Friday, October 17, 2014

Б.Энхбайгаль: Залуус авлигагүй засаг хүсч байна
2014 оны 8 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэснийн хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Энхбайгальтай ярилцлаа.
-“Улс төрд шинэ манлайлагч” төслийн тухай та ямар бодолтой байна вэ?
-Улс төр гэдэг хөрөнгө мөнгөтэй, олонд танил болсон хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн анхаарлын төвд байх асуудал юм. Нэгэнт л Монгол Улс “Хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” гэж Үндсэн хуулиараа тунхагласан бол үүнд хувь нэмрээ оруулах иргэний эрхийг хорьж болохгүй. Аль ч улс оронд залуучууд гэдэг бол нийгмийн хамгийн идэвхитэй, бүтээлч хэсэг байдаг. Үзэл бодлоо илэрхийлж эх орноо хөгжүүлэхийн төлөө ухаанаа уралдуулахыг дэмжих нь түмэн зөв.
Энэ төслийг хэрэгжүүлсэнээр залуучуудыг улс төрд шууд татан оролцуулна гэж ойлгож болохгүй байх. Бичих гэж оролдож байгаа хүн тэр сэдвээрээ уншиж, эргэцүүлнэ, ойлгох гэж оролдоно, эрэл хайгуул хийнэ. Тэгж байж өөрийн гэсэн үзэл бодолтой, идэвхитэй иргэн болж төлөвшинө. Ер нь л залуу үе маань өөрийн гэсэн итгэл үнэмшил, эх орноо гэх сэтгэл, улс төрийн тодорхой үзэл бодолтой байж л улс орны ирээдүй баталгаажина шүү дээ.
Улс төр гэдгийг бохир тоглоом гэдгээр биш, “ур ухаан, сэтгэл зүтгэл мэдлэг шаардсан, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ачаа үүрэх хариуцлага” гэж ойлгодог залуу үеийг бэлдэх нь чухал байна. Энэ төслийн зорилго ч үүнд чиглэж байгаа байх.
-Танай байгууллагын судалгаагаар залуучуудын улс төрд хандах хандлага ямар байна вэ?
-Залуучууд юугаар хамгийн их бахархаж байгаагаас л эхлэе дээ. Энэ бол Үндэсний хөгжлийн хүрээлээнгийн 2013 оны судалгаа юм. “Таны үр хүүхэд юугаар хамгийн их бахархах ёстой гэж та бодож байна вэ?” гэж асуухад
30.1 хувь нь эрх чөлөөтэй, тусгаар тогтносон  Монгол Улсын иргэн 22.3 хувь нь эрдэм боловсролтой амьдрах чадвартай Монгол хүн
18.2 хувь нь аугуу уламжлалт түүхтэй бичиг соёлтой Монгол хүн
18.1 хувь нь газар нутаг, байгалийн баялагтай, эрүүл Монгол хүнээр бахархана гэж хариулсан байна.
26-30 насныхан уламжлалт түүх бичиг соёлоороо илүү бахархаж энэ үзүүлэлтэд илүү саналаа өгсөн байна. Манай залуучууд эрх чөлөө, тусгаар тогтнолоороо хамгийн их бахархаж байна.
Дөчөөс доош насныхан Монгол Улс ойрын ирээдүйд авилгал, хээл хахуулийг багасгах шүүх засаглалыг шинэчилж шудрага ёсыг тогтооход хамгийн их анхаарч ажиллах ёстой гэж үзжээ.
Ялангуяа 18-25 насныхны дунд улс төрийн намыг ажил албан тушаалд очих, нэр дэвших боломж гэж үзэж байгаа хэсэг бий. Улс төрийн тухай бид залуучуудад ямар ойлголт өгч байгаагаа цаашид бодох л хэрэгтэй.
Тэгэхдээ 54 хувь нь намын гишүүнчлэл, нам бүлгээр талцахыг буруу гэж үзэж байна. Энэ бол бас л зөв хандлагын илэрхийлэл.
Залуучууд бусдын гарыг харж суухгүй, ажиллах, хийж бүтээх нь зөв гэж үзэж байна. Тэд бодлогоо хэрэгжүүлж чаддаг, авилгал хээл хахуульгүй, намаар талцдаггүй төр засагтай байхыг хүсч байна.
Дөчөөс доош насныхан сонгуульд санал өгөхдөө мөрийн хөтөлбөрийн хэрэгжих боломж, нэр дэвшигчийн туршлага, нэр цэвэр авилгалаас ангид байдлыг чухалчилжээ. Энэ хүмүүс намын харьяалалд бараг ач холбогдол өгөхгүй байна. Тэгэхээр залуучуудын маань сонголт бидний бодож төсөөлдгөөс хавьгүй илүү бодитой байж бас болох юм шүү.
-Дэлхий нийтийн чиг хандлага, манай улсын сорилт бэрхшээлд залуучууд хэр бэлэн байна вэ?
-Хамгийн хурдтайгаар сэтгэлгээ нь өөрчлөгдөж хөгжиж байгаа нийгмийн нэг бол Монголюм. Манай залуучууд мэдээ, мэдээллийг сайн авч чаддаг, аливаад бэрхшээдэггүй. Мэдээжээр мэдлэг чадвар, туршлага дутах, гэнэдэх тохиолдол бишгүй л гарна. Хамгийн гол нь зөв чиглүүлж, дэмжих хэрэгтэй.
