Sunday, June 2, 2013

Г.Аким: Ухаантай хүнийг хүлээж байна


Улс орны хөгжлийг залах Ерөнхийлөгчийг сонгох өдөр дөхсөөр... Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий дүр зургийн талаар Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч Г.Аким гуайтай товч ярилцлага өрнүүллээ. 
-Эх орны хөгжлийг чиглүүлэх Ерөнхийлөгчөө сонгох сонгуулиас та ямар хүнийг хүлээж байна вэ? 

-Миний хувьд улс төрөөс гараад удаж байна. Гэхдээ би монголчууд эх орноо аваад явчих ухаантай хүнийг хүлээж байна. Ер нь дэлхийн цараанд сэтгэж чаддаг, олон улсад Монгол гэдэг нэрийг аль ч улсаас дутахгүй, нэр сүрийг нь өргөөд явчих тийм л хүнийг нийгмээрээ хүлээж байгаа болов уу.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн ажлаа таны төрсөн нутаг Дорнод аймгаас эхлүүллээ. Та үүнийг түүхч хүний хувьд юу гэж бодож байна вэ? 

-Дорнод  нутаг бол Халх голын дайн байлдаан болж байсан гэдгээрээ, уран зохиолын хэлээр ярьвал хамгийн эхэлж наран ургах зүгээр нь ч бодсон их түүхийг агуулсан нутгаас сонгуулийн ажлаа эхлүүлнэ гэдэг нь их бэлгэдэлтэй гэж бодож байна. Ер нь Чингис хаан Монгол нутагтаа хийсэн хамгийн том байлдааныг Наймантай хийсэн байдаг. Наймантай байлдахдаа наран ургах зүгээс буюу Халх голын цаахантай байх Ор нугын хэлтгий хадаас хар тугаа сацаад буюу тахиад эхэлж хөдөлсөн байдаг юм. Нууц товчоонд Чингис хааны байлдан дагуулалтыг бичихдээ Халх голын тухай өгүүлсэн зүйл их бий.  Хэрэйдтэй байлдсаныхаа дараа Халх голдоо цэргээ тоолсон гэх мэтчилэн Монголын эртний түүхийн холбогдолтой газар ус юм. Яагаад ч юм, ер нь Чингис хаан аливаа байлдаан хийхдээ нэг бус удаа Халх гол руу очиж, тэндээс хөдлөсөн байдаг. Тэгэхээр эх орны  минь зүүн хязгаар Халх гол орчим маань нэг тийм сонин эрчимтэй газар юм болов уу даа. За тэгээд 1939 онд Монголчууд өөрсдийгөө хамгаалсан дайн хийж байлаа. Монголын хөвгүүдийн  цус тэнд урсч л байсан. Сөөм ч газар өгөхгүй л гэж үзэж явсан даа.

-Эх орны түүхийн хэсгээс ярьсан болоод ч тэр үү. Говийн ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийг сэнтийд нь  залсан үйл явдал эрхгүй  сэтгэлд буулаа. Энэ нь олон жил шийдлээ олоогүй, тарж бутарсан шашныг нэгтгэх хэрэг боллоо гэж сүсэгтэй олон бэлгэшээх юм?

- Миний хувьд шашин судлаач биш учраас төдийлөн хэлж мэдэхгүй байна. Эхний хоёр богд маань монгол хүн байсан. Удаах богдыг Монголоос тодруулахад, есдүгээр ноён хутагтын дүр энд ирж суурьшсан нь нөлөөлөх болов уу гэж бодож байна. Ер нь шашны нэгдэн нягтрал талаасаа сайн нөлөөтэй. Ерөнхийлөгчийн хийж чадсан нэг том зүйл бол хилийн чанадад тарж бутарсан монголчуудаа урин дуудсан нь гэж бодож байна. Энэ нь гадаадад байгаа монголчуудын сэтгэл хүрсэн л дээ. Эх нутагтаа ир, бид сайхан хүлээж байна гэж урин дуудаж байсан Ерөнхийлөгчийг би лав дуулаагүй. Монголчууд гадаад хэдэн мянган жилээр удмаараа суурьшчихсан байдаг. Тэд чинь бас Монголоо гэдэг сэтгэлтэй, эндээ ирэх сонирхолтой улс их, тэднийг урьсан шүү дээ. Мөн гадаадад тарсан соёл, урлаг, түүхийн дурсгалт зүйлийг Монголдоо залахад Ерөнхийлөгч их юм хийж байна.

-Сүүлд эх орондоо авчирсан “Тироннозавр Батаар”-ыг та хэлээд байна уу?

-Тийм. Батаар байна. Зөвхөн Батаараас гадна соёлын ном, зохиолыг дурдаж болно. Монголын түүхийн нэг гол сурвалж бичиг болох  Чингис хааны болон удмынхны түүхийг бичсэн Рашид-ад-диний Судрын чуулганыг электрон хувилбарт хөрвүүлсэн эх хувилбарыг Монголдоо залсан явдал Ерөнхийлөгчийн соёлын өвийн талаар хийсэн том үйл хэрэг байлаа. Үүнийг урьд хожид хийж байгаагүй юм шүү дээ.

-Чингис хааны мэндэлсэн өдрийг орон даяар бахархлын өдрийг тэмдэглэж байхаар боллоо. Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна. Түүхийн  талаасаа уг өдрийг тэмдэглэх болсоныг хэрхэн хүлээж авч байна вэ? 

-Энэ бол их чухал явдал. Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх саналыг боловсруулж байхад би орж ажиллаж, саналаа хэлсэн л дээ.  Хүмүүс дийлэнх нь эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж байхыг хүлээж авсан. Зарим нь эсэргүүцсэн. Ер нь хүн бүрийн сэтгэхүйд таарсан зүйл хийнэ гэж байхгүй. Хүн бүхэн өөрийн гэсэн бодолтой учраас хүн хүний бодол, гүзээ гүзээний булан  гэсэн үг бий дээ. Тиймээс заавал бүгдийг зөвшөөрүүлэх шаардлагагүй. Ихэнх нь хүлээж авч байгаа бол тэр зөв. Ер нь сурвалж бичгүүдэд Чингис хааны төрсөн өдрийг өвлийн эхэн сар гэж өгүүлдэг. Харин яг тэр өдөр төрсөн гэж хэлж чадахгүй байсаар ирлээ. Тэгэхээр монголчууд өвлийн эхэн сараар их хаандаа хүндэтгэл үзүүлээд ёслол хийхэд яагаад болохгүй гэж.

-Чингис хааныг оршуулсан газар одоог хүртэл маргаантай байсаар. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ? 

-Чингис хааныг оршуулсан газрыг хайгаад олохгүй байна. Олох ч хэрэггүй. Монголд Бурхан Халдун уулын хавьд л байгаа. Харин уулын орой дээр нь байгаа гэдэг нь худлаа. Өөрийнх нь тахьдаг уулын орой дээр шарилыг нь аваачаад тавьчихна  гэж юу байх вэ. Тэр их уулсын хаа нэгтээ газар л байгаа. Ер нь монголчууд шарил ухдаггүй ёстой шүү дээ. Тухайн үедээ үр сад, гэргий  нар нь олуулахгүй гээд нуусан байхад хэдэн зууны дараа эзэн хааныхаа шарилыг яг энд байна гээд ухаж гаргаж ирээд яах юм бэ гэсэн бодолтой явдаг хүн дээ.

У.БОЛОР 

No comments:

Post a Comment