ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД "МУУ ХҮМҮҮС" ҮҮ? \эргэцүүлэл бүхий цуврал-01\
Гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын гэр бүлдээ гуйвуулсан мөнгөний дүн болон түүний Монгол улсын ДНБ \Дотоодын Нийт Бүтээгдэхүүн\-д эзлэх хувь. \Статистикийн баримт\
2000 онд 22,4 сая $ 2.0 %
2001 онд 53.0 сая $ 4.2 %
2002 онд 111,7 сая $ 8.0 %
2003 онд 128,6 сая $ 8.0 %
2004 онд 195,4 сая $ 9.8 %
2005 онд 174,2 сая $ 6.9 %
2006 онд 153,6 сая $ 4.9 %
2007 онд 174,3 сая $ 4.1 %
2008 онд 218,2 сая $ 3.9 %
2009 онд 191,5 сая $ 4.2 %
2010 онд 247,9 сая $ 4.0 %
Тайлбар: Дээрх үзүүлэлтэд 2005 оноос хойш ДНБ -д эзлэх хувь багассан нь Уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой аж.
Нэг. "Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана"
Дэлхийн нилээд олон оронд тархан суугаа 200 мянга орчим монголчууд тухайн орондоо ажиллаж олсон мөнгөнөөсөө Монголдоо байгаа аав ээж, ах дүү, амраг садан, үр хүүхдүүддээ сар болгон "тусламж" болгон илгээдэг. Баяр хөөр, нус нулимс дагуулсан тэр их мөнгө Монгол орны хөгжлийн сайн муу үзүүлэлтүүдэд багагүй хувь нэмэр оруулжээ. Улсын болон хувийн тодотголтой ихэнх Их дээд сургуулиудын санхүүжилт, шинээр баригдсан болон баригдаж байгаа чанартай чанаргүй олон орон сууцнуудын санхүүжилт, нийслэл хотод нэг хүнд ноогдох тоогоороо тэргүүлж Гиннесийн номонд орох дөхөөд байгаа олон олон зочид буудал, баар цэнгээний газруудын орлого, эмнэлэг, эрүүлжүүлэх байрнуудын хураамж, Төрийн маш олон албан хаагчдын цалингаас гадуурх "нэмэлт орлого" зэрэгт дээрх мөнгөнүүд зарцуулагдсан.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж, "амьдралын хүнд ачаа"-г ар гэрээ санасан сэтгэлтэйгээ хамтад үүрч, бусдын эрхшээлд хүссэн ч хүсээгүй ч оногдсон ажлаа хичээж хийж зүтгэж байсан тэд, энэ их мөнгийг "жаргаж" биш зовж олсон. Тэдний хөдөлмөрөөс урссан хөлс, шаналлаас урссан нулимс, бэртлээс урссан цус болгон нь "мөнгө" болон Монгол руу одож байсан. Ухаантай сайхнаар зарцуулж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа босгосон нь зөндөө л бий байх, урагшгүйгээр үрж, зугаацан цэнгэж, амьдралаа үрж өөрийгөө ч өрөөлийг ч "тамалж" зовоосон нь бишгүй л байх. Харин үүнийг сайнаар дурсаж, сэтгэлээсээ талархаж байгаа нь хэд юм бол? Үүнийг үнэлж, тэднийг хайрлаж өрөвдөж байгаа нь хэд юм бол? Эргээд ачилж, халамжилж байгаа нь хэд юм бол?
Модноос ургаж, газраас үржиж байдаг мөнгө гэж хаа ч үгүй. Хүний нутаг, гүний хошуунд холын зочинд хадган дээр "мөнгө" барьж угтдаг заншил гэж огт үгүй. Харь нутгийн хөрс хатуу, хууль нь чанга. "Чи энэ хуулийн өмнө, энэ хөрсөн дээр хөдөлмөрлөөд олох мөнгөө олж чадвал чад, эс чадвал чи энд хэн ч биш" гэдэг бичигдээгүй хууль бий. "Гадаадад арчаагаа алдаж, аяга таваг угааж, хувийн жаргал хөөж амиа хоохойлсон" гэж тэднийг нэрлэх аваас алдас болно. Монгол хүн хэзээ ч аав ээж, ахан дүүс, үр хүүхдээ "хөсөр хаяж", зөвхөн хар амиа бодож чаддаггүй юм. Тийм болохоор л тэр их мөнгө Монгол руу урсаж, Монголын хөгжилд бага ч атугай нэмэр болсон . Үүнийг хэн дуртай нь зоргоороо чалчиж, бас үгүйсгэж чадахгүй. "Үнэн юм үнэнээрээ л үлддэг".
