Saturday, August 10, 2013

Удам судар, ураг төрлийн нэршил

3
Эцгийн үеийг дээрээс нь нэрлэвэл: Буданцар, дутахун, юрхи, өндөр, хуланц, элэнц, өвөг, эцэг, бие гээд есөн үе юм. Хүмүүсийн огт мэдэхгүй болсон нь буданцар, дутахун, юрхи юм. Буданцар нь будан шиг сарниж бутарсан санаагаар илэрхийлсэн нь илт байна. Дутахун нь өнөөгийн утгаар холдох гэсэн утгатай үйлт нэр байна. Монгол бичгээр ном уншдаг бол утга нь ойлгомжтой. Юрхи нь эртнээс эртний гэсэн утгатай. Иймд биеэс өгсүүлээд нэрлэвэл: бие, эцэг (аав), өвөг, элэнц, хуланц, өндөр, юрхи, дутахун, буданцар болно. Өвөг гэдэг үгийг элэнц, хуланц, өндөр гэсний ард хэрэглэж байна. Энэ байдлыг баримтлаад хэлбэл элэнц өвөг, хуланц өвөг, өндөр өвөг, юрхи [+өвөг?-Нийтлэгч], дутахун өвөг, буданцар өвөг болно. Эмэг эхийг өвөг адилаар нэрлэсэн байна билээ
.
Авга аав, авга ээж гэж аавын аав, ээж, нагац аав, нагац ээж гэж ээжийн аав, ээжийг нэрлэх ёстой ажээ.
Буданцараас улбаатай биеэс ёсон үе гарч байна. Үүнийг нэрлэвэл: бие, хүү, ач, жич, гуч, дөч, тач, жилигч, талигч гэсэн байна. Зарим хүн жич гучийн байрлалыг сольж хэлэх нь байна. Жи нь хоёрын, гуч нь гурвын язгуур юм. Тийм учраас гурван настай эр, охин малыг гунь, гунж гэдэг. Жи-гийн хоёр гэсэн утгыг хадгалж жидгэр гэж нэрлэдэг. Энд жи-гийн хоёр гэсэн язгуур ойлгомжтой байна.
Цаашид бидний зарим нь төөрч буй төрлийн нэр үеэл юм. Үеэлийг хэрэглэх нь мартагдаад ах дүүгийн хүүхдүүд гэсэн нь олонтаа сонсогдож байдаг. Гэвч орчуулгаар дамжиж үеэлийг сэргээн хэрэглэж эхэлжээ. Олон үг хэлснээс тогтсон нэг үг хэрэглэх нь хялбар бизээ. Төрсөн ах дүүгийн хүүхдүүд хоорондоо үеэл юм. Тэгээд энэ төрлийн хүмүүсийг үеэлид гэдэг. Үеэлид ах, үеэлид охин, үеэлид хүү, үеэлид бэргэн, үеэлид бэр, үеэлид охин, үеэлид хүү гэнэ.
Үеэлидийн дараахь төрлийн үе нь үеэнцэр болно. Үеэнцэрийн хүйсийг үеэлтэй адилхан хэлдэг байна. Үеэлтэй ижилхэн утгатай бүл гэж үг байна. Бүл бол нэг айлын охидоос гарсан хүүхдүүд буюу хүү, охиноос гарсан хүүхдүүд хоорондоо бүл юм. Өөрөөр хэлбэл нэг айлын хүүхдүүдийн хүйсийн ялгааг заасан, хүйс нь эм буюу холимог болчихвол бүл гэдэг ажээ.
Үеэл бол дээр нэг эцгийн үр үргэлжилж, бүл нь эм хүйсийг голлон зааж байгаа нь тодорхой утга илэрхийлж байна даа. Үеэлийн дараа ордог чухал төрөл бол авга өвөг, авга нагацын үр хүүхдүүдийн төрлийн холбоо байна. Ялангуяа авга, авгын хөвгүүд, ач хөвгүүд үеэлид болдог байна. Авга, нагацын хүүхдүүд бие биедээ хаялид болж, нэг айлын хүүхдүүдийн хүүхдүүд хоорондоо үеэлд буюу бүлүүд болох нь байна. Хаялид бол маш ойрхон төрөл байна шүү. Хаялид ах, хаялид дүү, хаялид ач, хаялид зээ гэх мэтээр нэрлэдэг байна. Хүүгийн хүү ач хүү, хүүгийн охин зээ охин юм /хүүгийн охиныг зээ биш, ач охин гэнэ ш дээ-Нийтлэгч/. Охиноос гарсан хүү бол зээ хүү, охин бол зээ охин. Ачаас жич гарна. Зарим нутагт ачийг омбул гэдэг. Ачийн хүүхдүүдийг жич хүү, жич охин, жич бэр, жич хүргэн, зээгээс гарсан охин зээ охин, хүү нь зээ хүү, зээ бэр, зээ хүргэн болно. Бүсгүй дүүгийн хүүхэд зээ болдог байна. Жичээс гуч гарна. Гучид төрсөн хүүхэд биеэс салаалсан дөрөв дэх үе ажээ.
