Wednesday, February 23, 2011

КИРСАН ИЛЮМЖИНОВ ГЭЖ ХЭН БЭ?

                          (Хоёрдугаар хэсэг)

                                                                  http://t-naran.blogspot.com/-оос авлаа
- Таны хүрээлэлд зурхайч олон байв уу?
- Энэ зураг дээр Далай ламын Европ дахь оюун санааны төлөөлөгч/духовный представитель/ байна. Орос хэлийг нэг сарын хугацаанд эзэмшээд одоо Новосибирскт лекц уншиж байгаа. Харин энэ бол Төвдийн төрийн оракул.
- Оракул гэж юу юм бэ?
- Бороо орох нь уу, дайн байлдаан болох нь уу гэдгийг Засгийн газрынхаа захиалгаар мэдэж хэлж өгдөг хүн. Онгод нь орох үедээ бие нь хоёр дахин томроно. Дээр нь тавиад кг ачаа тавиад байхад л газраас дээш хөөрөөд байна. Энэ үедээ мэргэ төлгөө хэлнэ. Дуусмагцаа газарт унаж тэндээ хэд хоногоор хэвтэнэ.
- “Уралан” багт Та нэг зурхайч байлгадаг байсан. Хаалгач Филимоновыг зайлуулахыгтэр Танд ятгасан уу?

- Тийм шүү. Надад нэг тийм нөхөр байсан. Одоо ч гэсэн тэр дандаа л зурагтаар гарч байдаг юм.
- Танд хараал хийх гэж байвал Та мэдэрч чадах уу?
- Тэгэлгүй яахав.
- Тэд юу хийдэг юм бол?
- Хар хүч газар сайгүй болжээ. Интернетээс хүний зургийг татаж аваад зүүгээр сэглэнэ. Зарим нь дүрсийг нь гурилаар хийгээд бас л зүүгээр шивнэ. Оршуулгын газарт очиж шинэхэн булшны шорооноос аваад зурган дээр нь цацна. Үүний дараа тэр хүний бие өвдөж, эвгүйрхэж эхэлнэ дээ.
- Тэгэхээр нь яах уу?
- Залбирал хийх хэрэгтэй. Өөрийгөө бүх зүйл ойж харагддаг толин саван дотор байна гэж төсөөлөн бод. Толгой дээрээ зогсох хэрэгтэй. Чам руу муу юм илгээж буй хүний тухай “чамд сайн сайхныг хүсье, чамд аз жаргал хүсье” гэж бодох хэрэгтэй. Би хүүхэд байхаасаа л ямар ч хүнтэй хэрэлдэж муудалцаж үзээгүй. Бизнест ч тэр, улс төрд ч ялгаагүй.
- Таны нөгөө харь гаригийнхны тухай сонсоод зарим хүмүүс шоолж инээлддэг. Алдар нэртэй хүмүүсээс Танд бас иймэрхүү зүйл ярьж байсан тохиолдол бий юү?
- Бий. Жишээ нь, Василий Васильевич Смыслов5 байна. Нэр хүндтэй хүн. Кремльд дэлхийн аваргын тэмцээн нокаут системээр болж байлаа. Хүлээн авалтан дээр Смыслов эхнэр НадеждаАндреевнагийн хамт над руу ирээд тохойноос минь татаж холдуулснаа: “Кирсан Николаевич, миний нүд рүү хар. “Свобода” радиогоор ярихыг тань сонслоо. Та харь гаригийнхантай уулзсан гэж хэлсэн. Та үнэн хэлсэн үү? Үнэн үү, худал уу?” хэмээн тулгав. Би ч: “Үнэн шүү дээ. Надад худал ярих шаардлага байхгүй” гэвэл Смыслов лангуу түшин тонгойгоод: “Наденька минь, би Кирсаныг худал яриагүй гэдгийг мэдэж байсан юм. За одоо зөвшөөрчих л дөө” гэв.
- Юуг тэр вэ?
