Saturday, March 2, 2013

“ШИ ЗИ”-Г СУДЛАХЫН УЧИР


Сыма Цяны алдарт “Ши Зи” буюу “Түүхийн тэмдэглэл”-ийг сонсоогүй хэн байх билээ. Манай эртний түүх, ялангуяа Хүн гүрэн хийгээд Түмэн болон Модун шанъюйн тухай мэдээлэл тэндээс л эхтэй билээ. Түүнээс ч нэн эртний тун олон юм буй. “Ши Зи” бол Сыма Тан гэгч эхэлж, түүний хүү Сыма Цянь ихэнхийг нь бичиж дуусгасан хамгийн эртний бичгийн түүхэн дурсгалын нэг юм. Энэ аварга бүтээл 130 бүлэгтэй (тэрийг нь цзюань гэдэг юм байна), 526 мянга гаруй дүрс үсэгтэй аж. Түүнийг 2010 онд Оросууд анх удаа бүтнээр нь 9 боть болгон орчуулж дууссан байна. Энэ нь манайд ихээхэн хамаатай тул энэ орчуулгын тухай болон үндэсний үзлийн тухай бас бус зүйл өгүүлэх гэсэн юм. 

Хятадаас орчуулна гэдэг там аж
“Ши Зи”-гээс дэлхийн том түүхчид өөр өөрийн сонирхсон сэдэв хэсгээр нь тасдан авч ном зохиолдоо иш татаж байсан болохоос биш, бүхэлд нь орчуулж байгаагүй юм байна. Энэ нь барагтай хүн зориглож барьж авахаар эд биш байсанд хамаг учир нь байжээ. Гэтэл Оросын нэрт хятадач Всеволодович Вяткин (1910-1995) үүнийг ганцаараа зориглон хийжээ.
Ганц хоёрхон дүрс үсгийн төлөө бараг нэг эрдэм шинжилгээний хурал хийх шахуу юм болох тохиолдол ч байж. Ингээд тэр В.С. Таскины хамт “Бэнь Ци” буюу “Бичээс” хэмээх нэгдүгээр хэсгийн 12 бүлгийг багтаасан I ботийг 1972 онд, II ботийг 1975 онд хэвлэн гаргажээ. Цаашаа Р.В.Вяткин ганцаараа ажиллаж “Ляо” буюу “Он дарааллын хүснэгт” хэмээх хоёрдугаар хэсгийн 13-22 дугаар бүлгийг багтаасан III ботийг 1984 онд, “Шу” буюу “Тайлбар” хэмээх гуравдугаар хэсгийн 23-30 дугаар бүлгийг багтаасан IV ботийг 1986 онд, эцэст нь “Ши Цзя” буюу “Угсаа залгамжлах ордон” хэмээх дөрөвдүгээр хэсгийн 31-60 дугаар бүлгийг багтаасан V болон VI ботийг 1987 ба 1992 онд тус тус хэвлэн гаргажээ.
Гэтэл 1995 оны 9 дүгээр сард Р.В. Вяткин нас баржээ.
Гэхдээ түүний амьд сэрүүндээ бэлтгэсэн 86-110 дугаар бүлгийг багтаасан VII ботийг шинэ редакци хийсний дараа 1995 онд хэвлэн гаргажээ. Дашрамд дурдахад энд дурдан буй 110 дугаар бүлгийг “Хүннүгийн шашдир” гэж нэрлэдэг бөгөөд манайхан хамгийн их иш татдаг юм. 
Хамгийн сүүлд 2010 оны 3 дугаар сард Р.В.Вяткины төрсөн өдрөөр түүний хүү Вяткин VII болон IX ботийг гаргаж эцгийнхээ гэрээсийг биелүүлснээс гадна дэлхийн хятад судлалд жигтэй хувь нэмэр оруулжээ.
Оросууд “Ши Зи”-гийн эрдэм шинжилгээний боловсруулалт бүхий бүрэн орчуулгыг анх удаа хийснээрээ хятад судлалаар дэлхийн их гүрэн гэдгээ нотолж чадсан байна. Гэхдээ энэ “тамын ажилд” оросууд 40 жил зарцуулжээ. Сүрдмээр байгаа биз…
Гэхдээ сайжруулах ажил дуусаагүй гэнэ. Хятад дүрс үсгийг “зөв” ойлгоно гэж байдаггүй гэнэ. Энэ нь бүр ч сүрдмээр…
Бусад орон яасан ?!
