээд цаг уурын байдал эрс өөрчлөгддөг. Мөн хүний хуримтлуулсан энерги, оюуны чадавхи муудаж, амархан ядрах шалтгаан болдог. Үүнтэй холбоотой стресс үүсдэг. Сэтгэцийн өвчин ч хавар сэдрэх, нэмэгдэх нь их байдаг. Газар гэсэх үеэр сэтгэцийн өвчний давтамж ихэснэ. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн сэтгэл санаанд ч өөрчлөлт ордог. Мөн гадуур хяналтад байгаа өвчтөнүүд ч хурцдаад ирдэг тохиолдол маш их. Үүний шалтгааныг хүн, байгалийн холбоотой уялдуулан тайлбарлаж болно. Бусад улирлаас илүүтэй цаг агаар, орчны байдал хаврын улиралд тогтворгүй байдаг. Үүнийг дагаад хүмүүсийн сэтгэл санаа өөрчлөгддөг гэж болно.
-Тэгвэл хүмүүс өөрийгөө стресст орсон гэдгийг яаж мэдэх вэ. Уур уцаар, архаг ядаргаа удаан үргэлжлэх тусам биед муу нөлөөтэй гэдэг. Хэрэв энэ өвчин даамжирвал юу болох вэ?
-Стресст орж буй хүн унтаж чаддаггүй. Амархан уйлах, гомдох, гуниглах, ганцаардах, хоолны дуршил буурах зэрэг сэтгэл санааны байдал тогтворгүйтэж, улмаар оюуны ядаргаанд орно. Манайд хамгийн элбэг байдаг шинж тэмдэг нь нойргүйдэл юм. Хүн нойргүй 3-7 хоновол шууд солиордог. Энэ бол нойрны солиорол юм. Төв мэдрэлийн систем амарч чадахгүй байснаар энэхүү солиорол бий болдог гэсэн үг. Энэ бүхэн хүндрэх шатандаа орсноор ажлын бүтээмж буурч, шалтгаангүй уур хүрэх, бухимдах, нойр хүрэхгүй байх, мартамхай болох, гар, биеийн хэсэг хөлрөх, сэтгэл санаа тогтворгүй байх шинж тэмдэг илэрнэ. Гэтэл хүмүүс ажилдаа улайран энэ бүхнийг анхаарах сөхөөгүй явсаар хүндрэн, улмаар сэтгэцийн өвчин болж байгаа нь харамсалтай хэрэг.
-Ийм тохиолдолд яах ёстой вэ. Урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юу вэ?
-Харьяа дүүрэг дэх сэтгэцийн эрүүл мэндийн төвүүд болон манай төвд шууд хандах боломжтой. Ингэснээр та өөрийнхөө яагаад байгааг тодорхойлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Харин бүр хүндэрсэн тохиолдолд хэвтэж эмчлүүлэн, хүнд байдлаас бүрэн гарах боломжтой. Стресс, ядаргаанаас урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн байна.
Үүнийг гэртээ болон бясалгалын төвүүдээр хийж, алжаалаа тайлж байх хэрэгтэй. Мөн өөрийгөө ойлгодог найз нөхдийн хүрээнд салхинд гарах нь хамгийн сайн байдаг ч сүүлийн үед ууж, идэхийн нэр болгон буруугаар ашиглаж байгаа нь харамсалтай. Ер нь хүн өөрийнхөө хамгийн дуртай бүхнийг хийх нь ядаргаа, стрессээс хамгаалах арга болно. Тухайн хүн өөрөө өөрийгөө авч явах нь чухал. Монгол хүн амны бэлгээр гэдэг шүү дээ. Үүнтэй адил миний амьдрал болж байна, энэ цалин амьдралд маань хүрэлцэнэ гэх мэтээр сэтгэлийн тэнхээтэй байж, аль болох асуудлыг эергээр харах нь өөрийгөө стрессээс урьдчилан сэргийлэх гол арга юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ"
No comments:
Post a Comment