Friday, October 25, 2013


Дээд боловсролын суурь хичээлийн сургалтын хөтөлбөр, сургалтын хэлбэр, заах аргыг шинэчлэхэд

Г.Орхон. Боловсролын Шинжлэх Ухааны Магистр, Улаанбаатар,
Монгол

(Дээд боловсролын суурь хичээлийн шинэчлэлд - №2)

Өнөөдөр сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа ажлын байран дээр ямар мэдлэг, чадвар шаардлагатай байна гэсэн хэрэгцээг нь нарийн судалж, ажил олгогч нарын хүсч буй чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд боловсруулсан хөтөлбөр хангалттай байна уу, үгүй юү гэдгийг төгсөгчдөөсөө болон ажил олгогч нараас судалгаа авах замаар хянаж хөтөлбөрөө шинэчилдэг болжээ. Тэгвэл өнөөдөр ажил олгогч нарын нийтлэг шаардлага юу байна вэ? Tэдний хувьд тэртээ тэргүй технологи байнга шинэчлэгдэж байгаа өнөө үед төгсөгчдийн техник талын чадвар нь шууд ажиллах хэмжээнд хүрэхгүй байж болохыг хүлээн зөвшөөрч, техник чадварыг ажлын байран дээр дадлагажуулах боломжтой гэж үзэж байна. Харин бусад чухал чадварууд болсон хариуцлага хүлээгээд бие даан ажиллах, багаар ажиллах, бичиг баримт төлөвлөн боловсруулах, ажлаа өргөн хүрээнд харж төлөвлөөд, төвлөрч ажиллах, эх хэлээрээ зөв бичиж, найруулах, ажлаа илтгэх, танилцуулах, тайлагнах,  шинэ зүйлийг авхаалжтай хурдан суралцах чадваруудыг онцолж мөн гадаад хэлний чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой гэсэн нийтлэг чадварыг ажилтан шалгаруулахдаа чухалчилсан байна.  Тэгвэл энэ чадваруудыг эзэмшүүлэхийн тулд  сургалтын хөтөлбөртөө  ямар агуулга, заах аргыг тусгах вэ гэсэн асуулт гарна. 

Ямар ч мэргэжлээр сурсан бай, үл хамааран ажилд ороход шаардлагатай дээрх ерөнхий өрсөлдөх чадварыг (generic competency) өрнөдийн их, дээд сургуулиудад либерал боловсролын (liberal arts education) хичээлээр эзэмшүүлэхийг зорьдог. Либерал боловсролын сургалт нь мэдлэгийг хуримтлуулах талаас нь бус,  мэдлэгийг оюун ухаандаа боловсруулах чадвар талаас нь  анхаарч  олон салбарын ухаанаар тэрхүү ур чадварыг нь нээж өгдөгт оршдог учраас, либерал боловсролын хичээлд онц сурдаг оюутан нь аль ч мэргэжлээр сурах чадвартай, хөрвөх чадвартай мэргэжилтэн болдог. Өрнөдөд liberal arts education нэртэй ордог хичээлүүд хэлбэрийн хувьд манайд дээд боловсролын заавал үзэх суурь хичээл гэсэн агуулгаар бүгд л байна, зарим талаараа манайд агуулга нь илүү их ч байж мэднэ.  Ганцхан тэрхүү хичээлүүдийг дээрх ажлын байранд шаардлагатай байгаа чухал чадваруудыг эзэмшүүлэх цөм болгон заах сургалтын арга, технологи манайд дэндүү сул байх шиг. Мэдээж бүхэлд нь хавтгайруулан шүүмжилж болохгүй ч ерөнхий өнгө нь сул төвшинд байгаагийн нэг шалтгаан нь сургалтын процесс, заах арга сул байгаатай холбоотой. Үр дүнд суурилсан заах, сурах арга нь оюутныг дараах 5 чиглэлээр чадамжтай болгоход сургалтын хөтөлбөрийг чиглүүлдэг. Үүнд
1.    Мэргэжлийн мэдлэг чадвар
2.    Өргөн хүрээнд сэтгэх чадвар
3.    Академик суралцах чадвар
4.    Хувь хүний соёл төлөвшил
5.    Нийгмийн соёл төлөвшил
Харин манайд сургалт хэт нарийссан мэргэжлийн чадвар руу туйлширч, өргөн хүрээнд сэтгэх, нийгмийн болон хувь хүний соёл төлөвшилд бага анхаарч байгааг залруулж,  дээд боловсролын суурь хичээлийг уг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдлаар зорилго, агуулга, заах аргыг нь шинэчлэх шаардлагатай байна. 

