Saturday, May 4, 2013

Нар жаргасан хойно



“Утгын чимэг” богино өгүүллэгийн 23 дахь удаагийн наадамд 80 гаруй өгүүллэг ирснээс сүүлийн шатанд шилдэг 15 өгүүллэг шалгарсан. Бид шилдэг 15-д шалгарсан Б.Цоожчулуунцэцэгийн “Нар жаргасан хойно” өгүүлэгийг хүргэж байна. 

НАР ЖАРГАСАН ХОЙНО...

Зэвэг өвгөн галаа түлэх гэж баахан бухимдав. Нойтон түлээний гашуун утаа хоолой хорсгон, галын өнчин хөх дөл туниа муутайхан сүүмэлзэхэд тэрээр цайгаа халаахаар гал дээрээ тавьлаа. Гэрт хэдийнээ хүйт хургаж, цаанаа л нэг тохь муутай. Өглөө л чанасан бор цай уухын аргагүй хоормог шиг  болж,  хоолойг нь гашуу оргиулахад  Зэвэг унтахаар ороо бараадлаа.  Гэвч нойр нь хүрсэнгүй, хөнжилний хажуунаас хүртэл хүйт даах шиг санагдаж, өрхний завсраар цухуйх бүрхэг тэнгэр яг л түүний сэтгэл шиг хоосон, бас бүүдгэр, ганцаардмал харагдахад тэр нүдээ анив. Үнэндээ тэр Хандмааг өөрийнх нь амьдралд ийм их орон зай эзэлдэг байсныг анзаарч явсангүй гучин гурван жилийг элээснээ бодохоор дахиад л өнөөх харуусал  цээжийг нь бүрхээд ирлээ. Хандмаа гэж түүний бурхан болооч эхнэр. Эхнэрийгээ өнгөрснөөс хойш уух цай ч амтгүй, идэх хоол ч шимгүй болж хувирахын чинээ тэр санасангүй явлаа. 

-Хөөрхий дөө. Муу хань минь... хэмээн Зэвэг амандаа хий дэмий л бувтнав. Тэр хэзээ ч түүнийг ийм их үгүйлэн санаж байсангүй.

-Бүтэлгүй, үрэлгэн, заваан залхаг эхнэр гэж л бодож явдаг байлаа. Хандмаа тэр хоёр 36 жилийн өмнө  амьдрал холбож билээ. Тэр үед Хандмаа өндөр, биерхүү, тас тас инээд алдсан сайхан бүсгүй байсан. Их ч олон залуу түүгээр цайгаа чануулж, өрхөө татуулах гэж нойр, хоолгүй араас нь гүйснийг Зэвэг сайн мэднэ. Харин яагаад ч юм Хандмаа тэр олон залуучуудаас түүнийг сонгож билээ. Хандмаатай нийлж, хурим найр хийснийхний дараахан муу ээж нь

-Хүү минь чи хүний сайхан охиныг авсан шүү. Чиний ааш араншинг тэвчиж амьдрах хэцүү. Ёстой л үйлийн үр нь байсан юм байлгүй. Цаадахыгаа бага л зовоож үзээрэй.  Чиний энэ ойворгон зан чамайг сайн юманд хүргэхгүй. Хэзээ нэгэн цагт голомтныхоо үнсийг өөрөө малтаад, ганцаараа сууж байх вий гэж их л хатуухан хэлж байсныг гэнэтхэн саналаа. Тийм ээ. Ээж нь түүнд үнэнийг хэлж. Үнэндээ тэр муу амлаж бус муу хүүтэйгээ мэддэг учраас ээж нь хүүгээ насны бөгсөнд ганцаардахыг мэдэж байж гэж бодохоор нүдийг нь ус бүрхээд ирлээ.

Нүдийг нь бүрхчихээд юм ч харуулахгүй байгаа тэр усанд өнгөрсөн амьдрал нь бүтнээрээ шингэж, алдаа оноо, зовлон жаргал бүхэн нь багтаж байгаа юм шиг санагдахад өвгөн Зэвэг  хэнгэнэтэл уйлж эхлэв. Би түүнийг ганцаардуулж, сэтгэлийг нь шархлуулж, биеийг нь ч хагасалж, сэтгэлийг нь хоёрдуулсан нүгэлтэн гэж бодох зуур өнгөрсөн амьдрал нь нүднийх нь өмнө зурайгаад л ирэв.
Хандмаатай нийлээд удаагүй байхдаа Зэвэг хойд сумын Маажаргал гэдэг бүсгүйтэй малын эрэлд явж байхдаа  танилцаж билээ. Хөгшин эхтэйгээ хоёулханаа амьдардаг, гав шав хийсэн ажилтай ч, ааштай ч хүүхэн. Маажаргалтай танилцаж, зуны тэр өдөр гэрт нь хоноглосноос хойш Зэвэг гэртээ тогтохоо байв.  Гэртээ хэд хоноод л нэг л мэдэхэд уйдаж, гансраад ирнэ. Тэгээд л хэл чимээгүй хойд сум руу шогшуулчихна. Гэр орны хөл толгойгүй ажил, уйланхай нь дэндсэн гурван хүүхэд, хонь малд явах, худаг ус гаргах, хашаа саравч барих бүхий л ажлыг хөөрхий муу Хандмаа ганцаараа л зохицуулна.

Түүнийг хэдэн долоо хоногоор яваад ирэхэд ч уурлаж, бухимдаж, загнаж аашлахгүй, хий дэмий л дуугаа хураана. Тэгсэн хэрнээ хоол цайг нь бэлдээд тавина. Зэвэг угаасаа хохилзуур ааштай. Нэг удаа Хандмаа

-Чи одоо болих болоогүй юу. Амьтан хүний хэл ам ч дийлдэхээ байлаа. Чи хойд суманд амьдарч, би энэ жалгыг ганцаараа сахиж, гурван жил боллоо. Би үр хүүхдээ овоглох эцэгтэйгээ мэдэж авахаар болтлоо хөрөв сууг гэж өчнөөн удаан тэслээ. Нэг бол чи энэ гэрээс, эсвэл би энэ гэрээс явах цаг болсон юм биш үү? хэмээн түс тас хийтэл хэлж билээ. Зэвэгийн уур гэнэтхэн л  асаад ирсэн.

-Аа. Тийм үү? Хүүхдүүд чинь хөрөвжиж, хөгшин би хэрэггүй болсон уу? Чи надтай бөгс, бөөрний хэрүүл хийж суухаар намайг байхгүйд  бөгсөө эвтэйхэн хямгадаж байхаа л бод гэвэл Хандмаагийн нүдэнд нулимс цийлэгнэж

-Хаяж явчихаад, хүүхний өвөрт хэвтэж байхдаа хүүхдүүдээ маллаж, мал дагаж яваа хүний бөгс манах санаатай юу? Гайгүй байлгүй. Энэ гэрийг овойлгож, галд нь утаа уугиулж суух гэж намайг яаж зүтгэж байгааг чи  мэдэхгүй л дээ гэснээ дахиад л хар цагаан дуугүй болсон. Зэвэг өвгөн Маажаргалтай сууна ч гэж бодож байсангүй. Нэг л мэдэхэд тэр бүсгүй муу умгар гэрээ ачаад, тээврийн жолооч дагаад алга болж, Зэвэгт гэртээ очихоос өөр арга байсангүй. Үнэндээ хувийн жаргал, гэр орны ажил төрлөөсөө дайжиж, өөр хүүхэнтэй бүхэл бүтэн тав, зургаан жил зугаалсан эр нөхөртөө тэр ганц л удаа үг хэлсэн нь энэ. Зэвэг энэ бүхнийг эргэцүүлэн бодох зуур

-Гайхалтай тэвчээртэй хүн байсан юм шүү хэмээн бодож санаа алдлаа. Эмэгтэй хүнд тэсвэр тэвчээрийн хэрэг байдаг ч юм уу даа. Бүхнийг сөрж, тэсч тэвчиж чаддаг хүн өөрөө л зовдог юм байна. Түүний энэ тэсвэр тэвчээр дээр би мөн ч их жаргасан даа гэж ганцаараа амандаа бувтнав.Үнэндээ тэр Хандмааг баярлуулж байсан үеэ бодоод бодоод олсонгүй. Хандмаа цай, хоол хийнэ.

-Амнаас унах шахсан л амтгүй цэхэр ус буцалгаж, гурил мах л холихоос өөр юм мэдэхгүй юм гэж голно. Түүнд дээл хувцас хийгээд тавьчихна.