- Харин би ч гайхаж орхисон. Гэтэл Смыслов: “Би 30 жил дуугүй явлаа. Профессор, дэлхийн аварга хүн солиорчихожгэж хэлүүлэхээс айсан юм” гэсэн. Тэгтэл 1974 онд ВасилийВасильевичхарь гаригийнхантай таарсан юм билээ. Эхнэр нь гэрч. Дэлхийн аваргын төлөө тоглогчийг шалгаруулах тулаанд Хюбнертэй тоглож байгаад өвдчихөж. Өргөө хойшлуулчихаад зочид буудалд орж ирээд гэрлээ ч асааж амжаагүй шахам байтал нэг үл үзэгдэх хүн хойшлуулсан өргийг нь байрлалаар нь өрөөд, цааш нь яаж тоглохыг хэлж эхэлсэн гэнэ. Маргааш нь Смыслов яг тэр хэлж өгснөөр нь нүүгээд хожсон. Нэг хоногийн дараа бүх зүйл дахиад л давтагдсан гэсэн.
- Тэр тухайгаа хэнд ч хэлээгүй хэрэг үү?
- Нэг үе түүний бие ихэд чилээрхэж, удахгүй үхэж магадгүй юм байна гэж бодоод өнөөх явдлын тухай “Наука и религия” сэтгүүлд хэвлүүлэхээр бичиж л дээ. Гэвч удахгүй эдгэрчихээд түүнийгээ санаа нь зовоод явуулаагүй гэсэн. Одоо тэр бичсэн юм нь байдаг эсэхийг мэдэхгүй.
- Харь гаригийнхантай нэг удаа уулзсан тухайгаа л Та их ярьдаг байсан. Тэрнээс хойш дахин тийм юм болоогүй юмуу?
- Та харин сануулчихлаа. Болсон. Нэг удаа Индонез, Филиппин хоёрын дунд нисэж явахдаа тэд дэргэд байгааг мэдэрсэн. Хэдхэн секундын хугацаанд, хоромхон зуур. Нэг л өөр хэмжүүрт орчих шиг болсон. Дэргэд сууж явсан хүмүүст тухайн үед би юу ч хэлээгүй, харин газардсан хойноо хэлсэн. “Яг л усан онгоцон дээр очих шиг” гэж. Тэд хариуд нь: “Дахиад уу?! Бидэнд тэгээд мэнд дамжуулаагүй юу?”.
- Та Саддам Хусейнтэй яаж танилцсан юм бэ?
- 1993ондИракт болсон “Вавилонские ночи” фестивальд би симфони оркестроо явуулж оролцуулаад дараа нь Карповын эсрэг Камскийн тоглолтыг Багдадад зохион байгуулсан юм. Тоглолт болоход би өөрөө тэнд очиж, Саддам Хусейны хүү, Ираны олимпийн хорооны ерөнхийлөгч Удейтэй танилцсан. Төдөлгүй Саддамтай өөртэй нь танилцаж түүний юу бодож, ярьж буйг Оросын удирдлагуудад дамжуулсан. Харин Иракаас би ёстой золоор л амьд гарсан даа.
- Юу гэсэн үг билээ?
- Би Саддамыг зөндөө ятгасан. “Бүх л шалгагчдыг нэвтрэхийг зөвшөөрч байна. Хүссэн болгоноо үзэцгээ, харцгаа! гэсэн мэдэгдлийг шалавхан хийчихээч дээ” гэж.Ирак ямар ч цөмийн зэвсэггүй байсан гэдэг нь одоо бүхэнд ил болсон шүү дээ. Зөвхөн нефть л хэрэгтэй байсан. Америк арав дахин баяжсан. Үүрийн 04.00 цагт Удейтэй хамт Саддамын гэрт очив. Хамгаалалтын албаны дарга, генерал Абель ч ирлээ. Гэтэл гэнэт Москвагаас над руу сансрын холбоогоор: “Наанаасаа түргэн буц. Одоохон бөмбөгдөлт эхлэх гэж байна” гэсэн.
- ТаныгСаддам гаргаж өгсөн үү?
