Tuesday, January 11, 2011

Cultural shock буюу соёлын балмагдал

                                                Эх орноосоо алсад зочлох,  аялах, удаан хугацаагаар оршин суухад хүн бүрийн учрах, мэдрэх нэгэн бэрхшээл бол олон хэлнээ Cultural shock  хэмээн орчуулгагүйгээр ярьж, бичиж хэвшсэн үзэгдэл байдаг. Эх орноосоо алсад олон жил болсон хүн нутагтаа эргэж ирээд бас л энэ саадыг даван туулах болдог.
Ийм болохоор
уншиж мэдсэн мэдээлэл, сурвалжийн хүрээ, чамгүй жил гадаадад ирж, очин, оршин сууж байсан биет мэдрэмж дээрээ суурилан  нийгмийн энэ үзэгдлийн талаар дахин өгүүлж, харьд одож буй нэгэн үе, хариас гэртээ ирж байгаа нутаг нэгтэндээ нэлээд дэлгэрэнгүй  бичиж байна.
Ажил хэргийн харилцаа нэг улс орны хүрээнд байхаа аль хэдийн больж, улс, үндэстэн, тив дэлхий дамнасан шинжтэй болж байна.  Улс орон бүр өөрийн соёл, хэл, уламжлал, заншил,  харилцааны онцлогтой   хийгээд , түүнийг тээгч, хадгалагч, дамжуулагч нь хүн болой. Алба, амины хэргээр хилийн дээс алхаж байгаа хүн нэвтэрч байгаа орчин, соёлын дунд барьц алдах,   балмагдах, шантрах, эсвэл  урам зориг орох, амжилт гаргах, өөрийн унаган соёлтой ижил төвшинд зохицон дасах нь бий. Тэгэхлээр гадаадад амьдарч,  ажиллаж байгаа, ажил хэргээр түр зорчиж байгаа хүн бүрт заавал тохиох, даван туулах нэг онцгой үзэгдэл бол шинэ орчинд орж, сэтгэл зүйн хувьд балмагдах явдал юм. Үүнийг англиар  cultural shock гэдэг. Энэ нь хүн гадаад орчныг, юуны өмнө дотоод сэтгэлээрээ мэдэрч, гайхаж шагшиж, түгшин баярлаж,  бас барьц алдаж, магадгүй ганцаардаж, уугуул хүмүүстэй чөлөөтөй харьцаж чадахгүй байгаадаа урам хугарч, сэтгэл санаа тогтворгүйтэж, эх нутаг, элгэн саднаа санагалзах нэгэн зурвас үе юм.
Соёлын ялгаатай байдлыг амьдрах орчноо сольсон хүн бүр өртөх бөгөөд энэ нь хэдийгээр харилцааны  болон дасан зохицихуйн багагүй бэрхшээл учруулдаг хэдий ч хүний өсөх, хөгжих,шинэ боломж олж авах, эрч хүчээ дайчлах, бүтээлчээр хэрэглэх шинэ бололцоог бий болгож байдаг сэтгэл зүйн эерэг ойлголт юм.  Аливаа улс үндэстэн өөрийн гэсэн соёлтой байдгийг дээр хэлсэн билээ. Хүн амьдарч ажилллах орчин нөхцлөө солиход ахуйн орчноос гадна сэтгэлзүйн хүчтэй өөрчлөлтөнд нэрвэгдэнэ. Сэтгэл зүйн энэ өөрчлөлтийг социологч, угсаатны зүйч Карл Оберг 1960аад онд анхлан бичиж, дээрх нэр томьёог  хэрэглэжээ.
