Sunday, October 31, 2010

Балмагдал уу, айдас уу?

. Би Америкт ирэхдээ өөрийгөө гадаадад мэр сэр явж байсан туршлагатай, хэлний зохих мэдлэгтэй гэж бодож байлаа шүү дээ. Гэтэл ирээд байдаггүй. Англиар ойлгодгүй ээ, хүмүүсийн хэлснийг барьж авч чаддаггүй. Миний өмнө нь явж байсан орнуудад англи хэл хоёрдогч хэл байсан учраас хүмүүс нь ярихдаа удаан, ойлгомжтой, энгийн үгээр ярьдаг байж. Өөрийн энэ үзэж туулсан туршлага дээрээсээ уламжлаад л “Соёлын шок” нийтлэлийг хэдэн жилийн өмнө бичсэн юм

-:Тухайн үед  “Даяар монгол”, “Орлоо” сайт дээр тавьсан юм. Нэг зүйлээ дахин дахин тавилаа гэсэн шүүмжлэл бас гараад байдаг шиг билээ. Гадаадад гараад удсан зарим хүмүүс соёлын шокноосоо гарчихсан учраас энгийн юм шиг санагдаж магадгүй. Амьдрал чинь урсгал хөдөлгөөн.  Нэг нь гарч байхад нөгөө нь орж байдаг эргэлтийн процесс  үргэлжилж байгаа учраас нийтлэлдээ нэмэлт хийж, зөвлөгөө түлхүү өгөөд “Удирдах эрдэм” гэдэг сэтгүүл дээрээ тавьсан. Хэдэн жилийн өмнө монголчуудын цахим мэдээллийн сайт ховор байж дээ. Дээрх хоёр сайт миний мэдэхийн америкийн монголчуудын хөгжил хөдөлгөөнд их үүрэг гүйцэтгэсэн шүү. Эдгээр сайтын нийтлэлийн бодлого, бүтцэд нэлээд өөрчлөлт оржээ. Цаг үеийн мэдрэмж, уншигчдын хэрэгцээ, менежментийнхээ хувьд их өргөн цар хүрээтэй болж. Анх эхэлж байхдаа танин мэдэхүйн чанартай байсан бол одоо бичлэгийн агуулга, төрөл нь хүрээгээ тэлж асуудал  хөндсөн, асуудал дэвшүүлэх хэмжээнд, бодлого боловсруулахад түлхэц, санаа авахуйц материалаар баяжигдаж  байгаад нь талархаж явдаг. Сэтгүүл зүйд ч өөрчлөлт орж байна. Цаасан дээр байдаг зүйлүүд цахим хэлбэрт орж орон зайн алслалд байгаа бүгдийг нэг дор төвлөрүүлж чадаж байгаа нь дэвшил юм.  Гадаадад мэргэжил боловсрол эзэмшигчид хангалттай олон байна. Зөвхөн нэг жишээ. Энэ Блүүмингтонд гэхэд хүүхэд шуухадтайгаа нийлээд гучаад монголчууд бий. Гэтэл  2009 онд  гурван хүүхэд ахлах сургууль, хоёр хүн баклавр, бас хоёр хүн мастер төгсөж байна. Америкийн хэмжээнд үзвэл энэ тоо асар ихээр нэмэгдэнэ. Энэ сайхан капиталыг өөртөө татах төрийн бодлого, механизм, менежмент  бүрдээгүй байгаа учир эндээс олж авсан мэдлэг эндээ хадгалагдаад, эндхийн нийгмийн хэрэгцээнд зориулахаас өөр аргагүй болчихоод байна. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн наад захын боломжийг нь хангаад өгвөл монголдоо ажиллаж амьдрах хүмүүсийн урсгал тасрахгүй шүү дээ. Баахан хүн гадаадад сургаад л байдаг. Нөгөө эргэх холбоо нь байдаггүй. Хүнээр бол цус сэлбэх процессыг эрүүлээр хүлээж авах хэрэгтэй. Шинэ юмыг хүлээн авах, шинэ сэтгэлгээг хүлээн зөвшөөрөх дадал алга байгааг харуулаад байна. Уул нь тэр орж ирж байгаа шинэ сайхан мэдлэгийг туршлагатайгаа холбоод өгвөл зөв хослол, их л оновчтой хувилбар болох мэт. Болж өгвөл мэдлэг нь давамгайлвал сайнсан. Туршлага хэт давамгайлвал мухардалд ордог.

No comments:

Post a Comment