- Нисэх буудал хүргэж өгсөн. Би тэгэхэд нь: “Онгоц бэлэн байна. Хамт нисэх үү?” гэж дахин асуусан. Хэдийгээр бүх зүйл хэрхэн дуусахыг тэр төсөөлж байсан ч гэсэн татгалзсан юм.Жавахарлал Неру Сталинтай уулзсаныхаа дараа түүний тухай “железное воплощение неотвратимого рока” гэж бичсэн байдаг нь өөрийн эрхгүй санаанд минь орж байлаа. Хүн ямар нэгэн логикт захирагдахгүй үйлдэл хийхэд түүнийг ямар нэг юм хөтлөөд, албан хүчээр тэгэж хийлгээд байдаг юм шиг санагддаг. Хуссейны хувьд тийм л юм болсон. Багдадын нисэх буудлын фонон дээр би “Одоохон дайн эхлэх нь ээ” гэж хэлж буй видео бичлэг үлдсэн бий. Москвад буухад VIP заалны зурагтаар Багдадаас яг миний ниссэн онгоц буудлыг Америкчууд хамгийн түрүүнд хэрхэн бөмбөгдөж байгааг үзүүлж байлаа.
- Муаммар Каддафитай6Та шатар тоглодог байсан. Түүнийг хаа ч явсан 40 онгон охин бие хамгаалагч дагалддаг байсан гэсэн үнэн үү?
- Тэнд зөвхөн охид ч бус бас залуус байдаг байсан. Онгон охидын тухайд гэвэл үлгэр домог биз дээ. Гэхдээ үзэсгэлэнтэй, эрч хүчтэй сайхан хүүхнүүд. 2004 онд Триполид болсон дэлхийн шатрын аваргын тэмцээний нээлт дээр оролцогч орнуудын далбааг дандаа Каддафийн ротын хүүхнүүд барьж гарч байсан шүү.
* * *
- Фишерийн тухай Корчной7: “Дандаа цоожтой хаалганы цаана барьж баймаар ичгүүр сонжуургүй амьтан” гэсэн байдаг. Харин тэр Танд өөр харагдсан болов уу?
- Би Фишертэй танилцсандаа үнэхээр баяртай явдаг. Тэр бол суут хүн. Яг л Ньютон, Эйнштейн, Леонардо да Винчи, Циолковский, Ванга эмээ шиг. Бид анх Будапештэд Андрэ Лилиенталийн8 гэрт тааралдсан юм. Түрс, баншаар даруулсан водка ууж, шатар тоглож, өглөө болтол элдвийн юм ярьцгаасан юм даг.
- Фишер хэр зэрэг тэссэн?
- Шил юм цааш нь харуулсан шүү. Гэхдээ бид хоёрт Лилиенталь тусалсан л даа. Би нэг литр хар түрс авч очсон юм. Фишер нөгөөдөхийг чинь талхан дээр зузаан гэгч нь түрхээд л идээд байсан. Баншинд бол ам ч хүрэхгүй. Наад бол харин банш нь сайхан. Тэр орой Бобби зөндөө уйлсан. Фишерт 100 мянган доллар өгсөн чинь тэр нэг юм хэлэх гэснээ болиод таг дуугүй болчихсон. Архинаас хоёр дараалж татчихаад л дараа нь үг хэлсэн. “Анх удаа л намайг хуурсангүй” гэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой нь чичирч байлаа. Америкт “Бобби Фишерийн сургууль” гэсэн нэвтрүүлэг шинээр нээчихээд түүнд ганц цент ч өгөөгүй. Бичсэн номуудынх нь хөлс мөнгө нь ч яагаад ч юм олдоогүй. 70-аад оны үед Зөвлөлтийн “Физкультура и спорт” гэдэг хэвлэлийн газар Фишерийн “Миний мартагдашгүй 60 өрөг” гэдэг номыг нь 100 мянган хувь хэвлэсэн атлаа түүнд мөн л ямар ч мөнгө өгөөгүй. ЗХУ задран унасны дараа Фишер манай төр засагт хандаж хулгайгаар хэвлэгдсэн номынхоо шагналыг нэхсэн боловч түүнийг эелдэгхнээр зайлуулсан. Би энэ улсын иргэний хувьд шударга ёсыг эргүүлж авчрахыг бодсон юм. Тэгээд л надтай уулзахдаа Фишерийн сэтгэл ийн хөдөлсөн хэрэг л дээ. Тэр ч бүү хэл надтай дөрвөн өрөг тоглохыг зөвшөөрсөн гээч.
