Friday, October 25, 2013


Их, дээд сургуульд заавал судлах ‘хэрэггүй’ хичээлүүд Liberal Arts Education Г.Орхон. Боловсролын Шинжлэх Ухааны Магистр,

Инженер болох хүнд шууд л мэргэжлийг нь түлхүү оруулахгүй, ерөнхий суурь хичээл гэсэн нэртэй ач холбогдолгүй олон янзын хичээлүүд орж цаг мөнгө их үрж байна’ гэж оюутнууд, эцэг эхчүүд шүүмжилж, харин их, дээд сургуулийнхан ‘Яамнаас стандартчилсан дээд боловсролын ерөнхий суурь хичээлүүд сургалтын төлөвлөгөөний дийлэнх хэсгийг эзлээд, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлд оногдох цаг бага байна’ гэж шүүмжилцгээдэг. Хэл, утга зохиол, түүх, гүн ухаан, логик ухаан, байгалийн ухаан, урлаг, экологи гэхчлэн дээд боловсролтой хүний зайлшгүй судлах ёстой ‘хэрэгтэй’ хичээлүүд яагаад ‘хэрэггүй’ хичээл гэж тооцогдох болов? Энэ асуултын хариуг олохоор манай улсын их, дээд сургуульд судалдаг дээд боловсролын суурь хичээлийг дэлхийд тэргүүлэгч Америкийн их сургуулиудад үздэг Liberal arts education буюу боловсролтой хүний эзэмшвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн ухааны салбарыг хамардаг ‘liberal arts’-ын хичээлтэй харьцуулан үзлээ.  Манайд үздэг суурь эрдмийн хичээлүүд нь хэлбэрийн хувьд liberal arts-ийн хичээлтэй адилавтар боловч утга агуулга,  сургалтын процесс, заах аргын хувьд ихээхэн ялгаатай байгаа нь ажиглагдлаа. АНУ-ын дээд боловсролын үндсэн суурь судлагдахуун болсон liberal arts education хичээлийн талаар Вермонтын их сургуулийн Профессор Маrk Usher-ийн тавьсан лекцээс улбаалан, энэ хичээлийн талаар хоёр орны жишээн дээр харьцуулсны дүнд, манайд ордог  дээд боловсорлын суурь хичээлтэй холбоотой тулгарч буй асуудлыг үүгээр хөндөн тавьж, шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорилоо.

Өнөөгийн Америкийн их дээд сургуульд үздэг liberal arts–ын хичээлүүд нь эртнийн уламжлалт сонгодог сургалтаас эхтэй аж. Liberal гэдэг үгийн латин язгуур нь liber буюу чөлөөт, хил хягааргүй гэсэн утгатай. Liberal-ын цаад агуулга нь хил хязгааргүй чөлөөтэй сэтгэх, асуух, бодох гэсэн утгыг илэрхийлнэ. Харин аrts  гэдэг нь урлахуй, ур, чадвар гэсэн  утгыг илэрхийлэх бөгөөд, нийлүүлбэл, цаг хугацаа болоод сэдвийн хүрээнд баригдалгүй, чөлөөтэй сэтгэн бодох ур ‘know how’ гэсэн  утгатай аж.  Өөрөөр хэлбэл liberal arts education нь ямар нэг мэдлэг эзэмшүүлэх сургалт бус харин мэдлэгийг оюун ухаандаа боловсруулах үйл явц, шинэ санааг урлах чадвар, дадал эзэмшүүлэх сургалт гэж тайлж болох юм.   Liberal arts нь өрнөдөд язгууртан, жентлеменийг бэлтгэх сонгодог сургалт болох сонгодог гурван ухаан буюу хэл зүй, логик сэтгэлгээ, яруу илтгэх зvй болон сонгодог дөрвөн ухаан болох арифметик, геометер, хөгжим, одон орныг судлах сургалт байсан бөгөөд энэхүү эрдмийг судалснаар асуудлыг олон өнцгөөс харж, зөв шийдлийг олох чадвартай, харилцааны өндөр соёлтой, тал бүрийн мэдлэг бүхий оюуны чадавхитай, ертөнцийг үзэх дэлгэр үзэлтэй нийгмийн соёлт иргэн болгон төлөвшүүлэх зорилготой байж. Соёлт хүмүүний мэдвэл зохих олон талын мэдлэгийг эзэмшүүлэхдээ бичих, унших, бясалгах, бодох, мэтгэлцэх, илтгэх гэхчлэн илэрхийлэх ур чадварыг liberal arts-ийн хичээлээр зөвхөн язгууртнуудад тусгайлан заадаг байсныг 20-р зуунд либералчилж,  ардчилсан нийгэмд дээд боловсролоор дамжуулан дээрх мэдлэг, чадварыг эзэмших эрхийг хүн бүрт нээж өгөхийн зэрэгцээ үүгээр дамжуулан зөв иргэнийг төлөвшүүлэхийг зорих болсон байна. АНУ-д хийсэн судалгаагаар ямар ч мэргэжлээр сурснаасаа  үл хамааран, liberal arts-аар боловсорсон хүмүүс нь зөвхөн мэргэжлийн, техникийн боловсрол дагнан эзэмшсэн хүнээс олон талаар илүү болохыг нотолсон байна. Бизнесменүүдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн шилдэг удирдлагууд бизнесийн чиглэлээр дагнан сурсан гэхээсээ илүүтэй  liberal arts чиглэлээр боловсорсон хүмүүс байдаг байна (Usher). 

