Sunday, February 20, 2011

Киргизстанд гэр бүлийг хамгаалж бэхжүүлэх арга замууд

                                                                                            

2010 оны 11 дүгээр сард   Турк улсад  гэр бүл, орчин үе,уламжлал, шинэчлэлийн чиглэлээр  болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр нэгэн эрхэмтэй танилцсан нь Киргиз улсын эрдэмтэн А.Цой байлаа. Орос, киргиз, турк, солонгос,англи хэлээр судалгааны ажлын түвшинд харилцаж байсан түүнтэй хурлын болон чөлөөт цагаар чамгүй хамтдаа байж, хол ойрын сураг, хотлыг догдлуулсан асуудлууд, түүний дотор  улс үндэстний гэр  бүлийн  талаарх сэтгэгдлүүд гээд ярьж, хэлэлцээгүй сэдэв ховорхон байж билээ.   Хэл шинжлэлийн болон түүхийн  ухааны доктор, дэд профессор А.Цой Киргизийн  Олон улсын  «Ататюрк-Алатоо» Их сургуульд судалгааны ажил хийж,  Оросын Холбооны улс болон Еврропын орнуудад олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож байна.
Энэ удаад түүний гэр бүлийн чиглэлээр  бичсэн нэгэн  сонирхолтой бичил өгүүллийг та бүхэнд толилуулж байна.   
                    
