Friday, October 16, 2015

ИНДИАНАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНИНООС (9)
Ойрын үед Индианагийн их сургуулийн түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байна. Энэ бол ноднин шинээр байгуулагдсан School of Global and International Studies нь шинэ байранд орж өчигдөр албан ёсоор нээлтээ хийж, бяцхан цай уулгасан бол өнөөдөр энэ нээлтийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри (John Kerry) Индианагийн их сургуульд зочилж байна.
Жон Керри нь Америкийн 68 дахь Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд энэ албанд 2013 оны хоёрдугаар сараас ажиллаж байгаа юм байна.

Жон Керри тус их сургуулийн багш, ажилтан, суралцагчдын төлөөлөлтэй уулзаж, үг хэллээ.
Жон Керри Индианагийн их сургууль бол Америкийн сургалт, судалгааны шилдэг их сургууль бөгөөд одоо энэ сургуулийг шинээр байгуулснаар Америкийн нэгдсэн Улсын дэлхий дахины болон олон улс судлалд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт болж байгааг онцлон тэмдэглэллээ. Тэрээр шинээр байгуулагдаж байгаа сургууль нь дэлхийн дал гаруй орны хэлийг 250 гаруй багш, эрдэмтэд зааж байгааг дурдлаа. Жон Керри Америкийн өнөөгийн гадаад бодлого, гарч байгаа асуудал, бэрхшээл, шийдлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж ярилаа. Жон Керригийн яриаг сонсож суухад тэрээр тун энгийн, нөхөрсөг яриатай гайхамшигтай уран илтгэгч болох нь мэдрэгдэж байлаа.

No comments:

Post a Comment