Америкийн дээд боловсролд liberal arts education хичээл яагаад тийм чухал вэ? 

‘Сэтгэл хангалуун сайхан амьдралд хөтлөх мэдлэг чадвартай тэр чинээгээрээ нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн иргэншсэн сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэх гол зэвсэг нь liberal arts-ийн хичээл гэдэгт би бүрнээ итгэдэг’ гэж Америкийн хоёр ч томоохон их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жеймс Фридман (2000) өөрийн бичсэн ‘Idealism and Liberal Education’ номдоо онцолжээ. Америкийн дээд боловсролд Liberal arts-ийн хичээлээр оюутанд ямар боломжийг олгохыг зорьдог талаар тэрээр дэлгэрүүлэн өгүүлэхдээ: Мэдээж их сургуулийн хэдхэн жилд үзсэн либерал боловсролоор  төгс хүн болж, сайхан ажилтай, сайхан гэр бүлтэй болно гэсэн  үг биш ч, хүн цаашид өөрөө өсөн дэвших ухааны мэлмийгээ нээж, насан туршдаа амьдарлаас суралцахад бэлтгэгдэж, аливаа зүйлийг шүүн тунгаах чадвартай болсноор, сайхан амьдралын талаарх бие хүнийхээ хүсэл зорилгыг илүү тодорхой болгож, зорилгынхоо төлөө зүтгэх хувь хүний болоод нийгмийн дунд өөрийгөө авч явах гол чанараа тодотгон төлөвшүүлэх боломжийг энэ хичээлээр оюутанд өгөхийг зорьдог гэжээ (Фридман, 2003).   

Цаашлаад liberal arts-ийн хичээлээр оюутан хүн төрөлхтний бүтээсэн өнгөрсөн үеийн ололт амжилтуудын шимийг судалж, амжилтын тухай үнэлэмж, гоо зүйн мэдрэмжээ  дээшлүүлснээр, тэдний оюун санаа шинэ санаагаар төлжин, хийж бүтээх тэмүүллээр баяждаг. Мөн энэхүү хичээлээр оюутнууд хүн төрөлхтний түүхийн алдаа, оноо, хүний нийгмийн уналт, сэргэн мандалт, соёл иргэншлийн ялгаа, хүн төрөлхтний итгэл найдвар, аливаа зүйлийн эерэг сөрөг хоёрдмол шинж чанар, хүний оршихуй болон  амьдралын утга учрыг эргэцүүлэн ухаарах, таних боломжийг олгодог.  Оюутан олон ухаанаас өөрт тусгал болгон авч, өөрийгөө шинжин таних, амьдралд тохиолдох зовлон жаргал, элдэв саад бэрхшээлийг цаашид даван туулах, сэтгэлээ ухамсартайгаар залах, оюуны болоод ёс зүйт ухамсрын төвшин, бие хүнийхээ үзэл бодол, дотоод чанарыг тодотгон төлөвшүүлдэг. Сонгодог зохиол, урлагийн хичээл нь хүний сэтгэлийг засах, тэр чигтээ өөрийгөө засах ёс зүйн хичээл болдог. 

