Friday, December 10, 2010


Хоёр. Хуралд оролцсон минь
             Өмнө нь өгүүлсэнчлэн манай “Гэр бүл бол шашин, уламжлал, орчин цагийн үнэт зүйл болох нь”  сэдвээр явуулж байгаа  хурал Туркийн Анталья хотод боллоо.
Эхлээд хотын талаар хоёр  өгүүлбэр хэлэх  хэрэгтэй байх. Бидний хүрэлцэн ирж хуралдаж байгаа Анталья хот нь далайн түвшнээс 30 метр өргөгдсөн, өндөр уул, далайн цогц хослол бүхий аялал жуулчлалын хот юм.  Анталья хотыг манай эрний өмнөх 159 онд Эртний Гэрэгийн хаан Пергам Аттолл суурийг нь тавьсан гэж  түүхэнд өгүүлнэ. Манай эрний өмнөх 133 онд хотыг Римчүүд эзлэж, эзэн хааны өвлийн ордноор удаан жил байжээ. Хожмоо Византийн эрхшээлд орж явжээ. 1423 онд хотыг туркийн османчууд эрхшээлдээ авснаар өнөөгийн харьяалал эхэлсэн байдаг. Анталья хотын цаг уур нь
газрын дундат тэнгисийн дулаан, хуурай, өвөлдөө голлон борооны улиралтай байна. Хүн амын хувьд 900 гаруй мянга бөгөөд аялал жуулчлалын оргил үед сая хол гардаг ажээ.

Минарет Йивли — “Анталья хотын нэрийн хуудас” болон сүндэрлэж байна.
Минарет Йивли нь 1230 онд баригдаж, 1373 онд бүрэн засварлаж шинэчилсэн байдаг.
 Минарет Йивли нь 1219-1237 онд эрх барьж байсан султан Ала-ад-дин Кеи Кубад  барьсан гэх бөгөөд энэ нь Анталья дахь исламын соёлын архитектурын  эртний сонгодог жишээ юм.  Минарет Йивли нь хотын хаанаас ч гэсэн харагддаг байгууламж байна лээ.
“Гэр бүл бол шашин, уламжлал, орчин цагийн үнэт зүйл болох нь”  сэдвээр явуулж байгаа  хуралд монгол улсаас Удирдлагын Академийн хөтөлбөрийн болон тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор  С. Зульфикар, Улаанбаатар их сургуулийн профессор, гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор Т. Намжил,  Монгол дахь Туркийн “ Emphaty”  компанийн захирал, ноён  Нэжмэттин Аталай   болон үүнийг бичигч миний бие гэсэн багийн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

