Sunday, December 12, 2010

"Гэр бүл бол шашин, уламжлал, орчин үеийн үнэт зүйл болох нь" Олон улсын бага хурал (Турк улс, Анталья хот.2010оны 11 сарын 26-27)

                                                                                                   
Гурав. Хурлын  завсарлагаар.
Энэ хуралын гурав дахь өдөр нь оролцогчид хэдэн бүлэгт хуваагдан Анталья хотоор аялаж,  шинэ, хуучин  хотын түүхийн, байгалийн дурсагалт газар, үзэсгэлэнт булан тохой бүрийг нэгжин үзэж, дурсан хөөрөх, баярлан бахархах олон дурсгалт мөчүүдийг тээж үлдлээ. Антальягийн хуучин хотын туурийг эртний хэв, хэлбэрээр нь хадгалсаны гадна одоо аялан жуулчлагчдын саатан зочилж, түүх соёлын өвтэй танилцах, бас ч гэж түрийвчээ нимгэлж, богцоо түнтийлгэх газар байлаа. Бэлэг дурсгалын , өргөн хэрэгцээний гээд нүд эрээлжлэм бараа сэлт алаглаж, урьсан, хүссэн, шаардсан, царайчилсан олон хэл яриа, харц, дохио зангаа гээд харилцааны бүхий л боломжтой хэлбэр нэвтэрч, хэрэгжиж байгаа нь харагдана Юмны үнэ тэгтэлээ хямдгүй бололтой.  манай нэг хүн тэдний нойлд  80 орчим центээр хурдхан ороод гарна лээ.Бид хэд Истамбулд  ажил төрлийн шугамаар 2-3 хонох болохоор наймаа хийх гэж нэг их шамдсангүй. Дараа усан онгоцонд сууж далайн аялалд гарлаа. Тэнгэр тунгалаг хөх өнгөөр мишээж, усны мандал хөгжмийн эгшигээр уянгалж угтлаа. Бидний газарч эргэн тойрныг тайлбарлан зааж чиглүүлсээр явтал нэг цагийн аялал дорхноо л дуусдаг юм билээ.




Бидний үзэхээр төлөвлөсөн нэг сонин газар бол ойрмог байх Хүрхрээ үзэх байлаа. Харамсалтай нь бид төлөвлөснөө цагтаа амжуулахгүй явсаар шөнөдөж очиж хүрхрээн дууг сонсож жаал зогссон доо.
Үдээр нэгэн цэцэрлэгт хүрээлэнд хооллоод орой нь харин 5-10-аар хуваагдан турк айлд зочилж, турк гэр бүлийн амьдралын бодит нөхцөлтэй танилцлаа.
Бидний очсон айлын эзэд 50 гаран насны хоёр байлаа. 2 хүүтэй, тэд нь оюутан. Эзэгтэй нь багшилж байгаад тэтгэвэртээ суусан, гэрийн эзэн ажил хийдэг ажээ. Бидэнтэй хамт явсан турк хүний хэлэх нь эднийх дундаж орлоготой айлын жишиг гэнэ. Эндэхийн орон сууц нь хороололын хэлбэрээр баригдсан, нийтийн харуул хамгаалалттай, сууцан дороо машины зогсоолтой юм билээ.
Өрхийн тэргүүнээс өрхийн нийт орлогын хэд орчим хувь нь хоол хүнс бусад зардалд гардагийг асуухад жаал бодож байсанаа 25 орчим нь байх гэсэн дээ. Түүнийг гэрийн ямар ажил хийдгийг сонирхоход гэргийдээ хоол хийх, бэлтгэхэд тусладаг гэлээ. Би “хийх”, “туслах” гэсэн хоёр өөр утгатай, тэгэхлээр та “тусладаг” уу, бие дааж “хийдэ” үү гэж жаал мушгахад “хийдэг” гэдэг үг хэрэглэж өгөөгүй шүү. За тэр ч яахав.
Энэ айл сайхан амттай тахианы шөл, тахиа, үхрийн махан бэлдэц, олон төрлийн ногооны салат бэлтгэсэн байлаа. Бидний үдийн хоол оройтоод шингэц муу байсан, гэрийн эздийн хоолоор дайлан шахах хоёр жаал авцалдаагүй мэдрэмж төрүүлж байсан даа.Хоолны дараа торт, дараа нь цай, тэгээд бас кофе гээд дайлах идээ, ундаа хөврөх юм.Одоо жаал зураг байрлуулж та нарт айлын эздийг болон зочдыг танилцуулая.

Бидний зочилсон турк айлын эзэд,
хажууд нь манай Зукийгийн гэр бүлийн хүн
Монголын хооллогчид: Зуки, Аталай, Убаши
Энэтхэгийн доктор Анвар энэ гэрийн хүндэт зочин байлаа.
Манай Намжил доктор, Киргизийн судлаач А. Цой хоёр шивнэлдээд..., идээд... инээлдээд байсан шүү

Гэрийн эзэн, манай Намжил багш хоёр эр хүний ёсоор тэврэлдэн салах ёс гүйцэтгэж байна.
Киргизийн судлаач, солонгос үндэстэн  хэл шинжлэлийн болон гүн ухааны доктор А.Цой өнөөдрийн сонирхолтой зочдын нэг байлаа.
Би ч бас бэлэг авчихлаа. Баярлалаа л гэдэг байх даа. Бид төлөөлөгчдийнхөө өмнөөс Намжил багшаараа үг хэлүүлээд гардуулчихсан байдаг.Сайхан зочломтгой чанар, элгэмсүү дотно яриа, инээд наадам, наргиан, энэтхэг, монгол, турк гэр бүлийн амьдралын хэв байдал, нийтлэг хийгээд ялгаатай тал, хүүхдүүдийн өсөлт бойжилт гээд энэ оройн зоогонд хөндөгдөөгүй сэдэв, яриа бараг үлдээгүй билээ.
Биднийг сайхан хүлээн авч зочилсон энэ гэр бүлийнхэнд хамгийн сайн, сайханыг бид хүсэн ерөөж, дахин уулзахын өлзийтэй ерөөл харилцан талбиснаар бидний оройн зоог өндөрлөлөө.

1 comment: