Thursday, March 19, 2015
Индианагийн их сургуулийн Төв, Евро-Aзи судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хорин хоёрдугаар бага хурал
Индианагийн их сургуулийн Төв, Евроази судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хорин хоёрдугаар бага хурал Блүүмингтон хотноо болж өнгөрлөө. Хурал “Олон улсын харилцаа ба харьцуулсан улс төр судлал”, “Төв Евро-Азийн археологийн судалгаа”, “Дундад зууны Монголын иргэний байгуулал”, “Харьцуулсан угсаатны зүй”, “Монголын Эзэнт гүрний үеийн эх бичгийн судалгаа”, “Буриадын улс төр, түүх, үндэсний ухамсар” “Өнөөгийн Монгол орны үндэсний ухамсрыг(Identity) бий болгох нь” зэрэг 15 салбар хуралдаанд судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Эдгээр салбар хуралдааны наймд нь монгол судлалын зангилаа асуудлаар судлаачид илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултанд хариулав.
Тухайлбал монгол судлалын профессор Кристофер Этвүүд (Christopher Atwood) "Рашид ад-Динийн эх бичмэлүүд дэх гэр бүлүүд: Японы судалгааны тойм болон монгол, хятад нэрэн дэх баримтууд", Индианагийн их сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхмийн докторант Сэм Бас (Sam Bass) "Монголын эзэнт гүрэн дэх боолчлол", Канадын Британы Колумбын их сургуулийн докторант Жаргалсайханы Мэндээ "Монгол улс Өвөр Азийн шинэ тогтолцоонд: Евро-Азийн огтолцол уу, Хятадын хойд талын үргэлжлэл үү?", Индианагийн их сургуулийн Улс төр судлалын тэнхмийн докторант Брандон Милэйт (Brandon Miliate) "Жижиг улсын гадаад бодлогыг дахин шинжих нь: Mонголын загвар", Мадисон дахь Висконсины их сургуулийн докторант Кип Хатчин (Kip Hutchins) "Хуурийн хос чавхдас Улаанбаатар орчмын бухимдал ба эв нэгдлийг тэнцвэржүүлж байгаа нь", доктор Тереса Николс (Teresa Nichols) "Монголын нутгийн уугуул иргэд", Индианагийн их сургуулийн магистрант Кристофер Балширов (Christopher Balsirow) "Монголын эзэнт гүрний үеийн худ ургийн холбоо", Индианагийн их сургуулийн зочин судлаач Цолмон (Chao Lumeng) "Монголчуудын хагарал болон Өвөр Монголын Ардын Хувьсгалт намын байгуулсан өнөөгийн Өвөр Монгол", Хятадын Бээжингийн их сургуулийн судлаач Luo Wei " Мин гүрний нийгэмд монгол загварын хувцасны үзүүлсэн нөлөө", Индианагийн их сургуулийн магистрант Жосеф Кливлэнд (Joseph Cleveland) "Цэвээн Жамсранав угсаатны зүйч болох нь", Чикаго дахь Иллинойгийн их сургуулийн докторант Чулуунбаатарын Солонго "Англи хэлийг хоёрдагч хэл болгон суралцагчдын хэл, соёлын, танин мэдэхүйн онцлог", Индианагийн их сургуулийн докторант Кеннет Линден (Kenneth Linden) " Зөвлөлт Буриадын автономит улсын хамтралжуулалт", Индианагийн их сургуулийн докторант Лиланд Рожерс (Leland Rogers) "Архангай аймгийн Батцэнгэл суман дахь Хүннүгийн дээдсийн шарилаас олдсон эртний ДНК -г судлах нь" зэрэг илтгэлүүд монгол судлалын түүхийн болон өнөөгийн олон асуудлыг хөндсөн, оролцогчдын анхаарлыг татсан, сонирхолтой илтгэлүүд байлаа. Нийт илтгэлийн хураангуй хэвлэгдсэн бөгөөд энд бид сонирхуулах үүднээс гурван судлаачийн илтгэлийн товчийг танилцуулж байна.
