Tuesday, August 9, 2011

Амьдралын минь ихэнх цаг аян замд өнгөрсөн бололтой


Бааст гуай бол манай сонины хамгийн идэвхитэй бичигч. Бид олон жил олон арван өгүүллэг, дурсамж, захидал ярилцлагыг нь хэвлүүлсэн. Манай сониныхны хайртай зохиолчдын нэг. Ороод ирэхээр нь манайхан шуугилдан баярлаж шаваад авдаг.
Хамгийн сонсож ханамгүй сонирхолтой хөгжилтэй яриатай ч хүн. Өдгөө Б.Бааст гуай 90 настай. 90 насныхаа ойг хэзээ тэмдэглэх вэ гэхлээр тодорхой юм хэлэхгүй “Би сайн мэдэхгүй байнаа юу ч болтугай миний хүүхдүүдээс асуу” гэх. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчдаа хүргэе.

-Тантай уулзаагүй удчихлаа шүү?
-Би Шадувлин зусландаа зургадугаар сарын эхээр гарчихсан юм чинь арга байж уу даа.
-Та Шадивлин зусланд олон жил гарч байна уу?
-Тавиад жилийн нүүр үзэх гэж байна.
-Гэрээсээ, номноосоо холдоод уран бүтээлээ хийхэд жаахан төвөгтэй биш үү? Та гэртээ, номынхоо сангийн номыг харж суухад санаа сэтгэл их өег байдаг гэж хэлснийг тань уншсан шиг санагдах юм?
-Нэг бодлын тийм. Нөгөө бодлын үгүй шүү. Өөртөө таарсан их номынхоо тоосноос холдож эрүүл агаарт амьдарч, юм хийх бас сайхан шүү. Гэхдээ би зусландаа 1500 орчим номтой. Голцуу хүрээлэн буй байгаль орчны сэдэвтэй ном зохиол цувралууд. За тэгээд тэр номонд салхи оруулах нь ховор. Гэрээсээ уншууштай номоо аваад зусландаа гарах юм чинь. Би гэрээсээ гадна зуслан, улсын амралт гээд хоёр дахь гэртэй хүн.
-Улсын амралтыг миний уран бүтээлийн хоёр дахь гэр гэж хэлсэн, бичсэнийг тань санаж байна. Харин Шадувлин зуслангийн тухайд..?
-Шадувлин зусланд би өөртөө таарсан их ачаалалтай зусдаг. Нэгд уламжлалт уншлагаа таслахгүй, хоёрт жил бүр “Шадувлин зусланд хийсэн тэмдэглэл” гэж заавал хөтөлдөг. Гуравт Шадувлингийнхаа ой, ууланд хүүхдүүд, бэр хүргэд, ач зээ нартайгаа үе үе явна. Байгаль дэлхийгээ ажиглана.. Түлээ түүнэ.
-Түлээ түүнэ гэнээ?
-Яагаав. Газраар зулчихсан, дэвсчихсэн, унасан бэлэн их түлээг гялгар уутанд эвийг нь олж дүүртэл чигжиж хийгээд ирнэ. Байгалийнхаа бэлэн хишгийг ашиглаж байна. Дамчдын луйврын аргаар бэлдсэн хоржоонтой, хохиролтой, үнэтэй түлээ худалдаж авахгүй. За тэгээд ингэж байнга хөдөлж байхад биеийн минь эрүүл мэндэд хичнээн ая тустайг өгүүлэвч баршгүй…

-Шадувлин зусланд хийдэг тэмдэглэл гээд та юу хэлээд орхив оо?

-Шадувлин зуслангийн надад хүртээдэг буяныг өгүүлэвч баршгүй гэсэн чинь учиртай. Олон жилийн өмнөөс би анх хүү Тайшир Орхон хоёртойгоо зуслангийнхаа өмнө талын уулын арын ойд яваад нэг бяцхан тэмдэглэл бичээд түүнийгээ “Шадувлин зусланд хийсэн нэгдүгээр тэмдэглэл” гэчихсэн байгаа юм.