Соёлын ялгаатай байдлыг ойлгохын тулд  соёл гэж юу  болох,олон соёлын хооронд ямар ялгаа байдгийг мэдэх нь зүйд нийцнэ. Соёл гэдэг бол түүхэн хувьсалын үйл явцад бидний бүтээсэн, бүтээж байгаа хүний  амьдралын үйл ажиллагааны хэлбэрийн нэгтгэн эрэмблэж хэлбэржүүлсэн ойлголт юм.  Соёл бол ёс суртахууны, ёс зүйн, материалын үнэт зүйл төдийгүй мэдлэг, чадвар, уламжлал, зан заншил мөн.Соёл гэдэг ойлголтоор түүхэн тодорхой үеийг ч (дундат зууны соёл, орчин цагын соёл), бас ард түмнийг (монголчуудын соёл) нэрлэх нь бий. Соёл бас хүний үйл ажиллагаатай холбогдон улс төрийн соёл, уран сайханы соёл гэж мэтээр нэрлэгддэг. Тэгэхлээр соёл бол хүн төрлөхтөний түүхэн хөгжлийн  төвшин бөгөөд, зарим судлаачдын хэлэх дуртайгаар бол соёл хүнийг адгууснаас ялгах гол шинж гэнэ.Соёлын бас нэг хэлэх ёстой онцлог бол хувь хүний оюун ухаан хийгээд ёс суртахууны хөгжлийн төвшин юм.
Гадаадын соёлын хүрээлэлд байгаа хүний  харилцааны явцад соёлын ялгаа тод мэдрэгддэгийн учир бол  тухайн соёлын хүрээлэлд орсон хүн  бусдын хөдөлгөөн, ааш, аягийг өөрийн соёлын “толь бичиг” ашиглан тайлбарлаж ойлгохыг оролддогтой холбоотой.
Соёлын ялгаанаас үүдэх балмагдал нь зүй ёсны үзэгдэл бөгөөд тухайн улс орны амьдрал, соёлын тухай өмнөх ойлголт, төсөөлөл бодит байдлаас зөрөх үед  үүсдэг,  шинэ нөхцөл байдалд дасан зохицоход зайлшгүй дамжих үе шат,  үйл явц мөн. Ер нь ялгаатай соёлын  үед  хүн  учраа олохгүй  барьц алдаж  балмагдах нь улс, үндэстэн бүрийн харилцааны өвөрмөц онцлогтой холбоотой. Энэ нь харилцагчид бие биенээ хүлээн авах, мэдрэх чадвар, мөрдөж ирсэн амьдралын хэв маягаа өөрчлөх, бусдыг өөртөө татах чадвар зэргээс хамаарна. Харилцаа нь аман буюу аман бус гэж байна.  Аман бус харилцаа нь өгүүлэх аялга, сэтгэл хөдлөл, аялга үгс, харц, дохио зангаа, биеийн байрлал, нүүр царайны хувирал, аман бус харилцааны илрэл болох үйлдлүүд олон cоёлд суралцахад хамгийн чухал үүрэгтэй. Ер нь харилцааны 40-70 хувийг аман бус харилцаа эзэлдэг бөгөөд хүртэж мэдээлэх эх үүсвэрийн 7 хувийг үгээр, 38 хувийг ярих аялгаар, 55 хувийг нүүр царайн хувирлаар илэрхийлдэг гэж судлаачид тогтоосон байдаг. Харилцагчийнхаа яриаг дэмжихэд санаа алдах, уулга алдах, инээх, хоолой засах, зогсоц хэрэглэх нь ярианы үр дүнд нөлөөлж, сэтгэл хөдлөлийн эерэг таашаал үүсгэдэг. Ийм болохоор харилцааны аман бус хэрэглэгдэхүүнийг олон соёлын нөхцөлд хэрэглэхдээ тухайн газар нутаг, үндэстэнд мөрдөгддөг хэм хэмжээг нь сайтар мэдсэн байх учиртай нь монголынхоор бол “усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгтэй агаар нэг юм.
Гадаад оронд олон соёлы хүрээнд  болж байгаа   харилцааны явцад  соёлын зөрөө үүсч болох долоон хэмжигдэхүүн байдгийг судлаачид нэгэнт нотлосон байдаг. Энэ нь цаг хугацаа, орон зай, түншлэл, гэрээ хэлэлцээр, эд агуурс, билэгдэл, ёс горим юм.