- Нийтийн сонгодог шатар уу?
- Шатраа өрж эхэлмэгцээ Фишер ярвайгаад: “Chess is dead”. Шатар үхсэн. Минийхээр тоглоё гэв. Тэгээд бид “Фишерийн” шатар тоглосон юм. Компьютерээс аврагдах боломж гэж өөрийнхөө шатрыг үздэг байсан юм. Нийтийн сонгодог шатарт эхний 10 нүүдэл бүрэн тооцоологдчихсон, бодох шаардлага байхгүй. Блиц тоглоход нэг нүүдэлд хагас секунд л хэрэгтэй. Фишерийн шатарт бол дүрсүүдийг тоглох бүрт тохиолдлын байдлаар ямар ч хамаагүй байрлалаар өрдөг учраас эхнээсээ л бодох шаардлага гардаг.
- Фишер өөрийнхөө бүх өргийг цээжээр мэддэг гэж нэг хүн бичсэн байсан.
- Үнэн байх. Гайхалтай ойтой хүн шүү. Манай сонин сэтгүүлүүдийг байнга уншдаг. Санаанд оромгүй хачин мэдээллийг тогтоочихсон байдаг. Жишээ нь, ЗХУ жилд хичнээн тонн ган хайлуулдаг, хичнээн автомашин үйлдвэрлэдэг гэх мэт. Төрийн Думын депутатуудын тоог ч зөрүүгүй мэднэ. Би бүр гайхдаг байсан.
- Таны өгсөн 100 мянган долларыг тэр юунд зарсан бол?
- Мэдэхгүй. Асуугаагүй. Харин Бобби байнга Филиппин рүү нисдэг байсныг мэдэх юм. Тэнд найз хүүхэн нь байдаг байсан.
- Фишер 64-тэй байхдаа юунаас болж нас барсан юм бол?
- 64 буудал.
- ???
- Шатрын хөлгийн нэг буудалд нэг жил амьдарч явсаар захад нь хүрч, буудал дууссан учраас явахаар шийдсэн байх. Би тэгэж боддог.
- Фишерийг Та суут хүн гэсэн. Өөр тийм суут гэхээр хүнтэй та тааралдаж байв уу?
- Перельман9. Харамсалтай нь би танихгүй. Гэхдээ нэг хүнээр дамжуулж харьцдаг юм. Хагас жилийн өмнө би түүнд нэг сонирхолтой санал тавьсан юм. Хариуг нь хүлээж л сууна.
- Ямар санал вэ?
- Уучлаарай, одоохондоо хэлж боломгүй байна. Перельман бас шатар тоглодог. Тэр маш сонирхолтой хүн. Сая доллараас татгалзсан явдал нь суут нээлтээ мөнгөний төлөө хийгээгүй гэдгээ ойлгуулсан хэрэг байх. Хэдийгээр ард түмэн түүнийг ойлгоогүй байгаа ч гэсэн. Би тэр сэдвээр явсан нэг нэвтрүүлгийг үзсэн. Перельманы хөршүүд, тэр мөнгийг нь аваад ядаж орцондоо засвар хийхэд яадаг байна аа гэцгээж ч байх шиг. Бас зарим нь эмнэлэг, хүүхэд асрамжийн газарт тусламж гуйгаад л. Миний бодлоор бол Перельман зөн совингоо л дагасан байх. Би харь гаригийнхантай холбогдсоноо яагаад ярихаар шийдсэнийг ойлгосон уу?
