Wednesday, May 8, 2013

Ц.Оюундарийг ЕНБДаргаар томилж, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхээр боллоо


Ардчилсан намын ҮЗХ-ны 42 дугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцсэн юм. Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшүүлэх журмыг баталаа. Харин хэлэлцэх асуудлын хоёрдугаарт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал байсан юм. АН-ын ЕНБДаргын үүрэг гүйцэтгэж буй Ц.Оюундарийг дээрх албан тушаалд томилох эсэх асуудлаар ҮЗХ-ны гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж гишүүдийн 93,8 хувийн саналаар түүнийг АН-ын ЕНБДаргын албанд томиллоо. Харин хэлэлцэх асуудлын гуравдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах асуудал байлаа. Намын дүрэмд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хүн байвал өргөдөл болон холбогдох бичиг баримтыг цуглуулж Гүйцэтгэх зөвлөлд хүргүүлэх учиртай.
Гүйцэтгэх зөвлөлд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж материалаа ирүүлсэн байна. Гүйцэтгэх зөвлөл ирсэн материалтай танилцаж, хуулийн дагуу ҮЗХ-нд оруулсан юм. Энэ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэх асуудлаар нууц санал хураалт явуулж гишүүд 100 хувийн саналаар өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжлээ. Хуралдааны дараа АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын хөгжилд томоохон алхам хийж, хэрэгжүүлсэн учир одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна. Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл, өөрчлөлтийг хийж байгаа. Ийм цаг үед ардчилсан Ерөнхийлөгч урьд өмнөхөөсөө илүү их хэрэгцээтэй гэдгийг манай ард түмэн сануулж хэлж байна. Сүүлийн 23 жилийн хугацаанд авлигад идэгдсэн улс орныг аварч, шударга ёсыг тогтоож болдог гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч маань шударгаар харуулж чадсан. Тийм учраас шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэх тохироо бүрдсэн энэ үед ардчилсан Ерөнхийлөгч нэн түрүүнд шаардлагатай  гэдгийг дахин хэлье. Үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсыг тогтооё, өөрчлөлт, шинэчлэлийг хийе гэсэн ийм сэтгэл зүрхтэй хүн. Энэ ажлыг эхлүүлсэн учраас найман сарын хугацаанд хийж чадлаа. Ийм учраас хууль тогтоох, засаглах эв нэгдлийг бий болгон бие биеэ дэмжин хүчирхэг, сөргөлдөөн биш нэгдлийг өнөөдрийн түвшин харуулж чадсан. ҮЗХ-ны гишүүдийн  итгэл үнэмшил нэгдэж, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийг дэмжсэн гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

No comments:

Post a Comment