Хоёр. Тэд Монголын "нэрийн хуудас" болж яваа.
Би Америкийн ихэнх хотуудаар яван эрж бэдэрч, хайж сурагласаар лавтайяа 60 орчим хүнтэй уулзаж ярилцлага хийжээ. Өндөр хөгжилтэйд тооцогддог энэ орны нийгэм соёл, техник технологи, эдийн засаг үйлдвэрлэлийн бүх салбарт монголчууд амжилттай ажиллаж, үнэлэгдэж байгааг харж мэдрээд, гайхаж бахархсан. НҮБ, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк тус бүрд олон монгол залуус алба хашиж, Майкрософтод Л.Бат-Өлзий тэргүүтэй 12 монгол залуу, Яахоо, Майкрософтод М.Сувдмаа, Applle компанид Д.Энх-Амгалан, Фейсбуукт Мэргэн, Intel -д Энхтүвшин, АНУ-ын Ерөнхийлэгчийн сурталчилгааны албанд Ч.Ганболд ажиллаж байна. АНУ-ын Ерөнхийлэгчийн мэдэлд байдаг "Марина" армид Р. Хосбаяр "ахлагч" цолтой алба хааж байгаа бол өдгөө нилээд олон монгол залуус Америкийн армид алба хааж байгаа. Дэлхийд шилдэгт тооцогддог Канадын "Нарны цирк"-ийн алдартай "О" шоунд Ж.Эрдэнэчимэгийн дасгалжуулсан 8 монгол охин \Лас-Вегас\ тасралтгүй 15 жил нугарч, Жофферийн балетийн театрт Б.Мөнгөнчимэг төгөлдөр хуурчаар ажиллаж\Чикаго\, Сиэтлийн болон Бостоны балетийн театрт Б.Болд, Алтанхуяг нар бүжиглэж, дэлхийн хэмжээнд Монголын сонгодог урлагийн цар хүрээг мэдрүүлж явна. Залуу реппер В.Тулгат, дуучин Номинжин нар АНУ-д төдийгүй дэлхийн хэмжээнд өөрсдийгөө сорихоор хөдөлмөрлөж, хичээж явна.
Алдарт Харвардын ИС-д Ph.D хамгаалсан Мандухай MIT-ийн ИС-д, Д.Ганмаа Харвардын ЭМ-ийн ИС-д , Ц.Уранчимэг Беркелейн ИС-д, Түмэннасан, Отгонцэцэг нар Бентлейн ИС -д багшилж, компьютерийн программист мэргэжилтэй хэрнээ Ш.Баатар Станфордын ИС-д археологийн чиглэлээр судалгааны ажил хийж байна. Биологи, физик, хими болон АУны чиглэлээр судалгааны ажил хийж байгаа 20 орчим судлаачид бүгдээрээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Ph.D цолтой эрдэмтэд. Эдэн дотроос дэлхийн хэмжээний шинэ нээлт, судалгааны ажилд оролцсон нь цөөнгүй.Өдгөө Холливуудад албан ёсны бүртгэлтэй У.Бямбажав маш олон сурталчилгаанд оролцдог төдийгүй, сонирхогчдын сумо барилдааны дэлхийн 3 удаагийн аварга болж амжсан. Дэлхийн хэмжээний компани болон байгууллагуудад ажиллаж байгаа монголчууд бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа мэргэжилтнүүд. Нэрт хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх АНУ-д ажиллахын хажуугаар Монгол дахь урлагийн байгууллагуудын захиалгаар "Гамлет" жүжгийн хөгжим, "Ану хатан" зэрэг киноны хөгжим, өнгөрсөн зуны Монгол дахь наадмын нээлтийн хөгжмийг бичжээ. Сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт монголчууд амжилт гаргаж, өөрсдийн орон зайгаа бий болгож эхлэв. Монголчууд бид энэ оронд суурьшиж эхлээд ердөө л 20 орчим жил болж байгаа гэхэд чамлахааргүй амжилт.
