Saturday, May 11, 2013

Б.Догмид: Шүншигтэй, бүтээлтэй хүн мөнх байдаг




Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа. Тэрээр энэ сарын 16-нд “Бөхийн өргөө”-нд “Дөрвөн уулын бороо” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа юм. Нилээд их ажлынх нь дундуур багахан хэмжээний цаг гарган ярилцсан бидний яриа тоглолтын талаар гэхээсээ илүүтэй эх орон, газар шороо, анд нөхдийнх нь тухай болсон юм. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй болох гэж байгаа тоглолтын тань талаар яриагаа эхлэх үү?

-Би яахав дээ, нутаг ус, газар шороогоо дээдэлж явдаг хүн. Миний тоглолт бол дөч гаруй жил бичсэн хэдэн дуунаасаа шигшсэн гучаад дуутай, Н.Жанцанноров, Бямбабаяр нарын зохиосон “Догшин хутагтын сахиус”, “Бурханы шувууд” зэрэг дөрвөн том найрал хөгжимтэй тоглолт болно. Дээр нь “Догшин хутагтын сахиус”, “Оосор бүчгүй орчлон”, “Анхны хайрын дууль” гээд кинонуудын шигтгээ дүрүүдийг жүжигчид драмчилсан байдлаар үзэгчдэд хүргэнэ. Энэ тоглолт маань Равжаа хутагтын мэндэлсэний 210 жилийн ой хийгээд IX хутагтын сэнтийдээ заларсанд уран бүтээлийн мандал өргөж байгаа тоглолт юм. Тоглолтоо Улаанбаатар хотод хийгээд Хамрын хийд, Сайншанд зэрэг газруудаар тоглоно. Дараа нь өргөн олондоо бүхий л мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан тоглолтоо хүргэхээр бэлдэж байна даа. 

-“Дөрвөн уулын бороо” тоглолтын гол онцлог юу вэ?


-Дорны хүний намба, сэтгэл, зөв ухаан, эвдрээгүй араншин ээдээгүй сэтгэл, нутаг ус газар шороогоо дээдэлж, тэнгэрээс эрчим хүчийг авч, газар эхдээ мөргөдөг аугаа их Монгол хүний олноос онцгойрох сэтгэлийн их шүншигийг харуулах юм. Монголчууд бол дэлхийгээр дайдан төрсөн бусад олон үндэстэнүүдийн дундаас онцгойрч, Төв Азийн өндөрлөгт бурханд хамгийн ойрхон, тэнгэрт хамгийн дөт амьдардаг аз заяатай, хүн нь хүн шиг, мал нь мал шиг амьдарч чаддаг хүмүүс. Тийм ч болохоор олон тэрбум хүн амтай Энэтхэг, Хятадаас төрөөгүй Чингис хаан ооч сахал шиг цөөхөн монголчуудын дундаас төрсөн нь зүгээр нэг тохиолдол биш гэж бодож, бахархаж явдаг.

-Та тоглолтоо яагаад “Дөрвөн уулын бороо” гэж нэрлэсэн юм бэ?

-Энэ цаг үед монголчууд бид бороо хур хүсдэг, газар дэлхий минь ч хүлээдэг. Хан дөрвөн уулынхаа дунд бид нар эрүүл саруул элэг бүтэн хүнд хэлэх, үлдэх юмтай явж байгаа гэж боддог. Тулгын тотго шиг энэ дөрвөн сайхан уул маань дотроо биднийг аравнайлж байдаг.

Дөрвөн уулын даллагатай бороо шивэрнэ, Ай Нанаа
Дүнжингаравын оргил Цэцээ гүн цэнхэртэнэ ээ
Хатан Туулын урсгал хазаар даран хатирна
Хараацайн хөнгөн даль хацар шүргэж жиргэлдэнэ ээ... 
гэж “Дөрвөн уулын бороо” дууны эхний бадаг эхэлдэг юм. Би ер нь сүүлийн үед уул усандаа зориулж олон дуу хийж байгаа. “Богд хан уул”-ндаа дуу хийсэн. Мөн “Шилийн богд” ууланд зориулсан дууг минь Гавьяат жүжигчин С.Ганзориг дуулсан байгаа.