- Яагаад?
- Бас л зөн совингоор. Түүнээс биш би, за маргааш намайг “Свобода” радиогоос дуудах байх, тэгэхээр нь очоод бүх үнэнээ ярина даа гэж бодоод сууж байгаагүй шүү дээ. Хэн ч миний хэл амнаас татаагүй. Энэ нь хэнд ямар ашигтай юм бэ гэдгийг бодоод үз л дээ. Тэр тусмаа нэг улсын, бас олон улсын нэг холбооны ерөнхийлөгчид. Яах ийхийн зуургүй л: “Өө за за, ногоон өвстэй10зууралдчихсан хүнийг ямар улсын тэргүүн гэдэг юм бэ? Энэ жаахан “юмтай” байх аа? Түүнийг Кащенко11 руу л явуулбал таарна даа” гэсэн үг яриа тарчихсан. Арваад жилийн өмнө дөө, нэг телевизийн нэвтрүүлэгт уригдлаа. Босоо засаглал гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэг. Бүтэн сайн өдөр. Аймшигтай залхуутай нуршаа яриа. Студид нь янз янзын л хүмүүс, нэг испани сэтгүүлч ч байх шиг. Нөгөөх дээрээсээ доошоо чиглэсэн дарга, удирдлагуудын тухай л нуршицгаагаад байх юм. Гэнэт миний тэвчээр алдарч: “Юун вертикаль ярьцгаагаад байгаан бэ? Дээрээс удирддаг хүмүүс байж л байхад” гэвэл “Тэд чинь хэн юм бэ?” гэж байна.“Харь гаригийнхан”. “Та тэдэнтэй арай уулздаг юм биш биз дээ?”. “Уулзалгүй яахав”. Таг чимээгүй болцгоочихдог юм байна. Нэвтрүүлгийн үлдсэн хагас цагт би тэднээр тоглоом наадам хийгээгүй, чин үнэнээ хэлсэн гэдгээ ойлгуулах гэж их хичээсэн шүү.
- Дараа нь харамссан уу?
- Илүү ч юм ярьчихав уу даа гэж дараа нь хальт бодогдсон л доо. Гэхдээ нэгэнт л тэндээс сигнал өгсөн болохоор би чрих ёстой л байсан. Би өөрөө санаанаасаа юм зохиогоогүй юм чинь.
- Зохиолч Андрей Битов цэргээс халагдаад “Бурхны авралаар бас нэг туршлага эзэмшлээ” гэж дуу алдсан гэсэн. Түүнийг уншдаг уу?
- Уншина аа. Миний бодлоор эр хүнд арми ач тустай. Би армид их хатуужсан. “Хал” цэргүүд их зовоодог байсан ч гэсэн. “Хэн байгаагүй нь энд ирнэ. Хэн байсан нь гуталтай 730 хоногийг хэзээ ч мартахгүй” гэж би халагдах үеийн альбомныхоо эхний хуудсанд бичээд хажууд нь маршал Устиновын зураг, бас халагдах тушаалынхаа хуулбарыг наачихсан.
- Та чинь 1980 онд цэрэгт татагдсан. Афганистан явчих ч магадгүй байж дээ.
- Би тийшээ чинь явах гэж хичнээн зүтгэсэн гээч. Анх цэрэг татлагын комисст л Афганистан явуулж өгөөч гэж өргөдлөө бичсэн. Түүнээс хагас жилийн дараа холбооны ангид очсон хойноо дахиж бичсэн. Штабын даргадаа хэлсэн чинь “Дуугүй эндээ албаа хаа” гээд хавьтуулаагүй. Тэнд үлдсэнийх би харин шинэ цэргүүдтэй хэрхэн ажиллах тухай гарын авлага зохиосон шүү.
- Та өөрөө бичсэн юм уу?
- Тийм тийм. Ахлах сержант Илюмжиновын гарын авлага одоо ч гэсэн армид байгаа гэж ярих юм билээ.
- Үндсэн дүрэм нь юу юм бэ?