Үүнийг лавшруулан, манайд дээд боловсролын суурь хичээлийн сургалт хэрхэн явагддаг талаар нэгэн харьцуулсан жишээ авъя. Манайд оюутан дэлхийн түүх гэсэн хичээлийг ерөнхий суурь хичээлээс сонголоо гэхэд хичээл хэрхэн үргэлжилдэг вэ? Багш өөрийн тэмдэглэлээс харж байгаад лекц уншина, оюутнууд үг маггүй тэмдэглэж авна. Холбогдох ном уншихыг багш даалгаварт өгч, даалгаврын гол асуултууд хэдэн онд ямар үйл явдал болов, ямар шалтгаантай байв, ямар үр дагавар гарав гэсэн асуулттай байх бөгөөд энэ хичээлийг шалгах үзүүлэлт нь дээрх мэдээллүүдийг цээжээр мэдэж буй эсэхийг амаар эсвэл тестээр шалгах байдалтай үргэлжилнэ. Ер нь бол унших, цээжлэх, тогтоох, санах, өөрийн үгээр ярих гэсэн  үйлдлүүдийг хийлгэнэ. Нэг үгээр хэлэхэд ерөнхий боловсролын сургуульд үздэг түүхийн хичээлээс төдийлөн ялгарахааргүй.

Харин барууны их дээд сургуульд энэ хичээлийг хэрхэн заадаг бол? Оюутны бие дааж тухайн сэдвээр зайлшгүй уншиж ирэх ном, судалгааны өгүүллүүдийн нэр усыг сарын өмнөөс оюутанд өгнө. Оюутан хичээлдээ ирэхдээ тэр талын мэдлэгтэй болчихсон, эрдэмтэн багшаас асуух асуулт, тэр талаар сэтгэгдлээ хуваалцах, асуудлыг илүү тодруулах зорилготой семинарын хичээлд ирнэ. Багш номон дээр тэр бүр бичээгүй эсвэл тэр сэдвийг бүхэлд нь хамарсан сонирхолтой лекцийг эд өлгийн баримт, танилцуулга ашиглан тавина.  Түүний дараа чөлөөтэй хэлэлцэх цаг гарах бөгөөд багш оюутнуудад асуудал дэвшүүлсэн адармаатай асуулт тавьж, багаараа ажиллаад, хариултаа үзүүлэн (poster) маягаар хийж танилцуулах даалгавар өгнө. Жишээ нь түүхийн хичээл дээрх асуулт нь ‘Хэрвээ энэ дайнд нөгөө тал нь ялсан бол яах байсан бол?’ ‘Энэ түүхээс ямар сургамж авч болох вэ?’. Үүгээр оюутны төсөөлөн бодох, учир зүй логик сэтгэлгээг сорино. Мөн цаашлаад даалгаварт энэ сэдвээр бичсэн 2 өөр чигтэй судалгааг уншуулж, давуу сул талуудыг нь оюутнуудаар олуулна. Дараагийн хичээлд 2 тал болгон мэтгэлцүүлнэ. Хамтаараа төсөлт ажлын даалгавар хийнэ, судлагдаагүй, бага судлагдсан хэсгүүдийг олж гаргана.  Үүнийг оюутан хуулах ямарч боломжгүй, харин ургуулан бодох, жиших, харьцуулах, унших, асуух, бичих, хамтдаа хэлэлцэх, багаар ажиллах, илтгэх, мэтгэлцэх, тунгаах зэрэг оюуны олон үйлдлийг энэ хичээлээр хийнэ. Энэ курс хичээлийн төгсгөлд үзсэн сэдвүүдээс өөрийнхөө хамгийн их сонирхсон сэдвээр бичгийн ажил ‘assignment’ хийж, кредитээ тооцуулна. Бичгийн ажлыг  мэдээж бусад судлаачдын ажил дээр үндэслэж бичихдээ ишлэл эх сурвалжийг сайтар тэмдэглэж, өөрийн санааг дэвшүүлсэн байдлаар бичнэ. Өөр хүмүүсийн бичсэнийг энд тэндээс ‘copy, paste’ хийсэн ажил байвал багш тэрхүү ажлыг тооцохгүй. Оюутан бичгийн ажилд нь тусгайлан цаг гарган туслах сургагч багштай байна. Энд сургалтын процесс, аргын хувьд  ихээхэн ялгаа байгаа нь илэрхий. Сургалтын процессд байгаа тэрхүү ялгааг дараах Блүүмийн схем тодруулж өгөх болов уу.