Ертөнцийн хууль,  орчлын зүй тогтол, учир шалтгаан, үр дагавар, байгалийн хувьсал, шинж байдлыг судалж, аливаа зүйлийн бодит учир шалтгаан, зүй тогтлыг таних шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлснээр хий номлол, мухар сүсэг, учир шалтгаангүй хийрхэл, туйлшрал зэрэгт үл автах бодит байдлыг учир зүйтэйгээр таних сэтгэлгээг төлөвшүүлдэг. Liberal arts нь хүмүүнлэг, нийгмийн ухаан буюу материаллаг бус хийсвэр ухагдахуун, байгалийн ухааны бодит ухагдахууныг зэрэг нэг төвшинд ухаарах боломжийг оюутанд олгохыг зорьдог. Liberal arts-ийн хичээлийн нэг зорилго нь оюуны нэгдмэл хүрээг оюутанд таниулах буюу олон ухааны уялдаа холбоо, харилцан хамаарлыг нэг цонхоор харуулж, оюун ухааны нэгдмэл бүрэн дүүрэн шинж чанарыг оюутанд таниулах юм.

Чөлөөтэй сэтгэн бодох буюу шинэ санаа уралдуулах, олон иш онолуудыг жиших, асуух, сорих, турших, дүрслэн бодох, төсөөлөх, мэтгэлцэх, шүүмжлэх, асуух, яруу илтгэх, бүтээх зэрэг маш олон оюуны үйлдлээр оюутны ухааныг нээлттэй задалж, аливаа зүйлийг танин мэдэхийн сайхныг, аливаа зүйлийг хийж сурахын сайхныг оюутанд мэдрүүлж, нэг ёсондоо оюун ухааны цэнгэлийг энэхүү  хичээлээр мэдрүүлэхийг хичээдэг. Энэ хичээлээр олон ургалч үзлийг таньж, бусдын үзэл бодлыг сонсох, аливаа зүйлийн хоёр талыг  хүлээцтэй харах, ялгаварлан гадуурхахаас ангид, туйлширсан сэтгэлгээнээс ангид шийдвэр гаргах оюуны дадлыг оюутанд эзэмшүүлдэг.   

Америкийн дээд боловсролд liberal arts-ийн хичээлийн бас нэг гол зорилго нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, баян ядуугийн хэт ялгаа, ялгаварлан гадуурхал, үзэл бодлоор хяхан хавчих гэхчлэн нийгмийн өвчнөөс нийгмээ хамгаалахад соёл иргэншилт нийгмийн иргэн хүнийхээ үүргийг ухамсарлахад чиглэгддэг. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох гол итгэл найдвар нь боловсорсон хүмүүс, түүний төлөө либерал боловсролыг олгодог гэжээ. Liberal arts-ийн хичээлийн ийм өргөн агуулга нь дээд боловсролоор дамжуулан төгөлдөржсөн иргэн хүнийг төлөвшүүлэх идеал үзлийг агуулдаг байна.

Заавал судлах тодотголтой дээд боловсролын суурь хичээл

Харин манайд дээд боловсролын суурь хичээлийг ямар агуулгатайгаар оруулдаг болохыг дээд боловсролын хуулиас харвал:  ‘Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэх бөгөөд ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлнэ гэжээ. Эндээс үзвэл манайд дээд боловсролын суурь хичээлийн гол агуулга нь зөвхөн шинжлэх ухааны суурийг тавьж өгөх гэсэн явцуу агуулгатай байна. Нэг ёсондоо зөв иргэн бэлтгэх талаас нь бус харин мэргэжилд бэлтгэх суурь гэсэн санааг л агуулж байна. Дээд боловсрол нь зөвхөн мэргэжилтэн бэлтгэх явцуу хүрээнд бус харин иргэн хүнийг боловсруулах өргөн хүрээнд  чиглэгдэх үндсэн ухагдахуун нь манайд тодорхой бус учраас дээд боловсролын суурь хичээлийг өнгөц талаас авч үздэг болов уу. Бид өнөөдөр дээд боловсролын суурь хичээлийг энэ мэтээр зөвхөн явцуу хүрээнд тавьж, үл ойшоосноор, хэт ‘технократ’ хүмүүс нийгэмд бэлтгэгдэж,  ардчилалын болон соёлт хүмүүний үнэт зүйлийг дээдлэх мэдрэмжгүй, уламжлалт өв соёл, түүхээ мэдэхгүй, байгаль орчноо хамгаалах, гэр бүл, хамт олноо хүндлэх нандин чанаруудыг гээсэн ‘материаллаг’ сонирхол ихтэй хүмүүсийг олноор төрүүлэх эрсдлийг дагуулж байна. 

Манай боловсролын талаарх үзэл баримтлал дээрх дээд боловсролын агуулга ч тэр, бакалаврын сургалтын өнөөгийн агуулга ч тэр зөвхөн мэргэжилтэн бэлтгэх явцуу хүрээнд хумигдсан нь ажиглагдаж байна. Технологи байнга шинэчлэгдэж, өөрчлөлт илүү хурдацтай өрнөж  буй өнөө үед, ялангуяа, инженер, технологийн чиглэлээр сураад ажил дээр гарахад сургуульд сурсан технологи нь аль хэдийн хоцрогдсон байх магадлалтай тул, чухам яг тийм газар ажиллах, яг тийм мэдлэг, чадвартай мэргэжилтэнг бэлтгэх боломж багатай. Одоогийн манай систем оюутныг элсэн орохдоо хэт нарийссан мэргэжлийн хөтөлбөрүүдээс сонгохыг шаарддаг. Оюутанд эхлээд олон ухааны судлагдахуунаар ухаанаа задалж, сорьж турших боломжийг олголгүй, хэт эрт мэргэжлээ сонгох нэрийдлээр цаг нь болоогүй байхад  нарийн  мэргэжил рүү чиглүүлэх нь  мэргэжлээ буруу сонгосноос дургүйд хүчгүй болсон оюутнуудыг болон дипломтой ажилгүйчүүдийн эгнээг улам нэмэгдүүлж байна. Бакалаврын төвшинд liberal arts-ийн хичээлийг эхэлж оруулах нь тухайн оюутны сурах арга барилаа олж, олон ухаанаас өөрийн дур сонирхолтой, давуу талтай чиглэлийг олж мэдэх чухал цаг үе нь юм. Зүй нь эхлээд олон ухаанаар мэдлэгийн сангаа арвижуулаад, тэр сан дотроо чөлөөтэй сэтгэх чадвартай болоод, нарийн ухаан руу орох холбоо хамаарал, шүтэн барилдлагыг ойлгох чадвартай болсны дараа өөрт сонирхолтой нарийн мэргэжлийг сонгон гүн орж судлахаас бус, мэргэшиж байна гээд шууд л нарийссан судлагдахуун руу ороод явчихвал зөвхөн тэр салбараа л мэдэхээс, олон талаас нь харах билгийн нүдгүй,  хөрвөх чадваргүй, зөвхөн ганц талыг барьсан өрөөсгөл байдалд орох сөрөг талтай. 