Цаг хугацаа. Соёлын (тэр тусмаа олон соёлын) хүрээнд цаг хугацааг хоёр янзаар ойлгож болно.Нэгд , энэ бол ирээдүйд  тэмүүлсэн, үндэстэн бүрт бараг ижил байдаг ойлголт бол, хоёр дах нь цаг хугацааг үндэстэн бүр өөр, өөрөөр ойлгож тайлбарлах  явдал. Америк мэтийн оронд гэхэд цаг хугацааг ягштал барих, цагыг үнэт зүйл гэж үзэх, түүнийг төлөвлөж, үрж, хэмнэж, алдаж, худалдан авч болно гэж  зэргээр цагын  өнөөгийн болoн хэт баримжаалал илүү суусан байдаг.  Зарим оронд цагыг зөвхөн төлөвлөх хэрэгслэл мэтээр ойлгож, цагыг өөрийнх нь хэмнэлээр ашиглах биш, тухайн хүн боломжоороо тэр цаг дотор ажиллах эрмэлзэл байдаг. Ийм соёлыг цагын одоо, өнгөрсөний түлхүү баримжаатай гэж хэлж болно.  Монголын тухайд  ч цаг барьдаггүй, бүхнийг хойш тавьдаг, маргааш руу түлхдэг гэх шууд санаа орос “ах” нарын ч, одоогийн “ах” нарын ч амнаас сонсогддог. Ажлыг хойш тавьдаг, цагын үнэ цэнийг мэддэггүй, цагыг өөрийн үйлдэлдээ захируулахыг чармайдаг нь орчин цагт алдагдалтай, гарзтай үр дүнгүй зан үйл мөн. Гэхдээ манай зарим  судлаачид монголчууд цагыг нар, сараар хэмжиж, үүдэн, хоймороор  баримжаалж ирсэн нь өөрийгөө аливаа стрессээс хамгаалах, сэтгэл санаа тайван, амгалан байх эерэг явдал гэх нь бий. Ямартай ч цагийг хүндэтгэх, дагаж мөрдөж сурах нь юугаар ч хэмжигдэмгүй үнэ цэнэ байж болох юм. Аливаа албан харилцааны үеэр соёл бүрийн цаг хугацаанд хандах байдал тод илэрдэг.Америкчуудын аливад нухацтай бэлтгэж, бэлэн хариулттай байж, асуудлыг хурдан, түс тас шийдэх эрмэлзэл бусад харилцагчийн цухалыг хүргэж, шийдлийг түргэвчилснээр асуудлын ач холбогдлыг бууруулж байгаа сэтгэгдэл төрүүлж болдог.Америкчуудын асуудлыг хурдан шийдэх гэсэн шаргуу байдал япон мэтийн Азийн орнуудыг барьц алдуулах жишээтэй. Нэг улсад цаг хугацаа алдсан утгагүй зүйл мэтээр харагдаж, ойлгогдох байдал, нөгөө улсад үйл явдлын ердийн өрнөл байдлаар ойлгогдоно.  Америкийн соёлд албан уулзалтыг 5 минут саатуулах нь албан зан үйлийн хэм хэмжээг зөрчиж байгаа хэрэг бол Арабын орнуудад нэг цаг хожимдох нь ердийн хэрэг, гол нь уулзсан чухал үйл явдал байдаг. Америкчууд өөрсдөө бусад улс оронд байнга яарсан, найрсаг биш, итгэл хүлээхгүй, хурдан түргэн зантай болж харагддаг болохоор ,заримдаа тэвчээртэй хүлээх, эцсийн хугацааг шахахгүй байж сурах хэрэгтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бий. Цаг хугацааг бас бүтээгдэхүүн гэж ч хэлж болно. Энэ олон хурдан, түргэн хоолны газар, гэрийн гал зуухны ажил хөнгөвчлөх төхөөрөмжүүд, хагас бэлэн бутээгдэхүүн бүхэн цаг хэмнэж байгаа юм.  ер нь хэлэхэд, монгол хоол бэлтгэх нь асар их цаг шаарддаг, нэг биш хэд хэдэн хүний цагын алдагдлаар бэлэн болдог нь гадаад гал зуух, хоол бэлтгэл, зочин гийчин дайлж, цайлах үед харагддаг.