- Гол нь сахилга бат, ахмадаа хүндлэх ёс. Магадгүй чамд дээрэлхэх, доромжлох, хиртэй ороолтоо угаалгах гэж оролдож болно. Тэрэнд нь таарсан хариу өгөх хэрэгтэй. Тийм тохиолдолд би өөдөөс нь зодолдож, зөндөө зодуулж байлаа. Зүгээр хүн ёсоор хандсан үед нь даалгаврыг нь биелүүлдэг байсан. Ор хураах, сав угаах, аяга цай олоод ирэх гэх мэт.
- Армид байхад тань тохиолдсон эргээд бодоход таагүй санагддаг зүйлгэвэл?
- Би салаан даргын орлогч байхдаа нэг шөнө харуул солилцуулж явлаа. Ойртож явтал нэг харуулын цэрэг: “Хэн ирж явна? Зогс!” гэж хашгирахаар нь нууц үгээ хэллээ. Тэгсэн өнөөх чинь сонссон янз алга. Шууд автоматаа өргөж замгаа татангаа бидэн рүү чиглүүлээд: “Ахиад нэг л алхвал буудлаа шүү!” гэдэг юи байна. Бороо асгараад, хөл дор нил шавар шавхай. Надтай хамт явсан цэргүүд бүгд газар унаад өгсөн. Би бөхийж өвдөг дээрээ суугаад түүнтэй ярилаа даа. Бидний хооронд арваад метрийн л зайтай. Тэр хүн автоматаа савлаад л, бүгдийг чинь буудна гэж хашгираад, сэтгэц нь нэг хэвийн биш нь мэдэгдэж байсан л даа. Би түүнтэй ярилцангаа сэм сэмхэн урагш дөхсөөр байгаад арайхийн тулж очмогцоо ухасхийн бууных нь амнаас барьж аваад дээш өргөнгүүт автомат тачигнасан. Тэгтэл хамт явсан хүүхдүүдтүүнийг барьж авч унагаад, бүр өшиглөөд эхлэхээр нь би арайхийн салгаж авсан. Удалгүй түүнийг эмнэлэг рүү явуулсан. Цэрэгт ирсэн хойно нь хайртай байсан хүүхэн нь хаяснаас болж сэтгэл санааны хямралд орж явсаар сэтгэцийн өөрчлөлтөнд орчихсон байсан юм байна лээ.
- Таны хүүхэд цэрэгт явсан уу?
- Одоохондоо үгүй. Гэхдээ сургуулиа төгсөөд явж л таарна шүү дээ. Өөр хаачихав.
- Явуулахаас Та айхгүй юу?
- Хүч тэнхээтэй, оюунлиг хүү бий. Спортоор хичээллэдэг. Турник дээр гуч суниачихна. Намайг арми нугалж чадаагүй юм чинь түүнийг юу гэж нугалав гэж. Би өөрийгөө сорих гэж армид явсан л даа, ер нь. Дунд сургуулиа алтан медальтай төгссөн, Пушкины нэрэмжит Бүх Холбоотын олимпиадад түрүүлсэн учраас Москвагийн улсын их сургууль намайг шалгалтгүй авсан байсан. Гэтэл би орхиод “Звезда” заводод очиж слесарь болж байлаа. Яах гэж? гэж асуумаар байгаа биз?
- Яг тийм
- Өөрийгөө соримоор л санагдсан юм. “За яахав, сургуульд бол нэгдүгээрт байж чаддаг юм байж. Харин заводод очоод ганц болт зорчихож чадах уу?” гэж бодогдсон юм. Сарын дараа бригадын дарга боллоо. Нэг жил ажиллаад цэрэгт явсан. Манай нэг хамаатан республикийн цэрэг татлагын комиссын орлогч дарга байсан болохоор цэргээс бултах боломж байсан л даа. Гэтэл дахиад л өөрийгөө соримоор санагдаад цэрэгт явсан.
- Та залуудаа бокс тоглодог байсан. Ердийн амьдралд энэ хэрэг болсон уу?