Бидний хувьд Америкийн хэмжээнд мэдэж байгаа хэсэг нь энэ. Гэтэл Ази, Австрали, Европын олон оронд үүний адил монгол залуус минь хичнээн мундаг явж байна гээч. Энэ бүх амжилтын өмнө тухайн хүний нэр овгоос илүүтэй "Монгол" гэдэг нэр дуурсагдаж явдаг. Тэр болгонд " монголчууд мундаг юм аа" гэх үнэлэмж заавал дагалдаж явдаг. "Хэ тийм мундаг юм бол Монголдоо ирээд Монголоо хөгжүүлэхгүй юугаа хийгээд байгаа юм бэ?" гэж санаан зоргоор эгдүүцэх хүмүүс цөөнгүй бий. Дэлхийн хэмжээ, Монголын хэмжээ гэж харьцуулбал зөрөө нь зөндөө их. Магадгүй өнөөгийн нөхцөлд өөрийгөө цааш нь хөгжүүлэх, илүү их боломж рүү тэмүүлэх, өсч өндийж байгаа залуу үеийнхэнд боломж чадварыг мэдрүүлэх "үлгэр жишээ" нь тэд байх. Тэд илүү боломж, илүү орон зайг бий болгох тусмаа Монголын хөгжилд, заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр нөлөөлөх боломжтой болж мэдэх. Тэдний нэр нөлөө нь алсдаа, хурдан морь "уяж", хусуур сойзоор "гангардаг" бизнесмен, улстөрчдөөс давж гарах биз. "Монгол хүн, монгол морь хоёр заавал нутгаа тэмүүлдэг" гэдэгчлэн мэдлэг нь тэлж, ухаан нь задарч яваа тэдний сэтгэлд Монгол эх орон нь ямагт оршиж байгаа гэдэгт би итгэдэг.
Гурав. Өөрийн зардлаар өөрийгөө хөгжүүлж байгаа монголчууд.
Монголчууд гадаадад гарах гэж "хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж" байсан үе бий. Америкийн, Европын, Солонгосын виз нь "аз жаргалын алтан түлхүүр" мэт санагдаж, үнэлэгдэж байсан үе бий. "Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэх" гэж, өөрийгөө "хэн?" гэдгийг сонжиж, өрөөл бусадтай харьцуулан дүгнэх гэж, амьдрал үзэж нүд тайлах гэж, өндийлгэж ядах амьдралын баганаа өөрөө тулж босгох гэж, өөртөө мэдлэг эс гэхэд мөнгө хураах гэж, өрөөл бусдын өмнө цэх зогсох хүч олох гэж бодож санаж зүтгэсэн нь дэндүү олон. "Их санасан газар есөн шөнө хоосон" хонохдоо, их мөрөөдлийн үзүүрт хатуу амьдралтай тулахдаа нулимсаа залгилж, шүдээ зууж зүтгэсэн өдрүүд олон. "Монгол хүн" болохоороо муугаа бусдад үзүүлэхгүй гэж тэсч гарсан нь олон, мунхаглаж тэнэгтээд сөхөрч унасан нь ч цөөн. "Би яагаад бусдаас дор явах ёстой юм бэ?" гэж өөртөө шазуур зууж, "маргаашийн өдөр эднээс илүү л гарах болно" гэж сэтгэлээ хатуужуулж зүтгэсэн нь даанч олон. Тэд хэзээ ч эх орноосоо "урвагч" байгаагүй.
