Thursday, November 21, 2013

“Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар”





  АГУУЛГА


МОНГОЛ ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
4
ӨМНӨХ ҮГ
5
Нэгдүгээр бүлэг.        ЗОРИГТ СҮБЭЭДЭЙ
7
Хоёрдугаар бүлэг.   МОНГОЛЫН ДАЙЧИН ЦЭРГИЙН БҮТЭЦ,   ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
33
Гуравдугаар бүлэг.  АЛТАН УЛСЫГ БАЙЛДАН ДАГУУЛСАН НЬ
55
Дөрөвдүгээр бүлэг. ЗҮҮНЭЭС ХУЙЛАРСАН ХҮЧИТ САЛХИ
75
Тавдугаар бүлэг.     ИХ МОРИН ЦЭРГИЙН ДОВТОЛГООН
93
Зургадугаар бүлэг.  БАРУУН РУУ ДОВТОЛСОН НЬ
107
Долдугаар бүлэг.     МОНГОЛ ЦЭРГИЙН ӨВ
127
Наймдугаар бүлэг.  ТӨГСГӨЛИЙН ҮГ: МОНГОЛ БАЙЛДААНЫ УХААНААС СУРАЛЦАХУЙ
139
ДЭЛГЭРҮҮЛЖ УНШИХ БҮТЭЭЛҮҮД
144



МОНГОЛ ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин, урианхайн  Сүбээдэй баатрын талаар америкийн цэргийн түүхийн судлаач, профессор Ричард Габрилийн бичсэн  “Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар” номыг  монгол хэлээр орчуулан уншигчиддаа өргөн барьж байна.
Сүбээдэй баатар дал хэвийтэл наслаж, дэлхийн гучин хоёр үндэстэнг номхотгож, их бага жаран таван тулаанд орж, ялан дийлж явсныг  дэлхийд алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй гэж судлаачид, ялангуяа цэргийн түүхчид бичдэг. Сүбээдэй баатар Монголын эзэнт гүрний гурван их хааны цэргийн номлогч, бодлого боловсруулагч байсан бөгөөд дайсны хүчийг зөв үнэлэх, уран нарийн стратеги, тактик боловсруулахдаа гоц цэцэн ухаан, суу заль төгс хүн байсныг энэ номноос уншиж болно. Сүбээдэй баатар Хятад, Солонгос гэхчилэн Азийн орноос Ойрхии Дорнодын лалын ертөнц, Орос, Польш, Унгар гээд Баруун европын улс гүрнүүдийг байлдан дагуулж, алдраа дуурсгаж явсан нэрт баатар, өрлөг жанжин мөн билээ. Эртний гайхамшигт тулалдаанууд, нэрт жанжингууд, цэрэг, армийн сэдвээр дөч гаруй бүтээл туурвисан профессор Ричард А.Габрил дэлхийн цэргийн түүхийн арвин материал ашиглан уран сайхны аргаар бичсэн энэ бүтээлээ монгол уншигчдад унших боломж олгосонд талархал илэрхийлье. Номыг орчуулах явцад зарим ойлголтыг ташаа илэрхийлсэн, нуршсан, барууны, перс, лалын сурвалж бичгүүдийг түлхүү ашигласан байдал анзаарагдсан ч гэсэн энэ ном бол Сүбээдэй баатрын талаар гарч байгаа судалгааны анхны бие даасан бүтээл юм.
Номыг орчуулах, орчуулгыг хянах, зөвлөх ажилд цаг заваа харамгүй зориулсан орчуулгын багийн гишүүд У.Дэлгэржаргал, П.Бөхчулуун, Л.Цэрэнчунт нарт талархал илэрхийлж байна.
Номыг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн П.Батмөнх тэргүүнтэй “Буурлын сан” ТББ-д талархаж, ажлын амжилт хүсэн ерөөе.


Монгол улсын гавьяат багш Пүрэвийн Увш


ӨМНӨХ ҮГ
Цэргийн эртний түүхийн нэрт жанжингуудын нэг эрэлхэг зоригт Сүбээдэй баатар цэргийн удирдах урлаг эзэмшснээрээ Ханнибал болон Скипиотой, удирдах арга барилаараа Александр, Цезарь нартай зэрэгцэх аугаа суутан байлаа.
Сүбээдэйн удирдлага, зааварчлалын дор монголын цэргийн туулсан зам, хугацаа дэлхийн цэргийн аль ч армийн түүхэнд давтагдаагүй билээ. Лалын эх сурвалжуудад түүнийг 73 наслаад хорвоогоос халитлаа гучин хоёр үндэстэнг эзлэн авч, жаран гурван тулаанд ялалт байгуулсан гэж бичсэн байдаг. Түүнийг нас барсны дараа гол хоёр дайсан хятад болон лалын ертөнц гавьяаг нь хүндэтгэн хөшөө босгосон байдаг. Хэрэв Сүбээдэй баатар байгаагүйсэн бол монголчуудын солонгос, хятад, перс, орос, унгарын цэргийн хүчийг бут цохин, газар нутгийг нь эзэмшиж, европыг тохинуулсан түүх байхгүй ч байсан байж мэднэ. Хэрэв Их хаан насан элж, түүний залгамжлагчийг тодруулахаар монголчууд буцаагүйсэн бол энэ жанжин Европыг номхруулах нь дамжиггүй байлаа. Сүбээдэй баатрыг цэргийн аугаа их бодлоготон, уян хатан тактик, арга барилтай жанжин болохыг Барууныхан тэр бүр мэддэггүй байлаа. Жованни да Пиан дел Карпини (Giovanni di Plano Carpini) монгол цэргийн хүрээнд зочилсон тухай 1248 онд бичсэн тайландаа монгол цэргийн зэр зэмсэг, арга тактикийн талаар тодорхой бичсэн боловч Европын цэргийн түүх, хөгжилд нөлөө үзүүлээгүй, тэд ч үүнээс сургамж, санамж аваагүй болой. Марко Пологийн тэмдэглэлд ч мөн адил ач холбогдол өгөөгүй .

1829 онд Жан-Пьер Абель-Ремюза (Jean Pierre Abel Remusat) хятадын эх сурвалжаас орчуулан Сүбээдэйн есөн хуудас “намтрыг” бичсэн байдаг. Ханс Дельбрюк (Hans Delbruck)-ийн “Дайны урлагийн түүх” хэмээх алдарт бүтээл ч гэсэн монголчуудыг ерөнхийд нь дурдаад өнгөрөхөөс хэтрээгүй юм. Монголын цэргийн түүхийг Сүбээдэйн үйл ажилллагаатай холбон дэлгэрэнгүй авч бичсэн хүн бол Oросын дэслэгч генерал Михайл Иванин (1801-1874) юм. Тэр Төв азид монгол болон турк омгийнхонтой оросынхны тулгарсан туршлагыг тухайн цаг үеийнхээр бичихдээ оросын армийн талаар яаралтай сэлбэлт хийх шаардлагатай байгааг онцолсон байдаг. Энэ ном болон монгол цэргийн байлдааны арга, технологийг оросын эзэн хааны цэргийн академи болон хожуу үеийн (зөвлөлтийн) цэргийн сургалтын хөтөлбөрт дэлхийн хоёрдугаар дайны дараа үе болтол хэрэглэж байсан. Барууны цэргийн түүхчид болон цэргийн удирдлага монголын цэргийн түүх, түүний дотор жанжин Сүбээдэйн ялалтын онцлог, цэргийн ололтыг үл тоож байсан юм. 1927 онд ноён Басил Х.Лиддел Харт (Basil H.Liddel-Hart) “Цэргийн гайхамшигт жанжингууд” номныхоо нэг бүлгийг Чингис хаанд зориулахдаа Сүбээдэйн цэргийн удирдах урлагийн талаар цухас дурдсан байдаг. Францын цэргийн түүхч Хэнри Морэл (Henry Morel) 1922, 1932 онуудад монголчуудын талаар өгүүлэл бичиж, канадын цэргийн нэг эрхтэн Сүбээдэйн талаар хальт өгүүлсэн бяцхан нэг сэдэвт зохиол гаргасан байдаг. Ийнхүү цэргийн нэрт жанжин Сүбээдэйн нэр барууныхны цэргийн түүхэнд огт танигдахгүй өнгөрсөн билээ.
Тэгэхлээр “Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатарном бол баруунд хэвлэгдэж байгаа анхны оролдлого бөгөөд би энэ бүтээлдээ голлон араб, перс, хятад болон франц зэрэг хэлнээс надад олдсон англи орчуулгыг ашигласнаас гадна Монголын нууц товчооны англи орчуулгыг бүрэн эх сурвалж болгосны дээр надад олдсон мэдээллийн эх сурвалжийн өчүүхэн ч болов хэсэг бүрийг зохих байранд нь оруулж, номоо бүтээлээ. Монголын цэргийн түүхийн нэрт жанжин Сүбээдэйн дүрийг бий болгоход хэрэг болох хоёрдогч эх сурвалжуудыг ч цуглуулан ашиглав. Миний бичсэн ном товч, хэмжээгээр бага хэдий ч монголын цэргийн түүх, нэрт жанжингуудынх нь талаар өнөөгийн суралцагчид бага бус мэдээлэл авч чадна гэж бодож байна. Сүбээдэй бол түүхэн бие хүн бөгөөд түүний үлдээсэн үнэт өв бол түүний амьдралын түүх юм. Орчин үеийн цэргийн ухаанд хэрэглэгдэж байгаа олон онол, үйлдлэгүүд Сүбээдэй болон түүний монгол цэргийн хүрээнд анхлан хэрэглэгдсэн байдаг. Өнөөгийн байлдааны урлагт түгээмэл хэрэглэгддэг ухагдахуун болох цэргийн давшилтын хурд, сэлгээ, гэнэтийн дайралт, ар тал болон гүний тулаан, дайсны дайралтыг няцаах, сөнөөх арга, тактикууд бүгд Сүбээдэйн цэргийн үйл ажиллагаанд анхлан хэрэглэгджээ. Энэ нь орчин цагийн цэргийн эрдэмд төгсжихийн тулд өнгөрсөн үеийнхний цэргийн номлол, аргад суралцууштайг өгүүлж байгаа юм.


