ДОМОГ БОЛСОН ЗАХИРАЛ
Индианагийн Их сургуулийн захиралаар 25 жил, сургуулийн дэд ерөнхийлэгч, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчээр дахин 35 жил ажилласан, энэ сургуулийн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө оюутан ахуй цагаасаа насан хутагыг олтлоох бүхий л амьдралаа зориулсан Индианчуудын бахархал болсон домогт хүн бол Хэрман Б.Уэльс юм.
Индианагийн их сургуулийн түүхэнд домог болон алдаршсан энэ хүн ажлынхаа философыг ерөнхий удирдлага бол сургуулийн бүрэлдэхүүнд үйлчлэгч болохоос тэднийг захиран дарангуйлан цээрлүүлэгч байж таарахгүй. Бид өөртөө биш, сургуулийнхаа нийт олонд эцэс төгсгөлгүй үйлчилдэг. Цомхон удирдлага илүү нягт үйлчилдэг гэж тодорхойлсон байдаг.
Шинээр албаа авсан Уэльс америкийн газар нутгаар 33,000 мил аялаж, судалгаа, сургалтад зөв хандлагатай багш, судлаачийг эрэн сурвалжилж, энэ аялаллаас олсон мэдээ, баримтыг боловсруулан цэгцлэж, сургуулийн сургалтын болон зохион байгуулалтын өөрчлөлт, хөгжилд оновчтой ашигласан байдаг.
Уэльс ерөнхийлэгч байхдаа Африк болон бусад улсаас суралцаж байгаа өнгөт арьст оюутнуудыг сургуулийн амьдралд иж бүрэн тэгш эрхтэй оролцуулахын төлөө ажиллаж байлаа. Тэр үед өнгөт арьст оюутнууд дотуур байранд суух, оюутаны хотхоны цайны газар болон Блүүмингтоны зоогийн газруудад хооллох,усан санд цагаан хүмүүстэй хамт сэлэхийг хориглосон байсан болохоор оюутаны зүгээс янз бүрийн гомдол тасардаггүй байлаа. Уэльс ийм асуудлыг эхлээд хотхон дотроо эрх мэдлийн хүрээнд шийдэхийг зорьдог байв. Нэгэнтээ Индианагийн Их сургуулийн хөл бөмбөгийн од Жорж Талиаферро бэлтгэлийнхээ завсараар хооллож чадахгүй байгаагаа гомдоллоход Уэльс замын цаана байгаа Габлес Зоогийн газар руу утасдаж оюутаны хүсэлтийг уламжлахад менежер нь татгалзахгүйгээ хэлж, тэдний цагаан үйлчлүүлэгчид дургүйцэн, үйлчлүүлэхээс татгалздаг тухай учирлахад, Уэльс зөвхөн нэг долоо хоног туршилтын журмаар хөл бөмбөгийн одыг хооллохыг санал болгосон байдаг. Долоо хоног, сар өнгөрөхөд үйлчлүүлэгчдийн зүгээс гомдол гараагүй байна. Ингэсний дараа Уэльс бусад зоогийн газрууд руу утасдаж, нэг бол өнгөт арьст оюутанд үйлчлэх, үгүй бол сургууль оюутанаа хотхоноос гадуур хооллохгүй гэсэн болзол эдийн засгийн аргаар тулгаснаар цагаан биш арьст оюутаны хоолны асуудал шийдэгдэж байсан нь энэ ерөнхийлэгчийн асуудалд ул суурьтай, эрэмбэтэй, ухаалаг хандаж, шийдвэрийг аль ч талд ашигтайгаар шийдэж чаддагийн энгийн жишээ мөн.