-Хээ нь зөрчихөж, хэтэрхий томдчихож гэж үглэнэ. Үнэндээ Зэвэгийн санаанд таарах юм ховор. Тэглээ гээд Хандмаа хэзээ ч уурлаж бухимдаж, үг сөрж байсангүй. Яагаад тэгтлээ их номхон зан гаргадаг байсныг  Зэвэг бодоод, бодоод олсонгүй. Мөрийтэй тоглож, панз үсэргэж байна хэмээн хэдэн морио алдчихаад ирэхэд ч уурлаагүй.

-За яахав дээ. Эр хүн олзноос, эрвээхэй зулнаас гэдэг юм. Гурван хүүхэд эрүүл байвал болох л байлгүй гэхэд нь Зэвэг 

-Муу эм эрийн хийморь сүлд дардаг гэж үнэн юм хэмээн учиргүй уурлаж  билээ. Харин Хандмаа толгой мэдэж өнчин ишиг ч зарах эрхгүй л өдий хүрсэн. Хэдийгээр Зэвэг хохилзуур муухай ааштай ч гэсэн Хандмаагийн гар сайтай, идээ унд элбэгтэйг мэдэх амьтан ах дүүс тэднийхээс салахгүй. Байнга л зочин гийчинтэй. Хандмаа орсон гарсан бүхнийг дайлж цайлна. Энэ бүхэн Зэвэгт нэг л яршигтай санагдана. Хандмаа л үрэлгэн заваан учраас хавийн амьтан шавж байх шиг санагдаж бухимдана.

-Инээдгийг эр дагадаг гэж үнэн юмаа. Энэ гэрт надад багтах ч зай алга. Хурааж хумисан юм ч алга. Олсон жаахан юмыг минь чи үрээд дуусаж байна гэж зандрахад

-Зэвэгийнх галтай, гал дээр тогоотой, тогоо нь хоол ундтай байна гэдгийг хүмүүс хараг гэсэндээ л би тогоо шанагатай зууралдаж сууна. Чи ч бүр монголоо алдаж дууслаа л даа гэснээс өөр тэр юу ч хэлээгүй. Үнэндээ Хандмааг өөд болсноос хойш тэднийхээр ирдэг гардаг хүмүүсийн тоо улам бүр л цөөрсөөр... Том охин нь Зэвэгийг гаднаа буулгах гэж хэд хэдэн удаа унаа машинтай ирсэн боловч түүний адайр зан хатгаж

-Намайг үхсний дараа ирж, энэ хэдэн малыг, гэр орныг ачаад яваарай гэж загнаснаас хойш хүүхдүүд нь ч тоотойхон ирэх болов.

-Та хөөрхий муу ээжийг минь насаар нь л хэмлэсэн. Танд гомдож дэрээ нэвтэртэл уйлж хонодог байсныг та ямар мэдэх биш. Танд сайн санасан болгон муу болж харагдах юм даа аав минь гэж охин нь нүүр өөд нь эгц харж хэлсэн тэр өдрөөс хойш Зэвэг улам бүр ганцаардаж байгаагаа мэдэж билээ.

Хорвоо дээр түүнд ганцхан л том өмч байсныг тэр хэзээ хойно л мэдэв. Энэ бол түүний хань нь байж. Түүнийг байхад гэр нь  галтай, тогоо нь хоолтой, хоолыг нь идэх хүнтэй байж. Сэтгэл нь нартай байж. Тэр нар Хандмаатай хамт  жаргачихаж гэж бодох зуур дахиад л түүний нүдийг нулимс бүрхээд эхлэв.

Хажуудахаа хэн их зовоосон нь ганцаараа үлдэж, хагацал амсаж, харамсаж гашуудаж, ганцаардаж, хүний гар харж зовж шаналдаг аж. Би түүнийгээ зовоосон, түүнийхээ ялыг үхтлээ эдлэх ёстой хэмээн Зэвэг хөгшин шүд зуун бодож байлаа.

Түүний тэвчээрийг шалгахаар харанхуй бүрхэг өдөр хоногууд  хүлээж байгааг тэр сайн мэдэж байв.

Баянмөнхийн ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ
2012 он


No comments:

Post a Comment