Нэгдүгээр бүлэг
ЗОРИГТ СҮБЭЭДЭЙ
Дүн өвлийн өвдөгцөө тулсан хунгар цасан дундуур өвгөн дархан хоёр хүүгээ дагуулан Тэмүүжингийн хот айл руу мөр хөөн уулнаас бууж явна. Энэ гурав Байгал далайгаас баруухантай орших түнэр тайга дахь гэрээсээ гарсаар багагүй замыг туулжяваа нь энэ. Битүү хад байц, уул толгод дундуур тэмтчин гэлдрэх гурван аянчны мөр алслагдах тусмаа  цаснаа дарагдан бүдгэрэн арчигдах ажээ. Хэсэг замыг л туулаадахвал монголын тал нутаг руу бууж, хаврын уярангуй цаг агаартай тааралдан шинээр цухуйж эхэлж байгаа нялх ногоог ч харж болно. Энэ цаг үе бол монголын нүүдэлчид өвлийг өнтэй давж, өвөлжөөнөөсөө буурь сэлгэн тал руугаа нүүж, хаваржаандаа бууж, өвлийн хахирт сульдаж доройтсон морь, малаа тэнхрүүлэх, хүч тэвээрэг авахуулахын эхлэл хавар цаг байлаа. Морь малаа тэнхрүүлэх үйл дор хаяж нэг сарын хугацаатай байх ба түүний дараа тэднийг дайн тулаанд унаж хэрэглэж болдог.
Өвгөн дарханыг Жарчиудай гэнэ. Тэрээр монголын тал нутгаас урьдхантай байх битүү ойгоор бүрхэгдсэн аглаг ууланд аж төрдөг олон омог аймгийн нэг болох урианхай хүн билээ. Одоогоос хорин жилийн тэртээ өвгөн мөн л энэ замаар одоо арван найм дахь хавартайгаа золгож байгаа ууган хүү Зэлмээ аван явж байжээ. Жарчиудай дарх төмрийн ажлыг өнөө болтол хийж яваа бөгөөд тэр нэгэн удаа бүх монгол аймгийг угсаа залгамжлан захирч байсан эрэлхэг зоригт Есүхэйтэй уулзахаар ирэхдээ ч дарханыхаа багаж, хэрэгслэлээ үүрч явсан билээ. Тэгэхэд тэр ууган хүүгээ Есүхэй баатарт хүчин зүтгүүлэхээр өгөхөөр ирсэн билээ.Тэгэхэд Есүхэй баатарынх Онон голын хөвөөнд Дэлүүн болдог уулнаа[1] нутаглаж ахуйд эхнэр нь нярайлж, хөвүүн гаргасан байлаа.
Есүхэй ууган хүүдээ татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг хайрлажээ. Тэр цаг дор Жарчиудайн ууган хүү эхээсТэмүүжинтэй ойролцоо мэндэлсэн хөхүүл байсан болохоор Есүхэй Жарчиудай өвгөний өгөөмөр сэтгэлд хэдийгээр талархалтай байсан боловч, Өэлүн үжин хоёрын хоёр хөхүүл хүүхэд өсгөх нь бэрхшээлтэй байлаа. Есүхэй өвгөнд Зэлмийг эрийн цээнд хүрэх үед аваад ир хэмээн буцаасан билээ. Жил эргэмийндараа Жарчиудай өвгөн ой тайгадаа эргэн ирж, Зэлмийг эр өсч, эсгий сунатал түр буцаав хэмээн хэлрүүн. Энэ хугацаанд Жарчиудайн эхнэр бас нэгэн хөвгүүн төрүүлэхдээ хүндрэл болон нас барсан бөгөөд одоо Жарчиудайд хоёр хүүгээс нь өөр энэ гэх хүн үлдсэнгүй билээ.
Есүхэй баатар татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод хүндэтгэлд хууртан хуучны өс санан хоолонд хольсон хоронд гэнэдэн хордож амь насаа алдсан мэдээ Жарчиудайд хүнд байлаа. Есүхэйг нас барахад Тэмүүжин балчир дөнгөж 10 настай байсан болохоор эцгийн захиран асан овог аймгийг хумьж эмхлэн захирах чадвар хараахан суугаагүй байлаа. Есүхэйг нас барсны дараа захиргаанд нь байсан овог аймгууд задран сарниж, өөр хүчирхэг овог аймагтай нийлэхээр Тэмүүжин, ах дүү нар, эх Өэлүн үжинг уналга, хөсөг, эд агуурсгүйгээр нутаг дээр орхин нүүн оджээ. Хэдэн жилдээ Тэмүүжингийн гэр бүл бэрх цагийг даван туулж, хувь заяагаа өөрчлөн байгуулж байхад буюу Жарчиудай Есүхэйг нас барсныг дуулахаас нэг жилийн өмнө Тэмүүжин Есүхэй эцгийн хуучин дотно андтай уулзаж, холбоо тогтоон алдагдсан нутаг ус, дайжсан хүн зоныг эргүүлэн авч өгөх хүсэлт тавихад эцгийнх нь цусан анд бутарсан улсыг нь эмхлэн өгч, Тэмүүжинг хамгаалалтаа авсан. Тэмүүжингийн энэ байр суурийг хүлээн зөвшөөрсөн бусад овог аймгууд түүнтэй ирж нийлэх болсноор 1187 оны хавар цагт Онон голын эрэгт нутаглаж байхдаа эргэж ирсэн, эрхшээлдээ оруулсан, дагаар орсон багаахан омгийн удирдагчаар өргөмжлөгдсөн байдаг. Жарчиудай Тэмүүжинг удамтай айлын хүү, хан эцгийнхээ угсаа залгамжлах ёстой гэдэгт итгэж байлаа. Өвгөн ч амалснаа биелүүлэх эр хүний жаяг ёсыг үл огоорон Есүхэйд өгсөн амаа хүүд нь биелүүлэхээр хол газрыг туулан зүтгэж яваа нь энэ. Урианхайн Жарчиудай өвгөн хөөрөг (төмрийн дархны үлээх тулам)-өө үүрч, хөвгүүдээ дагуулан өглөөний утаа тал дээгүүр сунаглан байх цагаар Тэмүүжингийн хот айлд ирнэ. Тэмүүжин тэднийг харуулын болгоомжлуулсны дагуу сэрэмжлэн үүдэн дээрээ угтсан аж. Тэр цагт монголын тал нутагт түгшүүртэй, элдэв самуун үнэндээ хаа сайгүй байсан болохоор гэнэтийн зочдоос болгоомжлох нь зүйн хэрэг билээ. Жарчиудай өгүүлрүүн: “Тэргүүн Ононы Дэлүүн болдогт Тэмүүжин чамайг төрөхөд Булган өлгий өгсөн билээ[2]” гэлээ.
Өвгөний хэлсэн үгийг Тэмүүжин анх удаа сонсож байгаа нь түүний царайнаас илт, монголчууд ер нь дор хаяж өмнөх таван үеийнхээ түүхийг мэдэж, цээжээр дамжуулан ярьж чаддаг. Харин Тэмүүжингийн тухайд өвгөний яриаг өмнө нь огт дуулаагүй бололтой. Жарчиудай өгүүлрүүн: “Таныг нялх өлгийтэй байхад би ууган хүү Зэлмийгээ танай аавд авчирч өгсөн юм. Хүү маань хэтэрхий балчир байсан болохоор би буцааж авч яваад, өдий болгоод одоо aвч ирж байна[3]” гээд Тэмүүжингийн гарвал, омог аймгийг гүнээ хүндэтгэн биширч зогсоо Зэлмийн нүүр рүү харж хэсэг азнаснаа “Одоо аавд тань өгсөн амаа гүйцээхээр ирж байгаа минь энэ. Одоо чи миний хөвүүн Зэлмээр
Эмээлээ тохуул
Үүдээ сөхүүл[4]" гээд хүүгээ Тэмүүжинд үлдээдэг.
Монголын нууц товчоонд Зэлэмийн дүүгийн талаар арван настай хүү аавынхаа ард зогсоод эргэн тойрноо гярхай ажиглан харж байна гэхээс өөр зүйл ер гардаггүй. Ойн омог, аймгийнхны заншил ёсоор айлын отгон хүүгийн хувиар эцгийн голомтыг сахих, залгамжлах үүрэг түүнд оногдож таарна. Зэлмийг явснаас хойш урианхайчуудын аж төрөхүйн уламжлалын дагуу Жарчиудай бага хүүгээ өөрийгөө дагуулж, дархан болгоно гэж найдаж таарна. Чухамдаа тэр залуу хүний хувьд эргэн тойрноосоо юуг тунгааж, юунд анхаарч байсныг бид мэдэхгүй юм. Магадгүй тэр дотроо Тэмүүжингийн хүч чадлыг бахдан мөрөөдөж, түүнтэй учрахыг хүсэмжлэн явсан ч байж болох юм. Домоглон өгүүлдэгчлэн монголчууд дийлэнхдээ хурц чонон саарал нүдтэй, эрэлхэг чийрэг өсгөлүүн байдаг болохоор энэ хүү ч гэсэн Тэмүүжингийн цог заль, бие бялдрыг өвчин өвлөсөн байхыг үгүйсгэхгүй. Тэрээр гүн ой тайгаасаа хэзээ ч гарч байгаагүй болохоор хавар цагийн уудам дэлгэр тал, зүлгэн ногоон хөндий, биеийг нь нэвт гэрэлтүүлэн шарах нарны хурц туяа энэ бүхэн түүний төрж өссөн тайгат нутгаас эрс ялгаран гүн сэтгэгдэл төрүүлсэн ч байж болно. Жарчиудайн бага хүү ахынхаа замналаар замнан, хэзээ ч дархан болохгүй гэж шийдсэнийг эцэг нь мэдэхгүй өнгөрсөн ч байж болно. Oдоо болохоор ах Зэлмэ нь “амьдралын өөр замыг сонгон эргэлт буцалтгүй шийдсэн болохоор хүү ч магадгүй нэгэн цагт бас л өөр замыг сонгож болно. Гэхдээ энэ бүхэн одоохондоо эргэлзээ, тээнгэлзээ байлаа. Харин 1187 оны хаврын эхээр Тэмүүжин болон Жарчиудай дарханы хөвгүүд хоорондоо уулзалдсан нь дэлхий дахинд болох асар том хэмжээний үйл явдлын эхлэл, үр дагавар байлаа.Yүнээс арван хоёр хүрэхгүй жилийн дотор Тэмүүжин шинэ үндэстэнг нэгтгэн удирдаж чадсан[5] юм”.
Монголын бүх омог аймаг 1206 онд нэгдэн Тэмүүжинг бүх монголын хаанд өргөмжлөн Чингис хаан хэмээн нэрийдсэн нь дэлхийг донсолгон чичрүүлсэн үйл явдал байлаа. Жарчиудайн бага хүү ч гэсэн “дэлхийг дайвалзуулах” өдөр цаг ойртсоор байлаа. Жарчиудайн бага хүү эцгийнхээ урмыг хугалсан байж болох талтай. Монгол хүү Тэмүүжин нэр цуугаа дуурсгаж байсан тэр он жилүүдэд Жарчиудайн арван дөрвөн настай бага хүү төрсөн нутаг урианхайн хязгаарыг орхин Тэмүүжингийн цэрэгт хүчин зүтгэхээр одсон байдаг. Энэ хүүгийн нэрийг Сүбээдэй гэдэг байсан бөгөөд түүхнээ цэргийн нэрт жанжингуудын нэг болон домоглон дуурсагдаж үлдсэн юм. Хатуухан хэлэхэд тэр үеийн монголын цуутай, эрэлхэг жанжингууд бараг бүгдээрээ монгол байгаагүй юм. Монгол гэх нэр томьёо нь Чингис хааны төрөн гарсан омгийн нэр. Нэгэнтээ тэрээр монголын омог аймаг болох Хэрэйд, Мэргэд, Найман, Татар аймгуудыг нэгтгэн захирч, тэднийг Монгол хэмээх нийтлэг нэрээр нэрлэх болсон гэж хятад, лал болон христийн эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Энэ бүх аймгууд малын эрхээр цагийн цагт бэлчээрийн өнтэйг сонгон нүүдэллэж явдаг тал нутгийн нүүдэлчид юм. Тэд бүгдээрээ морин дэл дээр өссөн, дайн тулааны цагт нум сумандаа гарамгай, амьдралын хэв ёс нь адилхан хүмүүс. Сүбээдэйн төрөн гарсан урианхайчуудын хувьд гэвэл тэднийг ойн аймгийнхан хэмээн нэрлэж ирсэн бөгөөд зарим эх сурвалжид ойн монголчууд гэж ташаа нэрлэсэн нь бий. Сурвалж бичгүүдэд өгүүлснээр урианхайчуудыг цаатангууд гэх агаад Енисей голын эхээр Байгал нуураас баруунтаа амьдарч[6] байжээ. Тэд талд суудаг монгол дайчдаас эрс ялгаатай амьдардаг байв.