Аяга таваг угааж, хими цэвэрлэгээнд ажиллаж, өндөр настанг асарч, барилга засварлаж, шал зүлгэж, айлын хүүхэд харж, хоол зөөж, бусдын гутал тосолж байсан өдрүүд тэдэнд "ажил хүнийг голдог болохоос, хүн ажлыг голдоггүй юм" гэдгийг яс маханд нь тултал ойлгуулсан. Аажимдаа дээшлэн такси, трак барьж, ажлынхаа газартаа менежер болж, суши хийж, ахлах тогооч болж, ажил олгогч болж дэвшихээрээ мөнгөний үнэ цэнийг өөрийн үнэ цэнэтэйгээ хамтад нь мэдэрдэг болцгоов. Харин өдгөө өөрсдийн бизнестэй болцгоож, харь бусадтай өрсөлдөн орон зайгаа бий болгохдоо өөртөө итгэж, "монгол хүн" гэдгээрээ бахархаж, бусдад тусалж дэмжих чадвартай болж байна. Энэ л бүх хугацаанд тэд, өөрийн "бор зүрхээрээ" л шударга хөдөлмөрөөр зүтгэцгээсэн. Хэн нэгнийг "хулхидсангүй", газар нутгаа "арилжсангүй, аль нэгэн банкнаас зээл аваад "бултсангүй", эрх мэдэлт нэгэнд авилгал өгч "зусардсангүй", "намайг харж үзсэнгүй" гэж төр засагтаа гомдоллосонгүй. Үүнийхээ төлөө тэд, яагаад бусдаас ичих ёстой гэж?
Амьдарч байгаа орныхоо хууль журмыг чандлан сахиж, үйлчлүүлэгчээ хүндлэн инээмсэглэж, ажлын цагаа яс баримталж, алив ажлыг чанартай гүйцэтгэж, элдэв хаягдлаа хогийн саванд хийж, энд тэнд зорчихдоо оочер дарааллаа баримталж, хэнээс ч хамааралгүйгээр амьдралаа өөрсдөө авч явж, хэн нэгний өөдөөс эгц харан инээж сурсан тэд. Өрөөл бусадтай барьцаж шуналгүйгээр "хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж", үнэтэй брендэд "дарлуулалгүйгээр" өөртөө таацуулан цэвэрхэн хувцаслаж, унах машин ярих гар утсаа "хэрэглээ" гэж тооцож, аз жаргалын түлхүүр нь мөнгө биш, ажил амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хэлдэг гэж ухаарч, алсдаа Монгол орондоо очиж өөрийн чадал боломжоороо амар амгалан ажиллаж амьдарна гэж мөрөөдөж, боломж эв нь таарвал бусдад жаахан ч атугай тус болох сон гэж сэтгэл нь чилж яваа тэд эгэл жирийн л монгол хүмүүс. Тэд ирээдүйд Монгол орны хөгжилд, монгол хүний сэтгэлгээнд сайнаар нөлөөлж чадах, өөрийн чадал боломжоор өөрийгөө хөгжүүлж чадсан "үнэт баялаг". Тэд хэзээ ч хаана ч өөрчлөгдөж чадахгүй "монгол хүн".
Дөрөв. Тэд монгол хэл, соёл, зан заншлыг харьд сурталчилж, мэдрүүлж яваа хүмүүс.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд очиж "концертоо тоглон үнэлэгдэв" гэж өөрсдийгөө сурталчлаад байгаа урлагийнхан, хошин шогийнхон чинь уул шугамандаа тэр оронд байгаа монголчууддаа л тоглолтоо сонирхуулж, эх орон, элгэн саднаа санаж бэтгэрсэн сэтгэлийг нь уяраасны төлөө тодорхой хэмжээний мөнгө олоод ирж байгаа хэрэг шүү дээ. "Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хаана байлаа" гэдэгчлэн дэлхий даяар тархан суугаа монголчуудынхаа буянаар гадаад оронд очиж "гахай шувууны мах зооглож" байгаа нь тэр. Дөнверийн "Тулга" клубийн санаачилсан "Уран үгсийн чуулган"-ы ач тусаар өдгөө Монголын нэрт зохиолчид, яруу найрагчид өөрсдийн жимээ гаргаж буй. Миний мэдэхийн Станфордын ИС дээр болсон хэд хэдэн урлаг соёлын арга хэмжээ Америк Монголын соёлын харилцаанд бага бус нөлөөлж буй. АНУ-ын Конгрессийн Номын сан, Индианагийн ИС-ийн номын сан, Беллингхим хот дахь Вашингтоны ИС-ийн номын санд монгол номын арвин баялаг цуглуулга бий болсон нь мөнөөх л Монгол эх орноо сурталчлах гэсэн оролдлогын сайн үр дүн.