-75 жил уран бүтээл завсарлаггүй хийх байтугай 75 жил хүн амьд явах ч одоо амаргүй цаг болжээ. Нэлээд дээр цагт монгол хүний дундаж нас 120 гэж байж. Үндэслэл муутай үг байж. Тун саяхан нэг сонинд шиг санаж байна. Одоо манайд эмэгтэй хүний дундаж нас 75 эрэгтэй нь 64 гэсэн байсан.
Аймшигтай ч юм шиг, харамсалтай ч юм шиг. Тэгэхээр би 75 жил ямар ч болтугай уран бүтээлийн ажил хийсэндээ баярлаж бахархаж явна. Одоо чамд хэвлүүлж байгаа цувралынхаа тухай хэдэн үг хэлье. 2004 он хүртэл миний 70-80 ном хэвлэгджээ. 2004 оноос хойш хүүхэд залуучуудад зориулсан 7-8 бяцхан ном хэвлүүлсэн. Цувралынхаа 13-ыг нь хэвлүүллээ. 14 дэхийнх нь шийр нь цухуйж байна.
Ингээд би түр амарна. Өвөл тийшээ цувралынхаа дараах дугааруудыг бэлтгэнэ. Энэ цувралын учир нь их тодорхой. 75 жил бичсэн зохиолоос минь сонин сэтгүүл эмхэтгэл, түүвэр, цоморлигт хэвлэгдэхдээ редакторууд, эрхтэй дархтай хүмүүсийн гараар орж их бага хэлмэгдэл үзжээ. Тиймээс зохиолуудаа өөрийнхөө анх бичсэн эх рүү шилжүүлж оруулж хэвлүүлж байгаа юм. Тэгэхдээ бага сага засвар сэлт хийж байгаа, хийх ч ёстой. Бас машиндах /компьютер дээр шивэх/ хэрэгтэй. Тэр бүхнээр л энэ цувралыг голлуулан хэвлүүлж байгаа юм.

-Голлуулж гэдгийг чинь юу гэж ойлгох ёстой юм бэ?

-Зарим цувралууд, 2004 оноос цаана хэвлэгдсэн зохиолоос эргүүлж оруулах шаардлага гарч байна. Жишээ нь урьд тусгай ном болоод хэвлэгдчихсэн “Хүрлээ”, “Хаврын салхи” “Цагаан Тунгийн намар” гурван тууж маань 18 жил машиндаагүй гар эхээрээ байсан. Дөрөв дэх нь “Эмээл дээр өнгөрүүлсэн дөрвөн жил” тууж энэ бүгд нийлээд нэг ном болж гарсан.
Ингэж хэвлүүлэхээс өөр арга байхгүй. Учир юун гэвэл энэ дөрвөн тууж чинь нийлээд манай урианхайн бөглүү бяцхан хязгаарт ардын хувьсгал үүсээд 6-7-хон жил болж байхад хөдөө талд соёлын үр тарилцахаар нам засгийнхаа илгээлтийг өвөртлөн очиж ажилласан нэг эмэгтэй багшийн хориод жилийн амьдрал буюу 1945 оны чөлөөлөх дайны дуусталх үйл явдлыг харуулсан юм шүү дээ. Тэгэхээр ингэж нэгэн ном болгохоос өөр аргагүй болсон л доо.
-Заавал 1945 оны чөлөөлөх дайныг дуустал гэсэн нь ямар учиртай юм бэ?
-Үүнийг тайлбарлах гэвэл бараг дөрвөн туужаа базаж ярихад хүрнэ. Тэгэхээр эх зохиолыг минь уншсан нь дээр л дээ.
-”Холбоо дөрвөн тууж”-ийн гол баатар нь эмэгтэй хүн байдаг?