Чингис хаан эрх мэдлийг гартаа төвлөрүүлснийхээ дараахан хэд, хэдэн удаа дайчдаа ойн овог аймаг руу илгээж, эрхшээлдээ оруулсан билээ.Чингис хаанд ойн овог аймагтай ахан дүүс, худ ургийн сүлбээнээс илүүтэй тэдний эрхэлж байгаа амьдралын эх үүсвэр талын монголчуудад туйлаас хэрэгтэй байсан байж таарна. Урианхайчуудын ан агнуур, загасны олборлолт бол тал нутгийн хахир өвлийн хүйтэн, аян дайны хүнд хүчрийг даван туулахад монголчуудад зайлшгүй хэрэгтэй болдог. Сибирийн ангийн үсийг тэдэнд арилждаг байжээ. Урианхайчууд тэр цагт мал малладаггүй, улирлын эрхээр нүүдэллэдэггүй, сууриндуу амьдралтай, хаяаг нь ангийн арьс шир, модны холтос, үйсээр дарсан оромж болох урцанд сууна. Тэдний тогтвортой суурин амьдрал нь төмрийн дарх хийх, монголчуудад зориулан сум, зэмсэг, гэр ахуйн хэрэгсэл хийн зөөж, худалдаалах ажил эрхлэх таатай орчинг бүрдүүлж өгч байлаа. Жарчиудай ч гэсэн тийм дархчуулын нэг байлаа. Сибирийн тайга нь монголын тал нутгийг бодоход илүү хүйтэн, цастай, өдөр нь богино болохоор урианхайчууд ангийн арьсыг хувцас хунарт хэрэглэх нь талын хүмүүсээс илүүтэй байсан юм. Хэрэв бид 1300 оны багцаанд Персийн иргэн Рашид ад-Диний Судрын чуулгандаа бичсэнд итгэвэл ойн овог аймгууд монголын тал нутагт овог, аймгуудын хооронд болж байсан дайн тулаанд оролцож байгаагүй юм билээ. Рашидийн бичиж байгаагаар бол цаа бугыг гаршуулан малладаг урианхайчуудаас бусад овог аймгууд мал сүрэггүй[7] байжээ. Цаатан хүмүүсийн хойч удам одоо ч гэсэн хойт Сибирийн тайгадаа Сүбээдэйн үеийнх шигээ амь зуусаар байна. Тэд нар байгаа газраасаа өөр сайхан нутгийг үл мэдэх бөгөөд нутаг нь асар хүйтэн, цас мөсөн дээгүүр ан гөрөөг төвөггүй хийнэ. Тэд хөлдөө урт мод барьж баглах бөгөөд түүнийгээ цана[8] гэж нэрлэнэ. Гартаа урт мод тулж явах агаад уулын уруу маш хурдтай буухдаа ан гөрөөсийг намнана. Энэ бүхэн бол тэдний итгэл үнэмшил бөлгөө. “Урианхайчууд агнуур эрхлэхдээ хөлдөө сайтар зүлгэж гялтгар болгосон цариг уяад, цасан дээгүүр маш хурдан гүйж, ан амьтныг барьж авдаг байжээ[9]”.
Сибирийн ширэнгэ тайгад төрсөн дарханы хүү Сүбээдэй талын монгол хүүхдээс тэс өөр орчин, нөхцөлд өсчбойжсон нь ойлгомжтой. Сүбээдэй тал нутгийн хүүхдүүдийн адилаар гурван настайдаа морь унахыг, таван насандаа нум, хавчаахай харвахыг заалгаж байсангүй. Талын хүүхдүүд ихэнх цагаа морины нуруун дээр өнгөрөөдөг байхад Сүбээдэй арван дөрвөн настай Чингисийн цэрэгт хүчин зүтгэхээр ирэх хүртлээ морь унахыг мэддэггүй байлаа. Монголын тал нутагт халуун, хүйтний улиралд бэлчээрийн соргогийг хөөн нүүдэллэж явахдаа морины зоон дээр удаан хугацаагаар явдаг туршлага Сүбээдэйд байгаагүй. Түүнд бас тал нутгийнхны энгийн гэж хэлж болох газар, нутгийн хол ойрын зай, хэмжээсийн ойлголт огт байсангүй. Ой мод, уул хад нь нүүрэн дээр унасан тайгад төрж өссөн түүнд зэлүүд, тэнүүн тал, говийн зэрэглээ нь дасаж зохицох ёстой, нэн ярвигтай зүйлсийн нэг байлаа. Тайгын хүүд талын хүүхэд шиг түүхий хоол идэж, айраг уух, эсвэл холын аялалд явахдаа гол зогоохын тулд мориныхоо цуснаас ханаж уух сурц байсангүй. Нүүдлээр хэдэн арван мод газраас тоймлон нүүж, суух болон хүн, малын хоорондын зайг зөв баримжаалах чадвар тэдний амьдралын утга учир байлаа. Ийм чадваргүй бол өргөн уудам нутагт төөрөх, газар нутгаа алдах, цаашлаад амь насанд ч хор, хөнөөл учрах эгзэгт хүргэж болдог. Гэхдээ энгийн дарханы энэ хүү монголын түүхнээ гарамгай жанжин болон алдаршсан түүний алдар гавьяа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээсэн алдарт жанжингуудын дотор хамгийн нэр суутай байр эзэлдэг юм.
Сүбээдэй хэрхэн ингэж алдар цолны манлайд хүрч, монголын түүхэнд нэрээ мөнхөлж чадав гэдэг их сонин юм. Монголын цэргийн хүрээнээс 1247 онд буцаж ирсэн Францын хувраг лам Жованни да Пиан дел Карпини 1248 онд Historia Mongalorum quos nos Tartaros appellamus нэртэй ном туурвиж, түүндээ Сүбээдэй амьд, бие нь сайн байгаа[10] гэж тэмдэглэжээ. Хятадын Юань улсын сударт (1829 онд Жан-Пьер Абель-Ремюзаорчуулсан) орсон намтар зүйд Сүбээдэйг далан гуравтайдаа таалал төгссөн[11] хэмээжээ. Энэ бүхнээс үзвэл Сүбээдэйг бид 1175-1248 оны хооронд аж төрж байжээ гэж хэлж болохоор байна. Сүбээдэйн талаарх анхны өгүүлэмжийг бид Чингис хааны амьдрал, замналыг бичсэн эртний Грекийн алдарт Иллиадын туульстай адилтгаж болох монголчуудын аугаа их сонгодог бүтээл[12]Монголын нууц товчооноос мэдэж болно.
Монголын нууц товчоонд Тэмүүжин болон түүний сэрэмжит, бас хартай, хортой анд Жамуха хоёр эв эвдрэлцэж байгаа үйл явдал нэлээд тод харагддаг. Тэжүүжин, Жамуха хоёр анд холбоотон байж, хамтдаа нутаглан эв найртай аж төрж байсан боловч Тэмүүжингийн нэр хүнд өсч, алдар нэр нь дуурсахын хэрээр Жамухын хар улам бууж, итгэл эвдэн салж нүүснээр тэдний найрамдал эцэслэсэн түүхтэй. Энэ эвдрэлийн дохио нь олон аймаг овгийг эдний аль нэг талыг даган захирагдах нөхцлийг бий болгосон бөгөөд тэдний дийлэнх нь Тэмүүжинд итгэн дагаар орсон байдаг. Энэ талаар Монголын нууц товчоонд өгүүлэхдээ: “Тэмүжин нар тэр шөнө дүлэн явж өдөр гийхэд үзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах дүү гурвуул шөнө дүлэн нүүж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дүү тавуул, бас Мүнгэтү хианы хөвүүн Үнгүр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дүү нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дүү хоёул ирэв. Боорчийн дүү Үгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дүү Чаурхан, Сүбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв[13]” гэжээ. Сүбээдэй ахынхаа замаар ой тайга, эцгийнхээ голомтыг орхин Тэмүүжингийн цэрэгт хүчээ зориулахаар ирсэн билээ. Тэр цагийн залуу хөвгүүдийн хурдан өсөж, эрийн цээнд хүрч, цэргийн албанаа авьяас, чадвараа сорих гэсэн эрмэлзэл цэргийн түүх лугаа эртний уламжлалтай бөлгөө.
Монгол хүүхдүүдийн эр зориг хөвчирч, цэрэг дайны хэрэгт ид орж эхэлдэг арван дөрвөн насанд ч Сүбээдэй олигтой хүрээгүй байлаа. Сүбээдэй Тэмүүжинтэй нөхөрлөхөөр ирсэн цагаасаа л баатар гэж алдаршиж эхэлсэн юм. Хятадын эх сурвалжаас харахад  Баатар гэдэг нь эрэлхэг зоригтой, няцашгүй гэсэн утгатай гэж бичиж байхад орос хэлнээ Багатур гэсэн үг хэмээн тайлбарлажээ. Баатар гэдэг цол бол монгол цэргийн баатруудад хүртээх хэргэм бөгөөд Сүбээдэй Тэмүүжинтэй хамсахаар ирж, хүчин зүтгэж байсан залуу насандаа энэ цолыг хүртжээ. Монголын нууц товчоог 1240-1260 оны хооронд бичигдэж байх үед Сүбээдэй эрэлхэг зоригт, авьяас билэгт жанжин болох нь тодорч, энэ цолыг хүртэж амжсан. Сүбээдэй өөрийгөө баатар хэмээн байнга дуудуулж, түүндээ дассан зэрэг нь гадаадын зарим эх сурвалжид энэ цолыг түүний нууц нэр хэмээн алдаж тайлбарласан нь ч тааралдана. Сүбээдэй Тэмүүжинд хүчин зүтгэхээр ирэхдээ мэдээж залуухан хөвгүүн байсан болохоос баатар байгаагүй. Сүбээдэй Зэлмийн дүү, харин Зэлмэ Тэмүүжингийн анд нөхөр, зөвлөгч нь байлаа. Зэлмэ Тэмүүжингийн амьдрал, тэмцлийн бэрх үед нь ирж нийлсэн юм. Эцгийнх нь харьяалж байсан омог, аймаг нь тарж бутарсан, агт морьдыг нь хулгай авчихсан, эхнэрийг нь Мэргид булааж олзолсон энэ хэцүү цагт Тэмүүжин, Зэлмэ хоёрын нөхөрлөл эхэлжээ. Зэлмийн Тэмүүжинд үзүүлж байсан хүндэтгэл, нөхөрлөлийн талаар Монголын нууц товчоонд тодорхой гардаг. 1188 онд монголын омог аймгууд Тэмүүжинг омгуудынхаа ханаар сонгон түүнийг үг нийлэх хэлцэлийн хүндэтгэлийн ёслолд өргөөндөө ирэхэд Зэлмэ, Боорчи хоёр ноёд, сурвалжтангуудаас ангид онцгой байсан юм. Монголын нууц товчоонд[14] өгүүлснээр, Чингис хаан их хааны хэргэм хүртэсний дараа Боорчи, Зэлмэ хоёрт өгүүлрүүн:
“Сүүдрээс өөр
Нөхөргүй байхад
Сүүдэр минь болж
Сүүлнээс өөр
Ташуургүй байхад
Сүүл минь болж
Сэтгэлийг минь сэргээж
Санаагий минь амруулсан
Зүрхний дотно нөхөд минь
Та хоёр хамгаас урьд ирж нөхөрлөсөн тул хамгийг ахална[15]” гэсэн байдаг.
Үүнээс үзэхэд Тэмүүжинг дайн тулааны талбарт ялж, ялагдаж, тэмцэж, босож явахад Зэлмэ бол цэргийн хэргийн зөвлөгч, бодлого боловсруулагч, гол хэрэгжүүлэгч байсан гэж хэлэх боломжтой.
Цэргийн зөвлөл хуралдаж, итгэмжлэгдсэн зүтгэлтэн, зөвлөхүүд дайн тулааны бодлого, цохилтын хүч, аясыг гаргаж зөвлөн хэлэлцэх нь эртний Барууны ертөнцөд нэлээд урт түүхтэй, өвөрмөц арга билээ. Тийм болохоор монголчууд ч энэ чуулганыг тун оновчтой, тогтмол хэрэглэж[16] байжээ. Зэлмийн хувьд Тэмүүжингийн итгэлт анд, дотно зөвлөгч байсан нь Сүбээдэйг цэргийн хэрэгт төгс боловсрох боломжийг бий болгосон ч байж болно.
Түнэр тайгаас гарвалтай залуу хархүүгийн хувьд Зэлмийн шууд тус дэмжлэггүйгээр монголын тал нутгийн амьдралд дасан зохицож чадахгүй нь ойлгомжтой. Зэлмэ эхний үед Тэмүүжингийн эмээлийг нь тохож, үүдийг нь сөхөж явсан болохоор цэргийн хэрэгт төдийлэн төгс боловсроогүй байж таарна. Хэдхэн жилийн дараа түүнийг цэргийн урлагт баттай суралцан, монгол цэргийн эр, урыг гарамгай эзэмшсэн баатар болсныг эх сурвалжууд өгүүлдэг. Энэ үед Сүбээдэй бас л балчраараа, эр цэрэг болох яагаа ч үгүй байлаа. Тэгвэл Сүбээдэйг эр цэргийн хэмжээнд хүргэхийн төлөөнөө чухам яах хэрэгтэй байсан бол? Тэрээр биеийн хүчний ажил хийж, цэргийн энгийн сургалтанд хамрагдах болно. Нууц товчоонд өгүүлснээр Зэлмэ, Сүбээдэй хоёр зиндаа, эрэмбэ ижил байсан болохоор Сүбээдэй Тэмүүжинд итгэгдэж, түүний хамгаалалтын албанд багтаж, үнэнч зүтгэхийн зэрэгцээ монгол цэргийн эрдэмд төгс боловсрон цойлон гарсан байж таарч байна. Нууц товчоонд Сүбээдэйн байр суурь, эрх хэмжээ тусгайлан гардаггүй. Ялангуяа түүний цэргийн чиг үүрэг нь бүр тодорхойгүй бөгөөд бусад овог аймгийн толгойлогчидтой адилхан Тэмүүжинд үнэнчийн тангараг өргөж, итгэлийг нь хүлээж, цэргийнх нь гол, гол үүргийг итгэлтэй гүйцэтгэх болсон, эсвэл залуу цэрэг өөөрийн гарамгай чанар, чадвараар тодорч, Тэмүүжингийн  цэргийн голлох хүн болсон байж болно.