“Ши Зи”-г орчуулах ажил Европт XIX зуунд эхэлсэн байна. Анх удаа Август Фицмайер (1808—1887) гэгч “Ши Зи”-ийн 24 бүлгийг орчуулснаас энэ ажил эхэлжээ.
Дараа нь францын хятадач Эдуард Шаванн (1865-1918) 52 бүлэг буюу нийт бүтээлийн 28 хувийг орчуулсан ба түүнийг амьд байхад 47 бүлэг л хэвлэгджээ.
Дараагийн оролдлогыг америкийн томоохон хэл шинжээч Бартон Уотсон (1925 онд төрсөн) хийж, англи хэлнээ орчуулжээ. Тэр 1962 оноос хойш 62 бүлэг бүлэг буюу нийт бүтээлийн 48 хувийг орчуулсан бөгөөд энэ нь бүрэн гүйцэд академик шинжтэй болж чадаагүй аж.
Ингээд 1990-ээд оноос англи хэлэнд хөрвүүлэх шинэ төсөл эхлүүлсэн ба энэ ажлыг америкийн нэрт хятадач Уильям Нинхаузер (William H. Nienhauser, Jr.) 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийн хүчээр одоо хийж байна.
Тэд 1994 оны байдлаар 66 бүлэг буюу нийт бүтээлийн 51 хувийг маш өндөр чанартайгаар орчуулаад байна. Америкууд 2006 онд V ботио гаргахдаа Вяткиний дурсгалд зориулсныг бодоход арай л дуусаагүй байгаа бололтой.
Миний ойлгож байгаагаар Оросууд 40 жил орчуулж байж нийт есөн ботийг арай гэж 2010 онд дууссан, АНУ арай дуусаагүй байхад бусад улс “Ши Зи”-г бүрэн орчуулсан гэхэд их эргэлзээтэй. Таамаглахад ингэж чадах улс бол Франц, Герман, Япон л байж магадгүй.
Ингээд бодохоор “Ши Зи”-ийн орчуулга гэж ямар нүсэр юм болохыг төсөөлж болно байх.
Академик орчуулга
Манай зарим хүмүүст академик буюу эрдэм шинжилгээний боловсруулалт хийсэн орчуулга гэж юу байдгийг бага зэрэг тайлбарлах нь зүйтэй байх.
Сыма Цянь бол НТӨ 145 юмуу 135 онд төрж НТӨ 90 онд нас барсан суут түүхч юм. Тэрээр улс орноороо хэрэн явж өөрөөсөө 2000-3000 жилийн өмнөх домог түүхийг цуглуулан хулсны цаасан дээр буулгасан юм. Ингэхлээр түүний бичлэгт тухайн үеийн домог түүх байх нь мэдээж хэрэг. Энэ нь худал үнэн хамаагүй, хамгийн гол нь Сыма-Цянь орчин үеийн бидэнд НТӨ 3000 гаруй жилийн өмнөхийг ярьж өгч байгаа цорын ганц хүн болно. Манай тоололтой нийлүүлбэл 6000 шахам жилийн өмнөх түүхийг бид зөвхөн түүнээс л “сонсож” болно. Энэ бол гайхамшиг юм. Энэ чинь шинэ чулуун зэвсгийн үед хамаарах тийм алс холын хугацаа шүү дээ…
“Ши Зи”-ийн эхний бүлгүүдэд түүнээс хойш “таван зуун жилийн дараа”, эсвэл “гурван зуун жил болоод” гэх хэллэг гарах нь элбэг. Энэ тохиолдолд түүхэн үйл явдлыг археологийн болон сэтгэл зүйн задлан шинжилгээ хийж тайлбарлах нь зүйн хэрэг.
Сыма Цяны бичлэгийн мөр болгонд хаан, хатан, цэргийн жанжин, түшмэд зэрэг хүний нэр, уул усны нэр, үйл явдал, ямар нэг онцлог явдал 2-3-ыг заавал дурдсан байдаг. Энэ бүхнийг археологи, газар зүй болон бусад шинжлэх ухааны үндсэн дээр шалган тодруулж тайлбарлах ёстой. Сяма Цянь хятадын цаг тооны бичгийг зохиосноос гадна одон оронч хүн байсан. Ган зуд болсон, нар сар хиртсэн, сүүлт од харвасан, хаад ноёд суусан, үхсэн боссон зэргийг тэр он оноор нь тун нарийн өгүүлсэн байдаг. Энэ болгоныг нь шалгаж тодруулан бас л тайлбарлах ёстой.