Өдгөө Вашингтон ДС, Чикаго, Денвер, Лос-Анжелос, Сан-Франциско хотуудад монгол сургуулиуд байгуулагдаж, тэнд суралцаж байгаа хүүхдүүд монгол хэлний яруу сайхан хэллэг, монгол бүжгийн уян налархай биелгээ, эх орон ээж ааваа, эрдэмт багшаа зурсан олон зургууд, монгол дууны уянгалаг эгшигээр бусдыг баярлуулж, бахдуулж байна. Харьд өсч өндийж байгаа тэднийг "монгол хүн" хэвээр нь өсгөх гэж, монгол ахуйд нь сургах гэж тэд хичнээн их хүсч, мэрийж байгаа гэж санана. Америкийн олон хотуудад сайн дурын санаачлагаар байгуулагдсан "Монгол Соёлын Төв"-үүд болон бусад олон байгууллагууд монгол хэл, соёл, урлаг, зан заншлаа сурталчлах гэж ямар олон ажлууд зохион байгуулдаг гээч. Тэдний л хичээл зүтгэлээр өдгөө Америк оронд "Монгол судлал" өргөжиж, монгол бичиг,ардын урлаг, уран зургийг гадаадынхан илүүтэй мэдэх болж байна. Хэн ч тэднийг албадаагүй, хэн ч тэднийг ятгаагүй, хэн ч тэднийг цалинжуулаагүй. Харин тэд "монголоороо бахархаж, монголоороо гайхуулж, монгол гэдгээрээ омогших" гэж үүнийг чин сэтгэлээсээ хийдэг юм. Хэдийгээр цээжээ дэлдэн хашгирдаггүй ч, тэдний сэтгэлд жинхэнэ "эх оронч" зүрх цохилж байдаг юм.
Саяхан нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцохдоо "Монголын үндэсний баяр болох наадам бол монгол хүнд монгол гэдгийг нь мэдрүүлэх вакцин юм" гэж дурдсан. Өдгөө монголчууд оршин суугаа аль ч оронд наадам, цагаан сар бол монголчуудын үндэсний их баяр цэнгэл гэдгийг мэддэг болсон. Монгол дээл хувцсаараа гоёж сүүдэрт тухлан суусан монголчууд, өмсгөлөө өмссөн бөхчүүдийн эр бяр, уран мэхэнд нь уулга алдаж, тоос татуулан уралдах бяцхан хүүхдүүдээ харан "самсаа нь шархирч", айргаа ууж, хуушуураа амталж, нэгэн өдөр харь нутгийн дэвсэг дээр "эмээлт морь шиг дэрвэлзэж, эзэн хүн шиг таахалзан" нааддаг юм. Гайхаж харсан хэний ч өөдөөс "бид бол энэ дэлхийн давтагдашгүй монгол үндэстэн" гэж омог бардам харцаар хариулдаг юм. Монгол нутгийн дэнж дээр хотойлгон байж уухайлдаг монгол наадам, өдгөө даян дэлхийн дэвжээн дээр дуурсанхан байж зэрэгцдэг болсон нь хөх толботой төрж, жилдээ нэгэнтээ үүгээрээ гайхуулж бардамнадаг монголчуудын омогшил. Ийм бардам сүрлэг монголчууд хэзээ хаана, хэнд уусна гэж?
Тав. Тэд Монголын ирээдүйг бэлтгэж байна.
