Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл Индианагийн их сургуульд ажил хэргийн айлчлал хийж, Индианагийн их сургуулийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэнхмийн эрхлэгчидтэй уулзаж, энэ сургуулийн уламжлал, туршлага, материаллаг бааз дээр суурилсан монгол судлалыг цаашид хөгжүүлэх талаар санал солилцож, зарим ажил,үйл ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, арга хэлбэрийн талаар урьдчилан тохиролцсон байна.
Мөн элчин сайд Блүүмингтон хотод ажиллаж, амьдарч байгаа монголчууд, Индианагийн их сургуулийн монгол судлаачидтай уулзан ярилцаж, “Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжил: өнгөрсөн ба одоо” сэдвээр лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан юм.
Элчин сайдыг буцахынх нь өмнө уулзаж, цөөн асуултанд хариулт авснаа толилуулж байна.
Асуулт:Өнөөдөр таныг монгол судлаачид, монгол оюутнуудтай уулзаж байхад нэг судлаач Монгол- Америкийн харилцааны тэргүүлэх чиглэлийн талаар асууж байсан. Эндээс яриагаа эхлэх үү?
Хариулт: Монгол-Америкийн хоорондын харилцаа бол монгол төрийн гадаад бодлогод нэн чухал үүрэгтэй, ач холбогдолтой харилцаа. Энэ харилцааны тэргүүлэх чиглэл худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого байна гэж элчин сайдын хувьд хэлэх байна. Ийм харилцааг хөгжүүлэх улс төрийн таатай орчин бүрэлдсэн. Энэ тэргүүлэх чиглэлийг түлхүү хөгжүүлснээр америкийн талаас хөрөнгө оруулалтыг илүүтэй авах ёстой. Бидний хоорондын харилцааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноор манай бусад салбарын, тухайлбал батлан хамгаалах, боловсрол, соёлын зэрэг чиглэлээр хөгжиж байгаа харилцааны ач холбогдлыг өчүүхэн ч бууруулахгуй байна.
Асуулт: Монголын төрөөс гадаадад ажиллаж, амьдарч яваа монгол иргэдтэйгээ харилцах бодлогын цөм нь юу бол?
Хариулт: Энэ засгийн газар төрийнхөө гадаад бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлохдоо гадаадад байгаа монгол иргэдэд анхаарах, тэдэнтэй хамтарч ажиллах бодлогыг оруулж өгсөн. Олон жил манай гадаад бодлогын үндсэн чиглэл бол гадаад эдийн засгийн харилцаа гэж тооцогдож ирсэн. Харин өнөөдөр манай гадаад бодлогод эсрэгээрээ гадаад байгаа 140 мянга орчим иргэдээ анхаарах, тэдэнтэй ажиллах, монголын уламжлалт хэл, соёл, боловсролыг дараа үед нь эзэмшүүлэх, гадаадад боловсрол олсон монголчуудыг эх оронд нь эргүүлэн ажиллуулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн. Энэ бол том зорилт. Эхнээсээ хэрэгжээд явж байна.Товчоор хэлбэл бид гадаад бодлогодоо эдийн засгийн бодлогын өмнө хүнийхээ асуудлыг тавьж байгаа юм. Энэ бол цоо шинэ бодлого. Монголын бүх элчин сайдын яамд энэ чиглэлээр ажиллаж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл байна. Ялангуяа эх нутагтаа ирж байгаа иргэдээ дэмжиж, материаллаг туслалцаа үзүүлэх боломж хомс байдаг.
Асуулт: Манай иргэд эх орондоо ажиллаж амьдрахаар очоод бидний нэрлэдгээр соёлын балмагдалд ороод , халшрах, эргээд гадаадад байсан үеэ санагалзан, гадагшаа тэмүүлэх явдал элбэг байдгийг би судлаачийн хувьд мэдэж, бичиж байсан. Энэ талаар таны бодол?
Хариулт: Би сонсож байсан. Бас миний танилууд ч үр хүүхэд, найз нөхдөө дасч чадахгүй, буцах бодол тээж яваа талаар ярьж байсан. Энэ бодитой зүйл. Нэг л зүйлыыг хэлье. Тэр бэрхшээгээд байгаа хүн бол монгол хүн, энд (Америкад) төрсөн байлаа ч монгол цустай монгол хүн. Эх орондоо ирээд нүүр тулж буй бэрхшээл бол түр зуурынх, түүнийг даван туулах ёстой.
Асуулт: Та өнөөдөр Индианагийн их сургуульд ажил хэргийн олон уулзалт, яриа, хэлцэл хийлээ. Энэ бүхний эцэст та ямар ажил амжуулав?