Ярих нэг хэрэг, хийх бас нэг хэрэг. Ажилд нухлагдаж, бусдын үгийг сонсож байж л хүн төлөвшдөг. Залуучуудад бодитой мэдээлэл, зөвөлгөө, практик туршлага хэрэгтэй.
-Залуучууд улс төрдхэн нэгнийн цүнхийг барьж, аль нэг намаар тамгалуулж гарч ирдэг. Үүнээс өөрөөр өөрийгөө таниулж улс төрд гарч ирэх боломж байна уу?
-“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. “Биеэ засах”-ын тулд эрдэм номд шамдаж, чинад оргилд нь хүрээд, бодол санаандаа бат итгэлттэй болох, өөрөөр хэлбэл зөв бурууг ялгах хэрэгтэй болдог. Ингэж өөрийн гэсэн ёс зүй, амьдралыг үзэх үзэл, итгэл үнэмшилтэй болж байж сэтгэл түвширдэг гэдэг. Үүний дараа л өөрийн биеийг заслаа гэж үздэг.
Өөрийн гэсэн үзэл бодолгүй албан тушаал хөөсөн хүмүүс л хэн нэгний цүнхийг барьж гүйдэг байх. Өөрийгөө боловсруулсан, итгэл үнэмшил, ёс зүй, үзэл бодолтой хүнд бол тэгэх шаардлага байхгүй. Ийм залуучуудад улс төрийн орон зай нээлттэй байгаа гэж хардаг.
-Зарим тохиолдолд өөрийгөө илэрхийлээд гарч ирсэн залуусыг амбийцтай гэж нэр хоч өгдөг. Гэтэл нийт хүн амын 42 хувь нь 18-аас 40, 66,8 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Энэ тохиолдолд залуус дуу хоолойгоо илэрхийлэх гэж дуугарах нь зүй ёсны хэрэг байдаг...?
-Модун шаньюй 25 настайдаа Хүннүгийн 24 аймгийг нэгтгэж, Хүннү хүчирхэгжих эхлэлийг тавьсан. Чингис хаан 27 настайдаа “Хамаг Монголын Хан”-д өргөмжлөгдсөн, Чингисийн есөн өрлөг ч гэсэн залуучууд л байсан шүү дээ. Мандухай хатан 19 настайгаасаа төр барьсан. Үзэл бодлоо илэрхийлэх, ажил хөдөлмөр эрхлэхэд нас гол биш, тэр хүний юу бүтээж хийж чадах вэ гэдэг л чухал. Үнэхээр чадаж байгаа бол хийг л дээ.
-Ахмад үе шинэ үеийг хүлээж авахдаа тийм ч таатай ханддаггүй. Улс төрд ч, нийгэмд ч тодорхой үечлэл байдаг байх. Жишээ нь ерэн онд хэсэг залуус гарч ирсэн...?
-Ажил амьдралд нухлагдаж, хашир суусан ахмад үе хойч үеэсээ илүү ихийг хүлээдэг. Тийм болохоор заримдаа голсон нүдээр харах нь зөв байх. Залуучуудын хийж бүтээх зориг хүсэл, ахмад үеийн туршлагыг хослуулж байж л үр дүнд хүрнэ. Тэгэхдээ хийж бүтээж байгаа хүмүүсийг аль болох дэмжих нь л зөв. Эхлээд шууд төгс хийнэ гэж байхгүй. Эхэндээ жаахан гологдож байгаад яваандаа сайжирна. Харин сайжрах боломжийг өгөх нь зөв.
Жишээлэхэд троллейбус үйлдвэрлэсэн компанийг ажлыг нь зогсоож хаах биш, харин үйлдвэрлэлээ чанартай болгоход нь тусалж дэмжих нь зөв байсан. “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг үг байдаг даа. Ийм байдлаар хандаад байвал бид хэзээ ч машины сайн үйлдвэртэй болохгүй.
Цаг үе маань шинээр гарч ирэх залуу үеэс илүү их мэргэшсэн, боловсролтой байхыг шаардаж байна. Одоо бол шууд ажиллаад үр дүнд хүрэх, ажлаа яаж хийхээ мэддэг хүмүүс хэрэгтэй. Ерээд оны залуучуудаас үүгээрээ л ялгарах байх.
-Улс төрд шинэ манлайлагч төслөөс та ямар үр дүн хүлээж байна вэ?
-Залуучуудын анхаарлыг улс орны ирээдүй, хөгжил, тулгамдсан асуудлууд руу хандуулж чадсан ажил болоосой гэж хүсч байна. Зөв ч бай, буруу ч бай, энэ асуудлыг ярьж хэлэлцдэг, залуу хүн бүр дор бүрдээ тунгааж боддог байвал зөв хандлага, ойлголт бий болно. Улс төр гэдгийг бохир явуулга, хуйвалдаан, авилгалч бус жинхэнэ утгаар нь ойлгоход түлхэц болох байх. Бидэнд явцуу хүрээнд ажиллаж амьдрах биш, эх орныхоо ирээдүйд санаа зовдог, бодож эргэцүүлдэг, асуудлаа өргөн хүрээтэйгээр харж чаддаг, ийм л залуу үе хэрэгтэй байна.
-Баярлалаа.
Г.ЭНХ

No comments:

Post a Comment