Сайн муу элдвээр хэлдэг ч, монголчууд бид дэлхийн олон оронд цагаачилсаар даруй 20 орчим жилийг үджээ. "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэдэг хэллэгээр, арав гаруй жил зөвхөн мөнгөний төлөө алжааж ядартлаа зүтгэсэн тэд, өдгөө нуруугаа тэнийлгэж, эргэн тойрноо өөр нүдээр харж байна. Сунаж унатлаа зүтгэж цуглуулсан мөнгө нь "баялаг" болсонгүй, ухаарч мэдэрсэн бүхэн нь өөрийнх нь" баялаг" болон шингэж байгааг ойлгож байна. Үр хүүхдүүддээ байр сав, банкин дахь мөнгө, элдэв эрдэнэс хурааж өвлүүлсэнд орвол "эрдэм мэдлэгтэй", энэ амьдралд өөрийгөө аваад явчих чадвартай болгох нь "үлдэцтэй" болохыг ухаарч байна. Яг үнэндээ өөрийгөө бодвол Монгол руугаа буцчихмаар байвч, үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод "тэсч үлдэж" байгаа монголчууд олон бий. Тэд үр хүүхдээ дэлхийн хэмжээний мэдлэгтэй болж, түүнийгээ Монгол орныхоо төлөө зориулаасай гэж хүсч байна. Эрдэм чадалтай, авьяас билэгтэй хүүхдийг нь хараад "монголчууд чинь ийм мундаг бил үү? " гэж гайхаасай гэж мөрөөдөж байна.
Цагаачилж ирсэн эхний үеийнхний ихэнх нь харь нутагт "харлаж", хамаг л зовлон зүдгүүрийг өөрсдөө үүрсэн. Тосоод авах ачтангүй, хэлээд өгөх ахмадгүй, заагаад өгөх мэдлэгтэнгүй байхад тэд л зовлонгоороо бүхнийг туулсан. Араас нь нэхэж ирэх бусаддаа зааж хэлэх болсон, арга боломж нь олдвол тус болохтой болсон, аажим аажимдаа мэдээллийн сувагтай болсон. Бие биенээ сураглаад, ядаж л ажилд сургаж заагаад, дэмжээд л хамтдаа зүтгэж байж л босч өндийж байв. "Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой" гэдэгчлэн сайдалцаж муудах, салж хагацах үе, алдаж онох агшин зөндөө л байсныг нуух юу байхав. Гэхдээ "нэр хугарахаар яс хугар" гэдэгчлэн хүний газар "нэрээ хичээж" байсны хүчинд жилээс жилд монголчууд маань мундаг болж байгаа. Заримдаа бие биенээ муу хэлж байвч аажимдаа нэгдэж нягтарч л байна. Өөрсдөө хөлсөө урсгадаг болохоор хэн нэгний зүтгэлийг ойлгож дэмжиж л байна. Сэтгэлгээний хувьд тэд, монгол бахархлаа сэтгэлдээ хадгалсан "дэлхийн" хүмүүс болж өндийж байна. Хаана ч гудайхгүй, хэнд ч гологдохгүй.
Монголоос одоо ирж байгаа залуусыг хараад би л лав баярладаг. Тэд мөнгө олох гэж биш, эрдэм өвөрлөх гэж ирдэг болж. Харьд байгаа өндөр боломжийг халаасандаа биш, толгойдоо багтаах гэж ирдэг болж. Тэд бидний туулж өнгөрүүлснийг хүндэтгэж, гэхдээ ирээдүйг харж байна. Уулзаж ярилцсан залуус болгон "сурах юмаа сурч аваад л хурдхан шиг Монголдоо очноо" гэж ам бардам хэлж байна. "Би монгол залуу болохоор бусдаас заавал илүү байх ёстой" гэж боддог болж. "Монгол хүн" гэдэг үгийг "дэлхийн бренд" гэж хэлдэг болгох гэж тэд яарч байна. Сайхан хэрэг шүү. Гэхдээ тэднийг ийм болгон хувиргахад гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын бага ч болов тус, дэм оролцсон. Тэдний гаргасан жим тэртээх он жилүүдэд амаргүй байсан ч, урсан урсах он жилүүдэд дардан болсоор л. Энэ зам дээр тэдний урссан хөлс, шаналсан сэтгэл, цөхөрсөн нулимс шингэсэн байгаа. Ийм болохоор би тэднийг хайрлаж, бас өмөөрдөг юм.