-Эмэгтэй, эмэгтэйдээ бүр 16-17-хон настай агаад бараг хотын зах ч гарч үзээгүй шахам бүсгүй байдаг. Тэр мөртөө тэр хол газар, Архангай хүртэл ачааны пүүлэн гэдэг олсон хашлагатай машины нуруун дээр Цэцэрлэг хотоос цааш Ховд аймгийн Алтанцөгц сум хүртэл 40-50 өртөө газар мориор явж хүрсэн байдаг…
Энэ эмэгтэй Цэрэндулам багш мөн ч их бэрхшээл зүдгүүр туулсан байгаа юм. Ямар хүн охиноо тийм алс хол газар явуулж чадав аа гэхээр тэр үед байсан, яахын аргагүй эх орноо гэсэн эрхт түмнээ гэсэн Буддарий, Ишдорж, Бахаан, Жамъян гүн мэт аугаа их гэгээрсэн багш эрдэмт сэхээтнүүд л явуулж чадна шүү дээ.
Би тэр сайхан хүмүүсийг мэдэхгүй болохоор дөрвөн туужаа төдийлөн тодорхой гаргаж чадаагүй. Тэгэх зорилго ч байхгүй. Хэдий тийм боловч зориг зүрх гаргаад Цэрэндуламыг тийм хүний үр сад гэж үзүүлсэн шүү.
-Цэрэндулам багшийг тэр хол газар тэгж явуулах санаа бодол танд яаж төрсөн юм бэ?
-Наадах чинь харин сонин асуулт байна. Миний нэг эгч багад минь гэв гэнэтхэн Улаанбаатар орно гээд босоод алга болсон… Эр хүнтэй энгэр зөрүүлэх насанд арай хүрээгүй. Баттай, мөнгө чадалтай, мэдэлтэй Улаанбаатараас ирсэн буюу Улаанбаатар хүрч чадах сүүхээтэй хүн л дагуулж буюу тийм хүнийг дагаж явсан байгаа юм.
Мөн том зориг зүрх шүү. Олон жилийн дараа тэр эгч минь нэгэн зун биднийг эргэж ирсэн. Тэгэхдээ л анх Улаанбаатар орсноо ярьж байсан. Тэр ярианаас нь сонсоход мөн л Архангай хүртэл олон хоног мориор явсан, Завхан аймгийн нутгаар өнгөрөхдөө хамаг бие нь буларч ядраад толгой даалинбаар биеэ хүлж ороогоод явж байсан, тэгж шахаж хавчигдаж явахгүй бол хамт явсан хүмүүсээс хоцрох гэнэ. Ингэж яаж ийж яваад хот орлоо, хүрлээ гэхэд хүн танихгүй, газар мэдэхгүй ёстой балрах байсан гэх ухааны юм ярьж байсан.
Эгчийн минь энэхүү зовлонт урт зам туулалт надад Цэрэндулам багшийг тэгж явуулах санаа өгсөн юм. Сонин байгаа биз.
-Сонин байнаа. Заримдаа итгэмгүй ч юм шиг. Гэвч итгэхгүй гээд яах юм. Нэгэнт болоод өнгөрсөн юмыг?
-Тийм л дээ. Ер нь иймэрхүү маягийн яг миний юмуу Цэрэндулам багшийн амьдралд тохиолдоогүй ч дэргэд маань, хавь ойрд маань болсон явдлаас ишлэж буюу татаж авч ирээд дөрвөн тууждаа наачихсан юм нэлээд бий шүү.
-Энэ цувралын дөрөвдэх хэвлэлтээс гарах нь. Ер нь цааш хичнээн ном гаргах бодолтой байна, та?
-Санаа бол 30-40 ном ч гаргаж болох нь. Харин сачий маань хүрэх үү үгүи юу гэдэгт л хэргийн гол оршоод байна. Яагаад вэ гэвэл нэгд нас минь даанч өндөр авчихлаа, хоёрт хойшид хэвлүүлэх цувралуудад орох бэлэн зохиол бараг байхгүй. Ихэнх зохиолд ядаж л 40-50 хувийн сэлгээ засвар орох нь.