Уэльс захиралаар ажилласан 25 жилийн хугацаанд оюутны тоо 5000-аас 16,000 болж өсөж, ерөнхийлэгч 62,621 дипломын хавтаснаа гарын үсгээ зурсан байдаг. Энэ талаар тэрээр дурсахдаа: “ Би оюутаны бүх диплом дээр биечлэн гарын үсгээ зурдаг байлаа. Ямар ч хувилах машин, техник ашиглаагүй. Бүх дипломыг нэг бүрчлэн уншиж, гарын үсгээ зурахад дипломын дотроос танил нүүр царай харагдаж, хамтран ажиллаж байсан дурсгалууд сэргэдэг байлаа. Зарим оюутанг танихгүй ч гэсэн миний үеийн эцэг эхийнх нь нэр тэнд байдаг байлаа. Ингэж диплом нэг бүрийг уншиж танилцаж, гарын үсгээрээ сургууль төгссөнийг баталгаажуулан, амьдралын шинэ замд үдэхдээ тэдний баяр баясгаланг хуваалцаж, төгсөлтийн үйл ажиллагаанд биечлэн оролцож байгаагаа мэдэрдэг байлаа” гэсэн байдаг.
Уэльс захирал Оюутаны эрх чөлөөг дэмжигч байлаа. Оюутаны хотхонд ардчилалын уур амьсгалыг хөгжүүлэн сургуулийнхаа бүх хүмүүстэй, түүний дотор оюутануудтай ажил хэргийн, нөхөрсөг, шудрага харилцааг бий болгож, долоо хоног бүрийн нэг оройг оюутантай ерөнхийлэгчийн өргөөндөө задгай галын дэргэд сууж, хүүрнэн, тэдний санал бодол, санхүүгийн, ахуйн бэрхшээл, хувийн амьдралын наана, цаадахыг хүртэл илэн далангүй ярилцаж, зарим асуудлыг шийдэж, тэр оройг аль алиндаа тун ашигтай өнгөрөөдөг байлаа.
Индианагийн Их сургуульд суралцахаар ирж байгаа нэг ч оюутан буцах ёсгүй гэсэн Уэльсийн хатуу даалгавар 1950-60-аад америкийн сургалтын түүхэнд дахин давтагдаагүй юм.
Уэльс оюутаны хотхон байгуулахаар шинэ газар олж эзэмшиж байлаа. Өмнөх ерөнхийлэгчийн үед сургууль 137 акр газар эзэмшиж байсан бол Уэльсийн үед энэ хэмжээ 10 дахин өссөн юм. Уэльс хотхоны мод, сөөг болгоныг хайрлан хамгаалах, тордож ургуулах, ногоон төрхийг хадгалахын төлөө тууштай ажилладаг байв. Тэрээр мод, бут, сөөг тайрах нь бидэнд өмнөх үеийнхнээс үлдээсэн өвийг устгаж байгаа ялт хэрэг, түүнээс урваж байгаа явдал гэж үзэж байлаа. Ерөнхийлэгчийнхээ хугацааг дуусгаад хамгийн сүүлийн төгсөлтийн ёслолын арга хэмжээн дээр тэрээр хэлэхдээ Манай төгсөгчид төрлөх хотхоныхоо ногоон байгаль, унаган төрхийг хадгалан авч явна гэдэгт би найдаж байна. Манай энэ ногоон арлын өнгө төрх бидний анги, танхим, номын сан, лабораторын гоо үзэмж, эмх цэгцэд нөлөөлөлх учиртай гэжээ. Ингэж Индианагийн Их сургуулийн оюутаны хотхоны суурь тавигдсан түүхтэй. Одоо Индианагийн Их сургуулийн Блүүмингтон хотын оюутаны хотхон өнгө, үзэмж, ая тохь,талбай, эрүүл орчин гэдгээрээ америкийн их, дээд сургуулиуд дотроо эхний таван хотхоны нэг билээ.
Уэльс захирал 100 гаруй орноор орж боловсролын солилцоо, харилцааны ашигтай хувилбарыг сонгож явсан байна. Тэр хэлэхдээ: “Аялана гэхээс хөл загтнаад байдаг. Амьд байгаа цагтаа аялалаа зогсоохгүй гэж найдаж байна” гэжээ.
Энэ энэ алдарт хүний талаар цөөн бодит жишээг өмнөх бүтээлээсээ иш татав. Дэлгэрүүлж: “Индиагийн их сургуулийн түүхэнд ерөнхийлөгчдийн гүйцэтгэсэн үүрэг, удирдлагын онцлог өгүүллийг П.Увш “Америкийн өгүүллүүд” эмхэтгэлийн 147-173 хуудаснаас үзнэ үү.
No comments:
Post a Comment