Мөн Сыма Цянь У-ди хааны ордны түүхч байсан болохоор хааяа худлаа тууна. Ухаандаа Хүн гүрэнтэй байлдсан хятад жанжингуудын алдрыг ихэд магтана, олзлолсон булаасан зүйлийг нь огт залхуурахгүй тоолно. Гэхдээ нь энэ нь бидэнд үнэлж баршгүй чухал юм. Ухаандаа олон цуур олзоллоо гэхэд л тэр үеийн Хүнчүүд хөгжмийн зэвсэгтэй байжээ гэж мэдээд авна гэсэн үг. Хятадад олздлогдсон Хүн ноёны цол хэргэм, хувцас хунарын тухай мэдээд авахад бидэнд л хэрэгтэй ш дээ. Ийм атлаа Хүнчүүдэд ялагдсан хятад жанжингууд эзэн хаанаасаа шагнал аваад байдаг нь их сонин. Би заримдаа инээд хүрдэг юм. Мань Сыма Цянь л Хүн гүрнийг сайн мэддэгээрээ хаандаа худлаа хэлж, хэдэн тэнэг жанжингаа аварч байсан байх гэж. Энэ ч таамаг биш. Яагаад гэвэл Сыма Цянь Хүн гүрэнтэй байлдахаар яваад дийлэгдэн бууж өгөөд тэндээ үлдсэн хятад жанжин Лу Линг өмөөрч байгаад хааныхаа уурыг хүргэж өөрөө засуулаад хар залуугаараа тайган болсон нөхөр шүү дээ. Энэ тухайгаа тэр “Ши Зи”-д буй өөрийн намтартаа бичсэн байдаг юм.
Ингэсээр байтал орчуулгын тайлбар нь нь “Ши Зи”-гийн үндсэн бичлэгээс 2-3 дахин их болдог юм.
“Ши Зи” нэг иймэрхүү
Манай залууст сонирхолтой байх болов уу гэж бодоод ердөө ганцхан жишээ авъя. Ухаандаа “Ши Зи” ингэж эхэлнэ…
Хуан Ди4 болбоос Шао5-дянь6 (овгийн) удам бөгөөд Гунсунь урагтай, Сюань-юань нэртэй бөлгөө…
Ингээд энэ хаан нь хар багаасаа хэл сурч, улмаар араатан жигүүртний хэл сурч, бүх дайснаа дарж, “төр улсаа” төвхнүүлсэн тухай Сыма Цянь хэдхэн цөөхөн өгүүлбэрээр их аятайхан өгүүлнэ. Энд жижгээр бичсэн тоо бол Вяткины хийсэн тайлбарын тоо юм. Яагаад 4-өөс эхэлж байна гэвэл энэ бүлгийн гарчиг дээр гэхэд л гурван тайлбар аль хэдийн хийчихсэн учраас тэр. Иймээс Хуан-Ди гэсэн хамгийн гол үг 4 гэсэн тайлбараар эхэлж байгаа юм.
…Тэрбээр дорно зүгт тэнгис хүрч, Хуаньшань17 болон Дайзун18 ууланд хүрэв, баруун зүгт Кунтун хүрч Зитоу19 ууланд гарав, өмнө зүгт Янзы гол хүрч, Сюншань хийгээд Сяньшань20ууланд гарав, умар зүгт сюньюй21 нарыг хөөж, Фушан22 ууланд (ноёдын) итгэмжит сэтрийг нягтлаж, Жоли-ийн дэргэд суурин байгуулав. 
Хэдхэн догол мөрийн дараа тайлбарын тоо 17 болж, энд байгаа дөрвөн мөрөнд тайлбар 17-22 болон өсч байгааг бид харж байна.
Энд бидний сонирхлыг татах нэг зүйл бол “умар зүг сюньюй нарыг хөөв” гэсэн 21 дүгээр тайлбар байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ ?! Сюнну гэдэг бол хятад дуудлагаар хүннү буюу Хүн гэсэн үг гэдгийг олон хүн мэднэ байх.