Бүр 70-80 хувийн засвар хийгдэхээр зохиол ч байна. Тэдгээр дээр ажиллах гэхээр зүрх үхээд байна. 40-50 жилийн өмнө хэвлэгдчихсэн жүжиг байна. Түүнийг үр хүүхэд, ач, гуч, ачинцар, зээнцэр минь, үгүй бол хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн гарч ирээд хэвлүүлье гэхэд даанч тэрхүү сайхан хүний гарын аяыг даахгүй ш дээ. Тэрхүү сайхан сэтгэлтэй хүн уг зохиолыг бичсэн эзэн болох над шиг ажиллаж чадахгүй.
Ажиллая гэсэн ч чадал мэдэл нь хүрэхгүй. Тэгэхээр нэгэнт бичээд хэвлүүлчихсэн тийм зохиолууд дээрээ болж л өгвөл ажиллах санаа байна.
-Тийм зохиол олон байна уу?
-Зөндөө зөндөө. Голцуу тууж жүжгийн зохиол байна.
-Бас зөндөө тэмдэглэл байгаа биз дээ? Би саяхан кино шүүмжлэгч Дү.Мягмарсүрэн гуайтай уулзахад таныг хамгийн сайн өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүн гэж ярьж байсан?
-Тэр тухай ярихаас ч залхуу хүрэх шиг болох юм. Яагаад гэвэл би гэдэг хүн 70 гаруй жил тэмдэглэл хөтөлсөн байдаг. 300 гаруй тэмдэглэлийн дэвтэр бий. Зөвхөн энэ олон дэвтрийг он дараалалд нь оруулж харан сонирхох юм бол манайд тэмдэглэлийн дэвтэр хэрхэн хөгжсөн сонин түүх гадна талаасаа харагдана.
Амьдралын минь ихэнх цаг нь аян замд өнгөрсөн бололтой. Аян замд гэдэг чинь хөдөлгөөнд гэсэн үг. Хөдөлгөөн гэдэг чинь тэмдэглэл гэсэн үг. Тэгэхээр тэмдэглэл гэдэг чинь дандаа явуут суугуут… Ихэнх нь морин дэл дээр хөтөгдсөн байгаа. Тэгэхдээ голцуу монгол бичгээр таталган бичигдсэн байгаа. Хоёр хоновол өөрөө гаргахгүй, хол явбал хүн гаргахгүй, тийм тэмдэглэлийг одоо амьдруулах гэдэг бэрх.
Маш их ажил. Би ноднин байна уу даа, Ховд Баян-Өлгий аймагт 1950-иад онд явсан нэг тэмдэглэлээ сэргээж сийрүүлж хуулж үзлээ. Олон жилийн өмнөх юм болохоор сонин байна. Өөрт минь тохиолдсон зүйлийг би өөрөө бичсэн болохоор бүр ч сонин байна. Харамсалтай нь тэр тэмдэглэлээ Баян-Өлгий аймаг хүргээд тэндээсээ буцаж хөтлөөд замд тохиолдсон олон буудлын нэг болох Нуур-Могойн тээврийн замын буудал дээр ирээд цааш нь хөтлөлгүй орхичихжээ.
“Нуур-Могойн буудалд бидэнд бараг эмгэнэлтэй гэхээр явдал тохиолдлоо. Бидний сууж явсан шуудангийн машины нуруу рам хугарчээ. Цаашаа ганц ч метр явахгүй болох нь тэр. Буудлын халуун хар цай ууж, замынхаа хүнсээс идэмшээ болоод муу шавар тагзанд чихэлдээд унаад,унтаад өгөв.
Манай машин дээр Ховд аймгийн Тээхийн механик нэг томоо биетэй орос хүн сууж явсан юм. Тэр үед замын буудлууд хавьд 20-30 оноос хойш замд гүйж яваад эдэлгээгүй болон эвдэрч хаягдан зэвэрч хэвтээ машины сэг хаа сайгүй байдаг байв. Манай машин дээр сууж явсан орос механик буудал хавьд хэвтээ машины хаягдлыг хэсээд явлаа.