Орон зай. Олон соёлын нөхцөлд орон зайг бас хоёр янзаар ойлгоно. Нэгд, америкийн болон бусад орны ажлын байрны орон талбайн хэмжээ, хуваарьлалт,эзэмшил биднийхээс арай өөр. Америкад нийтдээ талбай их,  ажлын байр уудам цэлгэр байх нь давамгайлж байхад , япон мэтийн  зай хэмнэх, бага зайд ихийг багтаах эрмэлзэлтэй оронд ажлын байрны төхөөрөмжлөл арай өөр, зай хэмнэх зарчим барьсан байх жишээтэй.япончуудын ажлын байр хэрхэн хэмнэж ажилладагийн жишээ бол  IBM Japan компани юм. Хэвлэлд бичсэнээр тэднийх 5000 ажилтандаа 4300 ширээтэй байдаг бөгөөд 700 ажилтанаа гадагшаа гэрээ хэлэлцээр хийхээр явсан байхаар тооцдог байна.  Худалдааны төлөөлөгч ажилдаа ирэхдээ  ямар ширээ сул байгааг компьютер дээрээ шалгаад, хадгаламжнаас бичиг цаасаа аваад сул ширээ рүү очдог байна. Явахдаа бүх материалаа цэгцлэн, хадгаламжид  хийн, ширээгээ суллаж үлдээдэг аж.
Орон зай ашиглах хоёр дах чиглэл бол бие хүний хувийн орон зай юм. Албан болон хувийн харилцаа нь хоёр талыг тодорхой орон зайд харилцахыг шаардана. Өөрөөр хэлбэл  бидаливаа харилцаа г тогтсон зайн хязгаар барьж хэрэгжүүлэхийг шаарддаг. Алан  Пийз мэтийн судлаачид аливаа харилцааны хэрэгжих орон зайг  хэт ойрын, албан, нийтийн, олон нийтийн гэж 4 хувааж авч үзсэн байдаг.  Америкад албан харилцаа 1,5см-аас- 3,5 м-ийн зайд болдог.Бас улс бүр энэ орон зайд өөр, өөрөөр хандана. Азийн чиглэлийн улс оронд харилцагчдаа аль болох ойр байж, найрсаг, дотно байгаагаа харуулахыг эрмэлздэг бол, Америк, европын орнуудад  хоорондын зайгаа хатуу барихыг хичээж байгаа нь харагддаг. Нэгэн судалгаанд дурдсанаар,  америк,aзийн хоёр хүн олон улсын хурлын завсарлагаар ярилцах байгааг бичлэг хийгээд,  дараа нь шинжилгээ хийж үзэхэд америк хүн нь зугтаад, нөгөө хүн нь  араас нь нэхээд байгаа дүр зураг буусан байна.  Эндээс үүдэн хэлэхэд харилцаанд хил хязгаар, тусгаар тогтнол гэсэн ойлголт бас бий. Аливаа тохиолд хил зөрчиж, тусгаар байдалд халдвал зөрчил үүсч, түүнийг шийдвэрлэх хэрэг гардаг. Тиймд харилцааны явцад хил хязгаараа бариагүй, зөрчсөн, буруу шийдвэр гаргаснаас албан харилцаа үр дүнгүй болох нь элбэг.
Түншлэл. Олон соёлын нөхцөлд  түншлэл нэн чухал хэмжигдэхүүн.  Америкчууд   газар нутаг, нийгмийн нөхцөл байдлаас  хамааран  амархан танилцаж, амархан хөндийрдэг.  Тэд найз нөхөр гэж зүгээр нэг харилцахад тааламжтай, цагыг үр дүнтэй ашиглаж болох  сайн танил байна. Бусад зарим орны хувьд  найзлаж, түншлэх явц илүү нэлээд гүнзгий, гүн үүрэг  хүлээдэг болохоор урт удаан хугацаа шаарддаг. Хошин шог  харилцааг зөөллөхөд , хүнийг ойртуулж нөхөрлөхөд  ашигтай болохыг олон соёл зөвшөөрдөг. Тэгсэн атлаа хошин шог болгон бүх нөхцөлд дүйдэггүй. Хошин шогыг буруу, оновчгүй  хэрэглэх нь өөр нөхцлийг үүсгэдэгийг мартаж болохгүй.Сайн нөхөрлөл, түншлэл гэрээ хэлэлцээр амжилттай байх эрх зүйн үндэснээс ч баталгаатай байж болдог.