Хариулт: Монгол хэл соёлын хичээл зааж, монгол судлалаар судалгаа хийж байгаа сургалт, боловсролын байгууллага Европ, Англи, Америк зэрэг олон орнуудад байна. Энэ бүхнээс Индианагийн их сургууль бол 1961 оноос хойш монгол хэл, соёл, монгол судлалаар иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа цорын ганц сургууль.Энэ сургууль бакалавр, магистр, докторын зэрэг бүх шатны сургалт явуулж, монгол судлалын дорвитой судалгаанууд хийж байна. Ингэхлээр монгол судлалын талаар хамтарч ажиллах хамгийн өргөн боломжтой газар бол энэ их сургууль.Үүнийг бид ашиглах учиртай. Энд ирээд, хүмүүстэй уулзаж, ярилцаж байхад бид энэ харилцааг хэсэг орхигдуулсан юм болов уу гэх сэтгэгдэл төрлөө. Би өнөөдөр Индианагийн их сургуулийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэнхим, нэгжийн эрхлэгчид, багш, оюутнуудтай уулзаж ярилцлаа. Судлаачидтай ч санал солилцлоо. Бид энэ сургуультай оюутан, багш, судлаач солилцох, хамтарч эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвих, хэвлүүлэх бүх ажлыг хийх ёстой. Энэ ажил түр орхигдсон байна. Монголын засаг төрөөс энэ талаар онцгой анхаарч байгаа, Монгол судлалын санг бий болгож, хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж өгсөн.Тэгэхлээр монгол судлалын гадаад дахь төвийг хаана байршуулах вэ гэхээр гарцаагүй Индианагийн их сургууль болж байна. Уулзалтын үеэр Индианагийн их сургуулийн Ерөнхийлөгч Michael A. McRobbie-г Монголд айлчлахыг урьсан. Урилгыг баяртайгаар хүлээж авсан. Энэ зун айлчлах боломжтойгоо ч хэлсэн. Бид Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагуудтай ярилцаж, урилгыг нь авч өгнө. Айлчлалыг үр дүнтэй болгохын тулд манай талаас Индианагийн их сургуультай хамтран хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх сургалт, судалгааны ажлыг эрх зүйн үндэстэй болгох хэрэгтэй. Олон жилийн өмнө байгуулсан протокол, санамж бичгүүд хуучирсан байна. Эрхзүйн баталгаа, хангамж бүхий шинэ бичиг баримт батламжлах, хэрэгжүүлэх үндсийг бид бий болгоно. Элчин сайдын яам энд онцгой анхаарна.
Асуулт: Америкад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хандаж ямар захиас, зөвлөмж хэлмээр байна?
Хариулт: Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа монголын олон иргэд өрнөдийн орнуудад гарчээ. Америкт гарсан хүмүүсийн тоог 25-30 мянга гэж үзэж байгаа юм. Энэ статистик үзүүлэлт Казахстан, Солонгосын дараа орж байна. Америкт олон гэр бүл амьдарч, олон хүүхэд суралцаж, их дээд сургууль төгсч байна. Энэ бүх хүмүүс бол монголын нэн чухал чадавх юм. Энд суралцаж, олсон эрдэм боловсролоо Монголдоо очиж ашиглаж, хэрэглэж, хэрэгжүүлээч гэж хүсмээрбайна. Монголд та нарын сурч, мэдсэнийг ашиглах ажлын байр их байна. Манайд уул уурхай, дэд бүтцийн том, том төслүүд хэрэгжиж байна. Бидэнд ажиллах хүчин үнэхээр хэрэгтэй байна. Монголчууд Америкт ирж эхэлснээс хойш хориод жил өнгөрч байна. Тэр үед гарсан хүүхэд одоо сургуулиа төгсөж байгаа, хэдийгээр энд төрж, өссөн ч гэсэн монголд очиж ажиллаач, тохиолдох түр зуурын бэрхшээлээс бүү халширч, халгаачээ гэж захья. Эх нутагтаа очих хэрэгтэй, тэнд ажиллах хэрэгтэй, олсон мэдлэгээ турших өргөн талбар байна.Түүнийг ашиглах, өөрийгөө сорих хэрэгтэй. Улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээ зориулаачээ гэж уриалах байна. Аав, ээж нарт ч гэсэн айж, шантралгүй хүүхдүүдээ явуулаач, тэнд нь ажиллуулаач гэж хүсч байна. Энэ бүхэн та нарын улс эх орондоо оруулж байгаа бодитой хувь нэмэр шүү.
Ярилцсан профессор Пүрэвийн Увш
No comments:
Post a Comment