-Догмид ах та дөч гаран жил дууны уран бүтээл туурвисан гэхээр танд хичнээн дуу байна вэ?


-Ер нь цөөхөн дөө. Би бол яруу найргийг тасралтгүй бичсэн боловч өөрийгөө голоод хэвлүүлээгүй. Тэгэхдээ надад бол аятай, дантай дуу жараад байна. Эдгээр дуунаасаа тоглолтондоо Монголын өмнөө барьдаг авьяастай алдартай гэсэн бүх л хөгжмийн зохиолчидтой хамтарч хийсэн, олны хүртээл болсон 22 дуугаа л дуулуулж байгаа. Жишээ нь энэ дотор Ц. Чинзоригийн хийсэн гайхалтай дуунууд ч орсон.

-Та ярианыхаа эхэнд “хүн нь хүн шиг эх орон” гэсэн. Одоо энэ цаг үед “хүн нь хүн шиг” байж чадаж байна уу?


-Ерөнхийдөө бол манайхан хүнээ, Монголоо алдчихсан юм байхгүй л дээ. Олны дотроос оочин цоочин, орон гаран бодолтой улсууд төрийн өндөр албан тушаалд гарсанаас болоод эх орон, тусгаар тогтнол төдийгүй газар шороо маань хэцүүхэн болох цөвүүн цаг ирсэн гэдгийг нуугаад байх юм байхгүй. Одоо Өмнөговь аймаг Монголын газрын зураг дээр тэмдэглээтэй байгаа боловч лицензээр нь хөөгөөд үзэхээр гадаадынханы мэдэлд оччихсон. Тэгэхээр Элчин сайдын яамны хашааны газар гадаадын өмч байдаг шиг Монголын газар нутаг дээр байгаа гадаадын газар болчихсон. Би үүнд харамсаж явдаг. Бид нар газар шороогоо хамгаалахгүй бол хэн харамлах юм. Өнөөдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум гэхэд галт тэргээр ундныхаа усыг зөөж байна. Бид нар нутаг усгүй бол хэн юм. Өнөөдрийн тав, гурван төгрөг, эдийн засгийн өсөлт, уналт гэдэг чинь өчүүхэн цаг зуурын юм. Газар шороотойгоо байхад бид дэлхийн зулай дээр завилах л болно.

-Нутаг усаа бид нар хамгаалах ёстой гээд бид нар яриад байгаа боловч “бидний амьдрах ганц зүйл” гээд газраа зараад байна шүү дээ?

-Би өөрөө эдийн засагч хүний хувьд хэлэхэд хоёр, гуравхан уурхай нээхэд л бид нар хангалттай амьдрана. Гэтэл өнөөдөр толгойтой бүхэн газар ухаж байна. Баянхонгор аймаг хорин сая тарвагатай байсан ч өнөөдөр нэг ч байхгүй болсон. Тэгээд зуун мянган нинжа тарваганыхаа оронд өөрсдөө газраа ухаад байж байна. Нийгмийн нийт бүтээгдэхүүн тэдэн хувиар, хөрөнгө мөнгө тэдээр өслөө л гээд байгаа юм. Энэ чинь ард түмний аяганд орой бүр орж ирэхгүй. Тэр айлын босгоор сард хэдэн төгрөг орж ирж байна, өвгөд хөгшид, үр хүүхэд маань юу өмсөж байна гэдгээр л амьдрал хэмжигдэнэ. Хэдхэн баячуудын идэж ууж байгааг бүх хүмүүст хуваагаад бүгдийнх нь амьдрал дээшилчихсэн мэтээр яриад байгаа юм. Дансандаа байсан сая ам.доллараа мартчихдаг хүн цаанаа хичнээн төгрөгтэй байх вэ гээд хөөгөөд бодохоор чинь хэцүү байгаа биздээ. Ерэн оноос хойш бид нар сонголт хийснээрээ ард түмний амьдрал огт дээшлээгүй. Албан тушаал, улс төрийн төлөө тэмцэлдсэн, ээлжиж даргын суудалд суусан хүмүүсийн тоо мянгад хүрэхгүй л эргэлдэж байдаг юм.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчлье. Ерээд онд таныг Их хуралд өрсөлдөхдөө найз Ж.Лхагва зохиолчийг авч явсан тухай хөгтэй яриа байдаг л даа. Энэ талаар яриач?

