Sunday, March 17, 2013

Шинжлэх ухаанаар үл тайлбарлагдах зүйлс



Шинжлэх ухаан хэдийгээр асар хурдтай хөгжиж байгаа ч бидний хүрээлэн буй орчинд оньсого мэт зүйлс тоо томшгүй байсаар байна. Дэлхийн олон оронд энэхүү чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний төвүүд, эрдэмтэд их байгаа бөгөөд тиймэрхүү үл тайлагдах зүйлстэй учирсан хүмүүсийн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд ч олноор бүртгэгдсээр байгаа аж.
Зарим эрдэмтдийн үзэж буйгаар, дэлхий дээр хүн төрхт ухаант биес хааяа нэгтээ үзэгдэж байгаа нь хаа нэгэн газар, тодорхой хэмжээний зайд манай дэлхийтэй байгалийн нөхцөл, бодисын бүтэц, хэмжээ, гэрэлтүүлэг зэргээрээ төстэй өөр гаригууд байна гэдгийг үзүүлж байж ч болох юм гэжээ. Гэвч иймэрхүү гаригууд манай нарны аймагт байхгүй. Харин хамгийн ойрын оддын системээс манайд хүрэхэд 4,2 гэрлийн жил шаардагдана. Зайн хувьд бол төсөөлшгүй хол.