Оюунаар сэтгэх бодох үйлдэл, сэтгэх чадварыг боловсролын аль төвшинд шат дараатай эзэмшүүлдэг талаар Блүүмийн схемд  дараах байдлаар үзүүлжээ.
 

Тэгвэл энэ схем дээр үзүүлснээр ЕБС-ын төвшинд, мэдээллийг уншиж ойлгох, бичих, орчуулах, өөрийн үгээр тайлбарлах чадварыг төлөвшүүлж (их дээд сургуульд энэ төвшинд заасаар байгаа хичээлүүд олон байгаа нь харамсалтай),  бакалаврын төвшинд уг мэдээллийг үндэслэн асуудлыг шийдвэрлэх, онолыг практик дээр хэрхэн буухыг ойлгох, жиших, харьцуулах, тусгаж авах үйлдлийг хийх бөгөөд цаашлаад гүн шинжиж, анализ хийх, тунгаах, логик гаргалгаа, учир зүй, уялдаа холбоог нь тодорхойлох чадварыг эзэмшинэ.  Харин магистер, докторын төвшинд суралцаж буй хүн олон талын мэдлэг мэдээллүүдийг  ашиглан нэгтгэн дүгнэж, шинээр санаа бүтээх, түүнийгээ батлах, оюун ухааны бүтээлээ хүртээл болгох чиглэлээр бүтээлч төвшинд оюунаа ажиллууна. Мөн цаашлаад олон үзэл онолуудыг жишин харьцуулах, санаагаа баяжуулах, батлах, шийдвэр гаргах төвшинд сэтгэнэ. Тэгвэл ажил олгогч нарт мэдээж схемд үзүүлсэнчлэн дээд талын 4 төвшинд сэтгэх чадвартай хүмүүс хэрэгтэй. Бид энэ хэмжээнд сэтгэх чадвар, дадалтай оюутныг бэлтгэж байгаа билүү? Ямар төвшинд бэлтгэгдсэн багш энэ дээд чадваруудыг суулгахуйц хичээл зааж чадах вэ? Бакалаврын төвшинд  оюутан аливааг шинжин харьцуулах, тусган авах, тунгаан цэнэх (critical thinking), учир углаасыг нь тайлж асуудлыг шийдэх хэмжээний төвшинд оюутныг  ажиллуулах сургалтын заах арга, хичээлийн хэлбэрийг шинэчлэх  шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Доорх хүснэгтэд үзүүлсэн сэтгэн бодох үйлдлүүд  багшийн оюутныг сорьж буй дасгал ажлуудад хэр их туссан бэ гэдгээр багш нар оюутанд эзэмшүүлж буй чадвар дээрээ дүн шинжилгээ хийдэг байна. Жишээлбэл, бакалаврын төвшинд зааж байгаа бол оюутанд доорх хүснэгтийн хэрэглээ, дүн шинжилгээ гэсэн хэсгүүдэд заасан сэтгэхүйн үйлдэл орсон дасгал ажлуудыг голчлон оруулна.    