Сүбээдэй бусад омог, аймгийн эрхтнүүдээс илүүтэй эрх, дархтай, бас хүлээсэн үүрэгтэйг Монголын нууц товчоо нотлон “Сүбээдэй Тэмүүжинд морийг нь тохож, биеийг нь эр цэргийн ёсоор сэрэмжилж, үлээх салхинд гэр нь, урсах бороонд халхавч нь болж явахаа”[17] амласан байдаг. Сүбээдэй Тэмүүжинд хад мэт бат, харьшгүй үнэнч байхаа амалсан нь залуу цэрэг эрээс асар их хүч, сонор сэрэмж, хамгийн гол нь хэмжээлшгүй үнэнч байх ур чадвар хэрэгтэй болох нь мэдээж. Тэмүүжинд үнэнч байхаар амалсан Сүбээдэйн амлалт бол зөвхөн аман дээрээ биш, монгол цэргийн андгайдаа хүрдэг хатуу, бас харгис, амиа золиослоход ч бэлэн байдаг тэр чанарыг нотлон харуулж байгаа юм. Дээр нь Сүбээдэйд цэргийн талын ур чадвар бүрэн бүрэлдэж чадаагүй байсныг бодолцох хэрэгтэй.
Сүбээдэй Тэмүүжингийн хаяа, хатавчинд баттай хамгаалан зогсож, эр цэргийн сууг гарган алдарших замыг туулахдаа Зэлмийн төрсөн дүү байсан болохоор түүнд цэрэг эрсийн дотор орж, ярьж мэтгэлцэн, санаа бодлоо илэрхийлж, олны итгэл, түшгийг хүлээхэд Зэлмийн тус, нөлөө их байсан нь мэдээж.Түүнээс гадна Сүбээдэй цэргийн хуаранд бүхий л цагаа өнгөрөөхдөө эр цэргийн төгс эрдэм болох морь унаж, эзэмших урлаг, нум сумтай хэрхэн өөриймсөж, гартаа оруулах, цэргийн аян, дайтаар одохуйд хэрхэн биеэ бэлтгэж итгэл төгс оролцох гэхчилэн монгол цэргийн нууцад цаг мөч бүрт нэвтрэн, эзэмшиж байсан нь ойлгомжтой байдаг. Тэмүүжин болон түүний омгийнхны оршин байхуйн арван жилийн зурвас үед өнө эртний холбоотон, түнш, бас мөнхийн өрсөлдөгч ааш, аяг, сөрөг довтолгоонтой хийсэн тэмцэл, тулгаралтууд байдаг. Энэ бол Тэмүүжин болон Жамухын хэн нь монгол омгийнхны удирдагч байхыг шийдэх гол эгзэгтэй мөчүүд байсан юм. Тэмцлийн энэ л үед Сүбээдэй эр цэргийн анхны тулаанд орж, дарийн утаа үнэрлэн улмаар аравт, зуутын ахлагч болон тодрох эхлэлээ тавьж байлаа.
Монголын нууц товчоонд өгүүлж байгаагаас харвал Сүбээдэй тулаан, тэмцлийн дундаас монгол цэргийн дайтах урлагийн, жинхэнэ дайн тулааны туршлага сургамж авч, бие бялдар, сэтгэл санааны хатуужил сууж зоригжсон байж болно. Дээрх үйл явдлын эцэс болсон 1197 он гэхэд  Сүбээдэй эр цэргийн эрдэмд төгс боловсорч, жинхэнэ дайчин болж чаджээ. Сүбээдэй олж авсан туршлага, хатуужлаасаа гадна Зэлмэ, Тэмүүжин болон өндөр зэргэлэмжит цэргийн бусад жанжингуудтай яриа хэлэлцээрт оролцох, хамтран мэтгэлцэх, шинэ сэргэг санаа гаргах, шийдвэрийн оновчтой хувилбар олох талаар бусдад үнэлэгдэж, итгэлийг хүлээж чадахын эхлэл байлаа. Сүбээдэйг жанжингуудын цэргийн хэргийн яриа шийдэлд биечлэн оролцож байсан гэдэгт огтхон эргэлзэх хэрэггүй бөгөөд тэрээр Зэлмийн доохонтой суун үйл явдлыг гярхай ажиглан оролцож байсан байж таарна.
Арван жил цэргийн дээд эрхтэнгүүдийн яриа, хэлцэлд байлцан, тэдний шийдэл, төлөвлөлт, үнэлгээ, хэтийн хэргийг шийдэж байгааг нүдээр харж, чихээр сонсож байсан нь залуу Сүбээдэйн хувьд цэргийн өндөр зэрэглэлийн болон жинхэнэ ажил хэргийн боловсрол олгосон юм. Энд л тэр цэргийн нэгжийн тактикийг боловсруулах, тунгаан бодох ухаанд суралцаж, цэргийн өргөн хүрээний төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд жижиг нэгжүүд хэрхэн байрлаж оройлох, хэрхэн хамтарч шийдэлд хүрч болохыг харж, хэрхэн хүчээ бөөгнөрүүлэн хумих, дэлгэх урлагийг биеэр мэдэрч боловсорсоор байсан. Энэ үед Сүбээдэй жижиг нэгж удирдан тулаанд оролцож, сурч эзэмшсэнээ бодитойгоор хэрэгжүүлж, жинхэнэ эр цэргийн удирдагч болох эхлэлээ тавьж, бас цэргийн сайн удирдагч болох гараагаа эхэлсэн билээ.
Түүний дайны төлөвлөлтийг бодит хэрэг болгон хэрэгжүүлэх чадвар бол цэргийн дарга болгон эзэмшээд байдаггүй хамгийн хүнд чадвар байдаг. Цэргийн түүхнээ энэ чадварыг тийм ч олон биш жанжин эзэмшиж чадсан байдаг талаар бодит тайлбар бас харагдахгүй л байгаа юм. Сүбээдэй ийм цөөн жанжны нэг байлаа. Түүний цэргийн боловсрол хосгүй байв. Тэмүүжингийн цэргийн удирдагч нарын цэргийн хэргийг хамтран хэлэлцэх,  төлөвлөх, задлан шинжилж, дүгнэлт гаргахад Сүбээдэйн цэргийн бүх шатны бүтцийг удирдаж явсан олон жилийн туршлага ихээхэн үр дүнтэй, шийдвэрлэх үүрэгтэй байлаа. Сүбээдэйн дайтах хэргийн өндөр боловсрол хийгээд оюун ухааны гоц хөгжил түүнийг дэлхийн болон цэргийн түүхнээ хамгийн амжилттай, бүтээлч жанжин болгосон билээ. Сүбээдэйн туршлага, хичээл зүтгэлээр бий болсон цэргийн урлагийн орчин цагийн цэргийн хэрэгт амжилттай хэрэгжиж байгаагийн бодит жишээ бол германы цэргийн удирдлагын тогтолцоо юм. Эндэхийн залуу офицерүүд өсчдэвшихийн тулд ихэнх цагаа цэргийн эрдмийн зэрэгцээ олон тооны уулзалт цугларалтад доод шатнаас ахих замаар илүү дээд түвшний мэтгэлцээн, шийдлийн ярилцлагад оролцож,өсч бойжиж байдаг.
1197 онд Сүбээдэй 23 настай ч, цэргийн мэдлэг, боловсрол төгсжсөн ахуйд Тэмүүжин Мэргидийн эсрэг дайтаж, тулаанд орсон билээ. Хятадын эх сурвалжаас бидний олж мэдсэнээр Сүбээдэй зуут удирдан энэ тулаанд оролцсон. Тэр цагийн монгол цэргийн хамгийн том нэгж нь мянган цэргийн бүтэц байсан бөгөөд түүнийг Тэмүүжингийн нөлөө бүхий том жанжингууд удирддаг байжээ. Мэргидтэй хийсэн тулаанд Сүбээдэйн оролцооны талаар хятадын эх сурвалж өгүүлэхдээ: Тэмүүжин мэргидийг дайлаар одох талаар цэргийн жанжингуудаа хуралдайд урин энэ тулаанд хэн эхлэн оролцох талаар тэдний саналыг асуухад, Сүбээдэй хамгаас түрүүнд эхлэн дайтахаа илэрхийлэхэд Тэмүүжин ёсоор болгож, түүнийг шилмэл 100 цэргийн хамт илгээжээ. Тэгэхэд Сүбээдэй бүхнийг ёсоор болгоно гэж амлан мэргидийг зорин одож дайснаа даран дархан цолоо мандуулан эсрэг талын хоёр баатрыг олзлон ирсэн байдаг. Сүбээдэй буцаж ирээд мэргид баттай халхавчинд суун хүчирхэгжин байсан агаад монгол цэргийг Цэн голд орж ирэхэд тэд гайхан алмайрч сүйрэн, хоёр баатраа бидэнд олзлуулсан[18] гэж өгүүлжээ. Мэргидийн эсрэг дайтах төлөвлөгөөг Тэмүүжин жанжингуудын хуралдайгаар хэлэлцүүлж, Сүбээдэй эхлэн дайтах саналаа илэрхийлж байх тэр үед тэрээр дунд түвшний удирдагч байсан бөгөөд дээд зиндааны жанжингуудын хүрээлэлд хараахан орж чадаагүй байсан юм. Сүбээдэй их хуралдайд байнга сууж, мэргид, ухаантны үгийг сонсож, улмаар Тэмүүжингийн итгэлийг хүлээх зиндаа нь мэргидтэй хийсэн тулаанаас өмнө хараахан бүрдээгүй байсан гэж хэлж болно. Сүбээдэйн талаарх домог тайлалд өгүүлэхдээ мэргидийн эсрэг хийсэн тулаан Сүбээдэйн дайтах ухаанд шинэ гэгээ нэмж, мэргидийн эсрэг түүний хийсэн түлааны гэнэтийн, санамсаргүй хууран алмайруулах, гайхшруулах чадвар, дайны ур чадвар, жудаг нь түүний ирээдүйн ажил хэргийн чадвар, ухааныг үнэлэх эхлэл болж өгсөн юм. Дайсны эсрэг Сүбээдэйн цэрэг нэгэн цохилтын үйлдлийг хийж байхдаа дараагийн санаанд оромгүй аргаа төлөвлөж байдаг.
Сүбээдэйн цэрэг дайсантай тулах стратеги, тактикаа боловсруулахдаа дайсныг гэнэдүүлэн, цочир цохилт өгөх аргыг олонтаахэрэглэсэн нь бий. Цэн голд мэргидийн эсрэг хийсэн тулаанд Сүбээдэйн цэрэг ганцаарчилсан буюу хэсэгчилсэн тулааны аргыг хэрэглэсэн. Сүбээдэй цэргийн хүч, тооны хувьд өөрийнхөөсөө илт давуу хүчтэй олонтаатулалдаж явсан бөгөөд тулааны эцэст тооны хувьд цөөн ч, дайснаа дарж, цэрэг эрсийнхээ амийг илүүтэй хамгаалж үлдэж чадсан байдаг.
Хятадын сурвалжууд Сүбээдэйн мэргидийн эсрэг хийсэн тулааны талаар өгүүлэхдээ түүнийг цэргийн давшилтыг зохион байгуулахдаа эрсдэл, хохирлыг нарийн тооцсон гярхай ажиглалтдаа тулгуурладаг гэжээ. Сүбээдэйн цэргийн хэргийн нарийн тооцоо, ур ухааны задгай илрэлийг дайтах урлагт хэрэглэж байгаа чадвар зэрэг нь түүнийг Наполеоны зиндаанд хүргэж, гарамгай жанжны төрх, зан үйлийг эзэмшсэн болохыг харуулж байгаа юм. Нэгэнтээ Сүбээдэйгээс эр зориг ялан дийлэхүйн нууцыг асуухад тэрээр яруу найрагч лугаа ялах эрсдэл бол авах-алдах нэг л эргэц байдаг[19] гэсэн нь бий. Сүбээдэйн ер бишийн зан чанар, оюун ухааны галтай, огцом илрэл, гүйлгээ чанар зэрэг нь түүний  цэргийн хэрэг, дайтах урлагт тухайн нөхцөл, орон зай, цаг хугацаанд дүйсэн шинийг эрэлхийлэх, санаачлагатай байх хосгүй удирдагч болгож чадсан[20] байдаг. 1197-1206 оны хооронд Тэмүүжин хэд, хэдэн тулаан хийсэн бөгөөд тэр бүрт нь Сүбээдэй оролцсон. 1201 онд Тэмүүжин Жамуха болон Ван хааны эсрэг хэд хэдэн тулгаралтууд хийж байсан. Тийм нэгэн тулааны үед Тэмүүжин хүзүүний судсандаа шарх авч, цус тогтохгүй ядран зовж байхад түүний найз болон хамтран зүтгэгч Зэлмэ бөглөрсөн цусыг амаар шимж, уруулаа цусдаж, амийг нь авардаг.
1202 онд Тэмүүжин татааруудын эсрэг дайлаар морддог. Эртний өст татааруудтай 1199 онд хийсэн тулаанаа санан яваа Тэмүүжин татаарыг сөнөөж, бүгдийг эзэлсэн хойно татаар эр болгоныг тэрэгний булд хэмжиж, үгүй хийж, устгадаг. Тэрэгний булаас намхан голцуу хүүхдүүд өршөөгдсөн бөгөөд хожмоо тэд монгол цэрэгт алба хашдаг[21] байжээ. Yлдсэн эхнэр хүүхдийг өрх бүрд хувааж, үүрдийн боол болгохоор шийдсэн байдаг.