Тэгж байснаа биднийг далаллаа. Унтаагүй байсан хүмүүс уралдаад л гүйж хүрлээ. Механик маань нэг рамыг өргөцгөө гэв. Цөмөөрөө дамжлаад буудлын үүдэнд аваад ирлээ. Бидний машин дээрх богцтой шуудан болон бүх ачааг буулга гэнэ. Бид буулгалаа. Механик маань нутагтаа буцаж явсан юм болов уу, том жижиг алх бахь, гүүвц гээд брезентэн уут дүүрэн багаж хэрэгсэлтэй явжээ.
Түүнийгээ дэлгээд манайхны нөхдүүдэд багаж зэвсгээ бариулаад машины тэвшний том том тавтай хадааснуудыг хэмх хэмх цохь гэв. Манайхан уралдаад л ажиллаж гарлаа. Төдхөн машины тэвшийг салгалаа. Хугарсан рам-нуруу төмөр ил гарлаа. Рамыг хадсан хадаас гэдэг бүр ч том лут эд анги байх юм. Тэдгээрийг мань механиктом гэгч цүүцээр ёстой ховх ховх цохиж нисгэж гарав.
Биднийг хол бай, нүд нүүрээгэх. Удсангүй хугарсан рам төмрийгавч хаялаа. Бидэнтэй дамжилж ирсэн рамаа оронд ньтавьж үзлээ. Ягтаарлаа. Нэг мэдэхэд машин маань шинэ нуруутай боллоо.. тэвшээ ч угсралцлаа. Ачаагаа ч буцааж ачлаа. Нар ч шингэлээ. Бид хувь хандив болгож мөнгө төгрегөө нийлүүлж, механик орос хүндээ хоёр шил уагаан архи өглөө.
Орос ах маань баярлаж байна. Хоёр шил архийг маань уучихаад унтаад өглөө. Маргааш нь бид цоо шинэ морь унасан юм шиг алтан шар замаа үргэлжлүүлэв. “Энэхүү баяр хөөрөөс илүү юм тохиолдоогүй учир би замын тэмдэглэлээ цааш нь хөтлөөгүй бололтой. Тэгээд баруун замынхаа энэ тэмдэглэлээс хэрэгтэй сонирхолтой гэснийгээ сийрүүлж хуулаад үзсэн чинь 4-5 хэвлэлийн хуудас зүйл гарч байна.
Их баялаг шүү. Энэхүү буян болсон орос нөхрийг дурсаж хожим нь би “Мартагдашгүй ачтан” гэдэг өгүүллэг бичиж хэвлүүлсэн юм шүү. Ер нь орос хүмүүсийн ач буяны тухайд маш олон бүтээл хийсэн хүн шүү, би. Энэ мэтээр 70-аад жилийн ихээ тэмдэглэлээ хуулж сийрүүлж чадвал ман ч их өв хөрөнгө байна даа. Яана даа, яана даа.
-Та энэ олон жил дандаа дотооддоо яваагүй. Бас гадаад орнуудад явсан шүү дээ?
-Гадаад хэл мэдэхгүй боловсрол нимгэний харгайгаар гурав дахь орнууд гэж дээр үед ялгаж үздэг байсан орнуудаар хөл тавьж үзсэнгүй. Харин ах дүү социалист гэдэг орнуудад нам, төр, зохиолчдынхоо байгууллагын буянаар явж үзсэн. Сонин, учрал ч их тохиолдож байсан. 1956 онд анх БНХАУ-д БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайтай явж 70 хоноод ирж байв.
Дараа нь БНХАУ Соёлын хувьсгал гэгчийн хөлөөр ид бужигнаж байхыг үзэв. 1959 онд БНАГУ-руу явав. Тухайн улс эх орон их дайны нуранги түүрэнгээс салаагүй сэргээн босголтын ажил дөнгөж эхэлж байсан. 1967 онд БНСВУ-д явав. Тэр үе бол Вьетнамын баатарлаг ард түмэн Америкийн ампермалистуудын өдөөсөн дайн шатлан өргөжүүлэх үедээ явагдаж байгааг нүдээр үзсэн манай ганц зохиолч, сэтгүүлч би байв.