 
Дэлхийн шилдэг их сургуулиудад багш нарын заах аргыг тогтмол сайжруулж, хөгжүүлж, үнэлгээ өгч байдаг тусгай Заах арга, мэргэжил хөгжлийн дотоод нэгж ‘Center for teaching and learning’ ажилладаг бөгөөд манай их, дээд сургуулиуд ч ийм нэгжтэй болж ажиллах нь зүйтэй болов уу. Станфордын их сургуулийн багш хөгжүүлэх төвийн багш нарыг дадлагажуулахад хэрэглэдэг нэгэн дасгал ажлыг жишээ болгон үзүүлье.

Оюутны дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэхэд ямар сорилт,  дасгал ажил өгөх вэ?:
Шууд бус утгаар илэрхийлсэн утгыг ялгах; логикоор нь цаад утгыг нь олох; битүү утга санааг логикоор нь ухаж ойлгох; аливаа асуудлыг дотор нь хувааж ангилах;  санааг чухал,  чухал бишээр нь эрэмбэлэх зэрэг дүн шинжилгээ хийх чадварыг оюутанд эзэмшүүлж, чадварыг нь сорихдоо дараах үйлдэл орсон даалгаврыг боловсруулна: схемчлэн үзүүл, ялгааг нь ол, зургаар үзүүл, дүгнэн хэл, онцлогийг нь гаргаж хэл, холбо, сонго, ялга, дотор нь ангил гэх мэт.

Жишээ нь:  “АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шинжилж үзээд, аль санаа нь бодит баримт дээр тулгуурласан, аль санаа нь өөрийнх нь төсөөлөл дээр тулгуурласан байгааг ялган үзүүлнэ үү?

Та өөрийн заах хичээлдээ дээрх сэтгэн бодох үйлдэл орсон дасгал, сорилт асуултыг оруулсан бол жишээгээр үзүүлнэ үү! 

.....................................................................................................................................

Дүгнэлт

Манай их, дээд сургууль төгсөгчдийн дунд ажлын байран дээр дээд боловсролтой хүнд байх ерөнхий чадвар болсон  хариуцлага хүлээгээд бие даан ажиллах, багаар ажиллах, бичиг баримт төлөвлөн боловсруулах, ажлаа өргөн хүрээнд хараад дараа нь төлөвлөх, төвлөрч ажиллах, ажлаа амаар болон бичгээр үр дүнтэй танилцуулах, илтгэх, тайлагнах,  шинэ зүйлийг авхаалжтай хурдан суралцах чадваруудын дээр гадаад хэлний чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой байх шаардлагуудыг хангасан төгсөгчдийн эзлэх хувь бага байна. Энэ нь манай их дээд сургуульд үздэг ерөнхий суурь хичээл гэсэн тодотголтой заавал үзэх хичээлүүдийн өнөөгийн байдалтай холбоотой болохыг дэлхийн шилдэг сургуулиудад либерал боловсролын (liberal arts education) хичээлийн зорилго агуулга хэрхэн өргөн цар хүрээтэй байдаг, энэ хичээлийг хэрхэн заадаг, хөтөлбөрийн шинэчлэлээ хэрхэн хийдэг, заах арга хичээлийн хэлбэр, явц оюутны чөлөөтэй сэтгэн бодох чадварт хэрхэн анхаарч байгаатай жишин үзэхэд илэрхий байна. Иймд дээд боловсролын суурь хичээлийн зорилго, агуулгыг оюутны өргөн хүрээнд сэтгэх чадвар, хувь хүний болон нийгмийн соёл төлөвшлийн чадваруудыг суулгах  үндсэн хичээл болгон шинэчлэхэд  их, дээд сургуулиуд  хөтөлбөрөө шинэчилж, багш нарынхаа заах аргыг сайжруулна гэдэгт итгэлтэй байна.

 

No comments:

Post a Comment