Ялан дийлж, булаан авсан газар нутаг, омгийн хувьд ийн хандах нь монголчуудын нийтлэг дүр төрх бөгөөд татааруудтай арай хатуу, харгис хандсан нь эртний өс хийгээд татаарууд монгол бус омог байсантай ч холбоотой байж болно.
1203 онд Жамуха болон Ван хаан өөрсдийн эзэмшилд байгаа омог аймгаас бүрдсэн цэргийн ихээхэн том хүчээр Тэмүүжинг Улаан хус гэх газар нутаглаж байхад нь гэнэт довтолдог. Гэнэтэд балмагдсан, тулаанд бэлэн биш байсан Тэмүүжингийн цэрэг ихээхэн хохирол амсаж, тулааны өдрийн орой гэхэд Тэмүүжингийн 20,000 гаруй цэргээс ердөө л 2,600 нь амьд үлдсэн байдаг. Тэмүүжин цөөн цэргийн хамт зүүн хойт зүг рүү дутааж, Балжун нуурын хөвөөнөө түр саатан алжаал, гутралаа тайлж, дайны сургамжийг сөхөн ярих боломжтой болдог. Энэ талаар домог, туульс өгүүлрүүн: Монголчууд гол төлөв уналга, ачлага, хөтөлгөө гээд гурваас доошгүй морьтой явдаг бол одоо Тэмүүжинтэй хамт үлдсэн хүмүүс ганцхан морьтой үлдэж, гэрт сууж биеэ амраадаг байсан бол одоо модон дотор хээрээр гэр хийж, өдөр хоногийг өнгөрөөж[22] байлаа. Балжун нуурын хөвөө зах ч нөхцлийн хувьд дээрдэх юмгүй байлаа. Энэ үед нуурын ус ширгэж, шавар, шавхай болсон байв[23]. Тэмүүжинтэй хамт хэдхэн тооны цэргийн удирдагч нар үлдэсний дотор үнэнч байхаа хэдийнэ харуулсан Сүбээдэй байлаа. Ялагдан мухардаж, шинэ газар бэдрэх цагт түүчээ-удирдагчаасаа хөндийрөх ёсон тэр цагт монголчуудын дунд байсан юм. Тэмүүжин ядарч, зүдэрч яваа цагт түүнд үнэнч байсан дайчин нөхрөө хэзээ ч мартдаггүй байлаа. Мао-Зэдунийг алдрын аяны оргилд хүртэл үнэнч явсан нэгэн эр, Английн зуун жилийн дайны буюу Азенкурын тулааны үед  Хенригийнхамт алдарт хүрсэн цөөнхийн адил Балжун нуурын хөвөөнөө эзэндээ үнэнчээр хамт үлдсэн тэр цөөхөн хүн эзэн хаанд хамгийн ойр дотнынхон нь болж шалгарсан юм. Их эзэн тэдэнд зориулан цэргийн жич зарлиг буулгаж, тэднийг тусгайлсан эрх мэдэл, зэрэг дэвээр шагнан алдаршуулсан билээ. Их эзэн тэднийг толгой дараалан есөн ослыг хэлтрүүлэн ял хэлэлцэхгүй болгож, Чингисийн өргөөнд дуртай цагтаа морилж байхаар зарлигдсан. Чингисийн хамтран зүтгэгч үнэнч нөхөддөө олгосон талархал, ачлалыг эртний Персийн сурвалж бичигт Тэмүүжин өөрт нь үнэнч байж, бэрх цагт орхин зайлаагүй цөөн нөхдийнхөө төлөө алгаа хавсран бурхан тэнгэртээ хандан аз жаргалтай мөч болон зовлон бэрхшээл тохиосон мөч бүрт тэдэнтэйгээ хамт байж, хувь зохиолын эрхээр дахин Балжун нууртаа эргэн ирэх аваас нуурын шалбаагт үлбэгэр уснаас эхлээд өөрөө аяглан уугаад, дараа хань болон үлдсэн нөхөддөө дамжуулан уухад бэлэн байгаагаа амлаж байлаа. Чингис хааны энэ нөхдүүдийг хожмоо Балжунчууд гэж нэрлэх болсон бөгөөд тэдэнд эр зориг, үнэнч зүтгэлийнх нь төлөө зэрэг дэв, шагнал урамшил олгосон байдаг[24] гэжээ.
Энэ цөөнх дотор олон жилийн өмнө эзэндээ үнэнч байж, монголыг нэвт үлээж байгаа элдэв салхинаас эзнээ тууштай хамгаалахаар өргөсөн тангарагтаа үнэнчээ харуулсан Сүбээдэй байсан. Жил хүрэхгүй хугацааны дараа Тэмүүжин овог аймгаасаа цэргийн хүчээ дахин зузаатгаж, Ван хааныг дайлаар мордож, түүний цэргийг уулын давчуу газар гэнэдүүлэн дайрч, сөхрүүлж авсан билээ. Xэдийгээр Ван хаан болон түүний хүү нь оргон зайлсан боловч Хэрэйдүүд бут цохигдсон. Xэрэйдүүдийн эд агуурсыг хураан авч, дайчдынхаа гавьяа зүтгэлд дүйцүүлэн хишиг хүртээж, хүмүүсийг нь албатууддаа боол болгон тараан олгожээ.
1203-1204 оны өвөл Тэмүүжин монголын зүүн болон төвийн хэсгийн хаанаар өргөмжлөгдөж, зөвхөн баруун талд Найманууд л түүний эрхшээлээс гадуур үлдэж байлаа. 1204 оны хулгана жилийн зун Чингис хаан цэргүүдээ аравт, зуут, мянгат болгон хуваарилж дуусаад, бас наян хэвтүүл (шөнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, дайнд мордохоо их тэнгэртээ дуулгаж, есөн хөлт цагаан тугандаа айргаар цацал өргөөд, цэргээ аван Наймануудыг дайлаар[25] мордов. Тэгэхэд Чингисийн цэрэг 80,000 хүнтэй байлаа.
Тэмүүжин Найманы газар нутаг руу хийх аяллаа болгоомжтой үргэлжлүүлж байлаа. Учир гэвэл энэ тулаанд оролцох Найманы цэрэг тооны хувьд тэднийхээс олон, цэргүүд нь эрэмгий, догшин, цэргийн ахлагчид нь тулааны үед дайрах, хамгаалах аргаа сайн эзэмшсэн болохыг тэр мэдэж байлаа. Тэмүүжин Найманы Таян хаан нэртэй, зоригтой удирдагч биш гэдгийг ч бас мэдэж байсан юм.
Энэ тулаанаас нэлээд өмнө Найманчууд тооны хувьд олон боловч тэдний хаан нь жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй танхи хүн[26] гэсэн дүгнэлтэд хүрч байсан билээ. Хүчтэй армийг өлбөгөр дорой жанжин удирдах нь эртний нэгэн зүйр үгэнд хэлсэнчлэн илжигний удирдсан арслангийн арми нь арслангийн удирдсан илжигний армиас аюултай байдаг гэсэнтэй утга нэг юм. Тэмүүжин Найманчуудын газар нутагт орж ирээд орой буудаллахдаа хүн бүр таван түүдэг асаах тушаал өгдөг. Энэ нь Найманчуудад монгол тэднээс олон цэрэгтэй гэсэн болгоомжлол төрүүлэх, энэ хооронд агт морьдоо тэжээж, тэнхрүүлэх цаг хожих явдал юм. Найманы жанжингууд Тэмүүжинг нэн даруй дайрах хүсэлтэй байлаа. Энэ үе бол 5 сарын сүүлч байлаа. 5 сар бол монголчууд уулнаасаа тал руугаа бууж, унаа мал нь шинэ сэргэг ногоо идэж, өвөл алдсан тарга тэвээргээ нөхөж авах тааламжтай цаг байдаг. Монгол морьд дайн тулааны хүндийг туулахын тулд дор хаяж нэг сар сайн тэжээл, өвс идэж, тэвээрэг авч, тэнхэрсэн байх хэрэгтэй. Тийм болохоор энэ үе Тэмүүжиний хувьд нэлээд эмзэг хугацаа байлаа. Найманы Таян хаан Тэмүүжиний цэргийн ноцоосон олон галаас болгоомжлон тийм олон хүнтэй тулалдах зориг дутан хатуужил ихт монголтой хамаагүй байлдаж болохгүй. Харин тэднийг Алтай давуулан хөдөлгөж, монголчуудыг өдөөн даллаж, Алтайн өлгийг хүртэл чирэгдүүлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид өмнөөс нь довтлон оръё гэсэн санал [27]гаргадаг.
Энэ бол дайн тулаанд биечлэн оролцож байгаа танхи хааны шийдэл байсан бөгөөд монгол цэрэгт ашигтай хувилбар байлаа. Таян хааны энэ эргэлзээт шийдэл түүний хүү Сэнгүм дайтах хүсэлдээ хөтлөгдөн өөрийн эцэгтэйгээ тэрсэлдэх хүртэл буюу бараг дөрвөн сар үргэлжилсэн билээ. Тэр цагт Найманчууд Хачир уснаас хөдөлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху гүний зүүн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хүрч, Чингис хааны харуултай тааралдана[28]. Таян хаанаас үүдэлтэй энэ удаашрал Тэмүүжингийн хувьд хамгийн ашигтай хожоо боллоо. Агт морьд нь тэнхрэн тэвээрэг авч, цэргүүд нь ч тулаанд орох бэлтгэлээ базааж чадлаа. Чингисийн харуулууд ч цөөн тоогоор довтлон Найманчуудыг эрсдэлд оруулсаар байлаа. Эртний монгол сурвалжууд энэ тулааны талаар дэлгэрэнгүй өгүүлж, Сүбээдэйг мянганы ахлагч байж, дайнд оройлон оролцож, Чингисийн цэргийн дөрвөн хүчтэний нэг байсныг Монголын нууц товчоонд Зэв, Хубилай тэргүүтэй, Зэлмэ, Сүбээдэй дараатай хэмээн алдаршуулсан байдаг.
Монголчуудын байлдах урлагийн мөн чанар, утга, агуулга биднийг хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд Чингисийн цэргийн холын аяллын үед  давших хийгээд гэнэтийн цохилтын хүрээг тэлэх, багасгах уян эв, зорилготой өвс лугаа нягт, шигүү эгнээтэй байдаг[29] хэмээжээ.
Нэгэнтээ тулааны үед нуур байрлалаар байлдаж, цүүц хатгалдаанаар цөмөрч тулах талаар өгүүлдэг[30] ч харамсалтай нь энэ нэр томьёо ямар утга агуулгатай болохыг бид мэдэхгүй байгаа юм. Найманчууд довтлон дайтахдаа цэргийн тооны давуугаа чадамгай ашигладгийг мэдсэн Тэмүүжин угтуул харуулдаа “Олноос олон гарз гарна. Цөөнөөс цөөн гарз гарна” гээд  тэдний харуулын эсрэг эрс тулаанд орохыг зарлигддаг.
Монголын нууц товчоонд Найман, Цахир могодоос буцаж, Наху гүний өвөр уулын хормой хижин байхад найманы харуулыг Тэмүүжингийн харуул хөөж, Наху гүний өвөрт байгаа гол хүчинд нь хүрсэн[31] гэжээ.
Монголын нууц товчоонд эртний грекийн Илиадад гардагчлан  монголын цэргийн жанжингууд уулын өндөрлөг хярд гаран цэргийнхээ байршил, хөдөлгөөн, тархацыг нүд цавчилгүй ажиглан харж, удирдаж байдаг талаар бичсэн нь бий. Наймангийн Таян хан Найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас асууруун: “Тэр сүрэг хонинд орж хотонд нь хүртэл хөөж яваа чоно мэт довтлогч ямар хүмүүс вэ?” гэвэл, Жамуха өгүүлрүүн: “Тэмүжин анд минь, дөрвөн нохойг хүний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хөөж ирэгчид тэр дөрвөн нохой биз.
Ширмэн төмөр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган төмөр зүрхтэй
Гадас цүүцэн хошуутай
Галзуу дөрвөн нохой
Түмэн амьтныг хядахаар
Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шүлсээ савируулж айсуй
Шүүдрээр унд хийж
Шүлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нөхөр хийж явдаг
Зэв, Хубилай тэргүүтэй
Зэлмэ, Сүбээдэй дараатай
Тэмүжин андын тэжээсэн
Тэр дөрвөн ноход
Тэмүүлэн хүрч ирэв[32]”гэжээ. Эсрэг талынхаа ширүүн дайралт довтолгооноос айн сүрдсэн Таян хаан цэргээ уул өөд өгсөн авирч, амь хоргодохыг тушаадаг.