Үүнийг “Ши Зи”-д байгаа Вяткиний тайлбараас үзвэл ийм байна:
Сюньюй: Сыма Цяний үзэж байгаагаар Тан, Юя улсын засаглалын үед шаньжун буюу сюньюй гэж нэрлэж байжээ, Ся-гийн үед чуньвэй, Инь-ийн үед гуйфун, Жоу-гийн үед яньюн, Хань-ийн үед сюнну гэсэн ерөнхий нэрээр тодорхой болсон. Баруун хойт аймгууд хийгээд тэдний нэрийг Ван Го Вэй (1877-1937) нарийвчлан судалсан. “Гуйфун, куньи болон яньюн нэрүүдийн судалгаа” (Ван Го Вэй. Гуаньтан Цзи-линь. боть 2, бүлэг 13, хуудас 538-633). 
Энэ тайлбараас бид тун олон зүйл мэдэж авч байна. Тухайлбал хятадын анхны хаан төр улсаа байгуулмагцаа шууд л сюньюй нартай байлдаад эхэлж байна. Энэ нь манай Хүн нар болж таарч байна. Мөн Хүн нарын дээдэс хэд хэдэн аймгийн нэрийг мэдэж авч байна. Тэгэхлээр Хүн нарын төрт ёсны түүх 2220 жил биш, түүнээс 2-3 дахин их байж болохгүй юу гэж бодох бололцоо эндээс үүсч байна. 
Энэ мэтээр Сыма Цяны “Ши Зи” болон Вяткиний эрдэм шинжилгээний тайлбарыг үзээд байвал бид монголынхоо түүхийн тун олон зүйлийг мэдэж авч болох нь ойлгомжтой байгаа биз, залуучууд аа.
Үүнийг улам бататгаж болно. Сыма Цяны “Ши Зи”-д буюу дээр дурдсан Хуан-Ди бол бидний харьцангуй сайн мэдэх Хятадын нэгдсэн улсыг байгуулсан Цинь Шихаунди биш юм.
Хятадын түүхэнд бүх хятадуудын эцэг болсон домгийн таван хуанди байдаг. Энд гарч буй Хуанди бол шар Хуанди гэж алдаршсан хятадын хамгийн эртний хаан юм. Энэ бол Хятадын хагас домгийн (Ся ?) улсын эзэн хаан бөгөөд ойролцоогоор НТӨ 2600 оны хавьцаа амьдарч байсан юм. Тэгэхлээр хятадын хагас домгийн анхны улсын анхны хаан манай хүнчүүдтэй байлдаж байсан гэж түүхэнд бичиж үлдээхээс өөр ямар гавъяа байх ёстой юм.
Сяма Цянь суут хүн, сод ухаантан мөнөөс мөн. Түүнийг Дорно дахины түүхийн эцэг, Дорнын Геродит (түүхч) гэж баруунд ярьдаг нь туйлын шударга үнэлэлт юм.
Түүхчийн хөдөлмөр
Энэ өгүүллээр түүхчийн хөдөлмөр ямар хүнд хэцүү ажил байдгийг ойлгосон бол би ихэд баярлах байна.Сүүлийн үед манай зарим залуус түүхийг хамгийн амархан ажил мэт ойлгох болсон учраас үүнийг хэлээд байгаа юм. 
Манайд эртний судлал, Хүн судлал хэдхэн эрдэмтний авъяас билэг хийгээд хүч чармайлт дээр л тогтож байна. Археологич Д.Эрдэнэбаатар, Д.Цэвээндорж, У.Эрдэнэбат, Ц.Төрбат, Ч.Амартүвшин, У.Ханиэрч, Б.Энхтүвшин, Т.Санжмятав нарын малтлага хийгээд бүтээл бидний мэдлэгийг ихэд нэмсэн. Одоо системчлэн нэгтгэх л үлдэж байна. 