Профессор Этвүүд илтгэлдээ Монголын Эзэнт гүрний түүхийн судлалын чухал асуудлуудын нэг бол Рашид ал-Диний “Судрын чуулган”-ы хувилбарууд, эдгээр сурвалжууд дах монгол нэрс, тэдгээрийн хувилбаруудыг тайлж унших явдал юм. Одоогийн байдлаар Европ-Америкийн судалгаанд энэ ажил зохион байгуулалт муутай, Рашид ад-Динийн гар бичмэлүүдийг бүлэглэж, ангилахгүйгээр, урсгал байдлаар авч хэрэглэж байна гээд Монгол, хятад нэрсийн тухайлсан галигийг таних, зөв сэргээх нь чухал болохыг дурдав. Рашид-ад-Диний “Судрын чуулган”-ы Стамбулын ба Теграны гэсэн хоёр хувилбар байдаг бөгөөд, эдгээр хувилбаруудад Газан хааны үр, ач нарын тоо, нэрс харилцан адилгүй байдаг ба энэ тухай Японы эрдэмтдийн судалгаа, онол болон өөрийн таамаглалыг таницуулав.
Индианагийн их сургуулийн Төв Евроази судлалын тэнхмийн докторант Сэм Бэсс (Sam Bass) "Монголын эзэнт гүрэн дэх боолчлол" сэдэвт илтгэлдээ “Марко Пологийн бүтээлд Монголын Эзэнт гүрний үед “Олсон, гээсэн зүйлсийн товчоо” байсан ба Хубилай хааны нутаг дэвсгэрт энэ байгууллагын тусламжтайгаар иргэдийн эд, зүйлс алга болох, алдагдах нь ховор байсан талаар бичсэн байдаг. Гэхдээ Марко Поло энэ байгууллагын нэг гол үүрэг бол оргож, боссон боолууд, оргодлуудын цуглуулж, эздэд нь буцааж өгдөг байсныг огт дурьдаагүй” талаар өгүүлэв.
Судлаач Мэндээгийн Жаргалсайхан илтгэлдээ Монгол улс хоёр их гүрний дунд хавчуулагдсан орны хувьд энэ хоёр гүрний бий болгосон геополитикийн адармаатай нөхцөлд оршдог.Орос, Хятад хоёрын геополитикийн давуу байдлын төлөө өрсөлдөөн нь Монгол улсад тодорхой дарамтыг бий болгодог гээд, ийм нөхцөлд Монгол улс ямар ч үед төвийг сахьсан байдлаа хадгалж, худалдааны гурван талт харилцааг хөгжүүлж, хөршүүдээсээ хальсан гадаад харилцаагаа урагшлуулдаг.1980 оноос хойш Монгол улсад 1950-аад оных шиг таатай нөхцөл байдал, бололцоо бий болж, Монгол улс АНУ болон түүний холбоотнуудтай харилцаа, холбоогоо хөгжүүлсэн боловч Евро-Азийн огтолцол болж чадсангүй. Монгол улсын өөрийнх нь бүтэлгүй дотоод бодлого, Хятад болон Оросын ноёрхлоос айсан айдас, Барууны орнуудийн сонирхлыг хэрэгсээгүй, Оросын геополитикийн бодлого гэсэн дөрвөн хүчин зүйлээс болоод Монгол улс Орос, Хятадыг холбосон газрынн жинхэнэ гүүр болж чадаагүйг илтгэгч тэмдэглэв. Мөн тэрээр дээрх дөрвөн хүчин зүйлсийг өөрчлөхгүй бол Монгол улс Хятадын байгалийн баялагаа авдаг арын нөөц газар болох магадлалтай. Ингэх аваас Монголын улс төрийн бодлого хэврэгжиж, эмх замбараагүй байдал үүсч, тусгаар тогтнолд аюул учирч болох юм гэв.
Индианагийн их сургуулийн Төв, Евроази судлалын оюутны холбооны эрдэм шинжилгээний хуралд монгол судлалаар тавигдсан илтгэлүүд илт сонирхолтой, оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Нөгөөтэйгүүр Индианагийн их сургуульд америкийн монгол судлалын шинэ залгамж халаа болсон залуу судлаачдын үе бэлтгэгдэж байгаа нь ажиглагдлаа.
Сонирхуулах үүднээс энэ хурлын зочин, Висконсиний их сургуулийн докторант Кип Хатчин (Kip Hutching)-ий хуурдсан морин хуурын аялгууг та бүхний анхааралд толилуулж байна.
Хуралд байлцсан, профессор П. Увш, Л. Цэрэнчунт
Labels:
Судалгаа
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment