Monday, April 29, 2013

Бид бүгд эрх чөлөөний хүчинд итгэдэг




Ардчилсан орнуудын хамтынх нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Эрхэм анд найз нар аа,
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурал ажлаа ийнхүү амжилттай өндөрлөж байна.
Өнгөрсөн гурван өдөр их ажлын, бас их урам зориг бадраасан өдрүүд байлаа. Илүү сайн сайхан маргаашийг цогцлоохын төлөө бид нэг санаа, нэг итгэл эрмэлзэлтэй байгаагаа хэлсэн үг, санал санаачлага болгондоо нотлон харууллаа. Бас энэ бүхнээ хэрэгжүүлэх ажлыг гардан хийх хүсэл зоригоо дахин бататгалаа. Та бүхэнд их баярлалаа.
Ерөнхий сайд Йинглак Чинават, хатагтай Эштон, Ан Сан Сү Чи, Таваккол Карман гээд эмэгтэй манлайлагчдын идэвхтэй оролцоог хараад би ихэд баярлалаа. Та бүхнийг хараад ”Бурхан биднийг заавал амжилтад хүрэхийг шаардаагүй. Харин зүтгэхийг л шаарддаг юм” гэж Тереза эхийн хэлсэн үг санаанд бууж байлаа.
Азийн ардчиллын сүлжээ үйл ажиллагаагаа эхлүүлж, Ази, Номхон далайн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт зохион байгуулагдсанд талархаж байна. Энэхүү хоёр санаачилга манай бүс нутагт ардчиллын төлөөх хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
Хэдхэн хормын өмнө баталсан Улаанбаатарын Тунхаглалд бид өнгөрсөн хоёр жилд гаргасан ололт амжилтаа бататгаж, ойрын болон хэтийн зорилтуудаа тодорхойллоо.
Манай байгууллагын шинэчлэл Эль Сальвадор улсын удирдлага дор цаашид ч идэвхтэй өрнөнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм анд найз нар аа,
Бид бүгд эрх чөлөөний хүчинд итгэдэг. Хүн бүхний зүрхэнд эрх чөлөөтэй амьдрах хүслийн үрийг Бурхан тарьсан байдаг. Энэ эрх чөлөөг заримдаа нухчин дардаг ч, эрх чөлөөтэй амьдрах хүсэл дахин сэргэдэг юм.
Би эх орноо ардчиллын гэрэлт бамбар гэж боддог. Нэгэн цагт Монголчууд дэлхийд хамгийн урт хана хэрэм босгоход хүргэж байсан. Эдүгээ бид аливаа дарангуйлал, шударга бус дэглэмийн хана хэрэм, төмөр хөшгийг нураахад нь бусдад туслахыг хүсч байна.
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дэх үүрэг оролцоогоо цаашид ч тууштай үргэлжүүлнэ. Дэлхийн энэ хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжих зорилгоор манай улс жил болгон 150 мянган ам.доллар хандивлаж байх шийдвэрийг гаргаснаа та бүхэнд дуулгахад таатай байна. Бусад гишүүн орнууд бидний энэхүү санаачилгыг дууриан дэмжинэ гэдэгт итгэж байна, бас уриалж байна.
Монгол Улс сайн нэртэй, яруу алдартай улс. Энэхүү сайн нэрээ бид хайрлан хамгаалдаг. Яс минь хугарсан ч, эх орон, ардчилал, эрх чөлөө маань бүтэн байг.
Монгол Улс та бүхний найз, итгэлт, тууштай сайн анд тань юм шүү. Бид нэгдмэл үнэт зүйлтэй, ижил зорилготой хүмүүс. Бид та бүхэнд заах сургах бодолгүй, харин сургамж туршлагаасаа, санаа бодлоосоо хуваалцая гэсэн юм. Манай оронд дахин дахин ирж, урам зориг авч, найзлаж нөхөрлөж, хамтран ажиллаарай.
Монгол Улсыг АОХН-ийн даргалах хугацаанд биднийг дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн Засгийн газрууд, Парламентууд, иргэний нийгмийн байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага та бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэе. АОХН-ийн Сайд нарын долдугаар Бага хурлыг шаргуу ажил зүтгэлийн үр дүнд амжилттай зохион байгуулсан хурлыг зохион байгуулах, ажлын хэсгүүд, сайн дурынхан, оюутан залуучууддаа баярлалаа.
Ингээд би нэгэн хүндтэй үүргийг гүйцэлдүүлье. Эль Сальвадор Улсын сайд Хуан Хосе Гарсиаг индэрт урьж, байгууллагынхаа тугийг шилжүүлэн өгье. ЭльСальвадор улсад байгууллагаа амжилттай удирдахыг хүсэн ерөөе.
Ийнхүү Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлын ажиллагаа хаасныг мэдэгдье.
Баярлалаа.

No comments:

Post a Comment