Thursday, November 4, 2010

НАРАНБИЛЭГ: ХАЙРЛАЖ ЧАДВАЛ БҮР САЙН

PDFХэвлэхИмэйл
Бичсэн Д.Уранзул   
                                                                Лхагва, 2010 Арваннэгдүгээр сар 03 16:12


-:Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Өвөрмонголын  чөлөөт сэтгүүлч, монгол хэл судлаач, түгээн дэлгэрүүлэгч, монгол - хятад толь бичиг, монгол хэлний сурах бичиг, монголын түүх, монгол хэл судлал зэрэг олон ном бүтээл туурвиж, редакторлосон Гунгааноровын Наранбилэг гуай эдүгээ 57 насандаа Америкт анх удаа хөл тавьж байгаа нэгэн аж. Тэрээр Нью Иоркоос Индианагийн их сургуулийг хэрэг болгон зорьж иржээ. Аяллын зорилго нь Тус сургуульд лекц уншиж, “монголын нийгэмлэг”-ийнхэн, монгол судлаач нартай биечлэн уулзаж, санал сэтгэгдэлээ солилцон зарим зүйл дээр туслалцаа хүсэх.  Дашрамд дурдахад өвөрмонголчуудын өнөөгийн  хэл бичигийн талаар тавьсан илтгэлийг нь маш олон хүмүүс сонсож, анхаарлаа хандуулсан бөгөөд лекцийн танхим хүнээр дүүрч,   зарим хүмүүс гадаа нь сонсож харагдав. Түр саатан цай уух зуур тав арван үгний солио хийн сэтгэгдлийг нь сонслоо.