 Тиймээс ч манай их дээд сургуульд нүүрлээд байгаа нэг асуудал нь хэт нарийссан олон хөтөлбөртэй болсон, хөтөлбөрийн давхцал их дээд сургуулиудын дунд хэт их, хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадваргүй олон нарийссан нэртэй мэргэжилтэнгүүдийг төгсгөж байгаа байдал юм. Жишээ нь эдийн засгийн бакалаврын хөтөлбөр гэхэд ямар ч салбарт хөрвөх чадвартай суурь эдийн засгийн мэдлэг чадвартайгаас гадна өөрийн сонирхсон салбараар мэргэшүүлж сурсан хүнийг бэлдэхээс, инженерийн эдийн засаг, уул уурхайн эдийн засаг, хөдөө аж ахуйн эдийн засаг гэхчлэн хэт нарийссан хөтөлбөрөөр анхнаас нь бэлдэх нь эргээд төгсөгчийг зөвхөн тэр салбарт л ажил хайхаас өөр замгүй болгож, цаашлаад ажилгүй олон мэргэжилтнүүдийг төрүүлэх эрсдэлд хүргэж байна.  Харин бакалаврын мэргэшүүлэх төвшинд эсвэл төгсөлтийн дараах сургалтанд тусгай чиглэлээр нарийсгаж суралцах боломжийг оюутанд олгох нь зүйтэй болов уу.  

Энэ сэдэвтэй уялдуулан бас нэг хөндөх асуудал бол мэргэжлийн боловсролын талаар юм. Мэргэжлийн боловсролыг Боловсролын яам бус Хөдөлмөрийн яам шууд хариуцах болсон нь мэргэжлийн боловсрол хэт техник тал руугаа хэвийх эрсдэлтэй болсон. Зүйн ёсоороо бол суурь ухааныг нь liberal arts-ийн хичээлээр нээгээд өгөхөд хүн өөрөө мэргэжлийн ур чадварыг илүү хурдан сурч түүнээс гадна зөв иргэн болон төлөвших бусад чадваруудыг эзэмшдэг учраас liberal arts-ийн сургалтыг мэргэжлийн боловсролд орхигдуулахгүй, тодорхой хэмжээнд чанартай оруулж байх нь илүү л чадвартай хүнийг төрүүлэхээс муутгахгүй нь лавтай. 

Liberal arts education-тэй дүйх Монгол нэршил

Бидний нэрлээд байгаа дээд боловсролын ерөнхий суурь хичээлийн агуулгыг ёстой ерөнхий боловсролын сургуульд (ЕБС)  үзэж, харин их дээд сургуульд оюутнуудыг тэрхүү ЕБС-д олж авсан суурь мэдлэгээ ашиглан, чөлөөтэй асууж, мэтгэж, бичиж, илтгэж, маргаж, санаа уралдуулж, critical thinking буюу шинжин тунгаах талаас нь оюунаа чөлөөтэй хөгжүүлж сургахад дээд боловсролын сургалт чиглэгдэх учиртай.  Хичээлийн нэршлийн хувьд ерөнхий суурь хичээл эсвэл ерөнхий эрдмийн хичээл гэсэн нь liberal arts-ийн хамгийн чухал санаа болох чөлөөтэй сэтгэн бодох ур чадвар гэсэн утгыг илэрхийлэхгүй, харин ерөнхий мэдлэгийг мэдээлэл маягтай өгөх гэсэн утгыг агуулж байгаа нь нэршлээсээ эхлээд учир дутагдалтай байгаа тул, илүү утга төгөлдөр нэршил бодож олохыг оролдлоо. Либерал боловсрол гэсэн орчуулгын маягтай нэршил байж болох боловч өөр уламжлалт нэр томъёо байгаа болов уу гэж эрдэмтэн мэргэдээс лавлахад, билгүүн ухааны хичээл гэвэл утга агуулга нь илүү дүйх болов уу гэсэн хариуг сонсоод,  чихний чимэг болсон хэлээрээ мөхөс миний бие ихэд бахархлаа. Нээрээ л  тал бүрийн ухааныг сурах явцдаа билэг ухаанаа хурцалж, чөлөөтэй сэтгэх ур чадвараа буюу билгийн мэлмийгээ нээнэ гэсэн үг.  Тийм билэг ухаан нь нээлттэй хүнийг дээд боловсролтой хүн гэх. Билгүүн чанад гэж оюун ухаанаар хязгааргүй сэтгэх чадварыг илэрхийлсэн үг аж. Билгүүн ухааны хичээл гэхээр анх сонсоход хол сонсогдох боловч энэ үгийн утгыг шинжихэд чухам liberal arts -ийн гол санаа болсон хязгааргүй чөлөөтэй сэтгэх гэсэн санааг бүрэн илтгэх уламжлалт Монгол үг болохыг та бүхэн мэргэн оюундаа болгооно биз ээ. Гадны үгийг ямар ч ‘цинзүүр’-гүй хэрэглэдэг хирнээ Монгол үгээ хэрэглэхээр чих нь дэлдийж, нүд нь бүлтийх хүмүүс олон ч гэсэн дээрээсээ эхлээд хэлээд хэвшчихэд чих дэлдийх бол хэсэг зуурын л хэрэг.   