- Дээд сургуулийн хоёрдугаар курст байхад оюутны байрны дэргэд “галаа өгөөч” гэсэн зургаан залууд баригдаж зодолдож байсан. Тэр дотор нь каратист хүртэл байж, намайг өшиглөж унагачих шахаад л. Яаж ийгээд зодуучихалгүй амиа авч гараад зугатаж оюутны байр руу орсон. Намайг хөөгөөд гүйцээгүй юм. Хамгийн сүүлд хэдэн жилийн өмнө Тверская гудамжинд нэг удаа гар зөрүүлэв шив дээ.
- Юу болсон хэрэг үү?
- Тэнд нэг найзындаа зочилчихоод буцахдаа явган алхаж харимаар санагдаад жолоочоо явуулчихгүй юу. Цаг агаар ч сайхан. Бүтэн сайны орой найман цагийн алдад юм. Нэг баригдаж буй барилгын хажуугаар явж байсан чинь нэг залуу дуудлаа. Тэгснээ нэг юм асуухад нь юу гээд байгааг нь би ойлгосонгүй гайхас гээд. Тэгсэн нэг хартал 15-20 орчим насны хэсэг залуус “Наад онигор нүдтээ ал” гэж хашгираад л дайрдаг юм байна. Тэд мансуурсан байсан байх. Арайхийж биеэ хамгаалж гарсан. Тэдний хэн нь намайг таниагүй болов уу. За, таньсан ч гэсэн ерөнхийлөгч байна уу, биш байна уу, тэдэнд ямар хамаа байхав дээ. Би богино ханцуйтай цамц, жийнстэй явсан юм.
- Тэгээд ийм юмтай таарсан хэрнээ л хамгаалалт авдаггүй гэж үү?
- Тийм ээ. Найз нөхөд санаа зовоцгоогоод: “Тэгэж явах ямар хэрэг байна аа? Машинаа дуудчихад яадаг юм бэ?”. Нэг талаас, бурхан харах хүнээ харж л байдаг. Нөгөөтэйгүүр, би өөрөө өөрөөсөө ухраад байх дургүй. Би наймдугаар сард Кабулд байхдаа манай дипломатуудтай уулзлаа л даа. Эхлээд би тэднийг ресторанд урьсан юм. Гэтэл: “Юун ресторан! Элчин дээр л уулзвал уулзана” гэж байна. Тэд маань Кабулд гадуур явган огт явдаггүй гэнэ. Би ер нь ямар ч хотод ирлээ гэсэн заавал гадуур явж үздэг зуршилтай. Тэнд ч гадуур нилээд тэнэсэн. Захаар нь очлоо, кафед суулаа. Зарим хүмүүст энэ нь их эрсдэлтэй санагддаг байх. Надад бол жирийн л явдал.
- Одоо ирэх арван жилийг бас л онгоцонд өнгөрөөх үү?
- Тэгэж л таарна даа. ОУШХ-нд 171 орон гишүүнчлэлтэй байдаг юм. Эднээс дор хаяж зуун орон дунд сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрт шатар оруулдаг болмоор байна. Одоо дээрх орнуудад нийтдээ 600 мянган хүн шатар тоглодог гэсэн тоо бий. Би энэ тоог нэг турбум болгохыг хүсдэг. Ингэхээр амсхийх ч зав чөлөөгүй ажиллах ёстой болж байна.
* * *
Тайлбар
1. Виктор Батурин – Виктор Николаевич Батурин. Оросын нэрт бизнесмен, тэрбумтан. Москва хотын дарга асан Юрий Лужковын эхнэр, Оросын тэрбумтан эмэгтэй Елена Батуринагийн төрсөн ах. Өөрийн “Интеко-Агро” компанийн Ерөнхий захирал. 1998-99 онуудад Халимагийн Засгийн газрын тэргүүн, Халимагийн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан.
2. Pahlavi шах - Реза-Шах Пехлеви, Мохаммед (1919–1980), Мохаммед Реза Пехлеви нэрээрээ алдартай. 1941-1979 оны хооронд Ираны төрийн толгойд байсан.
3. Нахайян шейх – Шейх Заид бен Султан Аль-Нахайян (1918 - 2004) –Арабын Нэгдсэн Эмират улсын анхны ерөнхийлөгч. 20-р зуунд хамгийн их нэрд гарсан ислам хүн. Ядуу жижигхэн овгийн ахлагч байхдаа дэлхийд бүртгэгдсэн хамгийн их буюу өнөөгийн ханшаар 500 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний авлига авахаас татгалзсан гэдгээрээ Гиннесийн номонд орсон.
4. Алексей Смертин – Алексе́й Генна́дьевич Сме́ртин. Барнаулд 1975 онд төрсөн. ОХУ-ын хөлбөгч, хагас хамгаалагч. Оросын хөлбөмгийн шигшээ багийн гишүүн. 2004-2005 онуудад шигшээ багийн ахлагч байсан. 2009 онд спортоо орхиж Алтайн хязгаарын парламентын гишүүнээр сонгогдсон.
5. Смыслов – Василий Васильевич Смыслов (1921 - 2010). Зөвлөлтийн шатарчин, шатрын онолч. Дэлхийн долоо дахь удаагийн аварга(1957 - 1958). ЗХУ-ын аварга(1949). Олон улсын их мастер(1950).
6. Муаммар Каддафи – Бүтэн нэр нь: Муаммар бен Мухаммед Абу Меньяр Абдель Салям бен Хамид аль-Каддафи. 1969 онд цэргийн эргэлтээр Ливийн төрийн эрхийг авч төрийн тэргүүн болсноосоо хойш одоог хүртэл тус улсын Ерөнхийлөгч.
7. Корчной – Ви́ктор Льво́вич Корчно́й. 1931 онд Ленинградад төрсөн. Зөвлөлтөөс Швейцарт улс төрийн шалтгаанаар цагаачлан гарсан нэрт шатарчин. Олон улсын их мастер(1956). 1954-1990 оны хооронд гурван удаа дэлхийн аваргын төлөө тоглосон боловч аваргын титэм зүүж чадаагүй.
8. Андрэ Лилиенталь – Андрэ Арнольдович Лилиенталь. 1911 онд Москвад төрсөн. Зөвлөлт, Унгарын нэрт шатарчин, дасгалжуулагч. Зөвлөлтийн спортын гавьяат мастер(1948). Олон улсын их мастер.
9. Перельман – Григорий Яковлевич Перельман. 1966 онд Ленинградад төрсөн. Оросын математикч. Ленинградын Стекловын нэрэмжит математикийн институтад ажилладаг байсан. АНУ-ын олон их, дээд сургуульд багшилж байсан. 2003 онд ажлаасаа гарснаас хойш олны нүдэнд үзэгдэх, хүнтэй уулзахаа бараг больсон. Пуанкеригийн теоромыг баталж чадсаных төлөө АНУ-ын Клеегийн математикийн институт 1.0 сая долларын шагнал өгөхөөр болсон ч Перельман татгалзсан/Тэднийхээс эрхлэн гаргадаг сэтгүүлд бүтээлээ нийтлүүлээгүй/. 2006 онд түүнд Филдсийн нэрэмжит шагнал олгох шийдвэр гарсан ч мөн авахаас татгалзсан. Энэ нь гарамгай нээлт хийсэн математикчдад олгодог /15 мянган канад доллар дагалддаг/ олон улсын шагнал юм.
10. ногоон өвс – Оросын хар ярианд наркотик буюу мансууруулах бодисыг ерөнхийд нь ингэж нэрлэдэг.
11. Кащенко – Н.А.Алексеевын нэрэмжит Москвагийн сэтгэл мэдрэлийн клиник эмнэлэг №1. 1894 онд анх нээгдсэн. 1994 он хүртэл П.П.Кащенкогийн нэрэмжит байсан.
Орчуулсан Т.Наран
2010.01.01

No comments:

Post a Comment