Thursday, November 4, 2010

Монголын морин хуур Америк даяар эгшиглэж байна


-Сайн явж байна уу?  Бөх хүнээс хэдэн зодог, шуудаг сольсон тухай асуудаг санагдана. Ингэхэд Та хэдэн морин хуур сольсон бэ гэж асуувал уншигчдад сонин байх болов уу ..
-Би гурван морин хуур барьсан байдгийм. Миний сүүлийн 18 жил барьж байгаа морин хуурийн түүх сөхвөл манай Богд гэгээний хэрэглэж асан ор нь эвдрэхэд тэр орны модоор 10 морин хуур хийлгэсэн юм билээ. Түүний нэг  нь надад байгаа нь энэ. Үлдсэн 9 нь хаана байгааг мэдэхгүй. тэр 10 хуур хийсэн хүн Дундговийн хүн гэнэ лээ. Сураг ажиг авбал сайхан байх сан.
-Та Америкийн олон газар уулзалт үүсгэн ярилцаж, сургалт хийж явна. Энд Индианагийн их сургуульд болсон уулзалт ярианы онцлог гэвэл....
-Би энэ нэр хүндтгэй их сургуульд анх удаа ирж,  өөрийн шавь Г. Уртнасантай хамт морин хуурын болон Монголын морин хуур чуулгын талаар санал солилцож ярилцлаа. Бас Төвд Монголын төвд очиж Ажаа гэгээнтэй уулзаж өглөөний зоог барилаа. Олон сайхан эрдэмт мэргэд, монгол хэл соёл сурч байгаа америк залуустай ярилцлаа. Үнэндээ энэ хот монгол хэлээр, монгол судлалаар амьсгалж байдаг газар гэдгийг мэдэхийн зэрэгцээ цаашдаа очсон газар, уулзсан зон олондоо хэлж ярьж явах болно. Намайг энд ирэх боломж бий болгосон Монгол нийгэмлэг, профессор  Atwood,  Монгол нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Susieд баярлалаа.
-Та яриандаа морин хуурийг бурхан ч биш, чөтгөр ч биш, монголчууд бүтээсэн гэлээ. Энэ яриаг үргэлжүүлбэл....
-Түүх  сөхвөл  морины хялгасыг хялгасаар үрж,  ийм уран авиа гаргадаг түмэн монголчуудаас өөр байхгүй. Иймд би монголчуудаараа бахархаж, энэ нэртэй нандин хөгжмийг өвлөн нийтэд сонсгож яваадаа магнай тэнүүн явдаг даа. Нэмж хэлэхэд 2002 онд бид морин хуураа дэлхийн өв санд албан ёсоор бүртгүүлсэн дээ.
-Би баруун монгол угсаатан л дээ. Манайд морин хуур хөгжмийг икэл гэдэг . Тэгэхлээр икэл,  морин хуурын хооронд ялгаа байна уу?
-Икэл гэдэг үгийг эрдэмтэн судлаачид юмны эхлэл, бас эх хэл гэж тайлбарлаж байна. Тэгэхлээр аливаа найр, наадам икэлээ татаж, бий бүжгээ толилуулдаг баруун монголчуудын ёс эртний уламжлалтай гэж хэлж болно.
-Эдүүгээгийн морин хуурын аялгуу икэлээс эхтэй гэвэл Та зөвшөөрөх үү....
-Икэл хөгжим цуурайн хэмжээ, гэр орны хүрээнд эгшиглэх талаараа морин хуураас давуутай, Яг тайзан дээр уянгалах цар нь морин хуур хамаагүй дээр. Цаг үеээ дагаад хөгжмийн энэ зэмсэг ч өөрчлөгдөж байна даа.
-Индианаагийн их сургуульд  зочилж,сургалт хийснээ дүгнэж хэлбэл....
-Индиагийн их сургууль гадаадад болон монголд монгол судлалаар алдартайг бид мэднэ. Энд ирээд эндэхийн эрдэмтэн мэргэдтэй уулзаж, ярилцаад үүнд итгэлээ.Цаг хугацаа давчуу  байсан болохоор монголчуудын хэлдэгчлэн дараа дахин уулзахын ёроол дэвшүүлэе дээ.
-Танд хоёр өдөр бараа болж, Индианагийн Их сургуульд зочилоход дагалдлаа.  Энэ ярилцлага Даяар монгол цахим сониноор дамжиж уншигчдад хүрнэ. Даяар монгол сониныхоо уншигчдын өмнөөс Таны цаашдын аялал, сургалтанд амжилт хүсэж байна. Миний хувьд ч энэ уулзалт өвөрмөц, шинийг тайлсан учрал байлаа. Танд амжилт хүсэж байна.
-Баярлалаа. Монголдоо уулзахын сайхан ерөөл дэвшүүлье.
Бараа болж, байцаасан У.Пурэв

No comments:

Post a Comment