“Сахал” хэмээх Эрдэнэбаатар анх удаа Монголын бие даасан экспедици зохион байгуулж Хүн язгууртны булш олсон бөгөөд түүнээс зөвхөн Ромын язгууртнуудын хэрэглэдэг байсан аяга (миний харснаар маш нимгэн “будаатай” шаазан), дэлхийд хамгийн том хаш пайз буюу “зүрхэн толь” гэх мэт гайхамшигтай олдворууд гарсан билээ. Үүнийг нь анхлан харсан цөөн хүний нэг болсондоо би ихэд билэгшээж явдаг юм. “Хүн шиг явбал Хүн аяганаас виски ууна” гэж үг байж болно ш дээ…
Суурь бүтээлүүдээс би П.Дэлгэржаргалын “Монголчуудын угсаар гарвал” (2005), Я. Ганбаатарын “Хүннүгийн түүх, соёл” (2008, 2011)-ыг онцлон дурдаж байна.
Энэ хоёр алдарт түүхч “Ши Зи”-г эх хэлээр нь үзэж, англи болон орос хэлээр тулгаж бүтээлээ туурвидаг нь тэдний бүтээлийг улам чанартай болгодог юм.
Ухаандаа Я.Ганбаатар гэхэд л “Ши Зи”-ийн Хүнтэй холбогдох гол гол үйл явдлыг түүж хүснэгтэд оруулсан нь түүх эхлэн суралцагч залууст тун буянтай үйл болсон байна.
Манай залуус түүхийн суурь бүтээлүүд ямар их хүч хөдөлмөрөөр бүтдэгийг ойлгодог байгаасай гэж хүсч байна.
Миний дүгнэлт
Би мэргэжлийн түүхч биш л дээ. Гэхдээ залуудаа “Ши Зи”-ийн эхний ботиудыг авч уншиж байсан юм. “Залуу хүн гүйж уншдаг, хөгшин хүн сууж уншдаг” гэдгийг одоо л ойлгож байна. Залуудаа унших гэж ёстой оромдсон байна. Одоо ч нэг сүрхий ойлгочихсон гэж хэлж чадахгүй. Энэ бол залуус Та нарын хийх ажил. Иймээс арга зүйн зөвлөгөөг өгөх нь миний үүрэг гэж үзэж байна.
Манайхан “Ши Зи”-г заавал эхээс уншиж судлах ёстой. “Нууц Товчоо”-оосоо дутахааргүй нямбай судлах ёстой. Яагаад гэвэл Чингисээс өмнөх манай хамаг гол түүх тэнд л буй. Манай төр улсын үүсэл гарал бичгээрээ тэнд л байгаа.
Манайхан “Ши Зи”-ээс ганцхан 110 дугаар бүлэг буюу “Хүн шашдир”-ыг уншаад бусдыг нь хятадын түүх гэж үзээд хаячихдаг. Энэ бол үндсээрээ буруу. Хятадын эртний түүх бол нүүдэлчидтэй хийсэн дайн буюу энх тайвны түүх гэж дүгнэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй. 
Ухаандаа “Ши Зи”-ийн хамгийн сүүлчийн бүлэгт Сыма Цянь Хүн гүрэнтэй дайтсан хятад жанжныг ихэд магтана. Эндээс бид Хүн гүрнийхээ тухай тун ихийг мэдэж болно. Энд тэнд буй бүлгүүдэд Хүн гүрэнд очсон элчингүүдийн яриа, Хүн рүү оргосон хийгээд урвасан хятадуудын адал явдал тасарна гэж ер байхгүй. Намайг өнгөц гүйлгэж харахад л ийм байгаа юм чинь зориудаар судалбал маш их юм гарах нь ямар ч эргэлзээгүй.
“Ши Зи” бүтнээрээ орос хэлээр саяхан 2010 онд хэвлэгдэж байгаа учраас түүнийг иж бүрэн судлах ажил дөнгөж одоо л эхэлж байна. Удахгүй англи хэлээр гарна биз. Тэгвэл бүр ч амар болно. Тулгаж байгаад үзнэ тарах ёстой. Болж өгвөл хятад эхээр нь уншвал зүгээр юмсан.
Сыма Цянь гэж оросоор хайлт хийгээд татаад авчих. Сайн татагдахгүй бол яахыгаа надаар хэлүүлэх хэрэг юу байна !!!
Ингээд Та бүхнээсээ “Ши Зи”-г одоохондоо орос эхээс нь уншиж судлахыг уриалж байна.
Монголынхоо түүхийг судлах хамгийн сайхан боломжийг алдвал Хөх Тэнгэр биднийг өршөөхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 3 дугаар сарын 03.

No comments:

Post a Comment