Гэрээ, хэлэлцээр. Олон соёлын бас нэг чухал хэсэг бол гэрээ хэлэлцээрийн үеийн ялгаа, зааг юм. Гэрээ хэлэлцээр хийх явц бол соёлын ялгаа илэрэх нэг тавцан. Гэрээ хэлэлцээрт улс бүр өөр,өөр хандлагатай байна.Энэ онцлогыг мэдэхгүйгээр гадаад түнштэйгээ үр дүнтэй хамтран ажиллах боломж хумигдмал болно. Япон зэрэг оронд гэрээ хэлэлцээрийг бүлгийн өмнөөс, бүлгийн үр ашгийг баримжаалж хийдэг байхад, Хятадад  найрамдал, нөхөрлөлийн үзэл санаа давамгайлдаг.Америкчууд гэрээний дараа гарын үсэг зурдаг байхад, Орос, Грек мэтийн оронд гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах нь гэрээ хэрэгжүүлэх эхлэл гэж ойлгогдох жишээтэй. Америкийн нөхцөлд гэрээ хэлэлцээрийг эрх зүйн  хувьд  зөв, хоёр талын эрх ашиг хангагдсан эсэх талаар  хуульч авах нь хэвийн үзэгдэл байдаг бол, Арабын чиглэлийн орнуудад найдваргүй, үл итгэсэн байдал болж ойлгогддог.
Эд, хөрөнгө. Олон соёлын хүрээнд эд хөрөнгийн үзэл, баримтлал, түүний үнэ цэнэ  чухал. Энэ нь цалин, хөлс, шагнал, бэлэг дурсгал, бэл бинчин, байр, байшинд хандах байдал юм.Зарим улсад эд, хөрөнгийг цалигчладаг байхад зарим газраа оюунлаг талдаа түлхүү анхаарах жишээтэй.Энд анзаарах нэг соёл бол улс бүрт бэлэг дурсгалын зүйлд хандах байдал юм.Зарим оронд бэлэг дурсгалыг байж болох зүйл хэмээн хүсэн хүлээж байдаг бол, зарим газраа авилга мэтээр ойлгох нь ч бий. Бидний хувьд гойд анзаарах зүйл бол ямар бэлгийг ,хэдийд өгөх явдал. Манайхан түншээ хэмжээ томтой, өндөр үнэтэй бэлгээр булах нь тэднийг эвгүй байдалд оруулах нь түгээмэл. Хэдэн жилийн өмнө манай нэг ажил хэрэгч хүн япон түншдээ эхний уулзалтаар том хивс бэлэглэж түншээ эвгүй байдалд оруулж байсныг нүдээр үзсэн хүний амнаас сонсож байсан юм байна. Учир  хэмээвээс япон хүн авсан бэлгийнхээ хэмжээ, үнэтэй дүйсэн бэлэг хариу барьдаг болохоор тэр.  Бидний албаар  байнга  харилцдаг нэгэн америк  түнш маань монголчууд үнэ, цэнэтэй  бэлэг өгөх их дуртай юм, тийм юм хэрэггүй гэж хэлж өгөөрэй гэж хүсч байсныг санаж байна. Америкчүүд бэлгээ голцуу боож, уут саванд хийж өгнө, бэлэг аваад заавал нүдэн дээр нь задлаж өөрөө болон бэлэг өгсөн  хүндээ баяр баясгалан хариу бэлэглэнэ. Бэлгийн бас нэг өвөрмөц хэлбэр энэ.
