Tuesday, March 11, 2014

Индианагийн их сургуулийн монгол судлалын хөгжлийн бас нэгэн илрэл

Энэ оны 3 сарын 8-нд Индианагийн их сургуулийн Төв, Евро-Ази судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний 21 дүгээр бага хурал болж өнгөрлөө.
Уг бага хуралд монгол судлалтай холбоотой хоёр салбар хуралдаан боллоо.
“Орчин цагийн Монголын дурсгал, өв, соёл” (Memory and Heritage in Modern Mongolia ) сэдэвт хуралдаанд Индианагийн их сургуулийн магистрийн оюутан Kenneth Linden “ БНМАУ-ын 1929-1960 оны нэгдэлжих хөдөлгөөний дурсамж, төлөөлөл”
(Representations and Memory of the Collectivization in People's Republic of Mongolia), Висконсоны их сургуулийн докторын оюутан Kip Hutchins “Улс төр эдийн засгийн өөрчлөлтийн үеүдийн монгол хөгжмийн урлаг” (The Shifting Role and Practice of Music in Mongolia in Response to Transitional Political and Economic Forces"), Индианагийн их сургуулийн докторын оюутан Teresa Nikols ”Монголын өв, соёлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултанд хариулж, санал солилцлоо.


“Монголын түүхийн газар зүй” (Geography in Mongolian History) сэдэвт хоёрдугаар хуралдаанд Индианагийн их сургуулийн магистрын оюутан Joseph Cleveland "Социалист Монголын (1924-1990) газрын зургийг бүтээсэн нь: газрын зургууд ба тэдгээрийн өөрчлөлт" (Constructing the Geo-Body: Maps and Property in Socialist Mongolia (1924-1990), Индианагийн их сургуулийн докторын оюутан Hosung Shim "Монголын эзэнт гүрний үед улс хоорондын соёлын харилцаанд монголчууд чухал үүрэг гүйцэтгэж байсныг нотлох баримт бол газарзүйн бичлэгт гарсан зүг чигийн гажуу ойлголт"(Transmission and Misconception: A Crooked Sense of Direction in Geographical Writings as an Evidence of the Mongols' Agency In Cultural Exchange during the Mongol Empire ), Индианагийн их сургуулийн докторын оюутан Sam Bass "1762-1765 онд Зүүн гарын улсад нүүсэн цахар монголчуудын тоо, зам, зорилго" (The Numbers, Routes and Purposes of the Chakhar deployments to Züngharia, 1762-1765") зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Дараагийн өдөр монгол судлалын хуралдаанд оролцсон болон монгол хэл судалж байгаа оюутнууд ярианы цагаар дахин цугларч, монгол судлалын сэдвээр чөлөөт яриа өрнүүллээ.
Энэ бага хурал оюутан судлаачдын бүтээлээ нийтээр хэлэлцүүлэх, бусад судлаачдын санал, зөвлөмжийг сонсох, тусгах, судалгааны ажлаа чамбайруулахад ихээхэн ач холбогдолтой болсныг оролцогчид тэмдэглэж байлаа.
Хуралд байлцсан профессор Пүрэвийн Увш

No comments:

Post a Comment