Би Өвөрмонголын Зуу-Уд аймагт төрсөн монгол хүн. Эцэг эхээс зургуулаа. 25 нас хүртлээ мал маллаж байгаад сургууль соёлын мөр хөөж, 1981 онд Өвөрмонголын Их сургуулийг хэл, утга зохиол, түүхийн мэргэжлээр төгссөн. 1982 оноос Өвөрмонголын Ардын Их Хуралд монгол хэлний орчуулагчаар ажиллаж, 1993 оноос чөлөөт ажил эрхлэх болсон. Эхнэр маань надтай адил мэргэжилтэй, ганц хүү маань Японд суралцаж байна. Миний хийдэг ажил  монгол хэлээ хэрхэн авч үлдэх, үр хойчдоо өвлүүлэн сургахад чиглээд байна даа.
-:Өвөрмонголын өнөөгийн байдлын талаар сонирхуулаач?
-Хятад улсын эдийн засаг түргэн хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэн өвөрмонгол хөгжиж байна. Энэ нь нэг талаас сайн боловч нөгөө талаас сөрөг үр дагавар үзүүлж монголчууд уугуул нутагтаа амьдрахад бэрхшээлтэй болоод байгаа. Учир юун гэвээс уул уурхай, газар тариалан эзэмших,  мөн цөлжилтөөс болж  мал аж ахуй эрхлэхэд  хэцүү болсон учраас малчид амьдрахын эрхэнд хот хүрээ газар бараадан амьдарч байна. Энэ мэт хүчин зүйлсээс болоод монгол хэл устах аюул өвөрмонголд тун ойрхон болоод байна гэж  анхааруулмаар байна. Яагаад би ингэж анхааруулж байна вэ гэвэл 1960 онд өвөрмонголын хэмжээнд монгол хэлээр сургалт явуулдаг 3000 гаруй сургууль байсан бол одоо 678 болтлоо буурсан. Хөдөөгийн монгол айл хүүхдээ монгол сургуульд оруулая гэвэл зуугаас хоёр зуун км зайтай газар , гэр орноосоо хол сургах шаардлага гарч байгаа тул  ойр орчмын тосгоны хятад сургуульд хүүхдээ суралцуулж байна. Энэ нь монгол хэл бичиг, соёлоо умартахад их нөлөө үзүүлж байгаад миний сэтгэл их зовдог.
-:Сургууль төгсөөд ажиллах  бололцоо монголчуудад хэр байдаг вэ?
Энэ тал дээр бас асуудалтай. Хөх хотод зөвхөн хятад сургууль төгссөн, хятадаар цэвэр ярьдаг хүнийг ажилд авна гэсэн анхааруулга бүхий зартай олон тааралдаж болно. Хэдэн жилийн өмнө халуун ус, гуанз, зоогийн газар монголчууд ажиллах нь ховор  байсан бол одоо ердийн нь үзэгдэл болжээ. Би гэхэд хятад хэл бичигтэй. Гэсэн хэрнээ ямарч хүнтэй ярьсан миний аялгыг сонсоод хятад хүн биш гэж дорно анзаардаг. Иймэрхүү байдлаас үүдэж, дараа дараагийн ажил төрлийг нь бодоод хятад сургуульд хүүхдээ сургах явдал нэмэгдээд байна.
-: Хятадад хэдий хэмжээний хүмүүс монголоор ярьж бичиж байна вэ?
-Одоогоор Хятад улсад 7 сая гаруй монгол хүн байна. Үүний 4 сая гаруй нь монгол хэлтэн, монгол нэртэй газар усны нэр нэлээд бий. Мөн хятадын өмнөт хэсэг Вьетнамтай хиллэдэг газар 2  сая орчим хүмүүс монгол хэлээр огт ярьдаггүй хэрнээ, удмын бичиг, угсаа гарлаа судлаад албан ёсоор монгол гэж бүртгүүлээгүйч өөрсдийгөө монголчууд гэж тунхаглаад, наадамаа хийж, үндэсний хувцасаа сэргээж  эхлээд байна. Өнгөц харахад энэ бол боломжийн мэт харагдавч үнэндээ монгол хэл мөхөж байна. Үүнд л би дэлхийн монголч эрдэмтэд, монголчуудыг анхаарлаа хандуулаач гэж уриалмаар байна.
-: Монголч эрдэмтэдтэй уулзаад санал бодлоо солилцсон тухайгаа нууц биш бол тодруулахгүй юу?
-Юу нь нууц байхав. Индианагийн их сургуулийн профессор, багш монголч эрдэмтэн Христофер Этвүүд зэрэг эрдэмтдэд би нэг санал тавьсан. Та нар монголын өнө эртний мандан бадарч байсан түүх бус яг өнөөгийн байдлын талаар судлаач ээ гэсэн хүсэлт тавьсан. Монголч эрдэмтэд гадаадын хүмүүс байдаг учраас бидэн шиг сэтгэлийн хөөрлөөр, цус нь буцалж, омогшиж судлахгүй, хөндлөнгөөс өөрөөр хэлбэл хүйтэн нүдээр харж судлах учраас бодит байдлыг маш зөв тодорхойл нь гэдэгт итгэлтэй байна. Мөн монгол хэлийг түгээн дэлгэрүүлэх, авч үлдэх арга зам хайхад туслалцаа үзүүлэх санаа оноо нэмэрлэх болов уу.  Монгол хэл сурах сонирхолтой гадаад хүмүүс арвин болсныг сонсоод их баярлаж байна. Эдгээр хүмүүс манай өвөрмонголд очиж хүүхэд залуучуудад монгол хэл сурч байгаа талаараа, туршлагаа танилцуулбал нэмэртэй байхсан. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд монгол хүн байж өөрийгөө монголч эрдэмтэн гэж хэлээд байгаа хүмүүстэй би санал нийлдэггүй. Нэрийн утгаас нь бодох хэрэгтэй. Ямар ч хятад эрдэмтэн өөрийгөө “би хятадач эрдэмтэн “ гэж хэлдэггүй.
-: Та гал голомтондоо амьдарч байгаа монголчууддаа хандаж өөрийнхөө зорилгыг танилцуулж туслалцаа хүсэв үү?
-:Одоогоор Монгол Улсын төр засагт хандсан зүйлгүй байна. Монгол Улсын төрийн зүгээс энэ тал дээр болгоомжтой ханддаг байх л даа. Гэхдээ дэлхий даяар амьдарч буй монгол үндэстнүүддээ, монгол хэл сурч, судалж байаа, монголд элэгтэй бүх хүмүүст гал голомт болсон Монгол Улсын төрийн тэргүүн  ядаж цагаан сараар мэндчилгээ дэвшүүлж байвал  сэтгэлийн их дэм өгнө. Мэндчилгээ дэвшүүлсний төдийд нэг их  улс төр болж нот, бичиг солилцохгүй шүү дээ. Монголчууд бид эвтэй байж л монгол хэл бичиг соёлоо авч үлдэнэ. Үүн дээр ар, өвөр монголоороо хуваагдах биш, хамтарч ажиллавал тун сайнсан. Ядаж л хуучин монгол бичгийн компьютерийн программ зохиоход болохгүй гэх газаргүй. Одоогийн залуус чадалтай хүчтэй болсон. Хамтраад хийвэл чадна даа. Сүүлийн үед урлаг соёлын хувьд ар монголоосоо авч байгаа зүйл ихээ. Энэ бол сайны эхлэл байгаасай гэж хүсэж байна. Монгол гал голомтны эзэн учир Монгол Улсын төр засаг монгол хэл, бичиг, соёлын талаар санал санаачлага гаргаж, анхааралтай хандах ёстой, үүрэгтэй. Хос бичигтэн монголоо авч үлдэх нь бидний зорилго. 1950-аад оны үед өвөрмонголчууд крилл үсэгтэн байсан. Энэ үеийн хөгшчүүл одоо ар монголчуудын хэрэглэж  байгаа ном сонинг торохгүй уншиж ойлгодог. Би ч криллээр уншиж бичдэг. Багадаа их зохиолч Д.Нацагдоржийн шүлгийг криллээр уншиж, цээжилж байсан минь санаанд тод үлджээ.
-: Та Улаанбаатарт очиж байв уу?
-Би хэд хэдэн удаа очсон. Зарим хүмүүс өвөрмонголчуудыг монгол биш гэж ад үзэх тохиолдол байдаг. Өвөрмонголчууд одоохондоо өөрийгөө монгол бишийг хэн нэгнээр тодорхойлуулахдаа арай хүрээгүй ээ. Бид бол монгол хүмүүс, яаж ч үгүйсгэсэн монголоороо л үлдэнэ. Улаанбаатарт очоод нутгийн аялгатайхан шиг монголоор ярьчихвал “аа муу хятад” гээд доромжлох, чулуу шороо шидэх явдал байдаг. Бид чинь 21 дүгээр зуунд амьдарч байгаа хүмүүс. Монголчууд бид нэг нэгнээ хүндэтгэж явья. Хайрлаж чадвал бүр сайн.
Ярилцсан Д.Уранзул

No comments:

Post a Comment