Tuesday, February 15, 2011

Америкийн монгол судлал ын хөгжлийн шинэ үе эхэлж байна.

Индианагийн Их сургуулийн  дэргэдэх Монгол нийгэмлэг энэ жил 50 нас хүрч байгааг энэ их сургууль, энэ нийгэмлэгтэй сургалт, судалгааны ажлын холбоотой байдаг бүх хүн мэдэж байгаа. Энэ талаар тодруулахаар тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, хатагтай Сюзи Дросттой уулзаж  ярилцсан юм.
-Та манай уншигчдад Монгол нийгэмлэгээ танилцуулна уу.Танай нийгэмлэг ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
-Монгол нийгэмлэг 1961 онд  монголын түүх, хэл, соёлын судалгааг  дэмжих зорилготойгоор  байгуулагдсан, хувийн, ашгийн бус, улс төрөөс ангид байгууллага. Индианагийн Их сургууль бол Америкт байгаа монгол судлалаар боловсролын зэрэг олгодог  гол Их сургууль болохоор манай нийгэмлэг 1963 оноос эхлэн энэ их сургууль дээр  байрлаж байгаа юм. Монгол нийгэмлэг монгол судлалаар  Journal of The Mongolia Society сэтгүүл, Mongolia Survey сонин тогтмол гаргахаас гадна  уламжлалт монгол бичиг болон түүнд хамаатай хэлнүүд дээрх ховор ном зохиолыг дахин хэвлэдэг тусгай хэвлэл , монгол хэлнээс англи орчуулсан ховор ном бүтээлийн эмхэтгэл болох  цаг үеийн хэвлэлтэй. Бас нийгэмлэг маань чухал хэрэгцээтэй толь бичгүүдийг хэвлэх болон дахин хэвлэж нийтийн хүртээл болгодог. Монгол хэл, соёл судлаж байгаа гадаад оюутаны хувьд монголд хэвлэгдсэн эх сурвалж, ном, бүтээлийг судалгааны эх сурвалж, хэлний хэрэглэгдэхүүн болгон  олж ашиглахад  нэн их бэрхшээл тулгардагийг шийдвэрлэх зорилгоор тус нийгэмлэг 1975 оноос эхлэн Монгол улс, Өвөр монгол, Буриадаас ном, нэг сэдэвт зохиол, тогтмол хэвлэл, хөгжим, урлагын бүтээлийг нийлүүлэх, хангах ажлыг хийж байна.
Монгол нийгэмлэгийн зорилго, зорилтыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг бие хүн, байгууллага, ивээн тэтгэгчид, номын сангууд хэн ч болов манай байгууллагын гишүүн байж болно.Бид манай  гишүүн хүмүүс, байгууллагад жил бүрийн  тогтмол хэвлэлээ, номын сангуудад   цувралаа үнэ өртөггүй хүргүүлдэг.
Манай нийгэмлэг монгол судлалаар эрдэм шинжилгээний хурал, цуврал лекцүүд ,үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохиодогийн хамгийн томоохон нь манай жил бүр тайлангийн хурлын үеэр болдог арга хэмжээ байдаг.  Америкийн Нэгдсэн Улс, Монгол, Хятад, Япон болон Европод  бидний нэр хүнд өсч, бэхжиж байгаа нь тус нийгэмлэг 50 жилийн хугацаанд монголын эрт, эдүүгээгийн мэдээлийн төв болж ирсний тод илэрхийлэл. (Дэлгэрүүлэн манай  www.mongoliasociety.org хаягаар орж үзнэ үү.)
-Монгол нийгэмлэгийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа .Ойгоо угтан ямар ажил хийж байна? Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