Гэтэл Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн \ҮМНБ\ мэдээлэл олон зуугаар бүртгэгдэн, нүдээр үзсэн гэх гэрчүүд хүнтэй төстэй биет үзлээ гэж ярьсаар байна.
Хүмүүс ҮМНБиетүүдийг янз бүрийн үед янз бүрээр хүлээж авдаг байжээ. Дээхэн үед Библийн сударт өгүүлэгддэг биестэй төстэй харагддаг байсан бол арай хойно дарвуулт онгоцтой,  одоо үед сансрын хөлөгтэй төстэй харагддаг болсон аж. Энэ нь хүмүүсийн урьд өмнө олж авсан мэдээлэл, туршлагаас хамаардаг бололтой. Жишээ нь, төрөлхийн сохор хүмүүст эмч нар олон жилийн дараа хараа оруулахад тэд эхлээд орчин тойрныхоо юмсыг юу болохыг ялгаж, ойлгож чадахгүй байжээ. Энэ нь тэд өмнө нь сандал, ширээ гэж ямар зүйл болох талаар мэдээлэл хүлээж аваагүйтэй холбоотой юм.  
Мөн цахилгаан соронзонт болон бусад орноор хүнд үйлчлэх тохиолдолд хүний мэдрэхүй өөрчлөгддөг аж. Жишээ нь, ховсчин таны өмнө ямар нэг хүн байна гээд итгүүлчих юм бол үнэн хэрэгтээ хэн ч байхгүй боловч та тэр хүнийг олж харах болно. Иймээс янз бүрийн мэдээлэлд дүгнэлт хийхдээ сайтар судлах нь зүйтэй. Зарим нэг нь өөрсдийн төсөөллөө ч олж харж болох юм.
Бидний мэдрэхүйн эрхтнүүдийн чадвар маш хязгаарлагдмал байдаг. Гэрлийн цацрагийн бүх солонгуудаас бид зөвхөн 400-700 километрийн хооронд л мэдэрнэ. Бусад цацрагууд нь бидний харааны боломжоос гадна үлдэнэ. Дуу авианы хувьд ч мөн адил, 20 герцээс 18 килогерц хүртэлх өчүүхэн бага хэлбэлзлийг л бид мэдэрнэ. Үүнээс үзэхэд, бид хүрээлэн буй орчныхоо өчүүхэн хэсгийг л мэдэрч хүлээн авах чадвартай аж. Бидний хараа хэт хурдан, эсвэл удаан хөдөлж байгаа зүйлсийг ажиглаж харж чаддаггүй билээ. Жишээ нь, сэнс маш хурдан эргэх үед бид түүний далбаануудыг олж харж чаддаггүй шүү дээ.
Зарим эрдэмтдийн санал дүгнэлтээс харахад, бидэнтэй нэг орон зайд зэргэлдээ ертөнцүүд оршиж байна гэж үздэг. Тэгвэл бид энэ гариг ертөнц дээрээ яаж багталцаж байдаг юм бол гэсэн сониуч асуулт үүснэ.
Нэлээн олон жилийн өмнөөс энэ талаар эрдэмтэд тусгай тоног төхөөрөмж ашиглан судалсаар иржээ. Үүний жишээ болгон, Италийн судлаач Лучано Бокконегийн ажлыг авч үзье. Түүний лаборатори тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн тооцоолон бодох төхөөрөмжөөр тоноглогдсон байсан бөгөөд агаар мандлын даралт, авиа, дэлхийн таталцлын долгисол, гамма, бетта цацраг гэх мэт хүрээлэн буй орон зайн гол хэмжүүрүүдийг тэмдэглэж бүртгэдэг байсан аж. Тэнд бас спектрийн янз бүрийн хэсгүүдийн зураг авах зориулалт бүхий кино аппарат, хүрээлэн буй орчны ялимгүй өөрчлөлтийг ч мэдэрч чаддаг гоц авьяаслаг ноход, муурнууд байрладаг байжээ. Тоног төхөөрөмжүүд хэвийн байдал алдагдахыг заах, мөн амьтдын тайван бус байдал илэрмэгц хүний нүдэнд үл ажиглагдах цацрагийн хэсгүүдийн кино фото зургуудыг авч эхэлдэг байсан аж.    
Иймэрхүү маягаар гурван жилийн турш хийсэн судалгаандаа үндэслэн, энэ эрдэмтний багийнхан дараахь дүгнэлтэнд хүрчээ: Биднийг тойроод, бидэнтэй зэргэлдээ орон зай, цаг хугацааны системтэй, өөр зохион байгуулалт бүхий үл үзэгдэх амьд биетүүд байна гэж тодорхойлсон ба фото хальснууд дээр нь янз бүрийн гайхалтай амьтдыг санагдуулам дүрсүүд буулгагдсан байжээ. Энэхүү туршилтыг өөр орнуудад давтаж үзэхэд үр дүн нь мөн адил байв.
Мөн хүмүүс алга болоод тодорхой хугацааны дараа гарч ирсэн сонирхолтой баримтууд байдаг. Энэ үед цаг хугацаатай холбогдсон гайхалтай үзэгдлүүд ажиглагддаг. Жишээ нь, Прибалтикт зуны үдэш, ойд хэсэг жуулчид түүдгийн дэргэд сууж байжээ. Гайхалтай үзэгдэл радио хүлээн авагчаас Алла Пугачевагийн дуу сонсогдож эхлэх яг тэр мөчид эхэлснийг тэд сайн санаж байв. Гэв гэнэт, тэдний эргэн тойрны бүх юмс алга болж, харин тэд ямар нэгэн үл мэдэгдэх байранд зөөлөвчтэй сандлууд дээр сууж байжээ. Хөдлөх гэтэл бүх бие нь мэдээгүй мэт болчихсон байсан ба гэнэт хэн нэгэн тэдний бүлчинд команд өгөн, тэд өөрсдийн дур зоригоос хамаарахгүйгээр гар хөлөөрөө хөдөлгөөн хийж эхэлсэн аж. Иймэрхүү байдал хагас цаг хэртэй үргэлжилсний дараа гэнэт тэд буцаад түүдгийнхээ дэргэд сууцгааж байсан гэнэ. Харин энэ үед Алла Пугачевагийн дуу тэднийг “олзлогдох” үед тасарснаасаа залгаад дуулж байхыг сонссон аж.

Д.Мягмарсүрэн 

No comments:

Post a Comment