Чехословак, Польш, Унгар, Румын улсад мөн явсан. Энэхүү үзсэн, харсан бүх үйл явдлын их мөр цаасан дээр буугаагүй л байна шүү дээ.
-Та ЗХУ гэж байхад тэр оронд бишгүй л явж байсан биз дээ?
-Би ЗХУ-д утга зохиолын дээд курст суралцсан. Хоёр улсын зохиолчдын байгууллагын буянаар Ялта, Абхазийн Пицундагийн зохиолчдын амралт, сувилалын газар хоёр cap амарч үзэв. Москвагийн Олон улсын кино Фестивальд хэвлэл мэдээллийн салбарын урилгаар оролцож байв. Зөвлөлтийн утга зохиолын өдрүүд Гүрж улсад зохиогдсон арга хэмжээнд уригдса н .
Байгаль-Амиран их төмөр замын бүтээн байгуулалттай танилцсан. ” Уулын алтай”-д / Горно-Алтай/ хүртэл зочилж явав. Москвад амьдaрч байсан дүү нарынхаа урилгаар 5-6 удаа очсон байх. Энэ бүх үйл явдал бас цаасан дээр буугаагүй, цагаанаараа байна ш дээ.

-Эх орноороо жилийн дөрвөн улиралд аялж явахад, бишгүй л сонин, содон зүйлтэй учирч байсан байх даа?

-Энэ тухай ярих хэд хэдэн сонин юм бий. Түүнийг хоёулаа дараа нь дахин ярилцвал яана.
-Болох л юм… За тэгвэл мартсанаас мал мэнд үү гэгчээр хоёр гурван жилийн өмнө, манай Ариунтуяа та хоёрын ярилцлага сонинд маань гарч нэг хэсэг уншигчдын анхааралд хүрсэн. Тэр ярилцлагын үр дүн танд ямар нэгэн нөлөө үзүүлж ач хүч болсон уу?
-Тэр ярилцлага интернэтээр цацагдаж гадаад дотоодын 150 гаруй хүний талархал хүлээн авч баярласан. Зарим хүн миний зохиолын цуврал цаашид үргэлжлэн хэвлэгдэхэд нь мөнгө төгрөгийн дэм тус үзүүлэх юмсан гэсэн. Банкинд харилцах энэ тэр байдаггүй байх даа гэсэн байв. Банкинд данс нээгээд хаягийнхаа хамт танай сонинд хэвлүүлсэн.
Тэр маань интернэтээр цацагдаагүй байх. Сураг чимээгүй өнгөрсөн.
-За ингээд ярилцаад байвал та бид хоёрын яриа ер нь дуусахгүй бололтой. Хамгийн сүүлд танаас нэг зүйл асууя. Ярилцлага гэдэг хэвлэл мэдээллийн нэн чухал төрлийн тухайд та ямар бодолтой явдаг бэ?
-Бид одоо, дэлхий даяараа мэдээллийн зуунд амьдарч байна. Мэдээлэл гэдэг чинь баримт гэсэн үг. Өөрөөл хэлбэл баримтын цоо шинэ зуун, хүн төрөлхтний хөгжлийн оргил үед бид амьдарч байна. Оргилдоо хүрчихсэн юм цаашдаа яах ёстойг төсөөлж заримдаа түгшиж ч сууж болох… Одоо бүх юм баримт дээр тоггож байна.
Ж.Пүрэвийн “Манан будан”, Толстойн “Дайн ба Энх”, Шолоховын “Дөлгөен дон” мэт тантгар тарган зохиолын уншиж суух тийм зав чөлөөтэй уншигч байхгүй. Өмнөх зуунуудад орон тооны тийм зав зайтай уншигч байсан. Тантгар ланжгар роман гараад ирлээ гэхэд түүнийг утга зохиол судлаачид бараггай л бол уншихгүй байх. Хүн төрөлхтен одоо энэ олон зуунуудаа хэрхэн хөгжүүлж өнгөрүүлж золгосноо эргэж баримтаар уншихыг хүсч байна.