Энд бид Сүбээдэй бол Чингисийн дөрвөн хүчтэний нэг, цэргийн цогтой жанжин болохыг анхлан олж харж байгаа юм.
Үүнээс хойшхии Чингисийн талаарх тэмдэглэл, дурдатгалд Чингисийн дөрвөн ноход гэх хэллэг олонтаа тааралдах болсон билээ. Энэ дөрвөн баатрыг “дөрвөн аранга”, “дөрвөн хүчтэн”, “дөрвөн баатар” гэж нэрлэсэн цөөнгүй тулааны түүхийг бас мэдэх юм.
Чингис хаан цэргийн удирдагчийг сонгохдоо цэвэр тэдний авьяас чадвар, цэргийн хэргийн туршлага дээр суурилан шалгаруулж авдаг болохыг түүний Цахир могодын тулааны дөрвөн баатрын хэн нь ч түүний өөрийнх нь омог аймгийнх биш байснаас тодорхой харагддаг. Зэв болохоор тайчуудаас гарвалтай, Хубилай нь өөр омгийн ханхүү байсан, харин Зэлмэ, Сүбээдэй хоёр урианхай байсан юм. Сүбээдэй Цахир могодод хийсэн тулааны үед өөрийгөө Чингисийн шилмэл жанжингуудын тоонд багтаж, цэргийн сайн сэтгэгч болохоо батлан харуулсан байдаг.
Эртний сурвалжаас харж байхад Чингисийн дөрвөн нохдын удирсан цэрэг хамгийн дайчин, харгис, түрэмгийгээрээ нэрд гарч, тэднийг алдаршуулж байлаа.
Цахир могодын тулааанд Чингисийн цэргийн хэрэглэсэн тактик нь өнөөгийн цэргийн урлагт хэрэглэгдэж байгаа дайсны гол хүчний дундуур эгнээгээр олон газраар сэтлэн ард нь гарч дотроос нь бүтцийг нь задлах зорилго бүхий хөдөлгөөнт цохилтын хэсгийг чадамгай ашигласан арга юм. Сурвалжууд тэд сүрэг хонинд орж, хаа сайгүй сэглэн зэрэмдэглэх чоно лугаа сүйтгэж байлаа гэж Чингисийн цэргийн сүр хүчийг тэмдэглэн үлдээжээ.Чингисийн цэргийн тулааны нэг зорилго бол дайсны цэргийн удирдагч буюу жанжингуудыг устгаж, цэргийг удирдлагагүй болгох явдал байлаа. Монголчуудын анхлан санаачлан хэрэгжүүлж, хожмоо Барууны цэргийн хэрэгт өвлөн авсан энэ аргыг орчин цагийн цэргийн урлаг судлаачид Deep battle буюу “Гүн давшилтын онол[33]гэж нэрлэж байгаа юм.
Чингис хаан, наран орой болох хирд  Наху гүний уулыг бүсэлж аваад хонов. Тэр шөнө Найманууд буруулан дутаах гээд Наху гүний уулан дээрээс хальтиран унаж, нурсан түлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж үхэцгээв[34]. Дараа өдөр нь Тэмүүжин Таян хаан болон түүний итгэлгүй түнш Жамухаг амь тэмцэн дайжин одоход Таянгийн үлдсэн цэргийн толгойн хэсгийг бүслэн авч довтолгоогоо үргэлжлүүлэв.
Найман аймгийн хувьд тэд алтайн чанадад бэхлэн чуулан босч, тэмцсэн боловч[35] татаруудын нэгэн адилаар Тэмүүжингийн байлдааны мэргэн арга, ов мэхэд автан сүйрсэн билээ. Ийнхүү Чингисийн эсрэг сөрж тэмцэх гол хүчин болох Найманууд Цахир могдод бүрмөсөн бут цохигдлоо. Oдоо зөвхөн  цөөн тооны таруу бутархай, эсэргүүцэх чадвар хомс бүлэглэлүүд үлдсэн билээ. Чингис хаан тэр жилийнхээ намар Мэргидтэй дайтан дагуулан авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хөвүүн ба цөөн хүнийг авч дутааж одов. Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж, Сүбээдэйд төмөр тэрэг хийлгэж өгөөд Тогтоагийн хөвүүн Худу, Гал, Чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр[36] илгээв. Монголын нууц товчоонд гарч байгаа төмөр тэрэг гэх нийлэмжийг Хан, Клевес нарын зохиогчид Iron carts (төмөр тэрэг) гэж үгчлэн орчуулсан бол  Гроусет[37] үүнийг iron-framed wаgons буюу битүү тэрэг гэж орчуулсан байдаг. Гроусет энэ санаагаа тайлбарлахдаа Сүбээдэй мэргидийг дайлаар мордохдоо хэрэглэх, замын бартаа, уул нуруу, гүвээ, нугачааг даах чадалтай тийм тэрэг хийж өгсөн байж таарна гэжээ. Гроусетийн энэ санал итгэл үнэмшил багатай байгаа юм. Учир хэмээвээс монголчууд Мэргидийг дайлахаас өмнө буюу түүний хойно ч замын аливаа бартаа саадыг тийн чухалчилдаггүй, морины сайнаар, эр зоригийн чадлаар төвөггүй давж гардаг байсан бөгөөд Нууц товчоонд гарч байгаа төмөр тэрэг[38] нь өнөөгийн бидэнд юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй боловч, эртний монголчууд цэргийн зэвсэглэлдээ төмөр ашиглаж байсныг өгүүлж байгаа бус уу.
Тэмүүжингийн цэрэг дайн тулаанд төмөр зэвсэг бага хэрэглэж байсан. Тэд сум, жад зэргээ хатуу модоор хийдэг бөгөөд Монголын нууц товчоонд сум хэрэглэл хатааж ширгээх, үзүүрийг нь хурцлах, олшруулахад хутган жадыг хэрэглэдэг тухай олонтаа гарна. Хуяг, дуулгыг ч бас төмрөөр хийдэггүй, харин идээлж, элдсэн арьс ширээр хийдэг байлаа. Монголчууд амьдралын нүүдлийн хэвшилтэй болохоор тайван байршил, нутгийг эрэлхийлэн байнга нэг газраас нөгөөд нүүж суун явах болохоор дайн тулаанд хэрэгцээ, ач тус өндөртэй төмөр зэмсэгтэй болох хэрэгцээ байнга гарч байсан болж таарна. Монголчууд ойн иргэдтэй худалдаа наймаа хийх замаар төмөр эдлэлийнхээ хэрэгцээг хангадаг байлаа. Бидний мэдэх Жарчиудай мэтийн дархчуул монголчуудыг хаваржаандаа буусан үетэй давхцан тал нутагт ирж монголчуудын төмөр сум, хэрэгслэлийг засч сэлбэн, бас шинээр хийсэн бүтээгдэхүүнээ зардаг байжээ. Бидний өгүүлэн байгаа цаг үед монголчууд сумны толгой болон жадны үзүүрийг төмрөөр хийж байсан бөгөөд бас монгол эмэгтэйчүүд дайн тулааны талбарт эдгээр төмөр зэмсгийг тулаанд дахин хэрэглүүлэх зорилгоор арчиж цэвэрлэдэг байжээ. 1206 онд эхэлсэн Чин улстай хийсэн дайны туршид монголчууд хятадын цэргийн төмөр зэвсэглэлийг олзлон өөрийн болгон эзэмшиж чадсан билээ. Монголчууд хятадын төмөр буу зэвсэг, дуулга авч хэрэглэснээр төмрийг цэргийн зэвсэглэлд их хэмжээгээр хэрэглэх болсон. Лалын шашинтангууд болон Барууныхантай хийсэн дайндаа тэд дархчуулыг үй олноор хядаж, заримыг нь монголын газар нутаг руу илгээх буюу цэргийн анги байрлалуудад монгол цэргийн зэр зэвсгийг засч сэлбэх үүрэгтэйгээр ажиллуулж байлаа. Монголчуудад дархчуулаа хамгийн ихээр цөлмүүлэн дахин сэргэтлээ хоёр зууныг дамжсан улс бол Oрос орон байлаа.
Ингээд бодохлоор Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн Чингисийн цэргийн төмөр зэвсэг эзэмшиж, дайтах урлагт хэрэглэсэн цаг үе дархан хүний хүү Сүбээдэйн цэргийн аугаа удирдагч болохуй цагтай давхцаж байгаа нь сонирхолтой юм. Сүбээдэй монгол цэргийн зэвсэглэлд шинэ, шинэ шийдлүүдийг санал болгож хэрэгжүүлж байлаа. Тийм санал лавтай хоёр байсан юм.
Сүбээдэйн санал болгож байсан эхний боломж бол Чингисийн цэрэг хол аялж, томоохон дайн тулаанд ороход төмөр тэрэг зэрэг зэр зэвсэг, дуулга болон бусад төмөр эдлэл, төхөөрөмжийг засаж сэлбэн дайн байлдаанд байнга бэлэн байлгах үүрэгтэй дархчуулыг цэргийн хамтаар авч явж байх санал юм. 1205 он гэхэд Тэмүүжингийн цэрэг төмөр зэр зэвсэг төдийлэн өргөн хэрэглэдэггүй байв. Харин Монголын нууц товчоо бичигдсэн1240-1260 оны үед төмөр зэвсэглэл цэрэгт түгээмэл хэрэглэж байлаа. Дээрх цаг тооны судрыг зохиогч энэ цаг үеийг хялбаршуулан Сүбээдэйн амьдралын мөчлөгтэй давхцуулсан байж ч магадгүй. Энэ бол дунд  эртний он дарааллын сударт нэн түгээмэл байдаг хандлага юм. Жишээлбэл, библийн сударт бичихдээ Давидийн цэрэг дугуйт төмөр тэрэгтэй байсан талаар гардаг боловч хэрэг дээрээ тэд хэрэглээгүй. Үнэндээ бол том хэмжээний хуягласан төмөр хүрээтэй дугуйт тэргийг Давидаас хойш манай эриний өмнөх үеийн Ассирийн гүрний үед зохион бүтээсэн байхад Давидийн дараагийн дөрвөн зууны он дарааллын судрыг зохиогч он дарааллын эрэмбийг өөрчлөн Давидийн үед төмөр дугуйт тэрэг өргөн хэрэглэж байсан[39] мэтээр ташаа бичсэн байдаг.
Төмөр зэвсэглэлийн талаарх мэдлэгээ цэргийн хэрэгт ашиглах Сүбээдэйн хоёр дахь санал бол монгол цэргийн шилжин байрлах, тархацын хуучин ужиг бүтцийг өөрчлөх явдал байлаа. Монгол цэргийн төмөр тэрэг нь манай эриний өмнөх гурван мянган жилийн тэртээх Шумер болон Эгипетийн үеэс түгээмэл хэрэглэж байсан хатуу модон дугуйтай байлаа. Ийм хатуу модон дугуйг хийх хэдийгээр амар боловч тэрээр аян замын ая даахгүй эвдрэх нь бэрхшээлтэй байсныг эртний Шумер, Эгипедийн цэргийн түүх ч нотлодог. Монгол цэрэг ой мод багатай тал нутгаар болон өндөр уул, даваагаар зорчих болохоор эвдэрсэн төмөр тэрэгний дугуйг засч сэлбэхэд бэрхшээлтэй байлаа. Сүбээдэй угаасаа дархан хүний хүү болохоор Хятад болон Баруунд өргөн хэрэглэгдэж байсан төмөр тэрэгний модон дугуйг төмрөөр солих санааг авч хэрэгжүүлэх нь түүнд ойр ч байж болно. Төмөр тэрэгний модон дугуйг төмөр хэгээсээр солих нь бартаат замд илүү бат бэх болж чадсан юм. Монголын нууц товчоонд төмөр тэрэгний талаар хоёронтаадурдагдахдаа хоёуланд нь Сүбээдэйн нэртэй холбогдон гардаг.
Р.П.Листер Чингис хааны түүх бичлэгтээ Сүбээдэй болон төмөр тэрэгний талаар өөр тайлбар хийсэн байдаг. Тэрээр бичихдээ Сүбээдэй гайхалтай том биетэй, өндөр хүн байсан бөгөөд тал нутгийн ямар ч морь түүнийг удаан дааж явах болоцоогүй болохоор тэр дандаа төмөр тэрэг хөлөглөж явдаг байлаа[40] гэжээ. Xарамсалтай нь Листер Сүбээдэйн мах марианы талаар холбогдох он дарааллын сурвалжуудаас тодруулаагүй байгаа юм. Зураг 1.1 бол Сүбээдэйн хөрөг бөгөөд Хятадын Юань улсын судраас эх сурвалжтай бидний үе хүртэл хадгалагдаж үлдсэн, мэдэгдэж байгаа гол хөрөг юм. Архиран довтолж байгаа барын шинжийг агуулан зогсож байгаа нь тэрээр дайн тулаанд эрэлхэг догшин байсныг харуулах бөгөөд харин түүнийг хэт тарган хүн байсан гэж хэлэхээргүй байгаа юм.