Өнөөдөр аавын төрөл, ээжийн төрөл гэж нэрлэх нь сонсдож байна. Гэтэл энэ төрлүүдийг хэдэн зуун жилээр нэрлээд хэвшсэн үгс байна.
Аавын талыг авга, ээжийн тал нагац гэдэг. Аавын талыг ярихдаа авга өвөө, авга элэнц өвөө, авга хуланц өвөө буюу нагац /нагац гэдгийг, миний ойлгож явдгаар, зөвхөн эхийн талын ах дүүд хэрэглэдэг санагдана, эцгийн талын ах дүү бол авга - Нийтлэгч/ өвөө, нагац элэнц өвөө, нагац хуланц өвөө гэх ёстой байна. Мөн аавын ах, аавын дүү гэх нь буруу. Их авга, бага авга, их авга бэргэн, бага авга бэргэн, их нагац, бага нагац, их нагац бэргэн, бага нагац бэргэн гэх нь зөв байна. Авга нагацын хүүхдүүдийг хаялид төрлийн нэрээр авч ярих нь зүйтэй болж байна. Хаялид, үеэлид төрлийн хооронд ойрхон яс угсаа байгаа нь ойлгомжтой. Үеэлид үеэнцэр, хаялид хаянцар болон садарч, садан гэсэн төрөл үүсч байна. Садангаас аглаг, сунжирга төрлүүд болж холдож байна. Гэхдээ авга талыг нагацаас илүү анхаарч нэрлэсэн нь эцгийн удам хүчтэй салбарладгийг өгүүлж, эцгийн төрөлд цус ойртох улам хялбархныг сануулсан биш үү. Гэхдээ нагац талаас цус амархан холдохгүй байх аа.
Бүл ураг нэр дайралдаад байна билээ. Бүл урагийг нарийвчилсныг харсангүй. Худ ургийн тухайд бол одоохондоо мартагдаагүй байна. Харин гэргий авснаар нөхөр болно. Анхны нөхөр болон гэргийг авааль нөхөр, авааль гэргий гэж нэрлэдэг байна. Гэргийг авгай, эхнэр мөн зарим газар хатан гэж нэрлэх нь бий. Авгай болно гэдэг нь асар нарийн ёслол үйлдэж, асар үнэ цэнэтэй хувцас өмсгөл бэлдэж бий болдог хүндийн дээд хүндрэлтэй нэр. Эхнэр нь нэг эрийн олон эмүүдийг хүүхдүүд нь эхнэр гэж дууддаг байсан нь эхнэр гэж хэлэгдэх болсон баахан шоод утгатай л юм.
Уул нь хүний дайтай яваа эр хүнийг ноёнтон, хүний дайтай яваа эм хүнийг хатан буюу хатагтай гэхэд их л хүндэлж буйн шинж тэмдэг мөн болно. Мөн бичигт абугай, ярианд гуай хоёр нь нэг утгатай. Абугай нь бичгийн, гуай нь ярианы үг болохыг ялгаж сурахсан даа. Энэ нь олны хүндийг хүлээсэн эр хүнийг хүндлэн хэлдэг юм. Одоо эмэгтэй хүнийг гуайлж сонсогдох юм. Энэ бол хүний хүйсийг солин хүндлэх бус доромжилж буй хэрэг. Олны хүндийг хүлээсэн эм хүнийг ахай л гэдэг ёстой. Одоо зөвхөн орчуулгын жүжигт хэлж байна. Удвал ахай, Ганди ахай буюу одоо бол эмч, багш, сэтгүүлч мэтийн мэргэжлийн эрдэмд сайн, алба өөд татаж, үр хүүхдээ зөв төв хүн болгож байгаа эмэгтэйчүүд цөм л ахай гэж хүндлүүлэх бүрэн дүүрэн эрхтэй, ёстой болсон мэт санагдана.