-Үүнийг мэддэггүй хүн ч одоо ховор болж дээ. Тэр үед толгойтой болгоныг нэрийг нь дэвшүүлдэг байж. Анхдугаар их хурлыг батлах үеийн юм байхгүй юу. Тэгэхэд намайг Дорноговиос нэр дэвшүүлээд, Жагдалын Лхагва бид хоёр Л.Түдэв даргын даалгаварыг хамгийн сүүлд биелүүлэхээр явсан юм. Бид хоёр иргэдтэй цорын ганц уулзалт хийсэн. Би үүнийгээ уран сайханжуулаад бичсэн л дээ. Гэхдээ энэ бол уран зохиол биш. Худлаа юм огт байхгүй. Одоо эргээд харахад сонин л байдаг юм. Өнөөдөр бол хүн бүр өөрийгөө магтаад л бүгд бурханы зараалаар ирсэн мэт яриад байдаг болж. Бид хоёрын тэр хөгтэй явдал үүний л эсрэг шахуу юм шүү дээ.

-Энэ нь таныг улс төр гэдэг бохир зүйлд оруулахгүй гэсэн найзын тань чин сэтгэл байжээ гэж боддог?

-Тийм л дээ. Жагдалын Лхагваа өөрөө ерөөсөө яах гэж намайг дагаж очсон гэхээр “намайг улс төрөөс хол, уран зохиолд ойр болгохын тулд очсон” гэдэг байсан. Улс төр гэдэг бол хамгийн бохир зүйл. Аугаа их О.Дашбалбар улс төрд ороод шүлэг нь хүртэл хатуурсаныг хажууд нь хамт явж байсан нөхрийнх нь хувьд би мэднэ. Шүлэгний уран эгшиг, зөөлөн шигтгээ нь шууд хатуураад улс төрийн шинж чанартай болчихсон. Улс төр гэдэг бол хэнийг ч давалгаандаа хамаад авч явж мэдэх аюултай эд. Намайг үүнээс холдуулсан нөхөртэй одоо ч их баярладаг.

-1986 оны хоёрдугаар сарын 26-нд зохиолч Ж.Лхагваад бичсэн таны захидлыг олж уншиж байсан л даа. Түүн дээр “чамайг ирэхээр Сумхүүтэй хамтарч гурвуулаа кино хийнэ. Би туужаа дуусгачихлаа” гэж бичсэн байсан. Тэр таны ямар тууж байв, кино болгосон уу?

-Тууж ч гэж дээ. Би “Янжин” гэж өгүүллэг бичээд Ж.Лхагваадаа явуулсан л даа. Ж.Лхагва өөрийнхөө “Арван долоотой байхад” гэдэг өгүүллэгээ бичсэн юм. Харин найруулагч Сумхүү тэс өөр хоёр өгүүллэгийг нийлүүлээд “Анхны хайрын дууль” гэж кино хийсэн. 

Анхны хайрын тухай бодол
Адуунаас унтаж хоцорсон нялх унага адил
Сэтгэлийн цагаан манан дундуур
Янцгаан давхиж айсуй...
 гэж хүрэн алаг унага давхиж эхэлдэг, Ганболд, Сувд хоёр цэл залуухан тоглосон энэ гайхалтай кино бол манай Ж.Лхагваагийн бүтээл.

