Thursday, February 27, 2014

Б.Явуухулангийн “Шүлэг минь- хүлэг минь” шүлгийн англи орчуулга

Монголчуудын дунд Хар Дорж хэмээн алдаршсан профессор Кара Gyorgy өнөө Америкийн Индианагийн их сургуулийн Төв, евроази судлалын тэнхимд ажиллаж, монгол хэл, соёыг хөгжүүлэх, монгол судлаачдын хойч үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж яваа буянтай буурал юм. Дорж багштай сүүлийн арваад жилд алдаг оног уулзаж ярилцан, зарим сэдвээр санал бодлоо хуваалцаж, энэ суут эрдэмтний амнаас  сургаал, билгийн үг сонсож яваадаа баярлаж явдаг юм. Дорж багш  монгол судлалын салбар бүрээр төгс мэдлэгтэй, аливаа ойлголт, ухагдахууныг  гарал үүсэл, хэрэглээ талаас тодорхой тайлбарлана. Дорж багш Мажар, Монгол, Төвд, Хятад, Эртний Уйгур,Манж, Эвэнк,Орос, Герман, Франц, Якут,Чуваш хэлээр чөлөөтэй ярьж бичнэ.Монголоор ярихдаа нэг ч гадаад үг оруулахгүй .Бяцхан ёж үг хааяа хэрэглэнэ. Судалгааныхаа ажлын чиглэлээр 20 гаруй ном, 160 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн гэж нэгэн ярилцлагадаа дурьдсан нь бий. Тэдгээрээс  алдартай бүтээл Books of the Mongolian Nomads  (оросоор Книга монгольских кочевников) юм. Дорж багш Индианагийн их сургуульд Сонгодог монгол хэл (Classical Mongol),Монгол хэл аялгуунууд (Mongol Languages and Dialects), Монголын  уран зохиол болон аман зохиол (Mongol Literature and Folklore), Монголын соёл иргэншил ба уламжлалт соёл (Mongolian Civilization and Folk Culture), Монголын бөөгийн шашин ба уламжлалт шашин (Mongol Shamanism and Folk Religion)   Монгол бичиг үсгийн соёлын түүх (History of Mongol Writing Systems), Алтай хэл шинжлэл (Altaic Linguistics) , эртний түрэг хэл (Old Turkic), Манж хэл (Manchu Structure), Эвэнк хэл (Evenki Structure) зэрэг хичээл зааж, дэлхийн өнцөг булан бүрээс ирэх  монгол судлалын олон бүтээлүүдийг хянах, санал өгөхөөс гадна өөрөө бичиж туурвих ажлаа тасралтгүй хийнэ. Цагаа хэрхэн зохицуулж, амжиж бүтээж туурвиж яваа нь нэн сонирхолтой.  Энэ хичээлийн жилд  “Орчин цагийн монголын уран зохиол”, “Бичиг үсэг, билэгдэл” гэх хоёр хичээлийг наян настай буурал эрдэмтэн маань түүртэхгүй шинээр бэлтгэн зааж  байгааг харахад бахархалтай санагддаг. Манай монголын мэргэжлийн судлаач, эрдэмтэдээ жарын босго алхав уу, үгүй юу гавьяаны гэх амралтанд илгээж, гол ажлаас нь хөндийрүүлдэгээс энд байдал арай өөр ажээ. 

Дорж багш Б. Явуухулангийн ”Шүлэг минь- хүлэг минь” шүлгийн англи  орчуулгыг  Индианагийн их сургууль, Монгол нийгэмлэг, монголчуудын холбооноос 2014 оны 1 сарын 31-нд тэмдэглэсэн  Блүүмингтоны монголчуудын цагаан сарын баяр дээр анх удаа уншсан юм.
Та бүхэнд энэ орчуулгыг багшийн зөвшөөрснөөр толилуулж байна.
Профессор Пүрэвийн Увш (Индиана, Блүүмингтон) 

Шүлэг минь-хүлэг минь...

 

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!


Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад
Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй
Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад
Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй

 

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт
Хүн ард минь захисан үггүй нэгэн захиас бий!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт
Хүрэн зүрхэнд нууцалсан холын нэгэн бодол бий!


Унтаагүй нойр, уйдаагүй алжаал шүлэг минь,
Ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг минь
Молор эрдэнийн гуурсаа чи бид хоёрт харамлаагүй
Монгол түмнийхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй!

 

Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!
Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй
Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,
Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!


Зуун хүлгийн түрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд
Зуузай холбож гэмээ нь ард түмэн минь гомдохгүй
Зуур замын уртад ухаан, шандас сульдаад
Зулайдаа тоос хүргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй!


Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!


1977 он


 ‘My Verse, My Horse’
My verse, my horse, the two of us
Should sing until dew shines and flowers weep
My verse, my horse, the two of us
Should sing until the moon shines and slumbers on the prairie

When singing until the golden sun rises on the palm of my hand
I the poet I must have a divine voice
When galloping until my singing song spreads over this vibrant world
You my horse you must have a healthy sinew

My horse, my verse, the two of us
Carry an untold message from my people
My horse, my verse, the two of us
Bear a far-flung thought that hides in the chestnut heart

My verse of sleepless nights and tireless fatigue
Is my horse: a mind-born being with an upright throat
We should never forget the merit of Mongol people
Who did not begrudge this crystal throat from us

My horse, my verse, run faster and faster!
Long range is needed to show the horse’s sinew
Keeping in mind the message of our people
You my horse and I should reach the world arena

At the head of hundred steeds on the field of world poetry
If we’ll finish neck and neck with others,
Our people won’t complain
We may not let the mind and sinew weaken on the long run
You and I, we may not let our heads get stained with dirty dust

My verse, my horse, the two of us
Should sing until dew shines and flowers weep
My verse, my horse, the two of us
Should sing until the moon shines and slumbers on the prairie

2014

No comments:

Post a Comment