Аливаа улс үндэстний  оршин тогтнохуйн цөм  бол гэр бүл байдаг. Нийгмийн гишүүн хэн ч болов  нийгмийн харьяалал, угсаатны хэв шинж, эд агуурсын болон соёлын хэмжээнээс  хамааралтай байхын зэрэгцээ төрөхөөс  насан элтлээ гэр бүлд аж төрөх, түүнийг эрхлэх эрх заяамал байдаг.
Социологчдын судалгаанаас харахад Зөвлөлт Холбоот улсад (хуучин нэрээр) дайны дараах 40-80-аад оны үед гэр бүлд хүүхдийн сайн сайхан, саруул ирээдүйд чиглэсэн, тогтвортой гэр бүлтэй байх гэсэн төрийн бодлого бүхий хүүхэд төвтэй гэр бүл зонхилж байсан бол 80-90 оны зурвас үед эхнэр, нөхрийн  тэгш  харилцаанд суурилсан гэр бүлийн шинэ  хэв маяг гарч, бат бөх байдал нь зөвхөн тэдний харилцааны чанар, хандлагаас хамаарч байлаа.
Зөвлөлт Холбоот улс задарч бие даасан шинэ, шинэ улсууд зах зээлийн шинэ харилцаанд шилжсэнээр гэр бүл дэх эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь ихээхэн өөрчлөгдсөн билээ. Эдийн засгийн хувьд харьцангуй бие даасан, нийгмийн идэвх, оролцоо өндөржсөн эмэгтэйчүүдийн цоо шинэ хэсэг бий болсоноор гэр бүлийн  хосуудын шинэ хэлбэр  бий болсон билээ. Цаашдаа эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь өөрчлөгдөж ирэхэд албан ёсоор хуулийн хэмжээнд бий болж, бүртгэгдээгүй иргэний гэх гэр бүлийн хэлбэр бий болсон юм.
Сүүлийн 20 жилийн хувьд гэвэл гэр бүлийн хүмүүжил задарсан он жилүүд байлаа гэж хэлж болно.  Улс орны эдийн  засгийн таагүй байдлаас үүдэн олон гэр бүл ажил, амьдрах таатай орчны эрэлд улс дамжин дайжин тэнүүчилэх болж, хүүхдүүд нь эмээ, өвөө, ахан дүүс дээрээ үлдэх боллоо. Хуучин бидний  бүтэн гэж хэлж байсан гэр бүлд задрал үүсч хагас, заримдаг  гэр бүлийн тоо өслөө. Гэр бүл бол хүүхдийн сэтгэц, бие бялдар,оюун санааны хөгжил бүрэлдэж бий болох орчин билээ.Өөрийн унаган  эцэг эхийнхээ хайр халамжаас зохиомолоор таслагдсан хүүхдийн тухайд гэр бүлд төлөвшдөг хамгийн наад захын дадал чадвар бүрддэггүй бөгөөд энэ нь цаашдаа гэр бүл болон нийгэмд хамтын харилцаанд орох, түүний үнэ цэнийг ойлгох, удирдах, чиглүүлэхад бэлэн бус байна гэсэн үг. Улмаар гэр бүлийн бат бэх байх ёстой суурь ганхаж, гэр бүлийн  гишүүдийн хоорондын  гэр бүр дотор болон түүнээс гадуурх зөрөлдөөн, тохь тавгүй байдал эрчимжиж тогтворжиж ирдэг.
Ийнхүү гэр бүлийн бүтцэд ч ноцтой өөрчлөлтүүд гарч байна. Нэг хүн  хэд хэдэн хүнтэй гэр бүлийн харилцаанд тогтвортой  орж, полигам гэр бүлүүд өсч байна. Ийм хандлага гэр бүлийн эрэгтэй гишүүний дунд арай тархмал байна. Киргиз улсын хууль тогтоомжид  хүн олон гэр бүлтэй байхыг зөвшөөрсөн , зохицуулсан  хуулийн заалт байдаггүй болохоор ийм үйлдлийн золиос болох эмэгтэйчүүд, хүүхдүүд төр, иргэний нийгмээс нийгэм, эдийн засаг, эрх зүйн  хамгаалалт, тусламж авч чадахгүй болохоор  хамгийн ихээр хохирч байгаа юм. гэр бүлийн үнэт зүйл, уламжлал, зан үйлийн эерэг чанруудыг мэдэхгүй өсч байгаа хүүхдийн тоо улам бүр өссөөр байна. Ядаж байхад сургуулиуд хүүхдийн хүмүүжил гэхээс сүрхий зай барих боллоо.
Эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал,хүний оюун санаа, ёс суртахууны доройтол, гэр бүлийн харилцааны байнгын ангал цав,  бүрэн гэрт байх ёстой хүүхдийн хүмүүжлийн доголдол нийгмийн харилцаанд түгшүүрийн харанга дэлдэж байгаа юм. Тэгэхлээр энэ үйл явцад яг одоо л хараа хяналтаа чиглүүлж, анхаарлын төвдөө авч, дорвитой хөдлөх цаг.
Гэр бүлийн уламжлал, үнэлэмжийг хамгаалж бэхжүүлэх  талаар Киргизд байдал ямар байна вэ?
Давын өмнө хүүхдийн хүмүүжлийг эрхлэх ажлыг  тус улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны шууд удирдлага, санхүүжилтийн дор сургуулиуд хариуцаж, эцэг эх нь түр байхгүй байгаа  хүүхдүдийг эцэг, эхээсээ авах хайрыг нь орлон тэднийг салан задгай, эмх замбраагүй,  гэмт хэргийн золиос болохоос аварч , харин  Киргизийн ирээдүйн бүтээн байгуулагчид  байх үзэл санаагаар хүмүүжүүлэх хэрэгтэй байна.
Хоёрт,гэр бүлийн үнэт зүйл, гэр бүлийг бат бэх байлгах зорилгоо болгосон төр, олон нийтийн байгууллагуудыг бий болгож, үйл ажиллагааг нь холбож, уялдуулж өгмөөр байна.
Гуравт, Киргиз улсын бүтэн болон заримдаг гэр бүлд өрнөж байгаа нийгэм-сэтгэл зүйн зүйн үндсийг, тухайлбал гэрлэлт-гэр бүлийн харилцаа, тэдний үйл ажиллагааны таарамжит байдал, санаа, сэдэл, зан үйлийн онцлог, хамаарал, хэрэгцээ,гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг зэрэг олон асуудлыг социологи, сэтгэл зүй, гүн ухааны салбарын эрдэмтэд нэгдэн иж бүрэн судлаж, өнөөгийн нөхцөл байдалд гэр бүлийн эрхэм ёсон, түүн дотроо боловсрол,  хүмүүжлийн гаргалгааг хүүхэд, насанд хүрэгчдэд цэгцтэй эзэмшүүлэх арга замыг нарийвчлан гаргаж, судалгааны үр дүнг сонирхсон (сонирхох ёстой) төр, олон нийтийн байгууллагын сонорт хүргэх хэрэгтэй байна.
Дөрөвт, улсын Ерөнхийлэгч, засгийн газар, иргэний нийгмүүд, төрийн болон хувийн мэдээллийн хэрэгслүүд гэр бүлийн уламжлалт болон өнөөгийн эерэг хүчин зүйлс, хандлагыг бүрдүүлэх хамтын хөтөлбөртэй болж хэрэгжүүлж эхлэхгүй бол  нийгмийн бичил орчин болох гэр бүлийн чанрыг алдаснаар Киргиз улс сүйрлийн зам руу хальтрахад болохгүй гэх газаргүй болоод байна.
                                          Орос хэлнээс Пүрэвийн Увш орчуулав.

No comments:

Post a Comment