-Та тэр захиан дээрээ үс хатаадаг цахилгаан хайч захисан байдаг. Авчирч өгсөн үү?       


-Авчирч өгсөн. Надад саравчтай малгай, тэр хайч хоёрыг авч ирж өгсөн л дөө. Тэр малгай нь надад томдохоор нь би Д.Цоодолд өгч, үс хатаадаг хайчаар нь үсээ буржийлгаж, залуу насныхаа гэрэлт өдрүүдийг гуниг үгүй өнгөрөөж дээ.

-Та бүхний үеийн эрчүүдийн үерхэл, нөхөрлөл их сайхан байжээ гэж бид боддог юм. Харин цагаа дагаад нэг нэгнээсээ холдож нэгнээ орхиод явсаар байна. Найзуудынхаа талаар дурсаач?


-Би нэг удаа хэлсэн юм. Хүнтэй нөхөрлөвөл үхсэн хойно нь ч нөхөрлө гэж. Шүншигтэй, бүтээлтэй хүн үхнэ гэж байдаггүй юм. Бие нь үгүй болсон ч хэн бүхэнтэй өдөр бүр амьд хүн шиг уулзаж байдаг. Ж.Лхагва, З.Түмэнжаргал, С.Эрдэнэ эд нарыг би үхчихсэн гэж ерөөсөө боддогүй юм ш дээ. Ж.Лхагваагаа нас барахад би хэрүүл хийж байж “Алтан-Өлгийд нутаглуулъя” гэхэд “төрийн дээд шагналгүй болохоор болохгүй” гэсэн. Тэгэхээр нь “би тавитаргүй хүн хаана ч явж байгаад үхэж мэднэ. Би одоо газраа авна. Та нар үхсэнийг бүү хэл амьдыг нь хуурдаг” гэж байгаад өөрийн газраа авч нөхрөө Алтан-Өлгийд нутаглуулсан. Ж.Лхагва бол үнэхээр том зохиолч. Жинхэнэ өгүүллэгийн ноён оргилуудыг Ж.Лхагва бүтээж, шинэчлэл хийсэн, богино өгүүллэгийн мастер хүн юм. Мөн аугаа их яруу найрагч З.Түмэнжаргал бид хоёр их сургуульд нэг ширээн дээр суудаг байлаа. Тэгэхэд
Ус мөрөн олон чиг
Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ
Улс гүрэн олон чиг
Монголыг минь яаж гүйцэх вэ... 
гэсэн алдартай мөрөө Сангийн яамны сайд Моломын эхнэр Загдааг орос хэлний хичээл орж байхад цаасан дээр бичээд надруу шидэж байлаа. Би анхных нь уншигч. Сая Түмээгээ Францад нас барахад нь би

Халхын их найрагч
Хар Түмээ минь дээ
Улс гүрэн олон ч Францад яах гэж очив доо
Ус мөрөн олон ч Сенад яах гэж оров доо... 
гэж бичсэн юм. Манай Түмээг янз бүрээр бичсэн, амиа хорлосон энэ тэр гээд. Тэр хэзээ ч таван настай хүүгээ орхиод амиа хорлох тийм тэнэг дурак биш. Бусдад хорлогдсон гэж би боддог. Хүн өөрийнхөө хэмжээгээр бусдыг хэмждэг юм. Аугаа их З.Түмэнжаргалыг өөрөөрөө хэмжинэ гэдэг бол могойг гүрвэлээр хэмжихтэй ижил зүйл. Ер нь ихэс дээдсийн хэргийг, эгэл доодос шүүдэггүй гэсэн эзэн Чингисийн үг байдаг шүү дээ.   

Ярилцсан: Т.ДАРХАНХӨВСГӨЛ

No comments:

Post a Comment