ЗААВАЛ МОНГОЛДОО БАЙЖ Л ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ?
Энэ тухай бичиж ярихаар "Та нар тийм мундаг юм бол Монголдоо ирээд хөгжүүл л дээ" гэж зэмлэдэг юм. Бас тавладаг юм. Улс орны хөгжил гэдэг хувь хүний хөгжлөөс л эхтэй. Хувь хүн болгон хогоо хогийн саванд хийчихдэг бол, хууль журмыг дагаж мөрддөг бол, өөрт ноогдсон ажлаа чанартай хийчихдэг бол, хийсэн ажлынхаа хөлсөөр сэтгэл хангалуун амьдардаг бол, хэн нэгэнд авилгал өгөлгүйгээр шударгаар өрсөлдөж чаддаг бол, хэн нэгэнтэй зодолдолгүйгээр учраа ололцож чаддаг бол, ногоон гэрэл асахаар нь гарцаар гачихдаг бол, ном уншиж байж ухаарал авдаг бол хөгжиж л орхино. Түүнээс биш, гадаадаас ирсэн хүн болгоныг сайд болгоод, УИХ -ын гишүүнээр сонгоод байна гэж юу байх вэ? Тэд чинь үүнийг хүсэхгүй болохоороо л тавлаад байгаа юм шүү дээ.
Бараг 4 хүний нэг нь гадаадад ажиллаж амьдарч үзсэн болохоор тэдэнд итгэдэг юм, бас сайхан цаг ирж яваа гэдэгт. Гадаадад ажиллаж амьдарч байгаа ч олон олон мундаг залуус "Монголын нэр"-ийг дуурсгаж яваа, олон олон залуус харь нутгаас Монгол руугаа хандсан олон сайхан үйлсийг санаачилж, хэрэгжүүлж байна, бусдад үлгэр жишээ болж байна, бас залууст тусалж дэмжиж байна. Энэ бүхэн Монголынхоо л төлөө юм шүү дээ. Хэдийгээр "би эх оронч хүн" гэж хашгирдаггүй ч монгол хүн болгоны сэтгэлийн чанадад "Монголдоо нэг ийм юм хийчих юм сан" гэдэг зовинол оршиж байдаг, бас боломжийг хүлээж байдаг. Яагаад гэвэл тэд чинь эх орондоо хайртай хүмүүс. "Эх орон" гэдэг үгийн үнэ цэнийг дэндүү сайн мэддэг."Эх орныхоо төлөө" гэсэн сэтгэл нь цээжин дотроо байхад, газар нутгийн хол ойр нь хязгаарладаггүй юм.
Бас олон олон монголчууд маань эх орон руугаа буцаж байна. Лавтайяа сүүлийн 3 жилийн хугацаанд Америкт байгаа монголчуудын гуравны нэг орчим нь буцлаа. Хүн болгоны сэтгэлд "буцах тухай" бодол л эргэлдэх болж. Буцаж очсон нь адил биш, янз янз л байгаа байх. Гэхдээ тэд гараа хумхиж зүгээр суухгүй л байгаа, тэд тэгж чадахгүй. Харь оронд сурч мэдсэнээ Монголдоо "баялаг" болгох гэж хичээж л байгаа. Алдаа оноо, амаргүй үеүд бий л байх. Гэхдээ л тэд шантрахгүй л дээ. "Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн" -г Монголдоо байгуулах гэж бараг 3 жил зүтгэж байгаа Германд амьдарч байсан Д.Эрдэнэчулуун гэдэг залууг мэдэх юм. Тарьж байгаа мод, бут, цэцэгс болгон нь Монголын хөгжлийн төлөө ургаж байна. Ийм залуус олон бий. Тэгэхээр бид хөгжихгүй яах юм бэ?
"ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС ХҮНИЙ ХҮҮ ЭРДЭМ ӨВӨРЛӨН ИРНЭ" гэж тэртээх нэгэн цагт их зохиолч Дашдоржийн Нацагдорж хэлсэн сэн. Ерөөлөөр болог.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:
gala_mn@yahoo.com
2013-10-25
No comments:
Post a Comment