Харин засаг, захиргааны албаны эрчүүлийг ноён, эмэгтэйчүүдийг хатан гэж хүндэлбэл зүйд илүү нийцнэ. Ноён гэдэг тушаал алга болоод удаж байгаа. Ноён буюу хатан гэж хүндлүүлэх эр ч, эм ч хүмүүс үе үед мэндэлсээр бойжсоор улс орондоо зүтгэсээр байгаа билээ. Нөхрийн дүү гэргийд, гэргийн дүү нөхөрт хүр дүү болдог. Хүр охин дүү, хүр дүү бэр гэдэг байна. Энэ үгийг мэдэх хүн их л цөөрсөн мэт. Нэг айлын хоёр бэр хоорондоо авсин, ажин болно. нэг айлын хоёр хүргэн хоорондоо баз болно. Нэг айлын хоёр хүүхэд нөгөө айлын хоёр хүүхэдтэй солбин нийлэх явдал гардаг байна. Ийм болбол андлай худ болно. Нэг эрийн хоёр эм хоорондоо жидгэр, нэг эмийн хоёр эх хоорондоо гуя баз болно.
Эхийг төрсөн эх, хойт эх, дараа эх, хадам эх, хөхүүлсэн эх гэнэ. Хойт эх, дараа эх хоёр нэг утгатай байна. Мөн хүй тасалж өлгийдөж авсан эмэгтэйг авсан ээж гэдэг. Эрэгтэй хүүхдийг нуган, агь, хөвгүүн гэж хэлдэг. Нуган агь хоёр хүндэтгэлин утгатай. Хөвгүүн нь жирийн утгатай юм. Хөвгүүнийг ярианд хүү гэдэг байна. Охин хүүхдийг хэүхэн, бяцхан, нунжи охин гэдэг байна. Хэүхэнг хүүхэн гэж дуудаад охин хүүхэд гэхээсээ нас гүйцсэн эмэгтэйг ойлгох болжээ. Бусад нутагт хэүхээ гэж дуудаад охин гэсэн утгаар ойлгосон хэвээр байна.
Ойрдод бяцхан, буриадад бацаан гэж байх шиг. Нунж нь жаахан охин, тухайлбал цэцэрлэг мөн бага ангид сурч буй охин юм. Эрд гараагүй залуухан эмэгтэй ойрдод сээвгэр, буриадад басхан гэдэг бол, халхад хонгор гэдэг байсан нь мартагдаад хайрт хонгор гэж захиад бичихээс цаашгүй болжээ. Уул нь хонгор нь монгол аав, ээжтэй, удам сайтай бүсгүй, эрд гараагүй залуухан эмэгтэй хүнийг нэрлэдэг сайхнаас сайхан үг юм. Ноёны охиныг аби, зангийн охиныг бэхи, сайн удамтай охиныг гэгээ гэдэг билээ. Харин гүнж бол монгол аавтай, манж эхтэй бүсгүй юм.
Хүнтэй суугаагүй нас ахисан эмэгтэйг бяцган гэдэг байсан нь халхад мартагджээ. Гэргий аваагүй нас ахисан эрийг гоонь гэдэг. Одоо гоонь, бяцган хоёр олшрох төлөвтэй байгаа тул энэ хоёр үг сэргэнэ биз ээ. Мөн европт гоонь, бяцхан хоёр элбэг тал бий. Анх жирэмсэлж буй эмэгтэйг тулгар гэдэг. Анх амаржиж буй эмэгтэйг томуй гэдэг байна. Хүүхэд төрөхгүй эмэгтэйг ойс гэдэг ажээ. Би өөрт олдсон ном төлгийг шүүрдэж байж эдгээр зүйлсийг гаргалаа.
Европынхны сууж болдог үеэл манайхны орчуулсан үеэл хоёрын ялгааг одоо хэлбэл ойлгогдох байх аа. Европт кузен гэдэг үгийг манайхан махчилаад орчуулжээ. Европын кузен нь нэгдүгээр үеийн кузен, хоёрдугаар үеийн кузен гээд цааш нь кузен гээд үеэл, бүлүүдийг нэрлэдэг юм. Мөн холын саднаа кузен гэнэ. Тэдний хуулиар бол дөрвөн үе өнгөрснөөс хойших кузенуудыг хоорондоо сууж болно гэсэн нь бий. Энэ нь яг суух дээр хүртэл нагац талаас суудаг болохоос авга талаас үгүй юм билээ. Сууж болох кузеныг аглага буюу сунжирга гэдэг холдсон төрөл дээр хэрэглэдэг үгийн аль нэгээр орчуулбал европ утгаа алдахгүй, монгол цус ойртуулах нүглийг дуудахгүй.
МУИС-ийн багш
Н.ДОРЖГОТОВ.

No comments:

Post a Comment