Сүбээдэй болон төмөр тэрэгний талаар Монголын нууц товчоонд 1205 онд тэмдэглэгдсэн байдаг. Чингисийн дөрвөн ноход Найманы эсрэг байлдаанд монгол цэргийн мятаршгүй сүр жавхаагаа баатарлагаар харуулснаас жил хүрэхгүй хугацааны дараа 1221 онд Сүбээдэй, Зэв хоёр эх газраасаа хэдэн мянган бээрийн алсад Каспийн тэнгис руу гайхамшигт морин аялал хийсэн билээ. Тэгээд 1224 онд Чингис хаан Сүбээдэйг цэргийн хамт Төв ази руу илгээхэд, тэрээр хааны зарлигийг гүйцэлдүүлэхийн тулд мянга гаруй бээр газрыг мориор туулсан нь яалт ч үгүй үнэн.


Зураг 1.1. Сүбээдэйн хөрөг
(Хятад хувилбар)
 
 
Сүбээдэйн хийсэн морин аяллыг дурдаад байгаагийн учир бол Сүбээдэй хэт жинтэй байж, төмөр тэргэнд тухлан явахаар тийм хүн биш гэдгийг харуулах гэсэн хэрэг. Сүбээдэй цэргийн анхныхаа, бие даасан том нэгжийг захирах эрхтэй болохдоо 30 настай байсан юм. Хэдийгээр Сүбээдэй цөөнгүй дайн тулаанд оролцож явсан боловч Мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу, Гал, Чулуун тэргүүтнийг даран сөнөөх хүртлээ томоохон нэгжийг бие дааж захирч яваагүй билээ. Харин бусад жанжингуудын захирсан томоохон нэгжийн бүрэлдэхүүнд багтах жижиг салбар удирдан тулалдаж явсан юм. Мэргидийг сөнөөх тулаанд анх удаа томоохон нэгж захиран байршлаасаа хол дайтаж явсан юм. Монгол туульсийн зохиолуудад Тэмүүжингээс Сүбээдэйд өгсөн зарлигийг нэг бүрчлэн нарийвчлан өгүүлсэн нь тааралдана. Тэмүүжингийн Сүбээдэйд зарлиг болгосон үгийн эхний хэсэг нь Сүбээдэйг эрэлхэг зоригтой, харьшгүй хүчтэй байхыг магтан дуулсан байдаг. Тэрээр Сүбээдэйд
Хөөгдсөн Худу, Чулуун нар
Хөөрөх жигүүртэй болж
Хөх тэнгэрт нисвэл
Хүлэг баатар чи
Хөнөөх шонхор болж
Хөөж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хөвүүд
Мунхаг тарвага болж
Мухар нүхэнд шургавал
Төгс баатар Сүбээдэй
Төмөр царил болж
Төнхөж малтаж гүйцээрэй!
Өшөөт мэргидийн үрс
Өргөст загас болж
Өргөн далайд орвол
Өрлөг Сүбээдэй чи
Өөш гувчуур болж
Өлгөж гохдож бариарай[41]!
гэж хэлдэг.
Харин Чингисийн үгний хоёр дахь хэсэг монгол цэргийн урлагийн суурь баримтлалыг задлан ярьж тайлбарласан нь дайтах асар их туршлага, мэдлэгтэй, цэргийн өндөр зэрэглэмж бүхий Сүбээдэйд илүүц мэт ч санагдаж болохоор. Тэмүүжин Сүбээдэйд хандан:
Өрлөг баатар чамайг
Өндөр давааг давуулж
Өргөн мөрнийг гэтлүүлж
Өшөөт мэргидийг даруулахаар
Өдөр болзож илгээв.
Усны уртыг туулж
Газрын холд хүрэхдээ
Унах морьдоо гамнаж
Уулга хүнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хүнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтоно[42] гэж өгүүлрүүн.
Чингис яриандаа Сүбээдэй бол монгол тал нутагт төрж өсөөгүй, урианхайчууд бидэнтэй нийлэх хүртэл моринд төдийлэн гарамгай байгаагүй болохыг бас дурдсан байдаг. Чингисийн зөвлөгөө монгол талд өсөж бойжсон дунд зэрэглэлийн захирагчид ч төдийлэн ойлголмжтой биш байсан байж мэднэ. Монгол туульс бусад бүтээлийн нэгэн адил Чингисийн зөвлөгөөг нарийвчлан өгүүлэхдээ уншигчдыг гэгээрүүлэх, тэдний анхаарлыг татах зорилготой ч байсан байж мэднэ.
Тэмүүжингийн Сүбээдэйд хандаж хэлсэн үг цэргийн бусад удирдагч нарт хандаж шүлэглэн хэлсэн үгстэй ижил төстэй байгаа юм. Тэмүүжин монгол цэргийн урлагийн гол шинжийн талаар үргэлжлүүлэн зөвлөхдөө:
Аливаа хүнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гөрөөс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бүү март
Хүнсний нэмэр болгож
Хүрэлцэх хэмжээгээр авла[43] хэмээжүхэй.
Тэмүүжин Сүбээдэйд морь малаа хэр зөв арчлах талаар:
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэргийн морьдын
Эмээлийн хударгыг мулталж
Агтны хазаарыг амгайчилж
Аяар зөөлөн яв[44] гэж зөвлөсөн байдаг.
Чингисийн эл зөвлөгөөг эс дагаваас морь агт сульдаж, аяны зам, ан гөрөөний аяыг даахгүй болохыг цэрэг болгон мэдэж байдаг нь үнэн билээ. Цааш нь Тэмүүжин Сүбээдэйд алсад аялан явахад цэргийн дарга нар сахилга,дэг журмыг цаг тутам нарийн мөрдөж явахыг тодотгон:
Цээрлэх журмыг зөрчсөн
Цэргийн хүмүүсийг жанч
Таних хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар надад явуул
Танихгүй хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар мэдэж шийтэг[45]  хэмээжээ.
Эцэст нь Тэмүүжин цэргийн хүн зорилго, зорилтоо хамтаар шийдэж, хэлбэрэлтгүй даган сахиж:
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мөрөн голыг гэтлэвч
Мөн санаагаа нэгтгэж
Мөнх тэнгэрийн хүчинд
Мөрийн хүч нэмэгдэж явахыг[46] захижээ.
Тэмүүжингийн зөвлөгөө асар их үнэ цэнэтэй дуулдаж байгаа, яагаад тэр цэргийн нэрт жанжин,томоохон армийн удирдагч хүнд ийн нарийвчилсан зөвлөмж, даалгавар өгөх болсон нь таамаг хэвээр үлдэж байгаа юм. Монголын нууц товчоонд Чингис цэргүүддээ цэргийн арга, ажиллагааны талаар зөвлөж, даалгаж хэлж ярьсан олон тохиолдлыг харуулсан боловч Сүбээдэйд хэлсэн шиг тийм нэг бүрчилсэн арга ажиллагааны нарийн удирдамжийг бид мэдэхгүй юм. Магадгүй Сүбээдэй тал нутгийн монгол эр биш байсан бөгөөд монгол цэргийн томоохон хүчийг захиран алсад дайтаар одох гэж байгаа болохоор хэдийгээр тэр Сүбээдэйн цэргийн хэргийн мэдлэг, үнэ цэнийг нь мэдэж байсан боловч дахин сануулахад илүүдэхгүй гэж бодсон ч байж болно. Тийн аваас Сүбээдэйг мэргидтэй дайтуулахаар цэргийнхээ томоохон хүчийг захируулан бие даалгаж явуулсан нь түүний авьяас, чадварыг сорьсон их сорилго ч байсан байж мэднэ. Монгол туульс өгүүлэхдээ Сүбээдэй энэ сорилтыг амжилттай давж, Чингис хаан зарлиг болж, Сүбээдэйд төмөр тэрэг хийлгэж өгөөд, Тогтоагийн хөвүүн Худу, Гал, Чулуун нарыг нэхүүлэхэд тэднийг Чүй голд  бут цохин сөнөөж буцаж ирсэн[47] билээ. Сүбээдэй мэргидийг дайлж, Зэв Найманы сүүлчийн хүчийг мөхөөж ахуй цагт Жамухa олзлогдон ирж хөнөөгдсөн байлаа.
Эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад, Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг[48] өргөв. Монголын түүхийн эхний үе буюу 50 жилийн дотор монгол овог, аймгууд Чингис хааны  удирдлагад нэгдсэн юм. Чингис хаан үндэсний цэргийн зохион байгуулалт, удирдлагыг нэн даруй шинэчлэн бүтэцжүүлсэн байдаг. Нийт овгийн цэргүүд нэгдэж бүтэцжихдээ 85 мянганд хуваагдсан бөгөөд Чингис хаан мянганы ноёдыг нэг бүрчлэн сонгож, томилсон[49]. Мянганы ноёд дотор Сүбээдэй байсан юм. Чингис хаан Сүбээдэй нарын дөрвөн ноходдоо зориулан тусгайлан “Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн сайн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ[50]" гэв.
Цэргийг  бүтцийн хувьд нэгжид хувааж, шалгарсан хүнд өгөн захируулах нь монгол цэргийн уламжлалт ёс жаяг билээ. Магадгүй Чингис хаан шинэ, шинэ газар нутаг, үндэстэнг байлдан дагуулах төлөвлөгөөг тунгаан боловсруулахдаа монгол цэргийн цоо шинэ бүтэц түмэн гэх түмэн цэргээс бүрдсэн нэгжийг бодож олсон ч байж болно. Монгол цэргийн түмтийн зохион байгуулалт нь хятад, лалын  ертөнц болон Баруун зүгт удахгүй хийх аян дайны алдрыг дуурсгах гол ашиг хожоо байсан байж болно. Чингис хаан гурван түмэнг байгуулж, Боорчийг баруун гарын түмнийг захирах ноён, Мухулайг зүүн гарын түмнийг захирах ноён, Наяаг төвийн түмнийг захирах ноён болгохоор зарлиг болов. Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож захирагтун[51] гэв. Монголын нууц товчоонд өгүүлснээр Зэв, Сүбээдэй хоёр монгол цэргийн түүхнээ анхны өрлөг жанжин болсон байна. Өрлөг гэх үгийн утгыг хөөвөл шонхор гэсэн утга ялгарах бөгөөд харин цэргийн ухааны нэр томьёоны үүднээс харвал орчин цагийн ойлголтоор маршал юм. Энэ өдрөөс хойш Чингис хаан болон хожмоо түүний хүү Өгөдэй нар цэргийн ямар ч хэргийг Сүбээдэйн санал бодлыг сонсохгүйгээр  хэлэлцэж, шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулж байгаагүй юм. Чингис хаан Зэв, Сүбээдэй хоёрыг их цэргээ удирдуулахаар сонгож авсан явдлыг түүхчид Чингис хааны хүнийг таних, асуудлыг нягтлан тунгааж, зөв шийдвэр гаргаж, өндөр хэргэм, зэрэглэмжийн ажил хариуцуулж чаддагийн нотолгоо гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Зэв, Сүбээдэй хоёр тийм ч эсрэг тэсрэг хүмүүс байгаагүй юм. Зэв Чингистэй нийлэхээс өмнө  аливаа тулаанд  эрэлхэг, цэргийг залж удирдах туршлагатай манлайлагч байсан юм.
Чингисийн тайчуудтай хийсэн тулааны сүүлээр Сорхон-шар, Зэв хоёр хүрч ирэхэд, Чингис хаан "Хүйтэн гэдэг газар ... уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хүзүүг хэн шархтуулсан бэ?" гэхэд Зэв уулан дээрээс Чингисийг харваж морийг нь шархдуулснаа хүлээгээд, амийг нь аварвал харь дайсантай харайж очиж довтлон хаан чамд туслая гэж андгайлахад Чингис хаан өгүүлрүүн: Зэв чи дайсагнаж хорлосноо нуухгүй шударга хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хүзүүг зэвээр харвасан тул Зэв гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв" гэж зарлиг болов. Тэр цагаас хойш Зэв монгол цэргийн мохошгүй хүчит жанжин явсны түүхэн гавьяа Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлджээ.
Монгол туульсийн зохиол Сүбээдэйн эр зоригийг харуулсан өгүүлэмжийг  зэрэгцүүлэн, сөргүүлэн харуулсаар байдаг. Цаг тооны дээрх ойлгоос харахад Тэмүүжин Сүбээдэйг дайны халуун цэг дээр цэрэг удирдах чадварт эргэлзэж байсан үе байсныг нууцлаг ч гэсэн харуулж байгаа юм. Гэвч Тэмүүжин бол  хүмүүсийн талаар гярхай ажигч, зөв үнэлэх чадвартай хаан байсан бөгөөд Сүбээдэй ч хааны хаяаг манаж хар нүд хамхилгүй залуу цагаасаа өнөөгийн эрх мэдэл бүхий удирдагч болтлоо олон жил цэргийн зөвлөлийн хуралдайд оролцож, санал, мэтгэлцээн өрнүүлэн өөрийгөө харуулж чадсан юм гэж хятадын эх сурвалж өгүүлдэг. Тэмүүжин Сүбээдэйн цэргийн үйл ажиллагааны арга, зорилго, зорилтыг төлөвлөхөд илэрхийлж байгаа ур ухааны гайхамшгийг бишрэн хүндэтгэж, зөвшөөрдөг байлаа. Тэмүүжин хаан ширээнд суухын тулд хичнээн дайн тулаан, цэргийн үйл ажиллагаа зохион байгуулсан, тэр нь Сүбээдэйн оролцоотой байсан эсэх болон Сүбээдэйгээс хамаарч байсан эсэхийг мэдээж бид мэдэхгүй. Гэхдээ эдгээр үйл ажиллагаанд Сүбээдэйн нөлөө хүчтэй байсан байж таарна. Тэмүүжин Сүбээдэйн баг захирах чадварын талаар эргэлзэж байсан байж болох юм. Эр зориг, дайчин байдал талын дайчдын дунд ховор чанар биш байлаа. Чадварлаг дайчид олон ч хэдэн мянган бээрийн зайнаас багийг зохион байгуулах удирдах чадвартан ховор байсан юм. Тэмүүжин Сүбээдэйтэй өнгөрөөсөн он жилүүдийн турш, түүний төлөвлөх чадварыг харж эргэлзэх зүйлгүй болсон билээ. Тэрээр монгол үндэстний армийн эх суурийг тавьж, түүнийг гэгээн саруул ухаантай эрэлхэг жанжин Сүбээдэйгээр удирдуулахаар томилсон байлаа.
Чингисийн тухайн цагийн их байлдан дагуулалтын стратегийн гол, гол төлөвлөлтүүд Сүбээдэйн шууд удирдлагын дор хийгдэж байлаа. Эдгээрээс Чин улсын эсрэг хийсэн байлдаан (1211-1216), лалын ертөнцийн Хорезмын эзэнт гүрний эсрэг явуулсан их аян (1219-1224), Орос болон барууны орнуудыг байлдан дагуулсан их тулалдаан (1237-1242) зэргийг голлон нэрлэж болно. Бид дараагийн бүлгүүдэд дээрх болон бусад тулалдаанд Сүбээдэйн явуулсан цэргийн арга, тактик, удирдлагын онцлогийг тодорхой авч үзнэ. Эдгээр бүх тулалдаанд Сүбээдэй цэргийн гол, гол үйл ажиллагааг гардан зохион байгуулж, ялалт, давшилтад саадгүй хүргэж байсан боловч эцсийн шийдвэрийг Чингис хаан гаргадаг байлаа. Эхлээд Сүбээдэй болон түүний багийнхан дайны төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэх ажиллагааг боловсруулж, төгсгөл рүү нь хятад, лал, монгол шинжээчид оролцдог байжээ. Чингис хааныг нас барсны дараа Өгөдэй хаан Сүбээдэйг цэргийн хэргийн төлөвлөлт, зохион байгуулах ажлаас хөндийрүүлсэн мэт харагдаж байсан тал бий. Чингис хаан болон Өгөдэй нар өнгөн дээрээ цэргийн удирдлагыг хан хөвгүүдийн мэдэлд өгсөн ч гэсэн хэрэг дээрээ цэргийн байлдааны үйл ажиллагааг зохион байгуулах эрх мэдэл Сүбээдэйд хадгалагдсаар байсан юм. Орос, Барууны орнуудыг байлдан дагуулсан тулалдааны удирдагч нь Бат хан байсан боловч бүх тулалдааныг Сүбээдэй төлөвлөж удирдаж байлаа. Сүбээдэй, Бат хоёр санал зөрөлдсөн нэг тохиолдолд Сүбээдэй өөрийнхөөрөө шийдэж байжээ. Нэгэн удаа Батаас ирсэн тушаалыг залуу удирдагчаа эр зориг мохсон гэдэг шалтгаанаар биелүүлээгүй байна. Чингис хаан болон Өгөдэй Сүбээдэйн шижир оюун ухаан, буурь суурийг мэддэг болохоор залуу удирдагчийнхаа хувийн шийдвэрийг хэрэгсээгүй байна.
Талын монгол баатруудын дотор эр зориг, ур ухаанаараа эрс ялгарах эрс олон байсан боловч томоохон хэмжээний дэлгэмэл бүтэц бүхий байлдааны нүсэр үйл ажиллагааг хэдэн мянган бээрийн газарт удирдах цэргийн эрхтэн ховор байсан юм. Тэмүүжин Сүбээдэйн гойд, гүйлгээ ухаан, байлдааны бэлтгэл болон жинхэнэ тулалдааны үед хэрхэн хийгүй ажилладгийг олон жилийн туршид ажиглан харж, түүнд эргэлзэх нь бүрэн арилсан билээ.