Энэ олон зуунд, хүн төрөлхтөн өч төчнөөн зуун мянган сайхан, гайхамшигт, суут хүмүүс төрүүлсэн. Тэднийгээ эргэж уншихыг хүсч байна. Энэ бүх баримтаар бичигдэх зүйлс чинь нэгэн хамтдаа уран сайхны цоо шинэ аргаар бичигдэх учиртай, хуультай, Баримт нь уран зохиолыг хөгжүүлэхэд чиний асуусан тэр ярилцлага гэдэг төрөл нэн их учир холбогдолтой.
Ярилцлага чинь түмэн зүйлийн баримтаар бичихэд дахин үзүүлсэн нэгэн төрөл, нэгэн янзын гүүр… Гадаад ертөнцийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хар л даа. Хаашаа л харвал баримт…. Америкийн ярилцлагын загалмайлсан эцэг гэгдэх Ларри Кинг мянга гаруй ярилцлага хийжээ.
Америкийн баян хүмүүсийн нэг нь тэр. Яагаад тэр баяжив? Ярилцлага гэдэг энэ зүйлийг шинэ өндөр түвшинд гаргажээ. Тэр ч чадсан. Ларри Кинг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн өндөр шагнал авна. Цаадуул нь ч өгнө. Өгөхгүй гээд яах юм вэ? Ларри Кинг сүүлийн ярилцлагадаа би ярилцсан хүмүүсээсээ үргэлж сурч ирсэн гэжээ. Би энэ үгийг арай өөрөөр ойлгодог.
Ярилцлага бол хүнийг нээж байгаа юм. Ярилцах хүнээ ямагт урт хугацаагаар, туйлын ултай суурьтай олон талаас нь судалдаг юм байна. Их ажил, их цаг ордог аж. Ларри Кинг чөлөөндөө гарч Пийрс Морган гэдэг шинэ хүнийг орондоо тавьсан. Тэр шинэ хүнийг таваас зургаан ярилцлагыг “Үндэсний шуудан” сонинд орчуулж хэвлүүлсэн.
Би бүгдийг нь уншсан. Ларри Кинг энэ хүнийг өөрийн оронд тавих гэж их ажиллажээ. Энэ хүнээ лут төлөвшүүлсэн байна. Ярилцлага нь Ларри Кингийг санагдуулж байсан. Ингээд ярилцлага гэдэг энэ төрөл орчин үед мэдээллийн хэрэгслийн хамгийн нэр хүндтэй төрөл болжээ. Тун товчхоноор ийм л зүйл хэлэх байна. Харин манайд ярилцлага хамгийн ад шоо үзэгдсэн төрөл шахуу байна. Гагнал урамшил ч үгүй хэн дуртай нь хэн дуртайгаасаа хэдэн асуулт асууж хэвлүүлж “кино төгсөв” гэгч болж байна.
Манайд ярилцлага уншихад хүүгийн морь л байна. Сонинд нэг охин “утасдаад танаас маргаашийн сонинд ярилцлага авах гэсэн юм” гэх. Гэтэл тэр охин, намайг таних ч үгүй миний юуг ч уншаагүй хөөрхийлөлттэй амьтан. Үнэнийг хэлэхэд ичгэвтэр бүр эмгэнэлтэй гэж хэлмээр байна.
Тэгэхээр мэдээллийн бүх хэрэгсэл ярилцлага гэдэг энэ эрхэм нэр хүндтэй төрөлд шинээр хийх хүмүүсээ бэлдэх, боловсруулах, шаардлагаа өндөржүүлэх, шилдэг сайхан ярилцлагад өндөр шан харамж тогтoox, журамлуулах, зуршил болгох хэрэгтэй.
Алийн болгон арчаагүйтэж, ярилцлагч хүмүүсийг хохируулж оюуны өмчийг хулгайг ил далд, мэдэхгүй, чадахгүй хүмүүсийн тоглоом болгож суух вэ. Тун товчхондоо бас л ийм юм хэлэх байна.
H.Алтанцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

No comments:

Post a Comment