- Манай нийгэмлэгийн 2011 оны уламжлалт тайлангийн болон эрдэм шинжилгээ, судалгааны хурал энэ 50 жилийн ойд зориулагдана.Энэхүү ойн хурал маань Олон Улсын Алтай судлалын байнгын  хурал (товчлол нь PIAC)-тай  хамтран 2011 оны зургадугаар сарын 10-14-ны өдрүүдэд  Индианагийн  Их сургуулийн Блүүмингтон дахь оюутны хотхонд болно. Монгол нийгэмлэгийн  ээлжит бага хурал 2011 оны долоодугаар сарын 10-ны өдрийн Ням гаригт нээгдэнэ. Мөн өдрийн орой  Монгол Нийгэмлэг Олон улсын Алтай судлалын байнгын хурал (PIAC)-тай хамтаран  хүндэтгэлийн  зоог барина. Ням гаригаас Лхагва  гаригуудад салбар хуралдаан үргэлжлэн хуралдах бөгөөд , Пүрэв гаригт зочдод зориулсан танилцах аялал зохион байгуулна. Монгол судлалаар  сүүлийн 50 жилд  хийж ирсэн судалгааны ажлын  чиглэлээр илтгэл сонгон шалгаруулж, шалгарсан судлаачдад манай хуралд оролцох урилга илгээхээр сэдвээ мэдээллийн хэрэгслэлээр нийтэд зарласан. Манай хурлын зарим илтгэл тус нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Хангиний Гомбожав, ерөнхийлэгч асан Оуэн Латтимор нары гэгээн дурсгалд зориулагдана. Манай судлаачдын  илтгэлд Монгол улс, Өвөр ази, алтай судлалын чиглэлээр олон асуудлууд  зонхилно гэж найдаж байгаа. Манай хуралд оролцохоор материалаа ирүүлэх судлаач манай нийгэмлэгийн гишүүн байхаас гадна 300- гаас илүүгүй үгэнд багтсан судалгааны  тодорхой чиглэлийг хамарсан илтгэлийн товчлолоо энэ оны 3 дугаар сарын нэгний дотор ирүүлнэ. Түүнчлэн бид монголын холбогдолтой уран сайханы болон баримтат кино бичлэг хүлээж авна. Мэдээж эдгээр бүтээлүүд англи хэл дээр буюу англи бичгэн тайлбартай байна. Сонгогдсон бүтээлийг 50 жилийн ойн арга хэмжээний үеэр нийтийн хүртээл болгоно.
Хурлын арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Susie Drost, The Mongolia
Society, 322 Goodbody Hall, Indiana University, 1011 E. 3^rd St., Bloomington, IN 47405;
Telephone & Fax number: 812-855-4078; E-Mail: monsoc@indiana.edu
<mailto:monsoc@indiana.edu>; Web: www.mongoliasociety.org хаягаар; зочдод  буудал, байр захиалах талаар  1-800-209-8145  утасаар ярих буюу www.imu.indiana.edu <http://www.imu.indiana.edu> хаягаар орж үзэж болно. Монгол нийгэмлэгийн гишүүний татварын  талаар http://www.mongoliasociety.org/application.htm хаягаас үзэж болно.
- Танай байгууллагын ой монголын наадмын арга хэмжээтэй давхцаж байгаа юм байна. Хамтарсан уламжлалт болон шинэлэг үйл явдлууд болно биз дээ?
- Одоохондоо энэ талаар ярих эрт байна. Мэдээж дөхүүлж байгаад хотынхоо монголчуудын холбоотой ярилцана.  Монголчуудын наадам бол манай нийгэмлэгийн санаачилж оролцдог гол үйл явдал. Тэгэхлээр 50 жилийн ой, наадам хоёр зарим ажлаа хамтатгах байх гэж найдаж байна.

Монгол нийгэмлэгийнхээ 50 жилийн ойн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн Танд их  баярлалаа. Танай ойн арга хэмжээнд гадаад, дотоодын олон судлаачид оролцож, монгол судлалын чиглэлээр сонирхолтой илтгэл сонсоно гэж найдаж байна.
Ярилцсан Пүрэвийн Увш
Индиана. Блүүмингтон хот.

No comments:

Post a Comment