[1]  Монголын нууц товчооны хоёр орчуулга байдаг. Монголын туульсийн энэ алдартай бүтээлийн нэлээд нарийвчилсан, судалгааны ажлын түвшинд хийгдсэн орчуулга бол Francis Woodman Cleaves гэдэг хүний орчуулж, 1982 онд Харвардын их сургуулиас эрхлэн хэвлүүлсэн бүтээл юм. Нөгөө нь бол Paul Kahn-ий орчуулж, Сан-Францескод хэвлүүлсэн нэлээд яруу найргийн хэллэгтэй орчуулга юм. Энэ хоёр орчуулгын хооронд төдийлэн ялгаа байхгүй бөгөөд зөвхөн илэрхийлж байгаа аргын л зөрөө бий. Бид энэ зохиолд Paul Kahn-ий орчуулгыг хэрэглэв.Paul Kahn, The Secret History of the Mongols,(San Francisco: Nortpoint Press,1984)
[2]  Зохиогч Монголын нууц товчооноос иш татахдаа англи хэл дээр байгаа Paul Kahn, The Secret History of the Mongols,(San Francisco: Nortpoint Press,1984) номыг голлон ашигласан гэж дээр хэлсэн. Бид ишлэлийг монгол хэл дээр буулгахдаа Улаанбаатар хотод 2000 онд хэвлэгдсэн Д.Цэрэнсодномын Монголын нууц товчоо, эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар (редактор, проф. Д.Төмөртогоо) бүтээлийг ашиглалаа. Цаашид Монголын нууц товчооноос авсан ишлэлийн ард энэ номын хуудсыг заагаад явна. Монголын нууц товчоо. х.53
[3]   Монголын нууц товчоо, х.53
[4]   Монголын нууц товчоо,x.53
[5]   Монголын нууц товчоо, x.68
[6]   Rene Grousset, The empire of the steppes (New Brunsswick, NJ: Rutgers University Press,1970),582
[7]   Мөн тэнд, х.579
[8]  Harold Lamb, The March of the Barbarians (New York: Literary Guild of America, 1940), 376. Энэ эх сурвалжийг ишлэхдээ хянуур хандах учиртай юм. Учир хэмээвээс энэ бүтээл түүхийн бодит үнэн гэхээс илүүтэй яруу найргийн хандлагатай. Хэдийгээр Лэмбийн хэл шинжлэл, түүхийн төгс чадварт итгэвч, түүхийн бусад эх сурвалжаар нягтлахад илүүдэхгүй.
[9]    Мөн тэнд
[10]  Friar Giovanni Di Plano Caprini, The Story of the Mongols Whom We Call Tartars [translated by Eric Hildinger] (Boston: Branden publishing Company,1960, 96
[11]  Jean Pierre Abel Remusat,Nouveax Melanges Asiatiques: Etudes Biographiques, vol.2 (Schubart et Heideloff,Paris, 1829),97
[12]  Монголын нууц товчооны талаар хоёр орчуулга байдаг талаар дээр өгүүлсэн билээ.
[13]   Монголын нууц товчоо, x.66
[14] Номын англи эх дээр Монголын нууц товчооноос ишлэхдээ гол санааг хүүрнэлийн хэлбэрээр авсныг монголоор буулгахдаа Нууц товчоонд байгаа хэлбэрийг хадгаллаа. (орч.)
[15]  Монголын нууц товчоо, x. 70
[16] Цэргийнтүүхнээ цэргийн удирдлагын зөвлөлийн анхны хуралдаан анх ЕгипидийнГуравдугаар Тутмосийн израйлийн Мегиддо хот руу дайрах төлөвлөгөө боловсруулахад хэрэглэгдсэн гэж баримтжиж үлдсэн байдаг.
[17]   Монголын нууц товчоо, x.69-70
[18]  Remusat,90
[19]   from "If" , by Rudyard Kipling.
[20] Цэргийн удирдан манлалахуйд оюун ухааны үүрэг хэрэгцээний талаар зохиогчийн дараах номноос дэлгэрүүлэн үзэж болно. Richard A.Gabriel, Great Capitans of Antiquity (Westport,CT:Greenwood Press, 2001Chapter 8 "On the origins of the Great Capitans"
[21] R.P.Lister Genghis Khan (New York: Dorset Press,1967), 137 Charlemagne,too,disposed of an excess of Sahons in the same manner
[22]  Rene Grousset,Conqueror of the World: The Life of Genghis Khan (New York:Orion Press,1966),135
[23]   Мөн тэнд,134;  Түүнчлэн Cleaves-ийг үзнэ үү, 39
[24] Мөн тэнд
[25] Монголын нууц товчоо, x. 115-116
[26] Монголын нууц товчоо, x. 116-117
[27]  Монголын нууц товчоо, x.116-117
[28]  Монголын нууц товчоо, x. 118
[29]  Наполеон ч гэсэн цэргүүддээ энэ нөхцөлд мөн л нягт, бат эгнээ чухал болохыг байнга зөвлөдөг байжээ.
[30]   Grousset, Conqueror of the World,152
[31] Монголын нууц товчоо, x.118
[32] Монголын нууц товчоо, x.119
[33]  Нэр томьёог Х.Шагдарын орчуулгаар авлаа.http://news.gogo.mn/news/print/56854 -д үзнэ үү. (орч.)
[34]  Монголын нууц товчоо, x. 122
[35]  Монголын нууц товчоо, x. 122
[36]  Монголын нууц товчоо, x. 126
[37]  Монголын нууц товчоо болон Grousset, Conqueror of the World,161
[38] Энд саналаа нэмэрлэхэд бидний иш татаж байгаа Д.Цэрэнсодном Монголын нууц товчоо, Эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар, редактор, проф. Д.Төмөртогоо, Улаанбаатар, 2000 бүтээлд тэмүр тэрэгэтү гэдгийг хятад хадмал орчуулгад  鐵車子有的 гэж орчуулжээ гээд одоогийн ойлголтоор ердийн хөсөгний тэргийг модон тэрэг, төмөр тэрэг  гэж хоёр зүйл хуваах бөгөөд төмөр тэрэг нь дугуйны мөөр модыг цагираг төмрөөр бэхэлснийг хэлнэ. XIII зууны үеийн аян дайнд  хэрэглэж байсан төмөр тэрэг ч мөн иймэрхүү маягийн тэрэг байсан бололтой (313) гэжээ. (орч.)
[39]  Richard A. Gabriel, The Great Armies of Antiquity (Westport,CT: Greenwood Press, 2002), 108, 118. Давидийн төмөр дугуйт тэрэгний талаар нарийвчлан сонирхвол зохиогчийн The Military History of anicient Israel (Westport,CT: Greenwood Press, 2003) номны хоёрдугаар бүлгийг уншаарай.
[40]   Lister,180
[41]  Монголын нууц товчоо, x. 126
[42] Монголын нууц товчоо, x.127
[43] Монголын нууц товчоо, x.126-127
[44] Монголын нууц товчоо, x.126-127
[45] Монголын нууц товчоо, x.126-127
[46] Монголын нууц товчоо, x.127
[47] Монголын нууц товчоо, x.127-128
[48]   Монголын нууц товчоо, x. 132
[49]   George Vernadsky, The Mongols and Russia (New haven: Yale University Press, 1953, 29
[50]   Grousset,conqueror of the World, 169
[51]   Монголын нууц товчоо, x.147

3 comments:

  1. Баярлалаа сайхан ном болсон байна авч уншинаа.

    ReplyDelete
  2. subeedeig mongol bish gesen chin ogt taalagdahgui bn tgeed ch bichseniig chin unshaad bhad nariin sudalgaan deer undesleegui harin gadnii tuuhchdiin bichsen unen hudal ni medegdehgui ymiig l orchulaad tawichihsan bololtoi neg ysondoo busdiin bichsen hudal zuilsiig zgeer l orchuulaad emhelchihej uuriin chin hiisen zuil gewel orchuulga l ym shig bn urianhai gedeg bol mongol aimag subeedei janjin bol mongoliin tuuhend garsan janjdiin dotroos gagts chingis haanii daraa l oroh gaihamshigtai baatar janjin jinhene mongol hun gj bodoj bn

    ReplyDelete
  3. Эхлээд Сүбээдэй болон түүний багийнхан дайны төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэх ажиллагааг боловсруулж, төгсгөл рүү нь хятад, лал, монгол шинжээчид оролцдог байжээ.
    ......................................................
    Алдаатай орчуулсан байна шүү.

    ReplyDelete