Дээр дурдсанчлан өрнөдөд liberal arts-ийн сургалтаар нийгмийн тэргүүлэгчдийг төрүүлдэг байсан бол дорно дахинд мөн л хаад, түшмэд, ном эрдмийн хүнийг сургах сургалтын арвин туршлагатай байжээ. Өрнөдөд чөлөөт сэтгэлгээний гол үнэт зүйл болсон сонголт хийх ур чадварыг liberal arts-ийн буюу билгүүн ухааны хичээлээр олгож байсан бол манайд номын  хүнийг арван ухаанд боловсруулж, авах гээхийн ухаанд сургаж, билэг ухааныг нь хурцлан, оюун билгээр хязгааргүй чөлөөт сэтгэх чадварыг нь тэлж байсан нь гүн сургалтын агуулгатай байлаа. Тэгвэл өнөөдөр их дээд сургуулийн сургалтанд бид энэхүү өөрийн сургалтын уламжлалыг дэлхийн дээд боловсролын шилдэг туршлагатай хослуулан, оюутан сурагчдын билэг ухааныг хурцлах сургалтыг шинэчлэн боловсруулах, ерөнхий эрдмийн гэсэн тодотголтой ‘хэрэггүй’ хичээлүүдийг жинхэнэ утгаар нь эзэмшүүлэх хөтөлбөрийн болон заах аргын шинэчлэлийг хийх шаардлагатай байна. 

Дүгнэлт

Манай их, дээд сургууль төгсөгчдийн дунд ажлын байран дээр дээд боловсролтой хүнд байх наад захын ерөнхий чадвар болсон  хариуцлага хүлээгээд бие даан ажиллах, багаар ажиллах, бичиг баримт төлөвлөн боловсруулах, ажлаа өргөн хүрээнд хараад дараа нь төлөвлөх, төвлөрч ажиллах, ажлаа амаар болон бичгээр үр дүнтэй танилцуулах, илтгэх, тайлагнах,  шинэ зүйлийг авхаалжтай хурдан суралцах чадваруудын дээр гадаад хэлний чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой байх шаардлагуудыг хангасан төгсөгчдийн эзлэх хувь бага байна. Энэ нь манай их дээд сургуульд үздэг ерөнхий суурь хичээл гэсэн тодотголтой заавал үзэх хичээлүүдийн өнөөгийн байдалтай холбоотой болохыг дэлхийн шилдэг сургуулиудад liberal arts education хичээлийн зорилго агуулга хэрхэн өргөн цар хүрээтэй байгаатай жишин үзүүлэхэд илэрхий байна. 

Мэргэжлийн талаа хэт шүтсэн ‘технократ’ мэргэжилтнүүдээс илүүтэй мэргэжлийн ур чадвартайн дээр зөв төлөвшсөн мэргэжилтэн нь нийгэмд жинхэнэ баялаг бүтээгчид болдгийг дахин анхаарч, дээд боловсролын суурь хичээлийн сургалтыг оюутны билэг ухааныг нээх шинэ төвшинд хүргэхэд их, дээд сургуулиуд  хөтөлбөрийн шинэчлэлээ чиглүүлнэ гэдэгт итгэж байна.

 

No comments:

Post a Comment