 “Гэр бүл бол шашин, уламжлал, орчин цагийн үнэт зүйл болох нь” сэдвээр явуулж байгаа энэ олон улсын бага хуралд дэлхийн 50 орны судлаач, эрдэмтэд, тухайн салбарын мэргэжилтэнгүүд оролцлоо. Хурал зохион байгуулж байгаа ерөнхий жаягыг харахад нэгдсэн хуралдаан, салбар хуралдаан гэсэн уламжлалт хоёр бүтцийг хадгалахын зэрэгцээ салбар хуралдааны дэг нь Илтгэл, илтгэл дагалдсан  албан ёсны шүүмж буюу тухайн илтгэлийг дэлгэрүүлсэн хавсралт илтгэл, эцэст нь тухайн (өдөр)  төлөвлөсөн нийт илтгэл, хэлэлцүүлэгтэй холбоотой өргөн хүрээний (нийт оролцогчдын) санал, мэтгэлцээн гэсэн эрэмбээр явагдаж байлаа. салбар хуралдааныг ийм дэгээр явуулахад хуралд оролцогчдын анхаарал тодорхой асуудалд төвлөрөх, санаа бодлоо цэгцтэй , бүтээлч илэрхийлэх боломжтой санагдаж байлаа.   Энэ хурал турк, англи, орос гурван хэлээр зэрэг орчуулгаар явагдаж байсан бөгөөд англи хэлний зэрэгцсэн орчуулагчид тун чамбай, оноолт, илэрхийлэлт сайтай байна уу даа гэж бодогдсон шүү.
 “Гэр бүл бол шашин, уламжлал, орчин цагийн үнэт зүйл болох нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь  гурван салбар хуралдаанаар асуудлыг багцлан хэлэлцэж байлаа. Хуралд хэлэцэж байгаа асуудлуудыг оролцогч, судлаачийн нүдээр харахад  илтгэлүүдийн агуулгаар нь  хэд хэд ангилж харж болмоор санагдаж байлаа. Хуралаар хэлэлцэж байгаа нэг чухал сэдэв бол гэр бүл, шашины хоорондын хамаарал, үүргийн хуваарьлалт, тухайн улсын гэр бүлд шашины үзүүлэх нөлөө (AnWar Aalam, Phyllis Ghim-Lian Chew,Saffet Kose, paul Weller) зэрэг олон асуудлыг тал бүрээс нь олон тайлбар,  үндэслэгээтэйгээр хэлэлцэж байсан бөгөөд тэдний нотолгоо нь   шашины зан үйлийн зөв хандлага, мөрдлөгө нь гэр бүлийг бэхжүүлэх, хамгаалах, ахмад үедээ тавих халамж, нөхөн үржихүйн эерэг нөлөөтэй болохыг дурдаж байсантай санал нийлэхгүй байхын аргагүй байлаа. Харин тус хурал дээр гэр бүл,  шашины асуудлаар  бидний баримтлаж байсан хандлага бол монголын хувьд гэр бүлийн шашин гэх ойлголтоос илүүтэй гэр бүлийн уламжлалт (заавал шашины бус) зан үйлийг сахих мөрдөх, хадгалах, зөв хэвшүүлэх явдал гэж үзэж байсан болно.
Хуралд оролцогчдын анхаарлын төвд байсан бас нэг чухал асуудал болох орчин цагийн гэр бүл, гэр бүлийн бүтэц ( vanda Birute Ginevicie, R.B.Ribakov ), гэр бүлийн талаар төрөөс барих бодлого (Kezban Hatemi, Li Shuzhen, Elena Zamfir),  гэр бүлийн үнэт зүйл, соёл (Kabakova Marya,H.Kamil Yilmaz), гэрлэлт,  гэр бүлийн харилцаанд гарч байгаа өөрчлөлт (Roderic Beaujot, Priscilla W.Kariuki, ) орон тус бүр дээр ялгаатай бөгөөд бас нийтлэг байхыг илтгэлүүдээс сонсож байлаа. Илтгэгч нарын нотлож байгаагаар бол төрөөс гэр бүлийн талаар тавих бодлого жигд биш, тогтворгүй, гэр бүлийн хэв шинж, гишүүдийн нийтлэг ашигт үйлчилж чадахгүй байгаа  бололтой. Хурал дээр хамгийн их анхаарал татсан асуудал бол гэр бүлийн харилцааны хэвийн явцад (гол төлөв сөрөг)  нөлөөлөх хүчин зүйлс болох хүчирхийлэл, эцэг эхийн эрх хэмжээ, үүрэг хариуцлага, тэдгээрийг зохицуулах арга боломжийн талаарх илтгэлүүд байлаа. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд автах, гэрлэлтийн нас, боломж зөрчигдөх,энэ талаар дорвитой ажил нүдэнд харагдахгүй байгаа талаар нэгдсэн болон салбар хуралдаанд хурцаар яригдаж байсаныг хэлэх хэрэгтэй байх. Хуралд олон орны номт мэргэд ихээхэн ач холбогдол өгч ирж оролцож байгаа нь хуралын илтгэгчид, оролцогчдын бүрэлдэхүүнээс харагдаж байлаа. Харин манай Т.Намжил профессор Азийн тухайлбал Хятад, Солонгос, Япон зэрэг гэр бүлийн өвөрмөц уламжлалтай орноос мэргэжлийн нэр хүнд бүхий судлаач,  эрдэмтэд оролцсонгүй гээд жаал сэтгэл дундуур харагдсан. Бодвол монгол, солонгос, японы гэр бүлийн харьцуулсан судалгаа олон жил хийсэн манай буурал эрдэмтэний танилууд нь, үе зинданыхан нь үзэгдсэнгүй юу даа.
Энэ хурлаас гэр бүлийн шашин, уламжлал, эрин цагийн үнэт зүйл, үнэлэмжийг бэхжүүлэх, хадгалах, хөгжүүлэх талаар дэлхийн нийтэд хандсан тунхаглал гаргалаа.
 (Үргэлжлүүлнэ.)



No comments:

Post a Comment