Билэгдэл.  Аливаа үндэстэн бүр өөр, өөрийн билэгдэл, тэмдэг, тэмдэглээстэй болохоор олон соёлд билэгдэл их чухал үүрэгтэй. Аман харилцааг дагалдан болон бие дааж утга илэрхийлэх билэгдэлийг буруу тайлж уншсанаас нөхцөл байдлыг мэдрэхгүй байх,үл ойлголцох  нь  харилцааны үр дүнд сөргөөр нөлөөлж, заримдаа бүр тасалдуулахад, дахиж сэргэхээргүй ноцтой үр дагаварт хүргэх  улмаар соёлын ялгаанаас үүдэлтэй бэрхшээл гардаг. Харилцааны агуулгыг үгээр илэрхийлдэг бол сэтгэл хөдлөлийн хүрээг аман бус хэрэглэгдэхүүн буюу билэгдлүүд илэрхийлнэ.Эдгээрээс зарим нь гар барьж мэндчилэх гэх мэт улс бүрт түгээмэл тархаж байдаг бол зарим дохио зангаа билэгдэл улс бүрт өөр өөр санааг илэрхийлэх жишээтэй. МК Дональдс компани цоглог (Америк маягийн) инээмсэглэлийг өөрийн бүтээгдэхүүний илэрхийлэл гэж үздэгийг бид мэднэ. Энэ ч утгаараа 1990-ээд онд МК Дональдс компани Москвагийн төвд салбараа нээж менежментээ тодорхойлохдоо ажилчдыг үйлчлүүлэгчээ хүндэтгэн нүүр дүүрэн инээж угтахад сургасан байдаг. Гэтэл Оросын ёс заншилд огтоос танихгүй хүн рүү шууд инээж (тэр тусмаа залуухан эмэгтэй) хандах нь энэ хүний харилцаа нэг л хуурамч өнгөц байгаа сэтгэгдэл төрүүлж, хуурамч инээмсэглэл байна гэж ойлгогддог. Иймд тус компани оросын нутаг дэвсгэрт энэ аргыг хэрэглэх эсэхийг нээлттэй үлдээж байсан гэдэг. Нэг төрлийн дохио улс гүрэн бүрт өөр өөр утгатай байхыг ч анзаарахад илүүдэхгүй. Тухайлбал Америкт алдартай Окей гэж эрхий долоовор хуруугаа цагираглуулан нийлүүлж харуулдаг билэгдэл Япон улсад мөнгө, Францад тэг, Латин Америкийн улсуудад доромжлон гутаасан утга илэрхийлэх жишээтэй.
Олон соёлд суралцан дасан зохицоход нүүрийн илэрхийлэл, харц ч багагүй үүрэгтэй. Нүүр царайны илэрхийлэл өгүүлэгчийн санааны баталгаа, эсвэл үгүйсгэл болохыг шууд харуулна. Итгэл үнэмшилтэй яриа, түүнийг дагалдан зохицсон нүүр царайны илэрхийлэл ажил хэргийн яриа хэлэлцээрт эерэг үр дүнг бүрдүүлнэ. Харин гөлөлзсөн, тогтворгүй, шал ширтсэн харц уг хүний дотоод сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болохын хувьд ажил хэрэг, яриа хэлэлцээрт сөрөг нөлөөлнө. Ер нь харилцагч руугаа эгц ширтэн ярих нь Америк маягийн харилцаанд тооцогддог бол энэ нь Ази чиглэлийн хүмүүст төдийлөн эерэг сэтгэгдэл төрүүлдэггүй байх жишээтэй.
ёс горим  бол хүмүүсийн нийгмийн хүрээлэлд өөрийгөө авч явах нэгэн зүйлийн соёл юм.Албан ажил дээрээ, найз нөхдийн дунд, олны дотор үндэстэн бүрийн төлөөлөгчид бие өөр, өөрөөр авч явах бөгөөд, түүнийг нь бусад үндэстний төлөөлөгчид өөрийн соёлын тайлалаар ойлгож, хариу үйлдэл үзүүлдэг байна.Жишээлэхэд Азийн орнуудад хүүхдийн толгой илэх, энхрийлэх нь ердийн үзэгдэл байдаг бол америк гэр бүлд байж боломгүй. Олны дотор хөлөө ачиж суух, ташаа тулах,нуруугаа үүрэх,халаасандаа гараа  хийх, бохь зажлах, гараа элгэндээ авах, буруу харж зогсох,нүдний шилээ гартаа  бариад зааж ярих энэ бүхэн орон бүрт өөрийн гэсэн тайлбартай байх бөгөөд түүнийг зөв тайлж унших нь бас нэгэн харилцааны урлаг, тухайн орны соёлын талаарх мэдлэгийн илрэл мөн. харилцааны явцад эдгээр  хөдөлгөөний эвслийг зохиомолоор, онохгүй хэрэглэх , бусдынхыг буруу тайлж унших аль, аль нь сөрөг нөлөөтэй.

No comments:

Post a Comment